| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0983/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0223 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:/,
Хариуцагч: Боловсролын сайдад холбогдох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүнийг баталсан тушаалыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, Ч.Б, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 1.2.Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүнийг 254 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ.
2.2.М ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар албан бичгээр Боловсролын сайдад хандан ...сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлыг ... шийдэх хуучин дүрэм журмаа хүчингүй болгосон мөртлөө шинэчилсэн дүрэм журмыг гаргахгүй байсаар эцэстээ энэ бүх ажил ямар ч дүрэм журамгүй явагдаж байна гэх агуулга бүхий гомдол гаргасан.
2.3.Боловсролын яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2/ дугаар албан бичгээр ...сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж байгаа..., ... сургалтын хөтөлбөр боловсруулах үйл явцтай хамт сурах бичиг зохиох ажил хийгдэж байна... гэх хариуг хүргүүлсэн.
2.4.Нэхэмжлэгчээс дээрх 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалаар 2024 оны А/06 дугаар тушаалд өөрчлөлт оруулсан ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс уг тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Боловсролын сайд нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнийг баталж, ажлыг эхлүүлсэн. Бид энэхүү дүрэм журамгүй байдлыг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж явуулахыг удаа дараа холбогдох албан тушаалтан, яамнаас шаардсан боловч хариу өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн 2024 оны батлагдсан жилийн төсөв нь нийт 3.602.369.100 төгрөг байхад дээрх ажлын байр, хоолны зардалд 844.440.000 төгрөгийн тендер зарласан бөгөөд Т******* ******* ******* ХХК /РД:*******/-д усны зардал гэж 6.965.400 төгрөг Ж******* ХХК-д 560.599.200 төгрөгийг урьдчилгаа гэж тус тус энэ оны 08 дугаар сард шилжүүлсэн байна. Боловсролын сайд нь сурах бичгийн эх зохиох ажлыг хуульд заасан журмын дагуу ажлын хэсэгт багсан хүмүүстэй холбогдох гэрээ байгуулж, цалин хөлс урамшууллыг нь олгож ажиллахын оронд өөрийн хуульд заасан эрх хэмжээнээс хэтэрсэн эрхийг эдэлж, холбогдох журмыг батлахгүйгээр өөрийн дураар ажлын хэсэг байгуулж, түүний зардлыг төсвийн болоод холбогдох хууль журмыг зөрчиж, батлагдсан төсөвт тусгагдаагүй их өртгөөр буюу жилийн төсвийнхөө 23.4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр санхүүжүүлж буй нь хууль зөрчсөн үйлдэл гарцаагүй мөн. Сурах бичиг хийх ажил нь 2 жил гаран үргэлжилдэг том ажил байдаг. Туршилтаар 1 жил явдаг гээд 3 жил гаран үргэлжилдэг. Журмаа гаргахгүй өнөөдрийг хүртэл явсан. Тушаал дээрээ эх зохионо гэдгийг сурах бичгийг зохиох гээд оруулчихсан. Бид энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс учраас юу ч мэдэхгүй хүмүүс энэ зүйлийг ингэж буруу зам руу оруулж байгаа нь харамсалтай байна. Бид өөрсдийн ашиг сонирхлын төлөө яваагүй. Ирээдүйн хүүхдүүдийн төлөө явж байгаа гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд бичгээр тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны А/06 дугаар тушаал нь Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө хөдөлмөр боловсруулах сурах бичгийн эх зохиох сургалтын хөтөлбөрт сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнийг баталсан. 2024 оны А/250 дугаар тушаалаар 2024 оны А/06 дугаар тушаалынхаа өмнө нь баталсан бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролд сургалтын хөтөлбөр, сурах бичгийг зохиох, түгээх ажлыг хийхээр зохицуулсан байгаа. Тухайн тушаал нь яагаад хууль бус юм бэ гэхээр өмнө энэ асуудал журмаар зохицуулагдаж байсан хэдий ч тухайн журам нь хүчингүй болсон. Хуульд сургалтын баримт бичгийн загварт түүнийг хөтлөх олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн буюу сайд батална гэж байгаа. Засгийн газраас 2024 оны 176 дугаар тогтоолоор боловсролын салбарт баримтлах үзэл баримтлалыг баталсан. Боловсролын багц хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий хуульд 43 журам, 22 стандартын асуудал орж ирсэн. Үүний нэг нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь хэсэгт заасан сурах бичгийн эх зохиох ,санал авах дүгнэлт, гаргуулах үйл ажиллагааны журам юм. Тухайн үйл ажиллагааны журам 2023 онд хүчингүй болсон байдаг. Хүчингүй болохдоо тухайн журмын төслийг батлахыг Боловсролын сайдад үүрэг болгосон байдаг. Гэтэл тухайн журам батлагдаагүй. Түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль мөн шинэчлэн өөрчлөгдсөн. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуультай холбоотойгоор сурах бичгийг шинэчилнэ гэж заасан. Гэтэл Боловсролын сайд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл журам нь батлагдаагүй байхад маргаан бүхий 2024 оны А/06 дугаар тушаал гаргаж журмын дагуу хэрэгжих ажлын хэсгийг нь баталчихсан. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хаана хөндөгдсөн бэ гэдэг асуудал яригдана. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цахимд зар тавигдсаны дагуу нэхэмжлэгчээс саналаа өгсөн. Гэтэл тухайн 2024 оны А/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн төлөөлөл 5 хүнийг оролцуулчихсан тушаал гараад ирсэн. Тухайн тушаал чинь журмаа баталсны дараагаар гарах ёстой. Журмаа батлахгүйгээр тушаалаа баталсан нь хууль бус байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар удаа дараа гомдол гаргасан. Тухайн журам нь батлагдаагүй байхад 2024 оны 08 дугаар сард Боловсролын үндэсний хүрээлэнгээс тухайн томилогдсон 159 хүнийг вакум сургалт зохион байгуулж 850.000.000 төгрөгөөр үзэл баримтлалаа танилцуулсан байдаг. Нэхэмжлэгчид ямар ч сонгон шалгаруулалт хийгдээгүй. Тухайн багт орсон гэдгээ л мэдсэн. Тухайн сонгон шалгаруулалт хийх шалгуур, шаардлага нь юу байсан бэ гэдгээ тодорхойлоогүй. Хоёрдугаарт бүтээгдэхүүн боловсруулах хугацаа хэт богинохон боловсруулах хугацааг эргэж харж уртасгах боломж шаардлагатай байна гээд бүтээгдэхүүн буюу сургалтын хөтөлбөртэй уялдсан сурах бичгийг зохиох энэ ажил нь хууль дүрэмд нийцээгүй учраас боломж нь хомсодсон гэдгийг өөрсдөө хүлээн хүлээн зөвшөөрчихсөн. Гуравдугаарт боловсруулагчдын ажлын хэсгийн үнэлгээг зах зээлийн журмаар тооцъё. Өөрөөр хэлбэл 2023 онд хөдөлмөрийн доод хэмжээ 296.000 төгрөг, 2024 онд 792.000 төгрөг болж нэмэгдсэн байхад ажлын хэсэгт орсон хүмүүсийн ажлын хөлс нэмэгдэхгүй ажлын үнэлгээг нь зах зээлийн ханшаар хэвлийн хуудсаар нь тооцох шаардлагатай байна гэдэг асуудал байгаа. Дараагийн асуудал нь эх бэл зураачийн хүний нөөцийн ажил эхэлсэн ийм асуудлууд яригдсан. Үүний дараагаар дахин 980.000.000 төгрөгийн тендер зарладаг. Сурах бичгийн эх зохиох, бэл ажлын тендер зарлагддаг. Энэхүү тендер нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болох байсан боловч өнөөдөр хүчингүй болгосон. Ямар нэгэн дүрэм, журамгүйгээр үйл ажиллагаа явуулаад араас нь нөхөж ажиллагаа хийсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч энэхүү ажлын хэсэгт орсноор энэ гаргах шийдвэр үйл ажиллагаанууд нь бүгд хуульд нийцэхгүй байна. Дагаж мөрдөх журам стандарт журам стандартаасаа давсан ажиллагаа явуулаад байгаатай холбоотойгоор уг захиргааны актыг хүчингүй болгооч гэдэг маргааныг үүсгээд явж байгаа. Захиргааны шийдвэр гаргах оролцогч нь захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэлд шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан захиргааны акт гарахдаа хуульд заасан сонсох ажиллагаанууд хийх ёстой. Өөрөөр хэлбэл 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тавьсан цахим зар, 12 дугаар сарын 11-ний өдөр тавьсан заруудынхаа дагуу сонгон шалгаруулалтаа хийж тухайн багийг бүрдүүлэх ёстой байсан. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааны зарчим хөндөгдсөн байна. Өөрөөр хэлбэл шуурхай тасралтгүй байх зарчим гэдэг нь энэ 2023 оны 10 сард хүчингүй болсон журмыг нэн яаралтай батлах үүрэг нь байсаар байтал өнөөдрийг хүртэл батлаагүй. Батлаагүй үйл ажиллагаа дээрээ тушаал гаргасан. Үр нөлөөтэй байх зарчим гэж байгаа. Сурах бичгийг хэрэглэх нь таны миний үр хүүхэд ач, зээ зэрэг бүх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Боловсролын тухай хууль нь тусдаа шинжлэх ухаан тусдаа бие даасан хууль эрх зүйн орчинтой. Эрх зүйн орчин нь тодорхой хэм хэмжээний актуудаар зохицуулагдаж байна. Энэ хэм хэмжээний актууд дотор түрүүн хэлж байсанчлан хууль батлагдсантай холбоотой бүх журмаа хүчингүй болгочихсон. Хуульд сурах бичиг зохих ажиллагааг журмаар зохицуулахаар заачихсан. Өөрөөр хэлбэл тодорхой бус харилцааг ажлын хэсгээр хийлгэх гээд даалгаад байна. Тодорхой бус харилцаа гэдэг нь энэ сурах бичгийн эх зохиох, сургалтын гарын авлага, сурах бичиг хэвлэх, эх бэлтгэх гэдэг нь тухайн байгууллагын зорилгодоо нийцсэн үйлдэл бөгөөд үйлдлээ хэрэгжүүлэх үүрэг байгаа. Үйлдэл гэдэг нь нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой журмуудыг баталж байгаа. Энэ журмуудаа хэрэгжүүлэхдээ талуудын гүйцэтгэх үүргийг болон харилцааг зохицуулсан цогц оюуны шийдэл байгаад байна. Гэтэл үүнийг хийхгүйгээр хуучин үзэл баримтлал батлагдахаас өмнөх тэр замаараа яваад байгаа. Сурах бичгийн эх зохиохын үндсэн тавигдах шаардлагад сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, хэл найруулга, дизайн, нэмээд сурах бичгийн хүнд, хөнгөн гээд маш олон зүйлээс хамаарч байдаг. 254 хүн нь зөвхөн сургалтын хөтөлбөр биш сурах бичгийн агуулга стандарттай нийцэж байгаа эсэх дээр холбоотойгоор ажиллах гээд байна. Энэ боломжийг нь хязгаарласан байна. Энэ бол зөвхөн хөтөлбөрийн баг. Гэтэл сурах бичиг зохиох гээд хэвлэх гээд дайраад байгаа нь үндэслэлгүй байна. Батлагдаагүй үйл ажиллагаа явуулаад байгаа Боловсролын сайдын 2024 оны А/06, А/250 тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сурах бичгийн эх зохиох үйл ажиллагаа нь биднийг оролцож байх хугацаанд маш замбараагүй ойлгомжгүй тодорхойгүй байсан. Тодорхойгүй байдал нь чанартай ажлаа хийж дуусгах боломжгүй байдалд хүргэсэн. Шалгаан нь журам нь байгаагүй. Журам нь байгаагүй учраас баримжаагүй байсан. Хуульд нийцээгүй тушаалаараа үйл ажиллагаагаа явуул гэдэг байр сууринаас хандаж байгаа. Орвол ороод эсвэл больж болно гэж хандаж байсан. Журам байхгүй ойлгомжгүй байхад оролцоог хангаж чадаж байна уу гэдэг нь асуудалтай. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл авах тухай жагсаалтуудыг жагсаасан байдаг. Түүн дээр тусгай зөвшөөрөл авахаас бусад үйл ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэх эрхтэй гэж зааснаар хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулъя гэхээр энэ эрхийг зөрчиж байна гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 2024 оны А/06 дугаар тушаал нь агуулгын хувьд сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох багийн бүрэлдэхүүнийг баталж байгаа. Энэхүү тушаалын гол агуулга нь сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм. Сургалтын хөтөлбөрийг яагаад боловсруулж байгаа вэ гэхээр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сургалтын хөтөлбөр нь үзэл баримтлалтай байна. Үзэл баримтлалыг Засгийн газар батална гэж хуульд заасан, тэрхүү үзэл баримтлал 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор батлагдсан. Үзэл баримтлал батлагдсан учраас үзэл баримтлалынхаа хүрээнд нийцүүлж сургалтын төлөвлөгөө төлөвлөгөө, хөтөлбөрөөр батлуулах ёстой. Үүний дагуу сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь сурах бичигт яг аль хэлбэр, агуулгыг оруулах вэ гэдэг талаар шийдвэр гаргах санал өгөх баг бөгөөд зөвхөн энэхүү ажлыг л хийнэ. Өөр ямар нэгэн ажлыг хийхгүй. Сурах бичгийг хэвлэж, нийлүүлж, түгээхгүй ийм харилцааг шийдвэрлэх захиргааны акт байгаа. Тухайн баг нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол гээд судлагдахуун бүрээр хөтөлбөр боловсруулах, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэгтэй. Хоёрдугаарт нэхэмжлэгч тал сурах бичгийг хийдэггүй, сурах бичгийг зохиодоггүй. Хавтаст хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зохиогчийн багт нь өгсөн тэр шагналыг хавсаргасан байдаг. Сурах бичгийг зохиох, эх бэлтгэх, хэвлэн нийлүүлэх гэсэн ийм гурван өөр харилцаа байдаг. Сурах бичгийг зохиохдоо Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зохион байгуулаад сурах бичгийн эхийг эхэлж зохиосны дараагаар эх бэлтгэнэ түүний дараа бэлтгэсэн эхийг хэвлэн нийлүүлнэ эдгээр нь бүгдээрээ тендертэй. Тухайн хэвлэн нийлүүлэх, эх бэлтгэх энэ харилцаанд нэхэмжлэгч тал болон бусад хэвлэлийн компаниуд худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерт оролцдог. Нэхэмжлэгч талын зүгээс үүнийг ялгаж ойлгоосой гэж хүсэж байна. Түүнчлэн тухайн тушаалыг гаргахдаа мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж яриад байгаа. Сонсох ажиллагааны хувьд эрх ашиг сонирхол нь хөндөгдөх эрх бүхий этгээдийг тодорхойлно гээд Захиргааны ерөнхий хуульд заачихсан байгаа. Тухайн тушаалыг гарснаар ямар ч этгээдийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэхгүй байгаа. Учир нь тухайн багт орсон хүмүүс ихэнхдээ боловсролын багш бэлтгэх, их дээд сургуулийн төлөөлөл, манай харьяа байгууллага болох Судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, өөрийн хийж гүйцэтгэх үндсэн чиг үүргийн дагуу зарим байгууллагууд, хэвлэлийн компаниудыг оруулсан байгаа. Түүнчлэн тухайн тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалаар багийн гишүүдийг өөрчилсөн. Учир нь ажил нь амждаггүй, өвдөх зэрэг асуудлууд гардаг. Тухайн багийг өөрчлөхдөө процессын алдаа гаргах, хууль, журам зөрчөөд багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ сурах бичгийн журамтай холбож тайлбарлаад байна. Тухайн тушаал нь сурах бичгийн хэвлэн нийлүүлэх, зохиохтой холбоотой процессыг хэрэглэхгүй. Сурах бичгийн батлах эрх олгосон заалт нь Боловсролын ерөнхий хуульд байдаг. Боловсролын сайдын тушаал нь хууль зүйн хүрээнд гарсан. Аливаа иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр биш учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Боловсролын ерөнхий хуульд сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, мөн хянах багийн бүрэлдэхүүнийг батлах үйл ажиллагааг зохион байгуулах журмыг аль нэг этгээд заавал батлан гаргана гэж хуульчлан үүрэгжүүлээгүй. Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам ... батлах эрхтэй гэж заасан хэдий ч ийм журам заавал батлах тухай үүрэг болгосон хэм хэмжээ байхгүй. Иймээс сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах нь Боловсролын сайдын эрхлэх асуудал мөн бөгөөд дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан Боловсролын сайдын Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 тушаал хууль зүйн үндэслэлтэй. Шалгаруулалтын зарыг сайт дээр 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 15-ны өдрийг хүртэл байршуулж, хүсэлтийг хүлээн авч, шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан. Тус шалгаруулалтад нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Р.Э өөрөө болон М хэвлэлийн газрын сурах бичгийн редактор Б.О, С.О, 3.С******* нар оролцон, зохих журмын дагуу шалгарч, улмаар 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 тушаалын хавсралтаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтсан. Гэтэл М ХХК ийн захирал Р.Э 2024 оны 08 дугаар сарын 24/029 тоот бичгээр Боловсролын яаманд хандаж 2024 оны А/06 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс дээрх нэр бүхий ажилчдын хамт гарч байгаагаа мэдэгдсэн. Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр боловсруулахтай холбоотой ажлууд олон нийтэд нээлттэй, хувийн хэвшил оролцох бүхий л боломжийг хангаж байхад хувийн хэвшилд боломж олгоогүй гэж нэхэмжлэгч маргасан нь үнэнд нийцэхгүй, мөн "манай компанийн ажилчдыг цалингүй ажиллуулсаар байна гэсэн нь ойлгомжгүй, юуны тухай маргаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна гэж үзэж байна. Боловсролын сайдын төлөвлөгөө, зардал батлах тухай тушаал байдаг. 2025 онд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тохирцыг шалгах ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөр, төлөвлөгөө, дасгал ажлын дэвтэр, гарын авлага боловсруулах тохирцыг шалгах сайжруулалтыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.И даалгах тушаал байдаг. Тэр тушаалын дагуу ажлаа хийгээд явж байна. Нийтдээ сургуулийн өмнөх ерөнхий боловсролын чиглэлээр 17 сургалтын хөтөлбөр, 101 ширхэг гарын авлага дасгал ажлын дэвтрийн тохирц нийцлийг шалгах ажил хийгээд дуусч байна. Ирэх 5 сард энэ зүйлсийн үр дүн гарна гэж үзэж байгаа. Нийтдээ 1500 орчим хэвлэлийн хуудас гарын авлага, бүтээгдэхүүн гаргаад явж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг баталсан байна.
3.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Захиргааны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар хурлаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр, уг багт ажиллах хүмүүсийн саналыг нээлттэйгээр авах холбоосыг хүрээлэнгийн цахим хуудаст байршуулахаар шийдвэрлэжээ.
4.Улмаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах багт ажиллах хүмүүсийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүртгүүлэх саналыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн цахим хуудаст байршуулж, санал авах ажиллагааг хийсэн бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/38 дугаар тушаалаар сургалтын хөтөлбөр боловсруулах, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр зохиох, хянах багийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг[1] баталсан байна. 5.Үүний дараа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаартай албан бичгээр[2] Боловсрол шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газарт Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг боловсруулах болон сургалтын хөтөлбөр, сурах бичиг хянах багийн бүрэлдэхүүний нэрс-ийг хүргүүлжээ.
6.Маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалын хавсралтаар Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах Монгол хэлний багийн бүрэлдэхүүнд М хэвлэлийн газрын сурах бичгийн редактор Б.О, Математикийн багийн бүрэлдэхүүнд тус хэвлэлийн газрын сурах бичгийн редактор С.О*******, Т******* бодис багийн бүрэлдэхүүнд тус хэвлэлийн газрын сурах бичгийн редактор З.С******* болон Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнд тус хэвлэлийн газрын захирал Р.Э нар багтжээ.
7.2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Боловсролын судалгааны хүрээлэнгээс Р.Этай Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, багшийн гарын авлага, хүүхдийн дасгал ажлын дэвтэрт хөндлөнгийн хяналт (эксперт) хийж, дүгнэлт гаргах, боловсруулах багт зөвлөн туслах ажил гүйцэтгэх гэрээг[3] байгуулж, гэрээт ажлын үнийг 6,515,4040 төгрөгөөр тохиролцсон ба ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,450,426 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 296,836 төгрөгийг тус тус Р.Эын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн байна.
8.Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 227 дугаар албан бичгээр[4] Боловсролын сайдын 2024 оны А/06 дугаар тушаалаар батлагдсан багийн гишүүдээс нийт 23 хүн цаашид ажиллах боломжгүй талаарх тайлбарыг хүргүүлсэн, үүний дотор М хэвлэлийн газрыг төлөөлж орсон гишүүн эхний 5 өдөр ажиллаад, ажиллах зарчим, чиглэл нийцэхгүй гэсэн шалтгаанаар ажиллахаас татгалзсан гэж тэмдэглэсэн байх бөгөөд маргаан бүхий 2024 оны А/06 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлжээ.
9.Улмаар Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалаар дээрх албан бичгийг үндэслэн багийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба М хэвлэлийн газрын сурах бичгийн редактор Б.О, С.О*******, З.С******* нарыг багийн бүрэлдэхүүнээс хассан байна.
10.Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/413 дугаар тушаалын 1 дэх заалтаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мөрдөгдөж буй зарим журмыг хүчингүй болгож /түүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам багтсан/, 2 дахь заалтаар хуулиар батлах эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг яаралтай шинэчлэн батлуулахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын газар, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэст тус тус үүрэг болгожээ.
11.Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд уг журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянах ажиллагаа хийгдэж байгаа болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/29 тоот албан бичгээр тогтоогдож байна.
12.Өөрөөр хэлбэл, Боловсролын сайдаас маргаан бүхий Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалыг батлан гаргах үед Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасан сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам батлагдаагүй, хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.
Хоёр.Хууль хэрэглээний тухайд:
13.Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т сургалтын хөтөлбөр гэж суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичгийг, 14 дүгээр зүйлийн 14.1-д Албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ., 14.2-т Албан боловсролын агуулгыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын, дипломын, бакалавр, магистр, докторын гэж ангилах бөгөөд агуулгыг сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж,
14.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Сургалтын хөтөлбөр үзэл баримтлалтай байх бөгөөд уг үзэл баримтлалыг Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Боловсролын үндэсний зөвлөл хэлэлцэж, Засгийн газар батална, 10.2-т Сургалтын хөтөлбөрийг энэ хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалд үндэслэн энэ хуулийн 8.2, 9.2-т заасан агуулгын хүрээнд боловсруулна, 10.4-т Энэ хуулийн 7.3, 10.2, 10.3, 10.10-т заасан сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, Боловсролын ерөнхий хуулийн 14.8-д заасан цахим сургалтын хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заажээ.
15.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд, сургалтын хөтөлбөр гэдэгт суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн албан боловсролын агуулгыг багтаасан, суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичгийг ойлгохоор байна.
16.Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хувьд агуулга нь хөдөлгөөн, бие бялдар, эрүүл мэнд, хэл яриа, математикийн болон цахим технологийн энгийн төсөөлөл, хүрээлэн байгаа орчин, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэхэд, харин ерөнхий боловсролын хувьд агуулга нь математик, байгалийн ухааны, нийгэм, хүмүүнлэгийн, хэл, харилцааны, бие бялдрын, урлаг, гоо зүйн, цахим болон зохион бүтээх технологийн, иргэний боловсрол, амьдрах ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд тус тус чиглэсэн байна.
17.Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал-ын зорилго нь суралцагчийн эзэмших чадамжийг тодорхойлж, эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, судлагдахууны хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, арга зүй, үнэлгээний нийцтэй байдлыг харгалзан боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэхэд оршино.
18.Боловсролын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг бага, дунд, ахлах анги, бүлгээр зохион байгуулахаар зааснаас үзвэл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг бага, дунд, ахлах ангийн зохион байгуулалтад нийцүүлэн нарийвчлан боловсруулахаар байна.
19.Маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай А/06 дугаар тушаалын 1 дэх заалтаас үзэхэд энэхүү багийн бүрэлдэхүүн нь нэгдүгээрт сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хянах, хоёрдугаарт сургуулийн өмнөх болон бага боловсролын сурах бичгийн эх зохиох, хянах гэсэн хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх агуулгатай байх бөгөөд шүүх хариуцагч Боловсролын сайд нэг дэх чиг үүргийн хүрээнд багийн бүрэлдэхүүн баталсныг хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
20.Учир нь дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг суралцагчийн нас, хөгжлийн онцлогт тохирсон сургалтын агуулга, Засгийн газраас баталсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн Боловсролын сайд батлах эрх хэмжээтэй, энэ эрхийн хүрээнд бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хянах багийн бүрэлдэхүүнийг баталсан нь хуульд нийцжээ.
21.Харин хоёр дахь чиг үүргийн тухайд нэхэмжлэгчийн гаргасан эрх зүйн зохицуулалтгүй байхад сурах бичгийн эх зохиох ажиллагаа явуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
22.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий тушаалаар зөвхөн сургалтын хөтөлбөр боловсруулах хүрээнд багийн бүрэлдэхүүн баталсан гэж тайлбарлах боловч Боловсролын яамны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2/ тоот албан бичигт ...сургалтын хөтөлбөр боловсруулах үйл явцтай хамт сурах бичиг зохих ажил хийгдэж байна... гэснээс үзвэл маргаан бүхий тушаалаар байгуулагдсан багийн бүрэлдэхүүн сурах бичгийн эх зохиох, хянах чиг үүрэгтэй байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.
23.Нөгөө талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлаар маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.
24.Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурах бичгийн эх зохиох, хянах ажиллагаанд мөрдөх журмыг Боловсролын сайд баталж, сурах бичиг зохих, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг Боловсролын яам хэрэгжүүлэхээр байна.
25.Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлд сургалтын хөтөлбөр боловсруулахтай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг, 11 дүгээр зүйлд сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, батлах журмыг тусгайлан зааснаас үзвэл сургалтын хөтөлбөр боловсруулах болон сурах бичиг зохих ажиллагаа нь тус тусдаа явагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт нийцсэн байх шаардлага тавигдана.
26.Тиймээс хариуцагч Боловсролын сайд Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолоор баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал-д үндэслэн сургалтын хөтөлбөрийг эхэлж баталсны дараа түүнд нийцүүлэн, өөрийн баталсан сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам-ын дагуу сурах бичиг зохиох ажиллагааг зохион байгуулах байтал сурах бичгийн эх зохиох харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох журам, эрх зүйн зохицуулалт тодорхой бус байхад нэг багийн бүрэлдэхүүнээр сурах бичгийн эх зохиох ажиллагааг хийхээр маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалд заасан нь үндэслэлгүй байна.
27.Иймд шүүх Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сурах бичгийн эх зохиох, ...сурах бичгийг гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гурав.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
28.Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаал нь Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан буюу үндэс тушаалаас тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Боловсролын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай тушаалын 1 дэх заалтын ...сурах бичгийн эх зохиох, ...сурах бичгийг гэсэн хэсгийг хүчингүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Боловсролын сайдад холбогдуулан гаргасан Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ