Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1150

 

 

 

 

 

 

    2023          12             05                                      2023/ДШМ/1150

 

  Д.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2311000000373 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн .....-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, 47 настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл .., ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ................/;

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Сүхбаатар районы ардын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Булган аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар 6 жил хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1720 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центр төвийн зогсоолд байсан хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалгаар нэвтрэн орж, шар өнгийн куртик 1 ширхэг, Самсунг А52 загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие тус гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшидэг бөгөөд мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, бусдад учруулсан хохирол гомдлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Би уг гэмт хэрэгт холбогдохын өмнө болон дараа тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай байсан боловч мөрдөн байцаалтын явцад оршин суух газрын болон ажлын газрын тодорхойлолтууд хавтас хэрэгт авагдаагүй нь улмаас хэрэгт хяналт тавьсан прокурор нь нэгдүгээрт тодорхой оршин суух хаяггүй, хоёрдугаарт эрхэлсэн тодорхой ажилгүй гэх үндэслэлээр хорих ялаар шийтгэж миний эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна. Иймд оршин суух газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолтыг минь нягтлан үзэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.    

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос шүүгдэгч Д.Б-ы эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, өмнө хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаагүй талаараа дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх прокурорын санал болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд 6 сарын хорих ял оногдуулсан. Хэдийгээр хэрэгт Д.Б-ыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 45-2262 тоотод амьдардаг гэсэн тодорхойлолт авагдсан боловч тухайн хаягтаа байдаггүй. 12 жилийн өмнө уг хаягтаа амьдарч байгаад хашаа, байшингаа худалдсан, харин бүртгэлээсээ хасаагүй талаарх баримт авагдсан. Тийм учраас анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөн хуульд заасан ялын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центр төвийн зогсоолд байсан хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хаалгаар нэвтрэн орж, шар өнгийн куртик 1 ширхэг, Самсунг А52 загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/,

хохирогч Ц.Г-ийн: “...13 цагийн орчимд би Улсын их дэлгүүрийн 6 давхарт 20 орчим минут болж байгаад гарч ирээд машинаа онгойлгоод үзтэл суудал дээр байсан куртик, гар утас алга болчихсон урд шалавч дээр хайрцаганд байсан эд зүйлс замбараагүй байдалтай байсан. ...” /хх-12/ гэх мэдүүлэг,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 55-57/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б-ыг хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн шар өнгийн куртик 1 ширхэг, Самсунг А52 загварын гар утас 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Б-ы үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.Б-аас “...Миний бие тус гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшидэг ба мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, бусдад учруулсан хохирол гомдлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Би уг гэмт хэрэгт холбогдохын өмнө болон дараа тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай байсан боловч мөрдөн байцаалтын явцад оршин суух газрын болон ажлын газрын тодорхойлолтууд хавтас хэрэгт авагдаагүй нь улмаас хэрэгт хяналт тавьсан прокурор тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх үндэслэлээр хорих ялаар шийтгэж миний эрх зүйн байдлыг минь дордуулсан бөгөөд оршин суух газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолтыг минь нягтлан үзэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Түүнчлэн, шүүгдэгч Д.Б нь урьд 9 удаагийн ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгаагаас гадна түүний гомдолд дурдсан эрхэлсэн тодорхой ажилтай, тодорхой оршин суух хаягтай гэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                                ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР