| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2020/05626/И |
| Дугаар | 210/МА2021/00818 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2021/00818
| Дугаар 210/МА2021/00818 |
ЭҮ- ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00866 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э-д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх, 5 009 940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч Н.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭҮ- ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/981 дүгээр тушаалаар Н.Э-г тус компанийн хангамжийн хэлтсийн даргаар ажилд томилсон. ЭҮ- ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/270 дугаар тушаалаар Н.Э-г ажлаас чөлөөлсөн. Н.Э- нь ЭҮ- ТӨҮГ-д ажиллах хугацаандаа үйлдвэрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоот 63,01 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн орон сууц хөлслөх гэрээний дагуу амьдарч байсан. Н.Э- нь ажлаас чөлөөлөгдөхдөө орон сууц хөлслөх гэрээний 5.1, 5.2-т заасныг зөрчиж, орон сууцаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, мөн орон сууцны ашиглалтын төлбөр 5 009 940,52 төгрөгий төлөөгүй. ЭҮ- ТӨҮГ-ын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн АЯ-30-12/964 тоот, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн АЯ-117-12/1286 тоот, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн АЯ-117-12/3963 тоот албан бичгүүдээр орон сууц хүлээлгэн өгөх мэдэгдлүүдийг Н.Э-д тус тус хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй. Манай байгууллагын санхүүгийн хэлтсээс байрны төлбөрийн тооцоог хүргүүлсэн. Тухайн байранд хүн амьдарч байгаа гэсэн албан бус мэдээ байдаг боловч ямар хүн амьдарч байгаа нь мэдэхгүй. Бид тог цахилгааныг нь таслуулах арга хэмжээ авсан. Иймд Н.Э-гаас орон сууц ашиглалтын төлбөр болох 5 009 940.52 төгрөгийг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 41 тоот 63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЭҮ-т 2016 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа Эрдэнэт хотын Зэст багийн 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоотод оршин суудаг байсан. 2019 онд халагдах тушаал гарсан өдрөө Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ирсэн. Түүнээс хойш дахиж Эрдэнэт хотод очоогүй. Энэ хугацаанд ЭҮ- ТӨҮГ-аас орон сууц хүлээлгэж өг гэсэн албан бичиг өгч байгаагүй. Тухайн орон сууцад амьдраагүй учраас төлбөрийг өгөхөөс татгалзсан. ЭҮ- ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас албан бичиг хүргүүлж байгаагүй. Хэрэв албан бичиг өгсөн бол тухайн бичгийг хүлээн авсан гээд гарын үсэг зурсан байх ёстой. Иймд ЭҮ- ТӨҮГ-аас нэхэмжилсэн орон сууц ашиглалтын төлбөр гэгдэх 5 009 940,52 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-гаас орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 594 052 /таван зуун ерэн дөрвөн мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 415 888,52 /дөрвөн сая дөрвөн зуун арван таван мянга найман зуун наян найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгт холбогдох хэсэг, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 95 109,06 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 18 472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон хуулийг буруу тайлбарлан хэрэглэссэн. Н.Э- нь ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрын 24 тоот 3 өрөө байрыг эзэмшиж байсан ба ажлаас чөлөөлөгдөхдөө орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс тус үйлдвэрийн газарт орон сууцны ашиглалтын төлбөр 4 415 888,52 төгрөгийн хохирол учирсан. Тус үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд Н.Э-тай холбоо барьж орон сууцыг хүлээлгэж өгөхийг шаардахаар удаа дараа залгахад утас нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй байсан. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрын 24 тоот түүний эзэмшиж байсан үйлдвэрийн байранд очиход хаалга нь цоожтой, шөнө оройн цагаар гэрэлтэй, хөрш айлууд хааяа танихгүй хүмүүс орж гардаг гэсэн тайлбарыг өгч байсан. Орон сууц хөлслөх гэрээний 4.4-д Хөлслөгч нь орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, үнэ төлбөргүй ашиглуулах, түрээслэх, орон сууцыг бүхэлд нь эсвэл түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслөхийг хориглоно гэж заасныг хөлслөгч Н.Э- нь зөрчиж орон сууцын түлхүүрийг дур мэдэн шилжүүлж, ашиглуулж байсан. Мөн Н.Э-д ЭҮ- ТӨҮГ-ын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн АЯ-30-12/964 тоот, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн АЯ-117-12/1286 тоот, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн АЯ-117-12/3963 тоот албан бичгүүдээр орон сууц хөлслөх гэрээг цуцалж, орон сууцны төлбөрийг төлөх, орон сууцыг тавилга эд хогшлын хамт хүлээлгэж өгөх мэдэгдлийг тус тус хүргүүлэхэд тухайн үед түүний хаяг нь тодорхойгүй тул Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтан 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр АЯ-117-12/1286 тоот, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр АЯ-117-12/3963 тоот албан бичгүүдийг санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбилэгээр дамжуулж хүргүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээний 4.3-д Хөлслөгч нь цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, СӨХ зэрэг орон сууц ашигласнаас гарах зардлыг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж заасныг Н.Э- нь зөрчиж төлбөрийг барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Н.Э-гаас 4 415 888 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлсэн байна.
Нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ нь хариуцагч Н.Э-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр хорооллын 26 дугаар байрны 24 тоот хаягт байршилтай, 63.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх, уг орон сууцны ашиглалтын зардал 5 009 940, 52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш тус орон сууцад амьдраагүй тул ашиглалтын төлбөрийг төлөхгүй... гэж маргажээ.
Хариуцагч Н.Э- нь ЭҮ- ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/981 дугаар тушаалаар тус компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилогдож, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/270 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тушаалаар тогтоогдсон байна. /хх 10-12/
ЭҮ- ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор ЭҮ- ТӨҮГ болгон өөрчлөгджээ. /хх-8-9/
Нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ ХХК нь хариуцагч Н.Э-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны 24 тоот 63,01 м.кв талбай бүхий 3 өрөө компанийн өмчлөлийн орон сууцыг 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс амьдран суух зориулалтаар хөлслүүлэхээр харилцан тохиролцсон ба Н.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-12, 14-15/
Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 4.3-т Хөлслөгч нь цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, СӨХ зэрэг орон сууц ашигласнаас гарах зардлыг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж, 4.5-д Орон сууц хөлсөлсний төлбөрийг сар бүрийн 25-ны дотор компанийн дансанд тушаана гэж тус тус заажээ.
Хариуцагч Н.Э- нь 2016 оны 11 сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөрийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.
Харин нэхэмжлэгч ЭҮ- ТӨҮГ нь хариуцагч Н.Э-д 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд орон сууцыг хүлээлгэн өгөх болон ашиглалтын төлбөрийг төлөх мэдэгдлийг өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Анхан шатны шүүх хариуцагч Н.Э- нь орон сууцнаас гарах хүртэл буюу 2019 оны хугацааны ашиглалтын төлбөрийг төлсөн гэх тайлбараа нотлоогүй гэж дүгнэж түүнээс 2019 оны 01 дүгээр сарын төлбөр 262 026 төгрөг, 02 дугаар сарын төлбөр 262 026 төгрөг, 03 дугаар сарын төлбөр 70 000 төгрөг, нийт 594 052 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн талаар хариуцагч гомдол гаргаагүй байна. Ийм учраас хэргийн оролцогчийн гомдол гаргаагүй асуудлаар шийдвэр гаргах нь талууд өөрсдөө нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзлаа тодорхойлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан талуудын зарчимд нийцэхгүй юм.
Мөн уг орон сууц Н.Э-гийн эзэмшилд байгаа гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 155 805 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.БАЙГАЛМАА