Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1149

 

 

 

 

 

 

  2023            12             05                                         2023/ДШМ/1149

 

 

 Н.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

яллагдагч Н.А-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Л.Лхагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2708 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.А-д холбогдох 2206040420372 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

........ овгийн ........-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, э..эгтэй, .............., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., .. нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, ..... тоотод оршин суух, /РД: ............/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн.

Яллагдагч Н.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчим тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч болох хохирогч С.Э-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.А-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1626 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан байна.

Прокуророос шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийхгүйгээр Н.А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

Хохирогч С.Э-ийн биед учирсан хөнгөн хохирлыг яллагдагч Н.А болон гэрч Д.М нарын хэн нь учруулсан болох, хохирогч С.Э нь гэмт хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг эцэслэн тогтоогоогүй, хэргийн оролцогчдод хавтаст хэргийг танилцуулаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг зайлшгүй шалган тогтоохоор хуульчилсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт зааснаар “нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна, оролцогчдод танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилсныг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурьдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хуульчилсан байна.

Эдгээрийг шалгаж тогтоох нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөх эсэх, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх эсэх зэргийг нотлоход чухал ач холбогдолтой юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан хэргийн бодит байдлыг тогтоосны дараа шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэг бүрийг нягт нямбай бүрэн гүйцэт уншин судалж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүх хуралдаанд талуудын байр суурийг сонсож хөндлөнгийн байр сууринаас гагцхүү хуульд захирагдан шийдвэр гаргах учиртайн зэрэгцээ ингэхдээ хэн нэгний хуульд заасан эрхийг аливаа хэлбэрээр хязгаарлах, эрүүдэн шүүх, хууль бусаар ял тулгах зэрэг хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлээс ангид байх ёстой.

Өөрөөр хэлбэл, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулахад тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай.

Иймд дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсны үндсэн дээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх үндэслэл болно.

Иймд яллагдагч Н.А-д холбогдох эрүүгийн 2206 04042 0372 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хохирогч С.Э-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10620 дугаар шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч Б.А-гийн мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон гэж дүгнэн, хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 215А дугаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Н.А, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүхээс шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхгүйгээр Н.А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж үзсэн.

Шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1626 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа “...хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд яллагдагч Н.А хохирол учруулсан уу, эсхүл яллагдагчийн ээж Д.М хохирол учруулсан эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. ... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10620 дугаар шинжээч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлтэд тусгагдсан “...С.Э-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” гэмтлийг хэн учруулсан бэ гэдэг нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар нарийвчлан тогтоож мухарласан зүйл байхгүй байна гэж үзсэн.

Шүүгчийн захирамжид заасны дагуу насанд хүрээгүй гэрч Б.А, шинжээч эмч Ч.Эрдэмболор нараас мэдүүлэг авч, дээрх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг яллагдагч Н.А үйлдсэн болох нь хохирогч С.Э-ийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анх удаа өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус дахин өгсөн “...Сансрын колонкийн орчим чи миний ээжийг доромжиллоо гээд урд сууж явсан миний толгой руу нэг удаа зүүн гараараа цохиод авсан. Акуа машинд энэ асуудал болсон. Би яаж байгаа юм бэ та нар гэхэд манай гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны гадаах машины зогсоол дээр ирэнгүүт ээж нь арын суудлаас бууж ирээд намайг зайл чи муу авгай гээд үснээс чирээд буулгасан. Тэд нар хөдлөөд явсан. Маргааш нь миний толгой өвдөөд байхаар нь 102-т гомдол гаргасан. Миний тархи доргисон. Тэр гэмтлийг А гараараа намайг цохих үед үүсгэсэн юм. ... надад учирсан гэмтэл бол тэрнээс болоогүй толгойн баруун дээд хэсэгт хавдсан байсан учир тэрхүү гэмтлийг А л учруулсан байх боломжтой гэмтэл юм. Учир нь миний баруун гар талд А жолоо бариад сууж явсан. ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10620 дугаар шинжээчийн “...С.Э-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт,

Насанд хүрээгүй гэрч Б.А-гийн “...би тухайн машинд хамтдаа явж байхад Э эгч согтуу байсан. Тэгээд миний санаж байгаагаар бол А ахтай муудалцаад л яваад байсан. ...эмээ Март нь Эгийн биед нэг ч удаа гар хүрээгүй, зодолдоогүй. ...” гэх мэдүүлэг, /хх 140-141/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...1 удаагийн үснээс татах, зулгаах үед үүсэх боломжгүй. Цохих, унах үед үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Харин хохирогчийн мэдүүлэгт дурдсан иргэн Д.М нь С.Э-ийн биед халдаж, үснээс нь зулгаасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, мөн насанд хүрээгүй гэрч Б.А, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул Д.М-ыг С.Э-ийн биед халдаагүй байна гэж дүгнэсэн.

Мөн хохирогч С.Э-ийн 3 удаа өгсөн мэдүүлгийнх нь агуулгыг судлахад, харилцан уялдаатай, шалтгаантай, үйл явдлын эхлэл, төгсгөлтэй, тухайн үйл явдалд хамааралтай хүн, эд зүйлийн хүрээг тодорхойлж илэрхийлсэн, харин мэдүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт хууль сануулж авсан хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар огт дүгнэлт хийгээгүй, мөн С.Э-ийн “...Н.А нь миний мөр рүү нударсан, газар унаад гэмтсэн” гэх утга бүхий гараар бичсэн, эх сурвалж нь тодорхойгүй баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэх болсон үндэслэлээ захирамжид дурдаагүй. Хохирогч С.Э болон түүний өмгөөлөгч Б.Бадамханд нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, Н.А-д зодуулсан талаарх байр сууриа илэрхийлсээр байхад хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд мэдүүлэг авах, нотлох баримтыг шинжлэн судлах үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна, оролцогчид танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн.

Мөрдөгчөөс мөрдөн байцаалтыг дуусган, хэргийн материалыг танилцуулахаар хохирогч С.Э-г дуудсан боловч “ойрын хугацаанд очих боломжгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна” гэж хэлснийг тэмдэглэсэн 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл зэргээр хэргийн оролцогчийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангасан байна.

Харин хохирогч С.Э нь мөрдөгч, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цагдаагийн байгууллагад ирж хэргийн материал танилцаагүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд хэлэлцүүлэхээр хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэр бүхий хохирогч С.Э, насанд хүрээгүй гэрч Б.А, шинжээч эмч Ч.Эрдэмболор нарын мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/2708 дугаар захирамжид “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон” гэж хамааралгүй, буруу хуулийн заалтыг удирдлага хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/2708 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.А-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, энэ хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 3-4 хүний хооронд үүссэн асуудал бөгөөд хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Б.А гэдэг нь Н.А-ийн дүүгийн хүүхэд буюу Д.М-ын зээ юм. Өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг гарсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцлийнхээ тайлбарт шинжээчийн дүгнэлтээр С.Э-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон гэж байгаа боловч уг гэмтлийг Н.А учруулсан уу, Д.М учруулсан уу гэдгийг шинжээч хэлэх боломжгүй. “М миний үсийг зулгааж машинаас буулгасан” гэж хохирогч мэдүүлсэн бөгөөд шинжээч уг асуудалтай холбогдуулан “Үснээс зулгаахад гэмтэл учрах боломжгүй” гэж тодорхойлсноос биш Н.А гэмтэл учруулсныг тодорхойлохгүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр гарсан шүүгчийн захирамжийн дагуу хэрэг прокурорын шатанд очсон ч захирамж хангагдаагүй. Шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарсан эсэхийг тодруул гэсэн бөгөөд амьдрал дээр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг маргаантай явагддаг. Тухайн үед дөрвүүлээ л явж байсан учраас Б.А-ээс гэрчийн мэдүүлэг авахаас өөр арга байгаагүй. Насанд хүрээгүй гэрч Б.А “А ах, Э эгч хоёр хоорондоо маргалдаад байсан” гэж мэдүүлдэг болохоос цохисон талаар мэдүүлдэггүй. Мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 1 хоногийн дараа гаргасан байдаг тул Н.А-ийн үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй. Түүнчлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа оролцогч нарт хэргийн материал танилцуулах ёстой. Гэтэл хэргийн хугацаанд боогдож, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хохирогч ирээгүй учраас хэргийн материал танилцуулаагүй гээд хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул уг зарчмыг алдагдуулсан. Хохирогч нь хэргийн материалтай танилцаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах боломжтой. Шүүгч захирамждаа техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж залруулга оруулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд залруулга хийх боломжтой. Тийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. Аливаа хүнийг гэм буруутайд тооцохын тулд нотлогдвол зохих байдлыг бүрэн хийж гүйцэтгэх ёстой. Үүнийг шалгаж тогтоогоогүй нь эрүүгийн хариуцлагын зорилго, зорилттой нийцэхгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.А-ийн өмгөөлөгч Л.Лхагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж, эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй. Хохирогч С.Э хэрэг гарсан гэх өдөр үл таних хүмүүстэй архи ууж байсан нөхцөл байдал байдаг тул Н.А-ийн үйлдлээс болж түүнд гэмтэл учирсан эсэх нь бүрэн тогтоогдохгүй байх тул хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоох ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Харин шүүгчийн захирамжид техникийн алдаа гарсан гэж үзэж залруулсан нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 Прокуророос Н.А-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчим тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч болох хохирогч С.Э-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...Хохирогч С.Э-ийн биед учирсан хөнгөн хохирлыг яллагдагч Н.А болон гэрч Д.М нарын хэн нь учруулсан болох, хохирогч С.Э нь гэмт хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг эцэслэн тогтоогоогүй, хэргийн оролцогчдод хавтаст хэргийг танилцуулаагүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг зайлшгүй шалган тогтоохоор хуульчилсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан шаардлагыг хангахгүй, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах. ...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Н.А-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн захирамжлах нь хэсгийн удирдлага болгосон зүйл, заалтыг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж, шүүгчийн захирамж гарган залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хангаагүй тул уг захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг ... залруулж болно. ...” гэж заажээ. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж бичихдээ үг, үсгийн алдаа гаргасныг засах ёстой байтал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж удирдлага болгосон хуулийн нэр нэмж өөрчлөн залруулсан нь буруу болжээ.  

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2708 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН  

                              

                                ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР