| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 102/2020/00559/И |
| Дугаар | 210/МА2021/00816 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2021/00816
КБДБЭХ-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00492 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБДБЭХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, Н.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь КБ ХХ--тай 2015 он 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээг байгуулж 10 000 000 000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн. Мөн өдөр дээрх зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204024184 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-2204022417 тоот дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07-01 тоот барьцааны гэрээгээр 136003/0169 тоот нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 1 841 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн үлдэгдлийг ам.долларт хөрвүүлж, 2 400 000 ам.долларын үлдэгдэлтэй байхаар тохиролцож, зээлийн хүүг жилийн 15,6 хувь болгон өөрчлөн зээлийн нөхцөл өөрчлөх 07-01 дугаар гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу зээлдэгч Б.Б- үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөөр гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн банкны зүгээс удаа дараа уулзаж төлбөр барагдуулах талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон. Иймээс үндсэн зээлд 1 883 124.87 ам.доллар, хүүд 965 613.48 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 93 932.07 ам.доллар нийт 2 949 670.42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2 750,34 төгрөгөөр тооцож Б.Б-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07-01 дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг үндэслэн нийт 2 949 670.42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд Б.Б-ын зүгээс дээрх гэрээг банктай байгуулаагүй. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу тухайн үед Б.Б- КБДБЭХ-тай уулзаж 07-01 дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулаагүйг талууд хэн аль нь мэдэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар зээлийн гэрээгээр Б.Б-аас 10 000 000 000 төгрөгийн зээл олгосон гэх асуудлыг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа. КБ ХХ--ийн өмнөх удирдлага Б.Б-ын хадам эцэг Б.Бүдээр дамжуулж Нийслэл Өргөө ХК-ийн КБ ХХ- дахь зээлийг барагдуулах, тус компанийн зээлийн барьцаанд байгаа дуусаагүй барилгуудыг гүйцээж барихад зээл зарцуулагдсан эсэх, зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр банкны зүгээс зориулалтын бусаар зээлийг ашигласан эсэх асуудлыг тодруулахаар хариуцагчийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн зээлийн гэрээний дагуу 10 000 000 000 төгрөгийг бодитоор аваагүй Нийслэл Өргөө ХК-ийн барьцааны эд хөрөнгийг зээлийн гэрээний үнэнд тооцон шилжүүлсэн авсан. Нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа барьцаа хөрөнгүүд мөн л КБ ХХ--ийн санаачилгаар Шинэ дэлхий ХХК-ийн өмчлөлд шилжиж зээлийн төлбөрийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан КБДБЭХ-ийн зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хариуцагч Б.Б-ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБДБЭХ-ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Б.Б- нь КБ ХХ--д зээл 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542,00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.Б- нь КБ ХХ--тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 07 дугаар зээлийн гэрээг байгуулж 10 000 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-2204024184, Ү-2204022417 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 07-01 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулж өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг 2 400 000 ам.долларт хөрвүүлж, зээлийн хүүг жилийн 15,6 хувиар тохиролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 07-01 тоот зээлийн гэрээнд зурагдсан Б.Б-ын гарын үсэгт шүүхээс шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн болно. Шинжээчээс ирүүлсэн дүгнэлтийг шүүх үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 07-01 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ба анхны зээлийн гэрээ буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээг дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээг байгуулж 10 000 000 000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй байхад Б.Б-аас зээлийн төлбөрийг буцаан төлөх ёсгүй мэтээр тайлбарласан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар КБ ХХ-, зээлдэгч Шинэ дэлхий ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт талууд эвлэрсэн. Дээрх баримтыг шүүхээс Б.Б- нь КБ ХХ--аас авсан зээлийн гэрээний үүрэгт улсын бүрттэлийн Ү-2204024184 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Шинэ дэлхий ХХК-д шилжүүлсэн мэтээр хэрэгт хамааралгүй баримтыг дүгнэсэн. Б.Б- болон Шинэ дэлхий ХХК-ийн хооронд ямар шалтгааны улмаас дээрх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр хоорондоо шилжүүлсэн нь тодорхойгүй. Банкны эрх хүлээн авагчаас дээрх байдлыг нотлох боломжгүй байхад үндэслэлгүй үнэлсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Б.Б-ын зээлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа ба хариуцагчийг мэдүүлэг өгөхөд байлцсан... талаар дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Бүд тухайн зээлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа талаар асуухад шалгагдаж байгаа гэж хариулсан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдал үүссэн тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэж заасан. КБ ХХ--ийн зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/1495 тоот албан бичгээр Б.Б-ыг өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт нь С.Дэлгэрцэцэг нь банкийг төлбөрийн чадваргүйд хүргэсэн гэх үндэслэлээр эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Шүүхээс эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй нөхцөл байдлыг нь дүгнээгүй. Мөн зээлдэгч зээлээ төлсөн болон хаасан тухай бүрт дансны хуулгад тэмдэглэл хийгдэж байх ёстой боловч КБ ХХ--ийн бүртгэлийн систем, Б.Б-ын зээлийн дансны хуулгад зээл төлсөн, зээл хаасан талаарх мэдээлэл байхгүй. Хэрэв зээлдэгч зээлээ төлсөн байхад зээлийн дансны үлдэгдлээс хасалт хийгдээгүй бол энэ нь эрүүгийн журмаар шалгагдах ёстой. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч КБДБЭХ- нь хариуцагч Б.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн нөхцөл өөрчлөх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 000 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгч үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
КБ ХХ- болох Б.Б- нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр зээлдүүлэгч КБ ХХ- нь барилгын санхүүжилтийн зээлд зориулж 10 000 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Б-ад зээлэх, Б.Б- нь 10 000 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. /хх-9-11/
Хариуцагч Б.Б- нь дээрх зээлийн төлбөрт Нийслэл Өргөө ХК-ийн барьцаа хөрөнгийг зээлдүүлэгч КБ ХХ--ийн санаачилгаар Шинэ дэлхий ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зээлийн төлбөр дуусгавар болсон гэж маргасан тул уг зээлийн төлбөрт хариуцагч нь ямар хөрөнгийг шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг гүйцэтгэсэн эсэх талаар тодруулах нь зээлдэгч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаар дүгнэхэд ач холбогдолтой байхаар байна.
Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар хариуцагч Шинэ дэлхий ХХК нь нэхэмжлэгч КБ ХХ--д 15 827 519 903,4 төгрөгийг төлөхийг зөвшөөрч талууд эвлэрсэн асуудал нь КБДБЭХ-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-ад холбогдох энэ хэргийн маргааны зүйл болсон 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй хэрхэн хамааралтайг тодруулах шаардлагатай. /хх-111-112/
Анхан шатны шүүх КБ ХХ--ийн зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийн гарын үсэгтэй 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигт Баярсайхан овогтой Буянбат нь тус банкинд өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлов гэснийг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэх татгалзал үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь тус банкны зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийг КБ ХХ--ийг төлбөрийн чадваргүйд хүргэсэн гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан тул хэргийг түдгэлзүүлэх эсэх талаархи нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг зөв тодорхойлоогүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, мөн зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБДБЭХ- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.БАЙГАЛМАА