| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00644/И |
| Дугаар | 153/ШШ2024/00593 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2024/00593
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2024/00593 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэл Ц.******* өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1967 оны 10 дугаар сард Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1975 онд тус сумын бага сургуульд элсэн суралцаж байгаад 1982 онд 7-р ангиасаа хөдөө ээж дээрээ мал маллахаар гарсан. Тэгээд ээж, ах, эгч нарынхаа хамт мал маллаж байгаад 1986 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад Ардын армийн 132 дугаар цэргийн ангид 2 жилийн албыг хаагаад 1988 оны 08 сард халагдаж ирээд 1991 оныг хүртэл мал маллаж байгаад нэгдэл хувьчлагдсан. Түүнээс хойш одоог хүртэл хувийн аж ахуй эрхэлж байна. Иймд ******* миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд 1983 оны 01 дүгээр сараас 1986 оны 01 дүгээр сард хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1988 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Дэнсээдорж нь 1967 оны 10 дугаар сард Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1975 онд тус сумын бага сургуульд элсэн суралцаж байгаад 1982 онд 7 дугаар ангиасаа хөдөө ээж дээрээ мал маллахаар гарсан. Мал маллаж байгаад 1986 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаад ардын армийн 132 дугаар цэргийн ангид 2 жилийн албыг хаагаад нэгдэл хувьчлагдсан. Түүнээс хойш одоог хүртэл хувийн аж ахуй эрхэлж байна. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1988 оноос ажиллаж байсныг гэрчилж байгаа гэрч нь Д.Уртнасан, Б.Мижиддорж нар юм. Хэрэгт авагдсан баримтаар 2013 оноос 2023 он хүртэл хувиараа сайн дурын нийгмийн даатгал төлсөн. Тухайн үед малчид Монголын хувьсгал залуучуудын эвлэл татвар гэж төлдөг байсан. 1983 он, 1984 он, 1985 он, 1986 он, 1987 он, 1988 онуудад Монголын хувьсгал залуучуудын эвлэлд татвар төлсөн батлах нь хэрэгт эх хувиараа авагдсан байна. мөн цэргийн алба хаасан тухай Монгол улсын батлан хамгаалахын төр архивын лавлагаа хэрэгт авагдсан байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******ийг 1983 оны 01 сараас 1986 оны 06 дугаар сарын хугацаанд малчнаар Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1988 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатар зас” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхээс дээрх онуудад ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яамны төр архивын цэргийн алба хаасан лавлагаа, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаад 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаараа өөрчилсөн бүртгэл, Д.Уртнасангийн нотариатаар батлуулсан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Мижиддоржийн нотариатаар батлуулсан хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын 1990 оноос 2000 он хүртэл 11 жилийн баталгаажуулалтын хуудас, цэргийн батлахын эх хувь, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр элсэж, 02 дугаар сараас эхлэн татвар төлсөн баримтын их хувийг нотлох баримтууд гаргаж өгчээ.
3. Шүүхээс зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ц.******* нэр дээрх №А0724025 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “...******* Дэнсээдорж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ гэх гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан хуулбар.
3.2. Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны гишүүний Бат илэрхийлэх №293381 дугаартай дэвтэрт овог “Цэрэнхүү”, нэр “Дэнсээдорж”, төрсөн “1967” он “5” сар “6” өдөр МХЗЭ-д элссэн “1983” он “1” сар “30” өдөр гэж бичигджээ.
3.3. Гэрч Д.Уртнасангийн шүүхэд гэрчээр өгсөн “...******* нь ээж 2 ахтайгаа өссөн. 2 ах нь одоо байхгүй. Намайг 4 дүгээр ангид байхад ******* 1 дүгээр ангид байсан. Яг хэддүгээр анги төгссөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шууд мал малладаг байсан. Одоон ******* хавиар мал маллаж байгаа байх. Ээжтэйгээ хамт мал маллаж байгаад 1992 онд хувьчлал гэж гараад Сүхбаатарын зам нэгдэл тарахад хувиараа мал малладаг болсон. Цэрэгт явахаас өмнө болон цэргээс халагдаж ирээд Сүхбаатарын зам нэгдэл тарахаа өмнө нэгдлийн л мал малладаг байсан. Одоогоо яривал Адуучин тэмцээн шиг хангал морь сургадаг тэмцээн болдог байсан юм. Тэр үед хангал морь сургах, морин дээрээс газраас ташуур шүүрэх зэрэг маш моринд гарамгай мундаг хүн байсан. Бид нарын үед 32 даага сургахад нэгдлээс 1 даагаар шагнадаг байсан. Тухайн үед ******* нь тухайн болзлыг хангаж даагаар шагнагдаж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэл гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******ийг 1983 оны 01 дүгээр сараас 1986 оны 01 дүгээр сард хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1988 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Дэнсээдоржийг 1983 оны 01 дүгээр сараас 1986 оны 01 дүгээр сард хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1988 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН