Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1193

 

 

 

 

           2023           12            14                                          2023/ДШМ/1193

 

Э.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Н.Х, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

иргэний хариуцагч Б.Энхцэцэг,

шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Тд холбогдох 2303003740351 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Торгууд овгийн Э.Т, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “МОN USA” боловсролын төвд Англи хэлний багш, орчуулагч ажилтай, ам бүл 4, өвөө, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхон 87а-34 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УК04311900/,

Э.Т нь 2023 оны 06  дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын уулзварт Приус загварын 06-58 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Н.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Торгууд овогт Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Т нь зорчих эрх хязгаарлах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг /УЕ:86013160/ нараас хохирогч Н.Х /РД:УК02241649/-д 7.150.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах, иргэний нэхэмжлэгч Г.Б /Х368060529/-Д 460.000 төгрөг тус тус олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Х, иргэний нэхэмжлэгч Д.Ч, Д.О, Л.Д, Т.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хувьд анхнаасаа маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад зохих хохирлыг баримтын хэмжээнд төлж барагдуулж байсан хохирогч Н.Х нь ямар нэгэн баримт гаргаж өгч байгаагүй, шүүх хурал дээр л баримтуудаа гаргаж өгсөн ба ажилгүй байсан үеийн цалингийн зөрүү 2.930.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Э.Т нь анх удаа тохилдлын шинжтэй, хөнгөн зэргийн гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа ба анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан нь хүндэдсэн байна. Иимд Э.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчлөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу. ...” гэв.

Иргэний хариуцагч Б.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. Хохирол төлбөрийн хувьд маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаан дууссаны дараа хохирогч Хулангийн хохирлыг төлж барагдуулна. Хохирогч Бадамцоод 460.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ...” гэв.

Хохирогч Н.Хгийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иргэний хариуцагчаар шүүгдэгчийн ээж нь татагдсан. Анхан шатны шүүх зөвхөн хохирлыг барагдуулсанаар гэм хор арилахгүй гэж үзсэн. Хохирогч Н.Х одоо 21 настай цаашид нөхөн үржихүйн асуудал хөндөгдөнө. Өнөөдрийг хүртэл байнгийн эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд ажлын 8 цаг зогсож ажил хийдэг байсан бол одоо ажлын 4 цаг нь зогсож ажил хийдэг. Анхан шатны шүүх хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний биеийн байдал одоогоор сарын тэмдэг алдагдаж ирдэг болсон ба их хэмжээгээр цус алдах, түүнээс үүдэн толгой эргээд байгаа. Сард 2-оос 3 удаа сарын тэмдэг ирдэг болсон. Умдаг яс одоогоор бүрэн эдгэрээгүй буюу цууралттай байгаа. 2 жилийн дараа бүрэн эдгэрч өвдөлт нь арилахгүй гэсэн. Ялангуяа хүйтний улиралд илүү их өвдөж байгаа. Өвчин намдаах эм байнгийн ууж, эмээ солиод уугаад байгаа. Ер нь эмний хамааралтай болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь арван жилийн сургуулиа төгсөөд удаагүй, дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа. Мөн Герман улсад хэлний бэлтгэлд сургуульд сурах хүсэлтэй бөгөөд хэлний бэлтгэлдээ Монгол улсдаа бэлтгэж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учрууулсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулсан. Хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй учир түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Учир нь шүүгдэгч нь гадаад улс руу сурахаар явчих юм бол хохирол бүрэн арилахгүй гэж үзэж түүнд дээрх ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Э.Т нь 2023 оны 06  дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын уулзварт Приус загварын 06-58 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч, Г.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Н.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Хгийн “...Миний зүүн талаас цайвар өнгийн приус загварын машин явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөсөн. Тэр машин миний ар талд байсан хүмүүсийг бас мөргөсөн. Тэр осолоос болж миний аарцагны яс хугарсан, нуруу байнга өвдөж байгаа. Зүүн өвдөг бас өвдөж байгаа. Эмчилгээнд гаргасан зардал болон ажилгүй байх үеийн зардлаа нэхэмжилнэ. ...” /1хх 17/,

иргэний нэхэмжлэгч Д.Оийн “...Зөвшөөрөгдсөн гэрэл хүлээгээд зогсож байтал нэг хүн орилох шиг болохоор нь тэр зүг рүү харж амжаагүй, тэгээд гэнэт түг гээд нэг мэдэхэд би машин зам дээр хэвтэж байсан. Гомдолтой байна цаашид эм тариа, эмчилгээнд гаргасан зардал, гарах зардал зэргийг нэхэмжилнэ. ...” /1хх 20/,

иргэний нэхэмжлэгч Л.Дын “...Цагаан өнгийн автомашин гэнэт өөдөөс гарч ирээд гарцан дээр гэрлэн дохио хүлээж байсан хүмүүсийг мөргөөд хамгийн сүүлд намайг мөргөж унагасан. Би унахдаа хойшоогоо савж унасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 22/,

иргэний нэхэмжлэгч Д.Чгийн “...Цагаан өнгийн приус загварын машин явган хүний зам дээр гараад ирсэн ба би холдохын завдалгүй 2 хүнийг мөргөөд миний зүүн ташаа хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Жолоооч эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг төлсөн ба дээр нь 500.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 26/,

иргэний нэхэмжлэгч Г.Бгийн “...Гэрэл улаан ассан байсан ба гэрлээ хүлээгээд зогсож байхад гэнэт түс гээд машин зам дээр 1 дүгээр эгнээнд газар хэвтэж байсан. Ажилгүй байсан үеийнхээ цалин болон эмчилгээнд гаргасан зардлуудыг нэхэмжилнэ. ...” /1хх 29/,

иргэний нэхэмжлэгч Н.Баатархүүгийн “...Гэрэл дохио хүлээгээд зогсож байгаад хүмүүсийн хамтаар зогсож байсан. Нэг мэдэхэд түс тас гээд явчихсан. Тэгээд гайхаад харахад би газар унасан байсан. Надад гомдол санал байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” /1хх 35/,

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.167.900 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Тгээс гаргуулж өгнө үү. ...” /1хх 38/,

иргэний хариуцагч Б.Энхцэцэгийн “...Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 32/,

Э.Тгийн яллагдагчаар өгсөн “...Би явган зорчигч нарыг харсан ба тухайн үед Нарантуул захын уулзвар дээр хойноос урагш чиглэлээс буцаж эргэсэн. Тухайн үед уулзвар дээр цагдаа зогсож байсан. Буцаж эргэх үйлдэл хийхдээ тоормос гишгэлгүй хүчтэй хаазлаад явган зорчигч нарыг мөргөчихсөн. Би ганцаараа явж байсан. Явган зорчигч нар явган хүний зам дээр гарцаар гарах гээд зогсож байсан. ...” /1хх 140/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Г.Бгийн биед тархи доргилт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн цавь, гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үений зөөлөн эдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7238 дугаартай /1хх 49-51/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Д.Чгийн биед зүүн гарт зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7244 дугаартай /1хх 56-68/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Д.Оийн биед ууцны гол хэсэг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7322 дугаартай /1хх 62-71/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Л.Дын биед шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7257 дугаартай /1хх 75-76/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Н.Хгийн биед хоёр талын умдаг ясны их биеийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7257 дугаартай /1хх 80-82/ дүгнэлтүүд,

дуудлага лавлагааны хуудас /1хх 6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 7-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12/,  хохирлыг үнэлгээний тайлан /1хх 115-117/, мөрдөгчийн лавлагаа /1хх 120-121/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 120-121/, эд мөрийн баримт /1хх 143/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 144/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 153/, хохирлын баримтууд /1хх 159-168, 169-170, 207-220/, хохирол төлсөн баримтууд /1хх 176, 226, 221, 227-229, 2хх 2/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Тгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраа “...зорчих эрх хязгаарлах ялыг торгуулын ял болгон өөрчилж, торгох ялын болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг нар нь анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Г.Бд хохирлын төлбөрт  460.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болохыг дурьдаж байна.

Харин анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг баримтлалгүйгээр хохирол төлбөр гаргуулахаар заасан байх бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг /УЕ:86013160/ нараас хохирогч Н.Х /РД:УК02241649/-д 7.150.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах, иргэний нэхэмжлэгч Г.Б /Х368060529/-Д 460.000 төгрөг тус тус олгуулсугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг /УЕ:86013160/ нараас хохирогч Н.Х /РД:УК02241649/-д 7.150.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах, иргэний нэхэмжлэгч Г.Б /Х368060529/-Д 460.000 төгрөг тус тус олгуулсугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “...хохирогч Г.Бд хохиролд 460.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. ...” гэсэн нэмэлт заалтыг тус оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1270 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх нэмэлт заалтыг оруулж, зарим заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг /УЕ:86013160/ нараас хохирогч Н.Х /РД:УК02241649/-д 7.150.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах, иргэний нэхэмжлэгч Г.Б /Х368060529/-Д 460.000 төгрөг тус тус олгуулсугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Т болон иргэний хариуцагч Б.Энхцэцэг /УЕ:86013160/ нараас хохирогч Н.Х /РД:УК02241649/-д 7.150.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах, иргэний нэхэмжлэгч Г.Б /Х368060529/-Д 460.000 төгрөг тус тус олгуулсугай. ...” гэж өөрчилсүгэй.

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тогтоох хэсэгт “...хохирогч Г.Бд хохиролд 460.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ