Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 34

 

А.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01108/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.О-ы нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.С-ад холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.О-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

           2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.С-тай 2009 онд гэр бүл болсон. 2009-2015 онд хамт амьдарсан. Бид түрээсийн байраар амьдардаг байсан. Хамтын амьдралын хугацаанд би тасралтгүй ажил хийсэн. Анх Б.С-ын ээжийнд нь олуулаа амьдардаг байсан учраас тусдаа амьдаръя гээд байр түрээсэлсэн. Түрээсийн байранд байх хугацаанд Б.С- зуны цагт ажил хийдэг, хөдөө ажилладаг учир цалин нь зарим үед ордоггүй байсан. Энэ хугацаанд би хүүхдүүд болон гэр бүлийнхээ санхүүгийн тулгамдсан асуудлуудыг шийдсээр ирсэн. Би Б.С-ад хоёулаа зэрэг ажил хийх хэрэгтэй гэхэд ажил олдохгүй байна, ажил хийсэн ч цалингаа өгөхгүй байна гэдэг тайлбар хэлдэг байсан.

Би одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болж, мөн хүүхэдтэй болсон. Хамтын амьдралын хугацаанд Б.С-ын ээжийн хашаанд байшин барихад материалыг нь би цалингийн зээлээр авч өгсөн. Гэтэл тэр байшингийн гэрчилгээг Б.С-ын ээжийн нэр дээр гаргасан. Тэр байшинд олуулаа амьдарч байсан учир тусдаа гарах талаар ярилцахад хэрүүл маргаан үүсч, бид хоёр салах шалтгаан болсон. Намайг архи дарс олон хоногоор хэрэглэдэг гэсэн байсан. Би хоёр хоногоор ч архи ууж үзээгүй. Хааяа шар айраг уух үе байдаг ч хэтрүүлэн хэрэглэж, олон хоногоор явсан үе байдаггүй. Би Б.С-ыг мэргэжил эзэмшүүлэх гэж дэмжихэд Б.С- зөвшөөрдөггүй байсан.

Би гэртээ хонохгүй олон хоногоор явсан үе ерөөсөө байхгүй, би хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, гэртээ ихэнх хугацаагаа өнгөрөөж байсан. Би түрээсийн байрны төлбөрийг 100 хувь өөрөө төлдөг байсан. Б.С-ыг хоёр хүүхдээ аль боломжтой талдаа байлгая гэж хоёр хүүхдээ надтай хамт байлгаж байгаа гэж ойлгож байна. Хоёр хүүхдэдээ аавтайгаа ярьж байгаарай, холбоотой байгаарай гэж байнга хэлдэг. Б.С-ын ээжийнх хүүхдүүд амьдрахад эрүүл аюулгүй орчинг хангахгүй нөхцөлтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн хүүхдийг өвлийн хүйтэнд усанд явуулж хурууг нь хөлдөөсөн зэрэг хүүхдээр хүнд хөдөлмөр хийлгэдэг зүйл харагдаж байна. Хоёр хүүхэд маань Б.С-ын ээжийнд байхдаа өөр хүний хүүхэд хардаг, хичээл хийх боломж нөхцөлгүй, хэцүү байдаг гэж надад хэлсэн.

Хүүхдүүд Б.С-тай байхдаа байнга гудамжинд тоглож, тэжээллэг хоол хүнсээр дутмаг байдаг. Тиймээс хүүхдүүд миний асрамжинд байх нь ирээдүйд нь хэрэгтэй гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2009 онд гэр бүл болсон. Эхнэр А.О- нь надтай гэр бүл болохдоо нэг хүүхэдтэй байсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Би байшингийн материал цуглуулсан байсан учраас торх хүнээс зээлээд байшин барьсан нь үнэн. Би эхнэртээ хэлэхдээ түрээсийн төлбөр төлж, хүнд мөнгө өгч байхаар мөнгөө цуглуулж байгаад дахиад нэг байшин барья гэдэг саналыг хэлсэн. Эхнэр О- нь түрээсийн байраар амьдрах сонирхолтой байдаг байсан.

Би хамтын амьдралын хугацаанд хийсэн ажлынхаа хөлсийг бүгдийг нь эхнэртээ өгдөг байсан. Эхнэр миний олсон мөнгө төгрөгийг зөв зарцуулаагүй. Би бүтэн гэр хүртэл аваад, хамт амьдаръя гэхэд зөвшөөрөөгүй. Түрээсийн байранд амьдарч байх хугацаанд А.О-ы эгч нь хүүхдүүдтэйгээ хамт байдаг байсан. А.О- эгчтэйгээ нийлж архи ойр ойрхон уудаг, ажлынхантайгаа ууж идэж их явдаг байсан. А.О- нэг хэсэг хотод байх хугацаандаа өөр хүнтэй болсон, тэр хүний хүүхдийг төрүүлнэ гэдэг байсан.

Би яах гэсэн юм, буцаад хүрээд ирээч гэж зөндөө хэлсэн. Ингээд А.О- Дарханд дахин ирж байр түрээсэлж амьдарч байхад нь би очсон, тэгэхэд өөр хүнээс хүүхэдтэй болсон байсан. Би хүний хүүхэд гэж ялгалгүй өөрийн хүүхэд шиг хандаж хэсэг хамт амьдарсан. Энэ хугацаанд А.О- мөн л ажлынхантайгаа ууж идэж, хоногоор алга болдог болсон. Бид хоёр одоо нэгэнт хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин хоёр хүүхдээ би өөрийн асрамжинд авах саналтай байна. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй. Хоёр хүүхдээ л өөрийн асрамжинд авмаар байна, хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулмааргүй байна.

Шүүхийн шийдвэрээр хоёр хүүхэд эхийн асрамжинд үлдэж, надаас тэтгэлэг тогтоолгосон тохиолдолд тэр мөнгө намайг орлохгүй шүү дээ. Хоёр хүүхдэд маань эцгийн хайр халамж л хэрэгтэй. Миний хувьд нас 40 хүрсэн, одоо өөр эхнэртэй болоод хүүхэдтэй болно гэж байхгүй, надад хоёр хүүхдээс минь өөр зүйл байхгүй. Би хоёр хүүхэдтэйгээ хамт байхгүй бол миний амьдрал ямар ч утгагүй. А.О-д миний хоёр хүүхдээс гадна, хоёр хүүхэд байгаа. Хүүхдүүдийг маань миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ахуйн нөхцөлөө тодорхойлоогүй, яг багшилдаг гэдэг нь нотлогдоогүй, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт болон чөлөөлөгдсөн нь нэхэмжлэгч талыг 70.200 төгрөг төлөх чадваргүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч одоо мөн жирэмсэн байгаа гэдгээ хэллээ, энэ олон хүүхдийг асарч, хооллохоос эхлээд маш хүнд ачааг дийлж чадах болов уу. А.О- нь одоо ч түрээсийн байранд амьдардаг. Охин хүүхдийг хойд эцгийн гар харуулж байхаар төрсөн эцэг дээр нь байлгасан нь дээр. Мөн одоогийн хамтран амьдрагч нь цаашид тогтвортой байх уу, үгүй юу. Хүүхдүүд аавтайгаа байхыг хүсэж байгаа санал гаргасан байна. Хүүхдүүдийн санал, багш нарын дүгнэлтийг харгалзан үзэж хүүхдүүдийг Б.С-ын асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б- овогт А-ийн О-, Х- овогт Б-ийн С- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн охин С.О-, 2011 оны 06 сарын 18-ны өдөр төрсөн хүү С.Б- нарыг эцэг Б.С-ын асрамжинд үлдээж,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг зохигчдод тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.О- давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие А.О- нь охин С.О-, хүү С.Б- нарыг эцэг Б.С-ын асрамжид үлдээсэн хэсгийг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагч Б.С-ын гаргаж өгсөн сөрөг мэдээлэлд тулгуурлаж асрамжийн асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Энэхүү асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхэд эцэг, эх, ах дүү, гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшин дассан байдлыг харгалзаж үзсэнгүй өөрөөр хэлбэл Шинжээчийн дүгнэлтийн  Гуравдугаар бүлэг 1, 2-т мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээс харахад охин О- эгч Даваажаргалтай их дотно ээнэгшиж дассан, надтай сэтгэлээ нээж бодол санаагаа хуваалцаж илүү дотно байдаг биднээс тусдаа байхад сэтгэл санааны хувьд ганцаардах, эгч дүү нараа санах зэрэг нь өсвөр насны охинд маань маш сөргөөр нөлөөлнө гэж бодож байна. Аавтайгаа байна гэдэг нь аавыгаа санасантай холбоотой.

2. Хүү С.Б-ын хувьд одоо 10 хүрч байгаа бага насны балчир хүүхэд эхийн халамж хайр, тусламж, туслалцаа илүү шаардана гэж бодож байна. Мөн дүү Э-тай их хайртай, түүнтэй илүү их тоглож наадан ээнэгшин дассан.

З. Эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн шинж чанаруудыг шинжээчийн дүгнэлтэд “Эцэг эхийн чадамж үнэлэх” 6 психометрийн шинжилгээний дүгнэлтээс харахад нэхэмжлэгч буюу эх 3 судалгаанд давуу байдал үүссэн.

4. Эцэг эх хүүхдэдээ хандах хандлага харилцан үйлчлэлийг тогтоох судалгаанаас нэхэмжлэгч буюу эх 1 судалгаанд давуу байдал үүссэн.

5. Хүүхдийг  хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, 2 хүүхдийн анги удирдсан багш нар нь хүүхдүүдийг идэвх санаачилгатай, эерэг, үүрэг даалгавар сайн биелүүлдэг гэж дүгнэхээс харахад ээжтэйгээ байгаа хүүхдийн хүмүүжил, хөгжүүлэх боломж илүү гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний бие  А.О- нь англи хэлний багш хүн учир үр хүүхдээ хүмүүжүүлэх, хөгжүүлэх боломж нөхцөл эцэг Б.С-аар илүү, мөн миний бие О- нь бага охин О-ын хамт Хүүхдийн үлгэр гэх пайж хуудас нь 2249 дагагчтай болон уои tоbе суваг нээсэн нь олны талархлыг хүлээж байна.

6.Эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал: энэ хэдийгээр түрээсийн байранд байгаа ч гэсэн эцэн Б.С-ын амьдарч буй нөхцөлөөс хамаагүй илүү тав тухтай. Хариуцагч Б.С- нь өөрийн гэсэн орон гэргүй ээжийндээ, дүүтэйгээ хамт

амьдардаг. Шинжээчийн дүгнэлтэд С-ын амьдрах орчинг гэр хороололд эх Л.О-ы өмчлөлийн байшинд амьдардаг. Халамжийн үйлчилгээнд \тэтгэвэр, хүнсний талон\-д хамрагддаг гэснийг харгалзаж үзсэнгүй. Гэтэл шүүх Б.С- нь тогтвор суурьшилтай ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг нотолсон гэх баримтад тулгуурласан нь хүүхдийн эрх ашгийг бүрэн хангасан гэж үзэхгүй байна. Мөн түүний зан байдлын талаар тодорхойлсон Б.А-, Х.Сэлэнгэ гэх хүний тодорхойлолт нь нотлох баримтыг шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл гэрчийн тодорхойлолтыг нотариатын байгууллагаар хийлгээгүй гэрчийн тодорхойлолтыг үндэслэсэн нь хуулийн шаардлага хангаагүй.

7. ...2019 оны 1 сараас би хүүхдүүдтэйгээ байр түрээслэн тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш надтай хамт байж, 2020 оны 05 дугаар сард Эрдэнэт хот руу шилжин 08 дугаар сард албан ёсны шилжүүлгээ хийлгэсэн. Гэтэл шүүхэд Б.С- нь 2014 оноос одоо хүртэл буюу 2020.10.28-ны өдрийг хүртэл С- нь ам бүл 3 хүүхдүүдийн хамт амьдарч байна гэж хуурамч тодорхойлолт хийлгэж ирснийг шүүх анхаарч үзээгүй.

Б.С- нь 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөхгүй гэсэндээ л хүүхдүүдийг өөртөө авах санаатай баахан худлаа нотлох баримт бүрдүүлж өгсөн. Барилгын ажил хийгээд ийш тийш яваад алга болдог хүүхдүүдийг өөрөө асарч хамгаалахгүй.

Иймд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.О- хариуцагч Б.С-ад холбогдуулж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.С- гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн асрамж дээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.О-ы давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар Гэрлэгчид 2008 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охин С.О-, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү С.Б- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 2 хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын тайлбар зэргээр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2019 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч А.О- өөр бусадтай хамтын амьдралтай болсон, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй, цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдоно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С-ын хүсэлтээр шүүх шинжээч томилж, охин С.О-, хүү С.Б- нар нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжоор хангагдаж байгаа эсэх, тэдний эцэг эхийн тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсроход болон хүүхэд амьдрахад таатай ээлтэй орчин бүрдсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахад эх А.О-д давуу байдал үүссэн гэж дүгнэсэн боловч тус дүгнэлтээр гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд хүүхдүүд хэний асрамжид байсан, эцэг эхийн анхаарал халамж, сургууль болон ар гэрийн сурч, амьдрах орчин нөхцөлийн талаар дүгнэлтдээ дурдсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч А.О- нь анх Б.С-тай гэрлэхдээ дагавар хүүхэдтэй байсан, гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай болж, түүний хүүхдийг төрүүлсэн, одоо дахин жирэмсэн болсон, эцэг Б.С- нь байнгын орлоготой, тогтвор суурьшилтай ажилтай, хүүхдүүдийн өөрсдийнх нь санал зэргийг үндэслэн 2 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжихэд эцэг Б.С-ын асрамжид байх бодит нөхцөл илүү байна.

Охин С.О-, хүү С.Б- нар нь эцэг эх нь тусдаа амьдарч эхэлснээс хойш төрсөн эцэг Б.С-ын асрамжид Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт ам бүл гурвуул амьдарч байсныг багийн засаг даргын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сурч байсан бөгөөд хүүхдүүдийн байдал, эцэг Б.С-ын хүүхдүүдээ тавьдаг анхаарал халамжийн талаар анги удирдсан багш нарын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдоно.

Шүүх аливаа гэр бүлийн маргаантай иргэний хэрэгт хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан “...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан...” асрамжийн асуудлыг шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв  үнэлж, хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч А.О-ы хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаж, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.О-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

 

                                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                                          ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН                  

                                                                                                                          Л.АМАРСАНАА