Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1192

 

 

 

 

 

 

       2023             12            14                                      2023/ДШМ/1192

                                                       

 

Э.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Х.Чинбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Ст холбогдох 2308000001442 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигин овгийн Э.С, 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, хүргэн ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 10 дугаар байрны 12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, (РД:УП05220719);

Э.С нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны өмнө зам дээр үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, улмаар З.Сий зүүн хацар хэсэгт гараараа 5-аас 6 удаа цохиж, “зүүн талын завьжинд цоорсон шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт” гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны өмнө зам дээр үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, Э.Сн зүүн шанаа хэсэгт 4-өөс 5 удаа гараараа цохиж, түүний биед “зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ст 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Х.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд маргах зүйл байхгүй. Хэргийн үйл баримт бүрэн нотлогдсон, хэргийг эрүүгийн хуулиар зөв зүйлчилсэн, яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтүүд нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв байдаг.

Харин анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаарх хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан талаар санал гаргахад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэх эрх олгосон, хэм хэмжээ юм. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын эрүүл мэндэд олон удаагийн давтамжтай хүч хэрэглэн халдаж, хохирол учруулсан үйлдлийн арга, хууль бус үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Иймд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, дээрх нөхцөл байдал, хувийн байдлыг (эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, нас) харгалзан шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ. ...” гэж заасан.

Гэтэл шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл болоод 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцлүүдийг бүрэн хангасан байдаг.

Тодруулбал, Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон буюу өмнө ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хохирогч нарт болон улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан буюу хохирогч З.Сд 500.000 төгрөг, З.Сд 200.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 161.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж хохирол, хор уршгийг арилгасан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн ба энэ талаар шүүх хуралдаан дээр өөрөө хэлж дахиж ийм зүйлтэй холбогдохгүй, найз нөхөддөө гэмт хэрэгт холбогдож болохгүй талаар анхааруулж байгаа талаар хэлсэн.

Хохирогч нарын зүгээс хохирлоо барагдуулсан талаар болон гомдол саналгүй, Э.Стай эвтэй найртай байгаа талаар бичгийг тус хэрэгт гаргасан бөгөөд Хавтаст хэргийн 139, 140 дүгээр талд хохирогч З.С, З.С нар нь хохирлоо бүрэн барагдуулсан талаар илэрхийлж, сайн найзууд болж эвлэрсэн тул Э.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн агуулга бүхий хүсэлтийг прокурорт гаргасан байдаг.

Хохирогчийн хууль бус үйлдэл үйл ажиллагаа тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн буюу энэхүү гэмт хэрэг гарахад хохирогч З.С, З.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдүүлдэг, мөн “Замаас зайл алнуудаа” гэх зэргээр хараалын үг хэрэглэж зүй бус авирласны улмаас энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан болсон байдаг.

Э.Сын хувийн байдал нийгэмд аюулгүй. Эрүүгийн хуульд заасан “хувийн байдал” гэх ойлголтод гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сургалт, хөдөлмөрт хандах хандлага, хариуцлагаа ухамсарлах чадвар, зан төлөв, хөдөлмөрлөх чадвар, гэр бүлийн байдал, эрүүл мэнд, ял эдэлж байсан эсэх зэргийг хамааруулан үзнэ гэж тодорхойлсон байдаг.

Э.С нь “Эрин инвест интернэйшнл” ахлах сургуулийг 2023 онд төгссөн, сургуулийнхаа урлаг, спорт, сурлагын шилдэг сурагч байсан бөгөөд Сагсан бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин юм. 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд үргэлж харамсаж байгаагаа хэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад айдастай, гэмшил харамсалтай байснаас гадна найз нөхөд ойр дотнынхондоо аливаа гэмт үйлдлийн хор уршиг, хүлээх хариуцлагын талаар ойлгосон мэдсэнээ үргэлж зөвлөсөөр байгаа.

Э.С нь хүмүүстэй эвтэй найртай байхыг эрмэлздэг, бусдад үргэлж хүндэтгэлтэй ханддаг, зүй бус үйлдэл, авирт ихээхэн дургүй бөгөөд үүнийхээ ч улмаас хохирогчдын зүй бус үг хэллэг, ааш авир, согтуурхсан танхайрсан үйлдэл нь тэсвэр алдуулсан хэмээдэг. Хэдий тийм байлаа ч энэ нь өөрийг нь зөвтгөх шалтгаан биш, тэднээс илүү зүй бус үйлдэл хийсэн гэдгээ өөрөө ухамсарлаж, маш их гэмшиж байгаа.

Шүүгдэгч нь 10 жилийн сургуулиа төгсөөд Австрали улсад суралцахаар төлөвлөж, материал бүрдүүлэн хөөцөлдөж байгаа бөгөөд уг хугацаанд зүгээр суулгүй ажил хийж эцэг эх, гэр бүлийнхэндээ бага ч болов тус нэмэртэй байхаар хичээж байсан ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг. Мөн түүнчлэн уг хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн цалингаасаа өөрийн данснаас төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудад тодорхой харагдана. Тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүргээ биелүүлэн цэргийн алба хаахын тулд 2023 оны 10  дугаар сард ажлаасаа гарсан байсан боловч цэрэг татлага эхлэх үед уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байсан тул цэргийн албанд явж чадаагүй бөгөөд одоо буцаад ажилдаа орсон байдаг.

Шүүгдэгч нь 5 хүүхэдтэй айлын дунд хүүхэд бөгөөд дээрээ 2 ах, 1 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй. Бүхий л айлын дунд хүүхдүүдийн адилаар ах эгчийн ая эвийг олох, дүүгээ харж хандах, зааж зөвлөх гээд бусадтай харилцах чадварыг гэр бүлийн орчинд өсөж төрснөөсөө эхлэн эзэмшсэнээс гадна аав нь насаараа замын цагдаад ажиллаж, тэтгэвэртээ гарсан, ээж нь насаараа банкинд ажилласан сэхээтэн айлын хүүхэд юм.

Шүүгдэгч нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хөдөлмөрийн насны, цаашид ихийг хийж бүтээх боломж бололцоо, потенциалтай бөгөөд ирээдүйн талаар гэгээлэг мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, дөнгөж 18 насанд хүрч амьдралд хөл тавьж буй хүүхэд юм. Э.Ст өмнө ял шийтгэл, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдол байдаггүй.

Нэгтгэн дүгнэвэл Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчдын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал нь нийгэмд аюулгүй, үйлдсэн гэмт хэрэг нь нийгэмд нөлөөлөх хор уршиггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасаныг хэрэглэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, ялын төрөл, хэмжээг тогтооход согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэгдэг эсэх, гэр бүл, ажилдаа хэрхэн ханддаг, нийгмийн хэв журам зөрчиж байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх асуудлаар тайлбарласан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүхээс энэхүү зохицуулалтыг хэрэглэхийг хүсээгүй шүүгчийн дотоод итгэл үнэмшлийг хүндэтгэж байна. Гэхдээ дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь мөн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан энэхүү зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой байна.

Эрүүгийн ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж заасныг үндэслэн мөн энэхүү хэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан шүүгдэгч Э.Сын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед өөрийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. ...” гэв.  

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн ялыг доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хуулийн зорилго, зарчимыг хангасан. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзсэн, мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Э.Ст холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.С нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны өмнө зам дээр үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, улмаар З.Сий зүүн хацар хэсэгт гараараа 5-аас 6 удаа цохиж, “зүүн талын завьжинд цоорсон шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт” гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 9 дүгээр орцны өмнө зам дээр үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, З.Сгийн зүүн шанаа хэсэгт 4-өөс 5 удаа гараараа цохиж, түүний биед “зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Сий “...20 дугаар байрны зогсоол дээр Даваасүрэнг буулгаад буцаад гарах гээд явж байсан чинь тухайн 3 залуу хүрч ирээд миний сууж байсан талын цонхон дээр хар өнгийн подволктой залуу хүрч ирээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохихоор нь би гайхаад харж байсан чинь цагаан өнгийн подволктой залуу хүрч ирээд баруун гараараа миний зүүн хацар хэсэгт ойролцоогоор 5-аас 6 удаа цохисон чинь миний амнаас цус гарч байсан. Тэгсэн Шинэбаяр “...цагдаа дуудлаа. ...” гээд орилсон чинь тухайн залуучууд бид хэдийг зодохоо больсон. ...”  /хх 9, 125/,

хохирогч З.Сгийн “...3 залуу бид нарын сууж байсан машин дээр хүрч ирээд цагаан подволктай 1.80 см орчим өндөртэй бордуу царайтай залуу миний сууж байсан зорчигчийн арын сандлын зүүн талын цонхон дээр “...чи юу гээд байгаа юм. ...” гэж хэрүүл өдөж байснаа баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 4-өөс 5 удаа цохиод авахаар нь миний дургүй хүрээд “...чи одоо боль давраад бай. ..." гэж хэлсэн чинь тухайн залуу баруун гараа атгаж дахиад миний нүдний хэсэгт 3-аас 4 удаа цохиж байгаад жолоочийн эсрэг талын цонхон дээр гүйж очоод Билгүүнийг баруун гараараа нүүр хэсэгт 5-аас 6 удаа цохих шиг болсон... Гаднах царай зүсээр нь танина. ...” /хх 14/,

насанд хүрээгүй гэрч Б.Бат-Ирээдүйгийн “...Сэргэлэнбаяр болон Өсөхбаяр бид 3 гадаа зогсож байсан. Тухайн залуучууд буцаж ирээд бид хэдийн хажууд зогсохоор Сэргэлэнбаяр “...бид хэд ал шиг харагдаад байна уу. ...” гээд тухайн залуучуудаас асуусан чинь тухайн машины зүүн ард талын сандал дээр сууж байсан саарал өнгийн цамцтай залуу “...та нар ал шиг харагдаж. ...” гээд татаж байсан тамхиныхаа утааг Сэргэлэнбаярын нүүр рүү үлээгээд байсан. Тэгсэн Сэргэлэнбаяр “...та нар яаж харьцаад байгаа юм. Зүгээр замаас холдоод өг гэж хэлсэн бол эвтэйхэн холдоод өгнө шүү дээ. ...” гэж хэлсэн чинь “...бид нар та нартай тэгэж харьцаж чадахгүй. ...” гэж хэлсэн чинь Сэргэлэнбаяр тухайн саарал цамцтай баруун гараараа нүүр хэсэгт шууд цохиод авсан чинь урд сууж байсан хоёр залуу нь бууж ирэх гээд байхаар нь би жолоочийн эсрэг талын хаалгыг түлхэж байгаад цохиод авсан. ...Сэргэлэнбаяр ирээд “...жолоочийн эсрэг талын урд сандал дээр сууж байсан залуугийн зүүн шанаа хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон. ...” гэж хэлж байсан. ...” /хх 27-28/,

гэрч А.Өсөхбаярын “...үл таних 4-өөс 5 хүн машинтай ирж зогсоод “...лалрууд минь замаас зайл. ...” гэж хэлсэн. Тэгээд бид 4 тухайн зогсож байсан газраа байж байтал тэр үл таних хүмүүс эргээд хүрээд ирэхээр нь бид нар “...та нар одоо яаж яриад байгаа юм, замаас зайл алнуудаа гэж юу гэсэн үг юм. Зүгээр хэлж болно биз дээ. ...” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би болон манай найзууд болох Б.Бат-ирээдүй, Э.С нар тухайн үл таних хүмүүсийн машиныг тойрч зогсоод цонхоор нь гараа оруулаад цохиж эхэлсэн. ...” /хх 31-32, 38-40/,

гэрч Н.Шинэбаярын “...Тухайн машинтай явж байсан 3 залуу бид нар ирээд “...яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм. ...” гэж маргалдаж байснаа миний машины хойно сууж байсан Сэргэлэнг нэг залуу шууд цохиж байх шиг харагдсан ба жолооч талын цонхон дээр зогсож байсан залуу миний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би цонхоо хааж байгаад Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Намайг харахад Сэргэлэнгийн зүүн нүд хавдчихсан мөн Билгүүний зүүн хацар хэсгээс цус гарч байсан. Хамгийн анх Сэргэлэнг цохисон залуу машин тойрч ирээд жолоочийн эсрэг талын урд талд сууж байсан Билгүүнийг 5-аас 6 удаа цохиж байх шиг байсан. ...” /хх 42-43/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...З.С, З.С нар нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөг гарсныг Э.Саас гаргуулж өгнө үү. ...” /хх 128/,

Э.Сын яллагдагчаар өгсөн “...Миний дургүй хүрээд байхаар нь би тухайн залуугийн зүүн нүд хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 2-оос 3 удаа цохисон. Тэгтэл тухайн машины жолоочийн эсрэг талд сууж байсан залуутай Бат-Ирээдүй маргалдаж байхаар нь би очоод тухайн залуугийн зүүн шанаа хэсэгт зүүн гараа атгаж байгаад 2-оос 3 удаа цохисон. Би Сэргэлэнгийн хохирлын мөнгө болох 200.000 төгрөг, Билгүүний хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг тус тус өгч, хохирлоо барагдуулсан. ...” /хх 98-99/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...З.Сгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9615 дугаартай /хх 46-47/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...З.Сий биед зүүн талын завжинд цоорсон шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9617 дугаартай /хх 48-49/ дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх 2/, мөрдөгчийн тэмдэглэл  /хх 131-132/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-75, 76-80/, хохирол төлсөн тухай банкны дансны хуулга /хх 118, 163/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.С ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хохирогч З.С, З.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Э.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ст холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх болон хоёр хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Э.Сын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогч нарын хүсэлт зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсан нэмэлт заалтыг тус тус оруулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт, нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Э.С өмгөөлөгч Х.Чинбатын “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1233 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ст 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Х.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ