Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00819

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00819

 

 

 

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч, Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00673 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/01973 шийдвэрээр Д.Ааас 83 216 575 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 28 тоотын 4 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, хурааж, хөндлөнгийн шинжээчээр Файн-Эстимэйт ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 249 200 000 төгрөгөөр үнэлсэн. Уг орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, 1 м.кв нь 5 000 000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй, 556 000 000 төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл Файн-Эстимэйт ХХК зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд 375 000 000 төгрөгөөр худалдаж авсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1618 дугаартай магадлалаар Д.Ааас 83 216 575 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Ат сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 5 дугаар байр, 28 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжлэж хураасан. Үүний дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 5 дугаар байр, 28 тоот хаягт байрлалтай, Д.А, Н.Мөнгөншагай нарын өмчлөлийн 107 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаартай, 4 өрөө орон сууцанд хийгдсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинжээч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон 5 дугаар байрны 28 тоотод байрлах 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Шинжээч үнэлгээг тогтоохдоо 5 хөрөнгө харьцуулсан гэх боловч үнэлгээний тайланд тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан 5 байр, 28 тоот хаягт байршилтай 107 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 249 200 000 төгрөгөөр үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/01973 дугаар шийдвэрээр хариуцагч Д.А, Н.Мөнгөншагай нараас 83 216 575,60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан 5 байр, 28 тоот 107 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206006046 дугаар бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1618 дугаар магадлалаар Д.Ааас 83 216 575,60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, хариуцагч Н.Мөнгөншагайд холбогдох зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-52-56/

 

Төлбөр төлөгч Д.А-г нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2019/15899 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 1177 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасыг үндэслэн НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-51,57-58/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/0345 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан 5 байр, 28 тоот хаягт байршилтай 107 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0345 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. /хх-63-65/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.А үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 375 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч Голомт банк ХХК шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9/460 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-66-68,71/

Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан 5 байр, 28 тоот хаягт байршилтай, 107 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу жишиг үнийн болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлон, тухайн орон сууцыг түүнтэй ойролцоо хугацаанд ашиглалтад орсон, ижил хийцтэй, үнэлгээ хийж буй орон сууц болох Жаргалан хотхонд байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг хийж харьцуулан үзэж, орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 249 200 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-76-85/

 

Хариуцагч НШШГГ Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн, нэхэмжлэгч Д.Ат нь мөн хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан.

 

Харин нэхэмжлэгч Д.А нь ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн... гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА