| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0053/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 45
2018 оны 3 сарын 15 өдөр 2018/ШЦТ/45 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0053/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Т.Д. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-д холбогдох 1839000720034 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1968 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсротой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, “Чулуун хороо” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан гэх Т.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт иргэн Д.Нэргүйг хутгалж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч Д.Нэргүйн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Д цагаан сараар хэрэглэх гэж байсан нэрмэлийг уугаад гэрт орж ирвэл ална, шудна гээд байхаар нь айгаад гэрт хонож чадсангүй гэж хэлсэн. Тэгээд би ажлаа амжуулаад 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд хөдөө гэрт нь очиход Д ах Баянбаатарын гэрт очсон байсан. Би Баянбаатарын гэрт араас нь очоод та аятайхан байж чадахгүй яагаад байгаа юм бэ гэхэд Д аятайхан байгаагүй яасан юм бэ гээд өрвөгнөөд босох гэхээр нь заамдаад арагш нь унагаачихсан. Тэгээд гарыг нь ард нь мушгиад чи яагаад ээжийг зоддог юм бэ гэтэл, би зодоогүй гээд байсан. Тэгтэл Баянбаатар ах, Мөнгөө эгч хоёр намайг зодож байна гэж бодоод хойш нь татаад орон дээр дараад суулгатал Д ах цаанаас хутга авчраад миний баруун мөр, зоо орчимд дүрчихсэн. Тэгээд дахиад дүрэх гээд далайхаар нь хутгатай гарнаас нь барьж аваад Баянбаатар ахаар хутгыг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
Гэрч Д.Мөнгөнхуягийн: “...02 дугаар сарын 03-ны өдөр Даваанямын хүү Нэргүй манай гэрт ирээд Д ахаа та ээжийг минь өшиглөсөн байна гээд маргалдаж эхэлсэн. Би зөрж гараад малд өвс тавьж өгөөд орж иртэл баруун орон дээр зууралдсан байсан. Тэгээд салгах санаатай Нэргүйгийн араас таттал Д гартаа саарал иштэй хутга барьчихсан байсан. Тэгтэл Нэргүй намайг хутгалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
Гэрч Б.Баянбаатарын: “...Нэргүй манай гэрт орж ирээд та манай ээжийг зодсон байна гэж хэлээд Д , Нэргүй хоёр барьцалдаад авсан. Би салгах санаатай татаж чангааж байтал Нэргүй ёоёо, гар, гар гэхээр нь юу болов гэтэл Нэргүй наадах чинь намайг хутгалчихлаа гээд хувцсаа сөхтөл мөрнийх нь ард хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
Шүүх эмнэлгийн №58 тоот дүгнэлт: “...
Д.Нэргүйн биед баруун далны дээд хэсгийн зүсэгдэж хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт” /хх-ийн 12 тал/
Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Даваанямтай хамтран амьдардаг бөгөөд Давааням нь 30 орчим насны 2 хүүхэдтэй. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бага хүү Батбаяр нь миний үгэнд ороогүйгээс болж би түүнтэй барьцалдаж авахад Давааням хүүхдээ өмөөрч хэрүүл болсон. ...Тэгээд би уурлаад сар шинээр хэрэглэх гэж байсан нэрмэлээ аваад хажуу айл болох Баянбаатарын гэрт ороод тэрнээсээ ууж хоносон. Тэгтэл 02 дугаар сарын 03-ны өдөр том хүү Нэргүй нь аймгаас Баянбаатарын гэрт ирээд чи миний ээжийг зодлоо гээд уюу юугүй над руу дайрч давшлаад намайг цохьсон. Би зодолдоод ч дийлэхгүй тул хутгаар айлгах гэж байгаад ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний бие хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Т.Д нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт иргэн Д.Нэргүйг хутгалж, хөнгөн учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Д ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Т.Д т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 5 дугаар сарын 31-ний дотор 200 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА