Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00238

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: У аймгийн ПГ нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: С овогт Л.М холбогдох, 

 Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У аймгийн ПГ итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Л.М нь 2021 онд Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт хамрагдаж, 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Л.М нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөг төлөхөөс 1,500,000 төгрөгийг төлж, 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд...иргэн Л.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна. Иймд иргэн Л.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 1,500,000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021 онд цар тахлын үед халамж үйлчилгээний төсөл хөтөлбөрөөр 3,000,000  төгрөгийн зээл авсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Л.М нь төлбөрөө төлж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.     

ҮНДЭСЛЭХ НЬ:

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Л.М нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг хүүгүйгээр 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Л.М нь 1,500,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр У аймгийн П Гт хүсэлт хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч У аймгийн ПГ нь хариуцагч Л.М-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч У аймгийн ПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.М-с 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн 50 хувь буюу 19,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Л.М нь 1,500,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд /  2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч У аймгийн ПГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч У аймгийн ПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.М-с улсын тэмдэгтийн хураамж 19,475 / арван есөн мянга дөрвөн зуун далан тав / төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                       П.БОЛОР