| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0393/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч П.Ганбаатар,
Хохирогч Г.Энхбаяр,
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар, түүний өмгөөлөгч О.Амарбаясгалан / ҮД: ¹1344/
нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалиар овогт Цэрэнжавын Гэрэлбаатарт холбогдох эрүүгийн 201725021175 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зурагчин дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 охин, зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хан талстын 12 дугаар байрны 11 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Жалиар овогт Цэрэнжавын Гэрэлбаатар /РД:УС67070331/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вөөрлд Дрийм” бааранд хохирогч Г.Энхбаярын далан тус газарт хутгаар хатгаж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Хохирогч Г.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Ийм зүйл болно гэж бодсонгүй. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Word dream баранд 2 эмэгтэй найзтайгаа Ц.Гэрэлбаатартай дөрвүүлээ архи уугаад сууж байсан. Ц.Гэрэлбаатар гаднаас орж ирэхдээ уусан байсан. Тэгээд нэг найзыгаа дуудтал тэр нь миний таньдаг хүн байсан. Тэр эмэгтэйг ороод ир эндээ суугаад уулзъя гэхэд Ц.Гэрэлбаатар оруулахгүй байсан. Тэгэхээр нь гараад уулзъя гээд явах гэтэл 2 хүүхнийг нь аваад явах гэж байна гэсэн атаа хорсолоос болж намайг хутгалсан. Ц.Гэрэлбаатар маш худлаа ярьж байна. Энэ хүнийг анх 9 дүгээр анги буюу 16 настайгаасаа таньдаг болсон. Тэрнээс өмнө бид хоёрын эцэг эхүүд танил байсан нь үнэн. Тэрнээс хойш найзласаар ирсэн. Гэхдээ байнга уулздаггүй хааяа нэг уулздаг байсан. Баранд 10.000.000 төгрөг болон охиных нь талаар огт яриагүй. Энэ хүн намайг гүжирдэж өөрийгөө хамгаалах гэсэн явуургүй арга хэрэглэж байна…” гэв.
Эрүүгийн 201725021175 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…World dream бааранд 2017.05.07-ны өдрийн 17:00 цагийн үед Энхбаяр, Эма, Байгалаа нартай хамт гаднаас 1 шил архи, ус ундаа, самар, чипс, зэрэг зүйл аваад орсон. Гаднаас авсан шалтгаан нь уг баар нь үйл ажиллагаа явуулаагүй жил шахам болж байгаа бөгөөд түлхүүр нь надад байдаг юмаа. Би хааяа хүмүүстэй уулзах далимаар орж кофе уугаад гардаг юмаа. Бид авч орсон идэж уух юмаа хэрэглэсэн ба архи жаахан үлдсэн байсан. Бүгд л тодорхой хэмжээний согтолттой байсан, гэхдээ ухаанаа алдталаа согтсон хүн байгаагүй. Тэд замын ажлын талаар ярьж байсан, тэр яриа нь надад хамаагүй учир би уурлаагүй, Эма гэдэг хүүхэнд Энхбаяр “би чамд Ланд круйзер машин аваад өгий, миний хүүхдийг гаргачих, би эхнэртэй байя” гэхээр нь би уурлаад “чи яахаараа хүнд юм л бол машин тэрэг өгнө гэдийн өгч чадахгүй байж боль л доо дуугай сууж байлдаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй гараад явсан. Тэгэхээр нь би “чи шар сэмжилчихээд дандаа яах гэж ингэж байдаг юм бэ?” гэсэн чинь “чи хүүхнээс болж надтай маргаад гуйлгачин, надад дандаа атаархаж байдаг муу пизда” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ?” гээд би текэн дээр байсан хутга аваад айлгах санаатай далайсан чинь намайг бариад бөгтийж орж ирээд дал хэсэгт нь зүсчихсэн. Энхбаяр доош хэвтэж дал хэсгээс цус гараад ирэхээр нь Эмад “чи эмч хүн биз дээ чи боогоод өгөөч” гэсэн чинь Энхбаяр “би боолгохгүй, хурдан түргэн дууд” гэсэн чинь Эма “би түргэн дуудлаа” гээд Байгалаа, Эма хоёр явсан. Тухайн үедээ уур хүрээд цочролд ороод хутга барьж дайрсан. Амь насыг нь хохирооё гэж бодоогүй. Би хутгаа баруун гартаа барьсан. Өөрөө босохгүй хэвтээд байсан, 2 эмэгтэйн 1 нь түргэн дуудсан боловч түргэн ирэхгүй удаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 52-53 дугаар хуудас/,
Хохирогч Г.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Гэрэлбаатарын хамт Голомт хотхоны хажууд байрлах “Ворлд дреам” бааранд архи ууцгааж суусан. Бид 2-той хамт Байгалиа, Эма гэх 2 эмэгтэй байсан. 4-лээ байж байхад Дорждагва гэдэг хүнийг дуудахаар болсон. Байгалиа дуудах шийдвэр гаргасан юм. Гэтэл Гэрэлбаатар хүн нэмж дуудахаас дургүйцэж “тэрүүгээр яах гээд байгаа юм бэ” гэсэн. Би дуудчих гэж хэлсэн. Миний бааранд хүн авч ирж архиа уунгаа ажлаа бүтээх гэлээ гэсэн атгаг санааны улмаас уурласан. Гэрэлбаатарын байр байдлыг хараад Эма, Байгалиа 2 гурвуулаа хамт өөр тийшээ явъя гээд намайг ятгаад байхаар нь би хамт явахаар болоод хувцасаа өмсөх зуураа нөгөө 2 эмэгтэйтэйгээ шивнээд ярилцах гэтэл Гэрэлбаатар “ чи муу ер нь яахаараа ингэж дүргүй хүргэж байдаг юм бэ” гээд үсрээд босоод ирсэн. Бид ер нь согтуу байсан. Босож ирэхээр нь бариад авъя гэж бодох зуур хутга барьсан байгаа нь харагдсан, юу билээ гэж бодох зуур далайж байгаад дал руу хутгатай гараараа цохиод авсан. Нөгөө 2 эмэгтэй “хүүеээ хүн хутгалчихлаа шүү дээ” гээд орилсон, нуруу руу халуу дүүгээд эхэлсэн…” гэсэн мэдүүлэг /xx-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч М.Энхмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Гэрэлбаатар ах дундуур маш хурдан гарахад Байгалиа шууд л текний цаана буюу 00 орохын наана Энхбаяр ах өөдөөс харсан байдалтай нэг хөл нь сойлттой, нөгөө хөл нь жийгээстэй гулсаад унаж байсан. Хана цус болсон байсан. Би цус хараад шоконд ороод ойртоогүй. Миний нүдэн дээр лав маргалдаагүй, нэг ч удаа өндөр дуугаар бие бие рүүгээ дуугараагүй. Ямар ч маргаан болоогүй. Энхбаяр ах шууд босч ирээд гарах гэхэд Гэрэлбаатар ах шууд гүйж очоод хутгалчих шиг болсон. Тухайн үед ямар ч хутга хараагүй. Хутгалсаных нь дараа л би харсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 57-58 дугаар хуудас/,
Гэрч Т.Байгальмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Энхбаяр ах шууд л босоод текний урдуур явж байхад Гэрэлбаатар араас нь маш хурдан гарч ирээд текний орчмоос хутга авсан түчигнэх чимээ гарах төдийд Энхбаяр ах “хутгалчихлаа шүү дээ” гээд гар нь цус болчихсон зогсож байсан. Би хараад айгаад Энхмөнхөд “түргэн дуудаачээ” гэж хэлсэн. Тэр хооронд Гэрэлбаатар пизда чинь лалартаад гээд хараагаад байсан. ...Энхбаяр ах Гэрэлбаатарыг доромжилсон зүйлгүй байхгүй надтай л юм яриад суугаад байсан, 10 сая төгрөг өгье охинтойгоо унтуулчих гэх мэт маргаан огт болоогүй. Энхмэнд бид 2 түргэн тусламж дуудаж өгөөгүй, Гэрэлбаатар ах өөрөө дуудчихъя гээд байсан. Яаж хутгалсныг би хараагүй. Бид хоёрын хажууд огт маргалдаагүй. Энхмөнх бид 2 тэндээсээ гараад үүдэнд байж байх үед л хутгалчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 59-60 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6159 тоот дүгнэлт: “...Дүгнэлт
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “…бор өнгөтэй модон иштэй, ажлын хэсэг “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10,5 см, нийт урт 20,5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн металл хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэгийг хураан авсан болно. /ажлын хэсэг нь бохир/…” гэжээ / хх-ийн 7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...хохирогч Г.Энхбаярын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан гэх эрэгтэй хүний хар хөх өнгийн куртка 1 ш, хар ногоон өнгийн судалтай цамц 1ш, цагаан өнгийн майк 1ш-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авах тогтоол / хх-ийн 6/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 7/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37/, Ц.Гэрэлбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн гарны рентген зураг, амбулаторийн карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World dream” /Ворлд дрийм/ бааранд өөрийн танил хохирогч Г.Энхбаяр болон М.Энхмөнх, Т.Байгальмаа нарын хамт согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо ярилцан сууж байх явцад хохирогч Г.Энхбаярын үг, үйлдэл болон урьдын таагүй харьцаа зэрэгт эгдүүцэн уурлаж улмаар хутгаар зүсч хохирогчийн даланд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Энхбаярын мэдүүлэг, гэрч М.Энхмөнхийн мэдүүлэг, гэрч Т.Байгалмаагийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн ¹6159 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд онцын зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогч Г.Энхбаярын дал хэсэгт хутгаар зүсч гэмтээснээ өөрөө мэдүүлсэн, хохирогч, гэрч нар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид хутгалуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, хэрэг болох үед хохирогчийн өмсөж явсан хувцас зэргийг эд мөрийн баримтаар тооцсон зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зохицуулжээ.
Шүүгдэгч Ц.Гэрэлбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэв.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Гэрэлбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй ба харин улсын яллагчаас “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгчид дээрх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт ял шийтгэвэл түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсэх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэснийг баримтлан шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч Ц.Гэрэлбаатарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Гэрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 370 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжээр торгож өгнө үү” гэсэн санал гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял тохирохгүй гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.
Хохирогч Г.Энхбаяраас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд гаргаагүй тул шүүгдэгч Ц.Гэрэлбаатарыг нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Энхбаяр гэм хор учирсаны төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний хар хөх куртка 1 ширхэг, хар ногоон өнгийн судалтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй ажлын хэсэг дээр “made in japan” гэсэн бичигтэй, ажлын хэсгийн урт 10 см, ишний урт 10.5 см, нийт урт 20.5 см хэмжээтэй, ишний бор модон хэсэгт цагаан өнгийн металл хадаастай, ажлын хэсгийн ир хэсэг нь арзгар, хөрөө шиг, үзүүр хэсэг нь шовх хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Гэрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.