Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  3 сарын 15 өдөр                      2018/ШЦТ/46                                 Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2018/0055/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                               А.Цэрэндулам

Улсын яллагч                                                              Я.Сансар

Шүүгдэгч                                                                      Г.М  нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Гомбосүрэнгийн Г.М-д холбогдох 1839000000050 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв  .

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1973 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, Баянбулаг гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн гэх Г.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М  нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Өндөр дов” гэх газраас иргэн Ж.Баатарсүхийн 3 тооны адууг хулгайлж, 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч Н.Баатарсүхийн: “...Манайх 2 азарга 40 гаруй тооны адуутай. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Норовлин сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр дов” гэх газраас адуугаа татаж хураагаад , морио сэлгээд буцаагаад “Өндөр дов” гэх газар руу бэлчээсэн. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр адуугаа “Өндөр дов”-ын урд өврөөс хураахад хамар цагаан хар морь, ухаа зүстэй морь, хүрэн халзан зүстэй морьд маань алга байсан. Ингээд тэр хавиараа адуугаа хайгаад олоогүй, урагшаа 60 гаруй километр явж хайсан боловч олоогүй. Тэгээд Дорнод аймагт амьдардаг Батбаяр гэж хүнрүү адуугаа алдсан талаар хэлэхэд манай журмын хашаанд эзэнгүй адуу байна гээд зургийг нь утсаараа дараад явуулсан. Би алдсан адуугаа Дорнод аймгаас олж авсан. ...Манай адуу байсан газар Дорнод аймгийн төвөөс 217 километр зайтай, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, “Хотонт” гэх газарт манай адуу бэлчиж ирнэ гэж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

Гэрч А.Мөнхбаатарын: “...Би Г.М ынд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цагийн үед Батхүү гэх залуутай очсон. Г.М  адуунаасаа барьж өгье гээд гаднаа байсан хүрэн халзан үрээг, өөрийнхөө портер маркийн машин дээр ачаад адуу руугаа явья гээд явсан. Батхүү, бид хоёр машинтайгаа дагаад явсан. ...Г.М  харанхуй шөнө болсон үед эргэж ирсэн. 3 адуу бариад ирлээ гээд ирсэн. ...Г.М-ын ачиж ирсэн адууг сайн зүсэлж хараагүй, тамга тэмдгийг нь ч хараагүй. Ухаа, хүрэн халзан, хар зүсмийн 3 адуу байх шиг байсан. Гэгээ оронгуут аймаг руу хөдөлсөн. Би Г.М аас эдгээр адуунуудынхаа гарал үүслийн гэрчилгээг яах юм бэ гэхэд Г.М  багаасаа аваад өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/

Гэрч З.Батхүүгийн: “...тэгээд явж байгаад хөдөө зогссон. Нээх удаагүй Г.М  ах 3 адуу хөтлөөд ирсэн. ...Г.М  ахыг харанхуй шөнө болсон байхад адуугаа хайгаад яваад байхаар нь хулгай хийх гээд байгааг мэдсэн. Тийм болохоор нь машин дотроосоо буугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/

Алдагдсан малын үнэлгээ /хх-ийн 40 тал/

Шүүгдэгч Г.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Мөнхбаатараас мөнгө зээлдсэн өртэй байсан. Тэгээд мөнгөө авья гэж ирэхэд нь адуунаасаа барьж өгье гээд явсан боловч өөрийнхөө адууг олохгүй байсан. Өөрийнхөө адууг олохгүй байсан, мөн Мөнхбаатараас зээлдсэн мөнгөө өгөхгүй бол байнга нэхээд байсан болохоор тааралдсан адуугаа хөөж ирээд 3 тооны морь барьж өгсөн... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Г.М  нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Өндөр дов” гэх газраас иргэн Ж.Баатарсүхийн 3 тооны адууг хулгайлж, 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан малын үнэлгээ, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.М ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Иймд Г.М ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайжууд овогт Гомбосүрэнгийн Г.М ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М ад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ширэн гөлөмтэй хос тавган дөрөөтэй, дан эсгийн тохомтой цэрэг эмээл 1 ширхэг, хар мяндсан жолоотой цэнхэр өнгийн мяндсан толгойтой хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.М ад буцаан олгож, 10 метр урт саарал өнгийн олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА