| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/ШШ2025/0041/З |
| Дугаар | 128/ШШ2025/0237 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0237
2025 04 04 128/ШШ2025/0237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А б******* ХХК /РД:/,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагч: Боловсролын ерөнхий газар, Гуравдагч этгээд: Г к ХХК, Маргааны төрөл: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалттай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б, Г.С, А.О, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Г.М, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай XIII.1.1.292 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл/зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах,
1.2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4394 тоот Мэдэгдлийг хүчингүй болгуулах, 1.3.Төрийн худалдан авах ажиллагааны газрын Г к ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4393 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,
1.4.Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,
1.5.Боловсролын ерөнхий газрын Г к ХХК-тай байгуулсан XIII.1.1.291 сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,
1.6.Тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг буцаан олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлээр Г к ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож ажиллах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
2.2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4393 дугаартай албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг гуравдагч этгээд Г к ХХК-д, мөн өдрийн А-1/4394 дугаартай албан бичгээр Гадна холбооны ажлын тоо хэмжээнд тусгагдсан сувагчлалаар кабель сүвлэх 1м нь 2кг хүртэл жинтэй ажлын шаардлагатай тоо хэмжээ нь 2.85 (2,850 м) гэж өгөгдсөн байхад ажлын тоо хэмжээг 285 метр гэж тухайн ажлын төсвийг 6.4 сая төгрөгөөр дутуу тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгч А б******* ХХК-д тус тус хүргүүлсэн.
2.3.Захиалагчийн шийдвэрт А б******* ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 дугаартай албан бичгийн 2 дахь хэсэгт захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Г к ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн.
2.4.2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Боловсролын ерөнхий газар, Г к ХХК нар XIII.1.1.291 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
2.5.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын тендерт анх зарлагдсанаас хойш 4 удаа тендерт оролцсон байдаг. Сүүлийн удаагийн сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үзэж байна. Тийм учраас дээрх нэхэмжлэлүүдийг гаргасан гэв. 3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар энэхүү актуудыг захиргааны акт гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар бий болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлийн журмын дагуу явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус заасан гомдлуудыг гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А б******* ХХК-г тендерт хамгийн сайн үнэлгээтэй гэж шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг ирүүлсэн. Үүний дараа Г к ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалагчийн шийдвэрийг хавсаргаагүй байсан гэдэг үндэслэлээр буцаалаа гээд цахим мэдээллийн санд орчихсон байдаг. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох журмын 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шийдвэрлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газар луу хүргүүлсэн байгаа. Энэ нь Г к ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн гомдлыг Сангийн яам шийдвэрлэсэн гэж үзэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэлээр тендерийн үнэлгээг дахин хийлгээд манай компанийг ажлын тоо хэмжээ буюу гадна холболтын ажлыг 285 м байхыг 2850 метр гэж дутуу төсөвлөж оруулж ирсэн гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзаж өмнө нь гаргасан мэдэгдлээ хүчингүй болгож байна гээд А/4394 дугаартай мэдэгдлийг ирүүлсэн. Энэ нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн. Г к ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/4394 тоот мэдэгдлийг өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад Сангийн яаманд гомдол гаргасан. Г к ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан үндэслэлээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн шаардлагыг хангаагүй байхад хууль бусаар тухайн компанийг шалгаруулсан. Манайх 3 үндэслэлээр гомдол гаргасан. Г к ХХК нь цахимаар ирүүлсэн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын хувьд барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлтийг хавсралтын хамт ирүүлнэ гэснийг 4 дүгээр хавсралтын хамт ирүүлэх байтал ирүүлээгүй нь Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр гэрчилгээ нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.2.г-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр гэрчилгээг ирүүлэх ёстой байсан. Гэтэл Г к ХХК-ийн захирлын 4 хоног сургалтад суусан гэрчилгээг баримт бичиг шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь 120 цагийн сургалтад ёстой. 2023 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.7.5-т зааснаар Хөндлөнгийн баталгаажуулалтын дүнд үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ажилтны сургалтад хамрагдан төгсөгчдөд сертификат олгоно гэжээ. Г к ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээгүй. Мөн уг журмын 4.7.7-г дахь хэсгийг зөрчсөн гэрчилгээ нь Барилгын хөгжлийн төвөөс ирсэн гэрчилгээ байдаг. Тиймээс энэ үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Мөн түүнчлэн Г к ХХК-иас ирүүлсэн төсөвт 1.60 мегаваттын хүчин чадалтай иж бүрэн халаалтын тогоог 15.000.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр оруулж ирсэн байна. Зах зээлийн үнээр тооцож оруулж ирнэ гэсэн энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас энэхүү үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам манай гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Үүнээс үүдэж манай тендерийн баталгааг улсын орлого болгосон. Түүнчлэн тендерийн шаардлага хангаагүй Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгосноор Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулагдаад явсан. Манай А б******* ХХК-н хүргүүлсэн бүх баримт бичгүүд нь тендерийн шалгуурыг бүрэн хангасан учраас тендерт ялагч байх ёстой гэж үзэж байна. Манай компанийг шаардлага хангаагүй байна гэж байгаа үндэслэл нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын гадна холболтын шугамын нийт уртыг 2.85 км байхад 285 метр гэж ирүүлсэн гэж үзэж Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын тайлбарлаж манай гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс 4 удаа тендер хүргүүлэхдээ 285 метрээр хүргүүлж байсан. Манайхыг 285 метрээр хүргүүлж байсантай холбоотойгоор Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас татгалзаж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.*******ын мэдүүлснээр Даланжаргалан сумын 320 ортой барилгын хувьд гадна шугам сүлжээний ажлын нийт урт 285 метр гэж тайлбарладаг бөгөөд нотлох баримт судлах явцад гадна холбооны ажлын зураг дээр хэмжих нэгжийг метрээр илэрхийлнэ. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 21.2-т тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм нормативыг үндэслэнэ нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэж заасны дагуу манай байгууллагаас энэхүү төсвийг боловсруулсан. Манай компанийг шалгарсан талаар 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах эрх олгочихсон байхад Г к ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам хугацаа хэтрүүлсэн гомдол хүлээж авсан. Сангийн яамнаас Г к ХХК-ийн гомдлыг хянаад захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэдэг шийдвэрийг гаргаагүй. Зарим тохиолдолд захиалагч үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гээд шууд хариу өгдөг. Гэтэл Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж хэлээгүй. Тухайн магадлалын төсөвт сувагчлалаар кабель сүвлэх нийт уртыг 712.500 төгрөгийн төсөв байгаа. Үүнийг хариуцагч талаас арай өөрөөр тайлбарлаад байна. Тухайн төсөв нь 715.000.000 төгрөг байх ёстой танайх 712.500 төгрөгөөр ирүүлээд байгаа нь 6.400.000 төгрөгөөр бага байна гэдэг байдлаар татгалзсан үндэслэлгүй байна. Маргаан зүйл болж буй А б******* ХХК-ийн баримт бичиг тендерийн шаардлага хангасан эсэх дээр мэдээлэл холбооны гадна холбооны ажлын шугамын уртыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурал хийж хуралдаж Г к ХХК-д эрх олгохдоо техникийн тодорхойлолт ажлын тоо хэмжээ батлагдсан зураг төсөл дээр нягталж хянаагүй гэж бид үзэж байгаа. Мөн манайхыг яагаад тодруулга аваагүй бэ гэдэг байдлаар буруутгаад байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан. Сангийн яамнаас дахин нягтлаад хянаарай гэвэл Үнэлгээний хороо оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацаа заана. Гэтэл нягталж шалгах, техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээ батлагдсан зураг төсөв магадлалын төсөвтэй холбоотой энэ асуудлыг нягталж шалгахдаа хуулийг хэрэгжүүлээгүй. Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар зураг төсөлд үндэслэн төсөв батлагдаж байгаа. Бид зураг төсөлдөө үндэслээд гаргасан энэ төсвийг боловсруулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Үнэлгээний хороо хуулийн 26 дугаар зүйлд заасан гурван шаардлагаар үнэлэх ёстой. Энэхүү гурван шаардлагаар үнэлгээгээ л хийж чадаагүй. Г к ХХК-иас цахимаар ирүүлсэн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2.3-т ижил төстэй ажилтай холбоотой ажил гүйцэтгэсэн гэрээ Барилгын тухай хуульд заасан эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлтийг ирүүлнэ гэсэн шаардлагыг бол хангаагүй баримт бичгийг ирүүлсэн. Учир нь Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн гуравдугаар хавсралт дээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нь дөрөвдүгээр хавсралтын хамт хүчинтэй байна гэж заасан. Хариуцагчийн зүгээс 4 дүгээр хавсралтыг ирүүлээгүй байдаг. Тухайн хавсралтыг ирүүлээгүй байхад шаардлага хангаж байгаа гэж үнэлээд байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2.г-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ гэсэн. Гэтэл бид Г к ХХК-ийн ирүүлсэн Ү.******* гэх 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд суусан 40 багц цагтай Барилгын хөгжлийн яамнаас олгосон гэрчилгээ нь хууль тогтоомж болон дүрмийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрчилгээ гэж үзэж байна. Г к ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан бүх шаардлагыг хангахгүй байна. Мөн хамгийн бага дүнтэй саналыг ирүүлээгүй. Сангийн яамнаас манай тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас тендерийн баталгааг хуульд нийцүүлэн буцаан олгуулах хүсэлтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой ил тод үр ашигтай хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг Үнэлгээний хороо болон хариуцагчаар оролцож байгаа эдгээр байгууллагууд нь баримтлаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв. 3.3.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2023 оны 12 сард тендер зарласан. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/361 тушаалаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороотой хамтарч ажилласан. 2023 оны 12 дугаар сарны 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийтдээ 4 удаа тендерийг зарласан. Тендерт нийтдээ 5 оролцогч оролцсон. Тухайн үед үнэлгээ хийхэд А б******* ХХК болон Г к ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн. Үнийн саналаар харьцуулах А б******* ХХК нь бага үнэтэй гэдэг байдлаар гэрээ байгуулах эрх олгогдоод явсан. Гэтэл өрсөлдөгч Г к ХХК-иас оролцогчийн материалд алдаа байгаа гэж Сангийн яаманд гомдол гаргасан байсан. Сангийн яамны хариу тайлбарт хяналтын төсвөөр баталгаажсан төсөв, А б******* ХХК-ийн ирүүлсэн төсөв хоёрт зөрүүтэй тул хянан үзэж дахин үнэлгээ хийнэ үү гэсэн хариу ирүүлсэн. Дахин үнэлгээ хийхэд А б******* ХХК-ийн гадна холбооны шугамын ажил хяналтаар баталгаажсан магадлалаар орсон төсвийн 2.85 км гэх шугамын ажлыг 285 метрээр хэмжиж ирүүлсэн байдаг. Үүнийг Монгол Улсын тэргүүлэх төсөвчний боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны 0821/2023 бүртгэлийн дугаартай магадлалын дүгнэлтээр баталгаажсан төсвийг оролцогч нарт Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр нэгэн зэрэг мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газрын 278 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмын 4 дүгээр зүйлийн 4.8.4-т зааснаар Гүйцэтгэлийн санхүүжилтийг хуулиар батлагдсан төсөвт өртөг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан төсөвт багтаан гэрээнд үндэслэн тухайн төсөл арга хэмжээний зураг төсөл төсөвт холбогдох норм, нормативын баримт бичигт үндэслэн барилга угсралтын гэрээг тусгасан үе шатын ажил тус бүрээр гаргаж магадлалаар баталгаажсан үндэслэл болон төсөвтэй тулган шалгаж хянан баталгаажуулна гэж заасан. Үнэлгээний хороо тус ажлын тоо хэмжээг 10 дахин бага буюу зөрүүтэй илэрхийлсэн байна. Тус шаардлагад нийцсэн дараагийн оролцогч байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Г к ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгоод явсан. Мөн Г к ХХК-ийн захирал Ү.*******гийн гэрчилгээг хууль бус гэж тайлбарлаж байна. Барилгын хөгжлийн төвөөс олгосон гэрчилгээ, дугаар хавсралтад байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтныг цахим системээс лавлах ажиллагаа хийгдээгүй байгаа. Тендерийн баримт бичиг дээр зах зээлийн зардлыг нэг бүрчлэн Үнэлгээний хорооноос заагаад ирүүлээрэй гэж заагаад үүнийг нь ирүүлсэн. Үүнийг ирүүлсэн байгаа учраас шаардлагад нийцсэн байна гэж үнэлсэн гэв. 3.4.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А б******* ХХК-г шалгаруулсан үйлдэл нь зөв байгаагүй гэж гомдол гаргасны дагуу тухайн гомдлыг нь хянан үзээд зөрүү байгааг илрүүлсэн. 2.85км, 285 метр дээр нэхэмжлэгч маргаж байгаа. Үүнд Сангийн яам дахин үнэлгээ ирүүлсний дагуу Барилгын хөгжлийн төвийн эксперт хийлгэсэн төсөв дээр 2.85 км гээд заачихсан. Нэхэмжлэгчийн гаргасан төсөв дээр 285 метр гээд зөрүүтэй заачихсан байсан. Үүний зөрүү 6.000.000 төгрөг орчим болж байсан. Өмнө нь 3 удаагийн тендерт 2.85 км гэдгийг 285 метрээр ирүүлсэн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр тендерийн баримт бичигт өгөгдсөн тоо хэмжээг А б******* ХХК нь мэдэж байсан байна. Захиалагчийн мэдээлэл зөрүүтэй байхад тодруулга авах хугацаа нэхэмжлэгчид байсан. Гэтэл тодруулга аваагүй. Шүүхийн шатанд ирэхээс өмнө шийдвэрлэж болох байсан асуудал байсан гэж үзэж байна. Ийм учраас дараагийн шаардлага хангасан компанийг шалгаруулсан. Нэхэмжлэгч тал Сангийн яаманд гомдлыг гаргасан. Татгалзсан гол үндэслэл нь 2.85 км байх ёстой байсныг нэхэмжлэгчээс 285 метрээр ирүүлсэн гэдэг үндэслэлээр татгалзсан. Нэхэмжлэгч үүн дээр гомдоогүй хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтны гэрчилгээ нь салбар бүрдээ олгогддог. Халаалтын тогоог зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнээр тооцож ирүүлсэн гэж байна. Тендерт оролцогч тухайн санал болгосон үнийн дүнд багтаагаад гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгөх баталгаа байгаа. Ямар тоног төхөөрөмж ирүүлэх нэрсийг жагсааж өгсөн. Харин нэг бүрчлэн үнийг нь заагаагүй. Үүнийг 8 дахин бага үнээр ирүүлсэн гэдэг чинь өөрт нь илүү ч юм уу, агуулахад нь бэлэн байгаа зүйлийг үнэгүй санал болгох боломжтой. Үүнээс харахад нэхэмжлэгч тал худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг бүрэн судлаагүй байна. Давхардуулсан нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна гэж үзэж байна. Тендерт оролцогчийн санхүүгийн чадавх, сүүлийн 3 жилийн ижил төстэй ажлын туршлага, санал болгож буй инженер техникийн ажилчид, машин механизм гээд маягтуудад тусгаж өгсөн. Одоо хэрэгжүүлж буй дуусаагүй ажлуудын талаарх мэдээллийг маягт 5-аар ирүүлж байгаа. Маягт 4-т заасан маягтыг ирүүлээгүй байна гээд тэр нь цахим салбар дээр тендерт оролцогч өөрөө цахимаар ирүүлээд ороод харахад цахимаар харагдаж байгаа. Ижил төстэй ажлын гэрээг цаг хугацаанд нь хийж улсын комисст хүлээлгэж өгсөн акт тендерийн материал дээр байгаа. Маягтыг тусгайлан гаргуулах шаардлагагүй. Цахим систем дээр оруулснаар Үнэлгээний хорооны ирц 75 хувиас дээш ирцтэй байхад хүчин төгөлдөр гэж үздэг. Тухайн үед нэг хүн хуралд оролцоогүй. Хичээлтэй байсан. Эргэж ирж тендерийн материалтай танилцаад гарын үсэг зураад Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар шийдвэр гарсан. Үнэлгээний хорооны гол баримталсан зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталсан. Тендер шалгаруулалтад өгөгдсөн ажлын тоо хэмжээг хяналтын төсвөөс ажлын тоо хэмжээг хуулбарлаж тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэн байсан тэрхүү хүрээнд тендерт оролцогчид ажлын тоо хэмжээгээ бүгд тооцож төсөв ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд техникийн тодорхойлолт нь байгаа. Техникийн тодорхойлолт гэж худалдан авах, бараа ажил үйлчилгээ техникийн үзүүлэлт үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавигдах технологийн шаардлага даалгаврыг тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ техникийн тодорхойлолтыг барьж үнэлгээ хийх боломжгүй. Тендер шалгаруулалт юуг бид үнэлэх гэж байгаа түүнийгээ өгөгдлийн хүснэгтэд тавиад явж байгаа. Тодруулга авах боломжтой байсан гэдэгт ойлгомжгүй байгаа зүйл дээр тодруулга аваад явдаг. Нэхэмжлэгч компаниас ирүүлсэн төсөв 285м, манайхаас өгсөн ажлын тоо хэмжээ 2.85 км гэж байгаа учраас түүнийг тодруулах шаардлагагүй. Мөн Үнэлгээний хороо хараат бусаар үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах ёстой. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 3.4.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр энэ талаар дурдсан байдаг. Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын ирц 80 хувийн ирцтэй хуралдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно. 51.7-т Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хуулийн 51.8-т Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан байдаг. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сард батлагдсан А/264 дугаартай тушаалаар Үнэлгээний хорооны үйл ажиллагааны журмын хэсэгт 4 дүгээр хэсэгт Үнэлгээний хорооны үйл ажиллагаа тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба санал зөвлөмж эцэслэн батлагдахыг Үнэлгээний хорооны олонхын саналаар шийдвэрлэнэ. Мөн журмын 4.10-т Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гишүүн зөвлөмжийг бичгээр гаргаснаас хойш ажлын нэг өдөр дотор танилцаж хуулийн 51.8-т зааснаар баталгаажуулна гэж тус тус заасан. Тэгэхээр н.Эрдэнэчимэг гишүүний хувьд хуульд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна гэв. 3.5.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт мөн Сангийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журамд заасны дагуу захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. А б******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гомдлыг Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 03/10098 тоот албан бичгээр хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдлыг хянан шийдвэрлэсэн албан бичгийн 2 дахь хэсэгт тухайн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь эрүүл ахуйн ажилтны гэрчилгээтэй байна гэж заасан. Цахим системээр санал болгоно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ гэж заасан. Үүний дагуу Г к ХХК нь Ү.*******г цахим системээр санал болгосон. Барилгын хөгжлийн төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн учраас үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 8-т Ажлын төсөвт тоног төхөөрөмжийн зардлыг тооцох эсэх гэдэгт тоног төхөөрөмжийн зардлыг төсөвт тооцож ирүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу Г к ХХК нь халаалтын тогоог 15.00.60.000 төгрөгөөр санал болгож ирүүлсэн. Тендер шалгаруулалтын баримт бичигт усан халаалтын тогоо, утаа сорогч зэргийн талаар бодит үнийн талаар санал болгож ирүүлэх гэж заагаагүй. А б******* ХХК-ийн санал болгож байгаа үнэ нь зах зээлийн үнээс хамаагүй бага байгаа талаар үндэслэлийг тодорхой зааж ирүүлээгүй учраас нотлох боломжгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн. Мөн тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй ажлын комиссын дүгнэлтийн нэгдүгээр хавсралтад буюу Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр хавсралтад хавсаргаж ирүүлэх талаар баримт бичигт шаардаагүй учраас Г к ХХК-ийн ижил төстэй ажлын шаардлага хангаагүй гэж үзсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Учир хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой байсан ч тэгээгүй учраас тендер шалгаруулалтын оролцсон гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 17.1-т тус тус заасан. Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.13-т заасны дагуу нэхэмжлэлийн гаргасан гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзсэн учраас тендерийн баталгаа болох 20.000.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Иймд Сангийн яаманд холбогдох шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 3.6.Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасны дагуу Төрийн худалдаан авах ажиллагааны газраас 2024 оны 12 дугаар сарын 12-ны А1/4562 дугаар тоот зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Түүний дагуу хамгийн сайн гэж шалгарсан Г к ХХК-тай гэрээ байгуулагдаад явсан гэв. 3.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол маргааны зүйл нь 2.85км, 285 метр гэдгээс үүдэлтэй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно гэж хөөн хэлэлцэх хугацааг заасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад газар дээр нь очиж судалсан гэсэн тайлбарыг гаргадаг. Тэгэхээр санаатайгаар мэдсээр байж тоо хэмжээг нуун дарагдуулсан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.6, 57.7-т тус тус хөөн хэлэлцэх хугацааг тус тус заасан гэтэл шийдвэр гарснаас хойш хугацаа хэтэрч гомдол гаргасан гэж үзэж байна. Г к ХХК-ийн хувьд 285 км-г 2850 метр гэж мэдсэн бол А б******* ХХК-аас 17.582.177 төгрөгөөр төсөв буурч байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар тендерийн эцсийн үр дүн адил гарах байсан гэж үзэж байна. Г к ХХК-г тендерт шалгаруулсан нь зөв зүйтэй алхам болсон байна. Хэрэв 285 метр гэж байгаа бол холбогдох зардлыг бууруулаад явах бүрэн боломжтой гэж үзэж байна. Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гомдол ирсэн тухай шийдвэрийг хүчингүй болгуулах талаар сангийн яаманд тодорхой хариуг өгсөн байдаг. Хуульд заасны дагуу гомдлыг нэгэнт хянан шийдвэрлэсэн тохиолдолд Ажлууд хийгдээд явж байгаа. Ижил төстэй ажлын хувьд тендерийн баримт бичигт заагаагүй тул үндэслэлгүй байна. Мөн тендерийн баталгааг улсын орлого болгон шилжүүлснийг буцаан олгох тухай асуудлыг Сангийн яаманд даалгах шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 мөн Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх тухай журмын 5.13 дахь хэсэгт тус тус тодорхой заасан байгаа. Эдгээр заалтуудыг төрийн байгууллага, албан тушаалтнууд хэрэгжүүлж ажилласан учраас тухайн шийдвэр нь үндэслэлтэй байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн гэрээ байгуулах эрх байгуулах тухай захиалагчийн мэдэгдэл нь Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийсэн болохыг тогтоолгох гэж байна. А б******* ХХК нь 285 метр гэж бичигдсэн, газар дээр нь очиж мэдэгдсэн, ажлын зургийн шугамын дагуу 285 метрээр бичиж тэмдэглэсэн байсан зэрэг мэдэж байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах дээр хариуцагч талаас холбогдох хуулиудын талаар тайлбарыг өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.6, 51.7, 51.8-д зааснаар үнэлгээний хорооны хуралдаан олонхын саналаар шийдвэрлэсэн. Хэдий тухайн хорооны нэг гишүүн хуралдаан оролцоогүй ч хуульд заасан үүргээ гүйцэтгэж холбогдох шаардлагыг хангасан байна. Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А1/4323 тоот мэдэгдлийг хүчингүй болгох гэдэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж хуульчилсан. Төрийн байгууллагын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй явж байх ёстой. Төрийн байгууллагын албан тушаалтнууд эдгээр асуудлуудыг тооцсон учраас гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзэж байгаа учраас уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна. Боловсролын ерөнхий газар болон Г к ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д заасанд хамаарах бол илт хууль бус байна гэж заасан. Эцсийн үр дүнд нөлөөлөх ямар нэгэн зүйл байхгүй байна. Яагаад гэвэл энэ төсөв 17.000.000 төгрөгөөр буурах юм байна. А б******* ХХК 285 метрээр тооцсон нь Г к ХХК-иас 17.000.000 төгрөгөөр их байна. Нэхэмжлэгч тал энэ талаар мэдсэн байж бусад компанид эрх тэгш оролцох эрхийг хангах мөн тодруулга аваагүй ба шаардагдах ажлыг хийгээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 52, 55 дугаар зүйлд захиргааны гэрээг хүчингүй болгуулах заалт байдаггүй. Захиргааны гэрээ гэж үзэж байгаа бол илт хууль бус болох асуудал яригдана. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар байгуулагдсан XIII.1.1.292 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооноос 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4 удаа тендер шалгаруулалтыг зарласан байна.
2.2.Эхний 3 удаагийн тендер шалгаруулалттай холбогдуулан талууд маргаагүй, харин 4 удаагийн тендер шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/4173 тоот захиалагчийн мэдэгдэл, А б******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн болохыг тогтоолгох шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 288 дугаар захирамжаар ...нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд ... тодорхой эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, эсхүл нийцээгүй болохыг тогтооход чиглэхгүй... гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэ хэсгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор үндэслэлтэй гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх өмнөх 4 удаагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой тусгайлан дүгнэлт хийхгүй болохыг тэмдэглэж байна.
2.3.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан Сангийн яам Г к ХХК-ийн гомдлыг хугацаа хэтрүүлж авсан гэх тайлбар, уг тайлбартай холбогдуулан гаргасан 2024 оны 11 дүгээр сарын тендер шалгаруулалтын гомдлын мэдээлэл зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, харин 4 дэх удаагийн тендер сонгон шалгаруулалттай холбоотой буюу Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэл, уг тэмдэглэлийг үндэслэн гаргасан захиалагчийн А б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны үйл ажиллагаатай холбоотой байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийгээгүй болно.
2.4.Харин Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/, түүнийг үндэслэн гарсан захиалагчийн шийдвэр, уг шийдвэрийг хянасан Сангийн яамны үйл ажиллагааг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нэг бүрээр дараах байдлаар дүгнэж хэргийг хянан шийдвэрлэв.
3.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай XIII.1.1.291 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч А б******* ХХК, гуравдагч этгээд Г к ХХК зэрэг нэр бүхий 5 компани тендерийн санал ирүүлснээс Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлээр Г к ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож ажиллах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
3.2.Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4393 дугаартай албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг гуравдагч этгээд Г к ХХК-д, мөн өдрийн А-1/4394 дугаартай албан бичгээр Гадна холбооны ажлын тоо хэмжээнд тусгагдсан сувагчлалаар кабель сүвлэх 1м нь 2кг хүртэл жинтэй ажлын шаардлагатай тоо хэмжээ нь 2.85 (2,850 м) гэж өгөгдсөн байхад ажлын тоо хэмжээг 285 метр гэж тухайн ажлын төсвийг 6.4 сая төгрөгөөр дутуу тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгч А б******* ХХК-д тус тус хүргүүлжээ.
3.3.Захиалагчийн шийдвэрт А б******* ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 дугаартай албан бичгийн 2 дахь хэсэгт захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Г к ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзжээ.
3.4.Ингээд захиалагчийн Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Боловсролын ерөнхий газар, Г к ХХК нар XIII.1.1.291 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
4.Техникийн тодорхойлолтод нийцсэн тендерийн баримт бичиг ирүүлсэн байхад татгалзсан нь хууль бус гэх үндэслэлийн тухайд:
4.1.Тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 4-т Зураг төслийн шифр ӨИ-13-2022[1] гэж,
худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан Барилга хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан зургийн ӨИ-13-22 шифртэй, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдах 320 суралцагчтай сургуулийн барилга байгууламжийн угсралтын ажлын нэгдсэн төсөвт Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны ажлын зургийг FO-12 кор маркын шилэн кабель газраар 285м гэж,
Гадна холбооны ажил-ын тоо хэмжээний жагсаалтад ажлын нэр-сувагчлалаар кабель сүвлэх 1м нь 2кг хүртэл жинтэй, нэгж-1км, тоо хэмжээ 2.85 гэж, Гадна холбооны ажлын цалингийн нэгтгэлд Сувагчлалаар кабель сүвлэх 1м нь 2кг хүртэл жинтэй ажлын хэмжих нэгжийг 1 км, тоо хэмжээг 0.285 гэж тус тус заасан байна.
4.2.Тодруулбал, ӨИ-13-22 шифртэй барилга угсралтын ажлын зургийн зохиогч гэрч Ч.Чүлтэннамбарын шүүхэд гаргасан мэдүүлэг, дээрх хэрэгт авагдсан тендерийн баримт бичгээс үзвэл Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах одоо хичээллэж буй сургуулийн барилгаас шинээр баригдах 320 суралцагчтай сургуулийн барилга хүртэлх газраар татах FO-12 кор маркын шилэн кабелийн урт нь 285 метр байх бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан зургийн ӨИ-13-22 шифртэй барилга угсралтын ажлын нэгдсэн төсөвт уг ажлын тоо хэмжээг 2.85 км буюу 2850 метр байхаар зөрүүтэй тусгасан нь тогтоогдож байна.
4.3.Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх нь барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд зайлшгүй баримтлах нэг зарчим байх бөгөөд Барилга, хот байгуулалтын байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар баталсан Барилгын төсөв зохиох дүрмийн 3.2-т Барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ., 3.3-т Барилгын ажлын төсөвт өртөг нь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, барилгын бүтээгдэхүүний /бэлэн болсон барилга/ гэрээний үнийг тогтоох, гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын тооцоог хийх, тоног төхөөрөмжийг авах, түүнийг барилгад хүргэх зардлыг төлөх, түүнчлэн барилгын нэгдсэн төсөвт тусгагдсан бусад зардлуудыг санхүүжүүлэх үндсэн баримт бичиг болно., 3.4-т Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. Батлагдсан зураг төслийг үндэслэн төсвийн тооцоог хийх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмийн дагуу тооцно., 3.6-д Зураг төсөлд тусгагдсаны дагуу барилга байгууламжийн төсөвт өртгийг тодорхойлохдоо нэгбүрчилсэн төсөв, объектын төсөв, зардлын төрлийн төсвийн тооцоо, барилга байгууламжийн нэгдсэн төсөв гэсэн бүрэлдэхүүнтэйгээр төсвийн баримт бичгийг зохионо. гэж тус тус зааснаар барилгын төсвийг барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэн тооцох буюу барилгын зураг төсөлд үндэслэн барилгын төсвийг зохиох шаардлага тавигдаж байна.
4.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг техникийн тодорхойлолт гэж ойлгохоор, 11 дүгээр зүйлийн 11.2-т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана гэж тус тус заажээ.
4.5.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд барилгын зураг төсөл, түүнийг үндэслэн тооцсон барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод хамаарах бөгөөд энэ хэргийн хувьд Барилга хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан ӨИ-13-22 шифртэй барилга угсралтын ажлын зураг болон нэгдсэн төсөвт сувагчлалаар кабель сүвлэх гадна холбооны ажлын тоо хэмжээг 285 метр болон 2.85 км зэргээр зөрүүтэй тодорхойлж баталсан байна.
4.6.Гэвч энэхүү техникийн тодорхойлолтод нэг ажлын тоо хэмжээг зөрүүтэй байдлаар заасан нь хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй харин Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог хийсэн мэргэшлийн зэрэгтэй төсөвчний буруутай үйл ажиллагаа байна.
4.7.Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд баримтлах техникийг тодорхойлолт дахь барилга байгууламжийн нэгдсэн төсвийг зохиох, батлах асуудал нь захиалагч болон Үнэлгээний хорооны үйл ажиллагаанаас шууд шалтгаалахгүй, харин мэргэшсэн эрх бүхий этгээд болох мэргэшлийн зэрэгтэй төсөвчин, түүний төсвийг баталгаажуулах Магадлалын ерөнхий дүгнэлтийг хийсэн эрх бүхий байгууллага/Барилга хөгжлийн төв/-ын шийдвэр, үйл ажиллагаанаас хамаарч байх тул барилгын нэгдсэн төсөв, ажлын тоо хэмжээг зураг төсөлд тусгаснаас өөрөөр, зөрүүтэй зохиосон нь хариуцагч нарыг шууд буруутгах үндэслэл болохгүй.
4.8.Мөн Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээ зэрэг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулсан Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмын 3.2.2-т Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй төсөл, арга хэмжээг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахгүй: гээд 3.2.2.2-т барилга байгууламжийн хувьд сүүлийн 2 жилийн дотор хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл болон төсөвтэй байх гэж заасны дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдах 320 суралцагчтай сургуулийн барилга ажлын зураг, нэгдсэн төсвийг Барилга хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байх тул дээрх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээ нь шаардлага хангасан гэж үзэх бөгөөд уг тавигдах шаардлагад заасан техникийн тодорхойлолт зөрүүтэй байгааг хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэж дүгнэх боломжгүй юм.
4.9.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ӨИ-13-22 шифртэй барилгын ажлын зурагт тусгасан хэмжээнээс өөрөөр боловсруулсан барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв, түүнийг баталгаажуулсан Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг хууль бус гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй.
4.10.Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах, хэрэв тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан гэж үзвэл мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын хувьд тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт буюу сургуулийн барилгын ажлын зураг болон нэгдсэн төсөвт тусгасан Сувагчлалаар кабель сүвлэх гадна холбооны ажил-ын тоо хэмжээ хоорондоо зөрүүтэй байгаа талаар захиалагч болон Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаагүй байна.
4.11.Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 57 дугаар зүйлийн 57.7-д заасны дагуу нэгэнт захиалагч хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргаснаас хойш тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
4.12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.4-т захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх журмыг заасан бөгөөд мөн зүйлийн 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байхыг захиалагч хянан үзэх үүрэгтэй.
4.13.Хариуцагч Үнэлгээний хороо Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмын 4.8.4-т Гүйцэтгэлийн санхүүжилтийг хуулиар батлагдсан төсөвт өртөг, магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан төсөвт багтаан гэрээнд үндэслэн тухайн төсөл, арга хэмжээний зураг төсөл, төсөв, холбогдох норм, нормативын баримт бичгийг үндэслэн барилга угсралтын гэрээнд тусгасан үе шатны ажил тус бүрээр гаргаж, магадлалаар баталгаажсан зураг төсөл болон төсөвтэй тулган шалгаж, хянан баталгаажуулна гэж заасны дагуу техникийн тодорхойлолт /барилгын ажлын зураг болон төсөв/-д заасан сувагчлалаар кабель сүвлэх гадна холбооны ажлын тоо хэмжээг Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан барилга байгууламжийн угсралтын ажлын нэгдсэн төсөвт заасан ажлын нэр-сувагчлалаар кабель сүвлэх 1м нь 2кг хүртэл жинтэй, нэгж-1км, тоо хэмжээ 2.85 шаардлагад үндэслэн хянан үзсэнийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч А б******* ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасантай нийцсэн гэж үзлээ.
5.Тендерт оролцогчоос Үнэлгээний хороо тодруулга авах байсан гэх үндэслэлийн тухайд:
5.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно гэж заасан, үүний дагуу нэхэмжлэгч А б******* ХХК цахим системд тендер шалгаруулалтын зарлалын хамт нийтэлсэн тендер шалгаруулалтын баримт бичигтэй танилцан техникийн тодорхойлолтод заасан ӨИ-13-22 шифртэй барилга угсралтын ажлын зураг болон нэгдсэн төсөвт сувагчлалаар кабель сүвлэх гадна холбооны ажлын тоо хэмжээг 285 метр болон 2.85 км зэргээр зөрүүтэй байгаа үндэслэлийг тодруулах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5.2.Түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тендерийн нээлт хийсний дараа тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлыг тодруулах зорилгоор захиалагчаас тодруулга авч болохоор заасан нь хариуцагчид заавал үүрэг болгосон заалт биш, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерт кабель сүвлэх гадна холбооны ажлын тоо хэмжээний төсөвт ирүүлсэн санал нь тодорхой байх тул энэ талаар тодруулга аваагүй нь хариуцагч Үнэлгээний хороог буруутгах үндэслэл болохгүй.
6.Тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тендерийг шалгаруулсан гэх үндэслэлийн тухайд:
6.1.1.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 1.55-ын 3-т Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд а) гэрээний үнийн дүнгээр тооцуулах ижил төстэй ажлын туршлагын шаардлагын хувьд: Ажил гүйцэтгэсэн гэрээ, Барилгын тухай хуульд заасан эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлтийг ирүүлнэ гэж заажээ.
6.1.2.Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 7.1-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаа Комисс гэх) нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргана, 7.2-т Комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө, 7.6-д Комисс ажилласаны дараа комиссын гишүүд өгсөн санал, үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, биелэлт хангагдсан тохиолдолд энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан үүрэг даалгаврын биелэлтийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулна, 7.7-д Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана гэж Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг нарийвчлан заажээ.
6.1.3.Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд тус дүрмийн 4 дүгээр хавсралт нь комиссын гишүүдийн өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийх явцдаа зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар өгсөн үүрэг даалгаврыг захиалагч, гүйцэтгэгчид биелүүлж, биелэлт хангагдсан эсэхийг шалгаж баталгаажуулахад чиглэсэн хяналтын хуудас байх ба хэрэв Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй, эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж дүгнэсэн бол комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзахаар байна.
6.1.4.Гуравдагч этгээд Г к ХХК-иас тендерт Э******* ******* ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18/2023 дугаартай комиссын дүгнэлтийг ирүүлжээ.
6.1.5.Захиалагч тендерийн баримт бичигт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудсыг хавсаргаж ирүүлэхээр заагаагүй, үүнийг хавсаргаагүй нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18/2023 дугаартай комиссын дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
6.1.6.Учир нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг тусгайлан заасан бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс Г к ХХК-ийн гүйцэтгэсэн Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга-ыг ашиглалтад хүлээн авахаас татгалзаагүй, харин 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18/2023 дугаартай дүгнэлт үйлдсэн байх тул уг дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй.
6.2.1.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 1.55-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1.Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: г) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ гэж заасан, гуравдагч этгээд Г к ХХК-иас худалдан авах ажиллагааны цахим системээр Ү.*******г хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар санал болгож, Барилгын хөгжлийн төвийн ХАБЭАА-23-2601 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан-ы гэрчилгээг тендерт хавсаргаж ирүүлжээ.
6.2.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна, 17.5-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журмын 4.1-д Ажилтны сургалтад хамрагдсан ажилтнаас тухайн сургалт зохион байгуулсан ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж, ажилтан, зөвлөл, эсвэл гэрээгээр сургалт зохион байгуулсан байгууллага нь шалгалт авч, ур чадварын байдлыг үнэлэн сертификатжуулна. гээд сургалт явуулах байгууллагад тавигдах шаардлагыг мөн журмын 5 дугаар зүйлд, сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох харилцааг мөн журмын 6 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.
6.2.3.Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагаас олгосон энэ чиглэлээр сургалт явуулах эрхийн гэрчилгээтэй байгууллага зохион байгуулж, шалгалт авч, ур чадварын байдлыг үнэлэн суралцагчдыг сертификатжуулах үүргийг хүлээдэг байна.
6.2.4.Барилгын хөгжлийн төвийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалт зохион байгуулах эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Г к ХХК-иас санал болгосон Ү.*******д Барилгын хөгжлийн төвөөс олгосон ХАБЭАА-23-2601 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан-ы гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
6.3.1.Тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 8-д Ажлын төсөвт тоног төхөөрөмжийн зардлыг тооцох эсэх Тоног төхөөрөмжийн зардлыг зах зээлийн үнээр төсөвт тооцож ирүүлнэ гэж, тоног төхөөрөмжийн жагсаалтын 3-т Халаалтын тогоо 1 иж бүрэн гэж, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0821/2023 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан 320 суралцагчтай сургуулийн ажлын зургийн Гадна дулааны шугамын материалын түүвэр-1-д КВр-1.68МВт Усан халаалтын зуух гээд материалын нэрд Усан халаалтын зуух, Үнс баригч, Утаа сорогч, Үлээх солилцуур, автомат удирдлагатай шкафийн хамт, тоо ширхэгт 1, тайлбарт ком гэж тус тус тэмдэглэжээ.
6.3.2.Үүнээс үзэхэд усан халаалтын зуух, үнс баригч, утаа сорогч, үлээх солилцуур, автомат удирдлагатай шкафийн хамт нэгж иж бүрдэл тоног төхөөрөмжийг Халаалтын тогоо 1.68МВм гэж техникийн тодорхойлолтод заасан бөгөөд уг иж бүрэн тоног төхөөрөмжийн нийт зардлыг зээлийн үнээр төсөвт тооцож ирүүлэхээр тендерийн баримт бичигт заасан байна.
6.3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.5-д улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлэхээр, 26 дугаар зүйлийн 26.10.1-д тендерийн үнэ төсөвт өртгөөс хэтэрсэн бол тухайн тендерээс татгалзахаар зааснаас үзвэл тендерийн үнэ төсөвт өртөгт багтсан байх нь Үнэлгээний хорооны тендерийг хянан үзэх үндсэн шаардлагын нэг байна.
6.3.5.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.13-т Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлөөр гэрээний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад бүх зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ гэж, Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 2.6-д Тендерийн үнэд хуулийн 27.13-т заасан зардлыг багтсанд тооцно гэж тус тус зааснаас үзвэл XIII.1.1.291 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 7,896,300,000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт тоног төхөөрөмжийн үнэ багтсан байх шаардлагыг захиалагч тендерийн баримт бичигт тусгасан гэж үзэх үндэстэй.
6.3.6.Энэ утгаараа хариуцагч Үнэлгээний хороо тендерт оролцогчийн тендерийн үнэ төсөвт өртгөөс 80 хувиас доош үнэ санал ирүүлсэн, эсхүл хэтэрсэн эсэхийг хянан үзэхээс бус тендерийн баримт бичигт заасан тоног төхөөрөмж тус бүрийн үнийг хянан үзэх үүрэггүй байна.
6.3.7.Хэдийгээр Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан барилга байгууламжийн угсралтын ажлын нэгдсэн төсвийн Тоног төхөөрөмжийн үнийн жагсаалтад 1 ширхэг 1.68 МВм халаалтын тогооны нэгж үнийг 116,625,000.00 төгрөгөөр тодорхойлсон байх боловч үүнийг зах зээлийн үнэ гэж шууд дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр тендерт оролцогч тухайн тоног төхөөрөмжийг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан санал болгох боломжтой тул гуравдагч этгээд Г к ХХК-иас тендерт Халаалтын тогоо 1.68 МВм /дулааны электрон тоолууртай/-15,060,000.00 төгрөг гэж санал болгож ирүүлснийг зах зээлийн үнээс 8 дахин багаар тооцсон буюу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
6.3.8.Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлээр Г к ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгож ажиллах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасантай нийцсэн гэж үзлээ.
7.Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүргийг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д заасан тул нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй гишүүн хурлын тэмдэглэл, зөвлөмжид гарын үсэг зурсан, 80 хувийн ирцтэй шийдвэр гаргасан гэх үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
8.Нэгтгэн үзвэл дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай XIII.1.1.292 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4394 тоот, мөн өдрийн А-1/4393 тоот Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
9.Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон Төрийн санд шилжүүлснийг буцаан олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах шаардлагын тухайд:
9.1.Гуравдагч этгээд Г к ХХК-ийн тендерийн баримт бичигтэй холбогдуулан нэхэмжлэгч А б******* ХХК-иас Сангийн яаманд гаргасан гомдолд дурдсан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл адил байх бөгөөд шүүх энэхүү шийдвэрийн 6 дахь хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нэг бүрээр дүгнэлт хийсэн тул Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
9.2.Тодруулбал, Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлийг хянан үзээд үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 59 дүгээр зүйлийн 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн байна.
9.3.Уг тендерт оролцогч нараас тендерийн баталгаанд 39,481,500.00 төгрөгийг гаргажээ. Дээр дүгнэсэнчлэн Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 тоот Гомдол хянасан тухай шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч А б******* ХХК-ийн гаргасан тендерийн баталгааг улсын орлого болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгох, 14.7-д заасан 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг улсын орлого болгох зохицуулалттай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон төрийн санд шилжүүлснийг буцаан олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
10.Боловсролын ерөнхий газрын Г к ХХК-тай байгуулсан XIII.1.1.291 сургуулийн барилга, 320 суудал/ Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын Г к ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4393 тоот мэдэгдлийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Боловсролын ерөнхий газраас Г к ХХК-тай XIII.1.1.291 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 57 дугаар зүйлийн 57.1, 57.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А б******* ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Сангийн яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/20240101041/04/01 урилгын дугаартай XIII.1.1.292 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ УТ2401502401 төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэл/зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/4394 тоот, А-1/4393 тоот мэдэгдэл, Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03/10098 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий газрын Г к ХХК-тай байгуулсан XIII.1.1.291 сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Даланжаргалан сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн баталгаа болох 20,000,000 төгрөгийг улсын орлого болгон төрийн санд шилжүүлснийг буцаан олгох асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал