| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0033/З |
| Дугаар | 125/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 125/ШШ2025/0010
2025 02 10 125/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын хооронд үүссэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-16230000035 тоот актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчээс анх Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-16230000035 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нөхөн ногдуулалтын актаас 56,955,589,53 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:
2.1. Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч *******, ******* нар “*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийг дуусталх хугацаанд хяналт шалгалт хийж 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн НА-16230000035 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
2.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-16230000035 тоот нөхөн ногдуулалтын хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан.
2.3. Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.4. Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч “*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай манай компанийн 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 16231003128 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2023 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч *******, ******* нар хийж гүйцэтгэсэн.
Ингээд Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.4., Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1., 84 дүгээр зүйлийн 84.1.2. дахь заалтыг тус тус үндэслэн 77,780,855.99 төгрөгийн нөхөн татвар, 29,667,304 төгрөгийн торгууль, 27,288,285.53 төгрөгийн алданги, нийт 134,736,445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр НА-16230000035 тоот акт тогтоосон. Тухайн үедээ бол нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн ба торгууль, алдангийг зөвшөөрөхгүй гэсэн учир акт дээр гарын үсэг зураагүй.
Торгууль, алдангийг зөвшөөрөөгүй тул Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “2019 онд ЗТХЯаманд 194.500.000,00 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт хийж ОАТ тайлан болон Санхүүгийн тайландаа борлуулалтын орлогоор тусгаж тайлагнасан. 2020 оны 12-р сарын НӨАТ-н тайлан илгээгдээгүй байсныг бид одоо ч учрыг нь олж мэдэхгүй байна. E-tax системд тайлангийн түүх болон хоцорсон тайлан хэсэгт байхгүй ба хэрвээ манайх илгээгүй бол хоцорсон тайлан хэсэгт харагдах ёстой.
Хэрвээ 2020 оны 12-р сарын НӨАТ тайлангаа илгээгүй бол дараа сар буюу 2021 оны 1-р сарын тайланг илгээгдэхгүй байх байсан гэж ойлгож байна. Мөн тайлан илгээгээгүй бол татварын албанаас мэдэгдэл ирэх байсан ч мэдэгдэл ирээгүй. Бид жилийн эцсийн санхүүгийн тайлан болон ОАТ тайландаа бүгдийг нь тусгаж тайлагнасан" гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.
Маргаан таслах зөвлөл 2024.04.22-ны өдөр хуралдаж 1 дүгээр тогтоол гаргасан ба Үндэслэх хэсэгтээ “Бид жилийн эцсийн санхүүгийн тайлан болон ОАТ тайландаа бүгдийг нь тусгаж тайлагнасан гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ" гэсэн. Уг тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 30-нд гардан авсан ба урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр НА-16230000035 тоот актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж байна:
1. Тогтоолд "1. 2019 онд 144,503,839.95 төгрөгийн, 2020 онд 633,304,719.90 төгрөгийн нийт 777,808,559.85 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь..." гэжээ. 2019 онд ЗТХЯ-д 194.500.000,00 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт хийж ОАТ тайлан болон Санхүүгийн тайландаа борлуулалтын орлогоор тусгаж тайлагнасан. Тэгэхээр 144 сая төгрөгийг хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байна. Мөн 633 сая төгрөгийг хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байна. Манайх бол холбогдох тайланг хугацаанд гаргаж өгч байсан ба хүлээн аваагүй нь захиргааны буруутай үйл ажиллагаа болохоос манай буруу биш юм.
2. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.-т "Татварын алба ... тайланг хянаж ... мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ" гэж заасан үүргээ захиргаа мөн биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл татварын тайланг нь хянаад, зөрчил илрүүлсэн талаараа татвар төлөгчид нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нь татварын зөрчилгүй явж ирсний нотолгоо юм. Ийнхүү мэдэгдэж байсан тухай баримтыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй.
3. 2019 онд 96 сая, 2020 онд 90 сая төгрөгийн буцаан авалттай байсан тул тухайн үед захиргааны зүгээс уг төлбөрийг суутган авах боломж байсан ба уг үүргээ биелүүлээгүйгээс манайд, торгуул, алданги тогтоож байгааг зөвшөөрөхгүй байна.
4. ТЕГ-ын хэмжээнд системийн алдаа 2021 оны 3 дугаар сард үүсч байсан бөгөөд энэ үед гарсан алдааны улмаас манай тайланг хүлээн аваагүй эсэхийг шалгаж тогтоосонгүй. Иймд МУҮХ-д заасан хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдөж байгаа тул түүнийг сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс анх маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоо тус нөхөн ногдуулалтын актаас 56,955,589,53 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
“*******” ХХК-нийн захирал ******* нь 2023 оны 7 дугаар сард Татварын хэлтэст өөрийн биеэр очиж “*******” ХХК-нийн 2020 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайланг шийдвэрлэгдээгүй байгаа тул асуудлыг шийдэх тухай амраар хүсэлт гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Улсын байцаагч *******, ******* нар удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.14 дүгээр зүйлийн 11.14.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасныг тус тус үндэслэн 77,780,855,99 төгрөгийн нөхөн татвар, 29,667,304 төгрөгийг торгууль, 27,288,285 төгрөгийн алданги, нийт 134,736,445,52 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16260000035 тоот акт тогтоосон. Тухайн үед нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн харин торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөөгүй.
Ингээд Ховд аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл дээрх зөвлөл 30 хонгийн дотор шийдвэрлэх үүрэгтэй боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэн тогтоол гарган хүргүүлсэн байдаг.
2020 оны НӨАТ-н тайланг цаг хугацаандаа илгээсэн бөгөөд хүлээн авах эсэх нь захиргааны асуудал юм. Тайлан илгээсэн нь хэд хэдэн баримтаар тогтоогдож байгаа. Үүнд: Хэргийн үзлэгт татварын улсын байцаагч нь 12 дугаар сарын илгээсэн тайлан нь шинэ цонх гэсэн хэлбэрт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөн тухайн үед дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байсан. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа доголдсон байсан. Тайланг илгээсэн гэх улсын байцаагчийн тайлбарыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын улсын байцаагч *******, ******* нар нь 2008 оны 02 сарын 26-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай "Булганбаян буудай" ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий /тусгай/ удирдамж, 16231003128 тоот томилолтоор / Иж бүрэн / шалгалтыг 2023 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн НА-16230000035 дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар 77,780,855.99 төгрөгийн нөхөн татвар, 29,667,304.00 төгрөгийн торгууль, 27,288,285.53 төгрөгийн алданги 134,736,445.52 төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тухайд гэвэл татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон Татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон.
Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144,503,839.95 төгрөгийн борлуулалтын орлого олж, импортын худалдан авалтад төлсөн НӨАТ хасалт хийсэн боловч, 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоор тусгаж тайлагнаагүй, 2020 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 799,123,060.92 төгрөгийн дотоодын борлуулалтын орлоготой, 165,818,341.00 төгрөгийн худалдан авалттай Татварын удирдлагын нэгдсэн системд байсан боловч Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 12 дугаар сарын ТТ-03 тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй зөрчил илэрч, 165,818,341.00 төгрөгийн худалдан авалтын падаанаар хасалт хийн баталгаажуулж үлдсэн 633,304,719.90 төгрөгийн борлуулалтын орлого татварын тайлан дутуу тусгасан зөрчил илэрч төсөвт төлөх татвараа бууруулсан байсан.
банк тоот дансны хуулга, банк тоот Дансны хуулгаар "*******" ХХК-ний нийт орлого нотлогдож байгаа болно. 2019 онд 144,503,839.95 төгрөгийн, 2020 онд 633,304,719.90 төгрөгийн нийт 777,808,559.85 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод 77,780,855.98 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “Тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Зөрчлийн тухай хуулийн 11.19.4. “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Татвар төлөгч нь тухай үед нөхөн татварын НА-16230000035 тоот актын нөхөн татвар болох 77,780,855.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 56,955,589.53 төгрөгийн торгууль, алдангийг зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр Ховд Аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Маргаан таслах зөвлөл татварын улсын байцаагчийн НА-16230000035 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.
Иймд татварын улсын байцаагчийн НА-16230000035 дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэвээр үлдээж өгнө үү гэв.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь татвар төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэдэг нь зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр юм. “*******” ХХК-нийн нөхөн ногдуулалтын актад 2019 онд 809,000,000 төгрөгийн татвар ногдох орлоготой, 854,000,000 төгрөгийн худалдан авалттай, 4,400,000 төгрөгийн буцаан олголттой тайлан гаргасан. 2020 онд 987,000,000 татвар ногдох орлоготой, 928,000,000 төгрөгийн худалдан авалттай 5,800,000 төгрөгийн төлбөл зохих татвар гаргасан. 2021 онд 1,200,000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,500,000,000 төгрөгийн худалдан авалттай, 24,200,000 төлбөл зохих татвар гаргасан боловч улсын төсөвт нэг ч төгрөг төлөөгүй байна. Үндсэн хуульд Монгол улсын иргэн татвар төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Татварын систем нь монгол улсын хэмжээнд ажиллаж байна. Гааль, татварын ерөнхий газрын цахимаар сүлжээ нь үндэсний дата төвийн нууцлалын хамгаалалт, тагнуулын ерөнхий газраар хамгаалагдсан найдвартай сүлжээ юм. Тайланг боловсруулах маягтын дагуу татвар төлөгч үнэн зөвөөр боловсруулаад илгээх үүрэгтэй. Хавтас хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын албан тоот, үзлэгийн тэмдэглэлд тайланг илгээгүй хадгалсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа нугачин дарах үйлдэл хийгээгүй. Маргаан таслах зөвлөл нь манай байгууллагаас хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Шүүх ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно” гэж зааснаар Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн НА-16230000035 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар дээрх хуульд заасан хугацаанд Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гардан авч 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй.
3. Нэхэмжлэгчээс анх Татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-16230000035 дугаартай “Татварын нөхөн ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс НА-16230000035 дугаартай “Татварын нөхөн ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар тогтоосон торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, үүнтэй холбоотой хариуцагчаас шүүх хуралдаанд амаар тайлбар гаргах боломжтой талаар дурдсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
4. Нэхэмжлэгчээс “...нөхөн ногдуулалтын актаар тогтоосон торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь бид татварын тайлангаа хугацаанд нь гаргаж байсан, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь татварын программын алдааны улмаас илгээгдээгүй, манай e-tax системд тайлангийн түүх болон хоцорсон тайлан хэсэгт 2020 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан байхгүй байгаа. Хэрвээ 2020 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээгээгүй бол дараа сарын татварын тайлан илгээгддэггүй, бид жилийн эцсийн санхүүгийн тайлан болон орлогын албан татварын тайландаа бүгдийг нь тусгаж тайлагнасан...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
6. Хариуцагчаас “...2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144.503.839 төгрөгийн борлуулалт хийсэн боловч ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй, 2020 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 799.123.060 төгрөгийн дотоодын борлуулалтын орлоготой, 165.818.341 төгрөгийн худалдан авалттай байсан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй зөрчил илэрсэн...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
7. Хэргийн үйл баримтын тухайд: Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16231003128 дугаар удирдамжийн дагуу “*******” ХХК-нийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж дараахь зөрчил ирлүүлсэн.
А/ 2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144.503.839 төгрөгийн борлуулалтын орлого олж, импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн боловч 2019 оны 11 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй,
Б/ Татварын удирдлагын нэгдсэн систем дэх 2020 оны 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 799.818.341 төгрөгийн дотоодын борлуулалтын орлоготой, 165.818.341 төгрөгийн худалдан авалттай байсан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2020 оны 12 дугаар сарын ТТ-03 тайланг татварын албанд тушаагаагүй, тайлан ирүүлээгүй гэх дээрх хоёр зөрчлүүдэд нийт 77.780.855 төгрөгийн нөхөн татвар, 29.667.304 төгрөгийн торгууль, 27.288.285 төгрөгийн алданги төлүүлэхээр маргаан бүхий акт тогтоосон.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэсэн тухайд:
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарын хамт нэхэмжлэгч ******* ХХК-нийн 2020 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /ТТ-03/ ирүүлсэн. Тус тайлангаас үзвэл дотоод зах зээлд борлуулсан барааны орлого 799.123.060 төгрөг, оногдуулсан татвар 79.912.306 төгрөг, худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 16.581.834 төгрөг, эцсийн тооцоогоор нэмэгдсэн өртгийн албан татварт 63.330.471 төгрөг төлөхөөр тайландаа тусгасан байна.
9. Мөн Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад “*******” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дурдсан мөнгөн дүнгээр уг цахим программд оруулсан, харин уг тайлан нь программд “Шинэ /Хадгалсан/” гэх төлөвтэй, уг тайлангийн түүх хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-нийн захирал ******* тус тайланд 4 удаа нэвтэрсэн, энэ талаар хариуцагч ******* тайлбарлахдаа “...татвар төлөгчөөс татварын тайланг илгээхээр 4 удаа хандсан байх ба эхний хандалтаар тайлангийн дүнг системээс татаж, “*******” ХХК-нийн тухайн сарын нийт борлуулалтын орлого хэсэгт 799.123.060 төгрөг болж мэдээлэл өөрчлөгдсөн байна.Татвар төлөгчөөс НӨАТ-ын тайланг татан оруулсны дараагаар тоон гарын үсгээр баталгаажуулж татварын хэлтэс рүү тайланг илгээдэг..” гэж тайлбарласан.
10. Мөн хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “...2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144.503.839 төгрөгийн борлуулалтын орлого олж, импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн боловч 2019 оны 11 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй...” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс энэхүү гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, харин холбогдох алданги, торгуулийг эс зөвшөөрч маргасан талаар дурдах нь зүйтэй байна.
11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “*******” ХХК нь татварын хяналт шалгалтын явцад илэрсэн, энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дурдсан хоёр зөрчлийн талаар маргаагүй, харин маргаан бүхий актаар оногдуулсан нийт 29.667.304 төгрөгийн торгууль, 27.288.285 төгрөгийн алдангийг эс зөвшөөрч маргасан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан маргаан бүхий акт дээр “...нөхөн төлбөрийн 77.780.855 төгрөгийг зөвшөөрч, 56.955.589 төгрөгийн торгууль, алдангийн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зурахаас татгалзав...” гэх тайлбар, 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 32975 дугаартай ярилцлагын тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд “...нөхөн татварыг хүлээн зөвшөөрч байна, хүү торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар, “...“*******” ХХК-нд хийсэн татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо” гэх баримтанд нөхөн татварыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
12. Иймд маргаан бүхий актаар ногдуулсан 29.667.304 төгрөгийн торгууль, 27.288.285 төгрөгийн алдангид төлүүлэхээр ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
13. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” /уг заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж зааснаар 2019 оны дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 144.503.839 төгрөгийн зөрчилд 14.450.384 төгрөгийн нөхөн татвар, 4.335.115 төгрөгийн торгууль, 7.225.192 төгрөгийн алданги, Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.4-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй этгээд бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт албан татвар ногдуулсан боловч түүнийг төсөвт төлөөгүй” гэж зааснаар 2020 оны дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 633.304.719 төгрөгийн зөрчилд 63.330.471 төгрөгийн нөхөн татвар, 25.332.188 төгрөгийн торгууль, 20.063.093 төгрөгийн алданги тооцож нөхөн төлбөрийн акт тогтоосон байна.
14. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “2019 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 144.503.839 төгрөгийн борлуулалтын орлого олж, импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн боловч 2019 оны 11 сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ТТ-03 тайланд борлуулалтын орлогоо тусгаж тайлагнаагүй” гэх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн ба уг зөрчилд оногдуулсан торгууль, алданги нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Татварын Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1 дэх хэсэг болон 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
16.Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэж заасан.
17. Нэхэмжлэгч “*******” ХХК нь энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8, 9-д дурдсанаар 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайландаа орлогоо үнэн зөвөөр тусгасан, татвараас зугтах, зайлсхийх санаатай үйлдэл гаргаагүй, мөн ковид цар тахалын үед тухайн үйл ажиллагааг явуулж орлого олсон буюу тус орлого нь Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хугацаанд хамаарч байх тул маргаан бүхий актаар 2020 онд гаргасан зөрчилд оногдуулсан 25.332.188 төгрөгийн торгууль, 20.063.093 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, маргаан бүхий актын төлбөрийн хэмжээг 45.395.281 төгрөгөөр багасгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НА-16230000035 дугаар Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алданги 56,955,589 төгрөгийн төлбөрийг 11,560,308 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч *******, Ховд аймгийн Татварын хэлтсээс тус тус 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР