| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0055/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 47
2018 оны 3 сарын 19 өдөр 2018/ШЦТ/47 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мерей
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их номгон овогт Хоохойн Х.Б-д холбогдох 1839000270056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв .
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1966 оны 07 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт Эвийн хүч жоншны нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан баг Хөлийн холбоо гэх газарт оршин суух хаягтай, урьд ял 1983 оны 01 сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 109б-д зааснаар 2 жилийн тэнсэн, 1984 оны 05 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 174.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 1984 оны 11 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 169б-д зааснаар 6 жил хорих, өршөөлийн хуулиар суллагдсан, 1986 оны 09 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 169в-д зааснаар 3 жил хорих, 2002 оны 02 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 260.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн гэхХ.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” жоншны нөхөрлөл дээр 48 метр цочир дамжуулах шижим, гар аргаар бэлтгэсэн эмульсын тэсрэх бодис 4 ширхэг, хонгио 3 ширхэг, магистрал утас 2 боодол, доргиогч утас 7 ширхэг зэрэг тэсэрч дэлбэрэх бодис, дэсбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар орж авсан, тээвэрлэж хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Б.Бадмаарагийн “...2018 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай сумын Сайхан 1-р багийн нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х.Б ахлагчтай “Эвийн хүч” нэртэй жоншны нөхөрлөл нь өөрсдийн уурхай дээрээ хууль бусаар тэсэлгээ хийж байгаад цагдаа нарт баригдсан бөгөөд ингэж л би мэдсэн юм. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
Гэрч С.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг байцаалт өгч байхад тэсэлгээ хийх чимээ гарсан. Тэсэлгээ хийсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн“...Х.Б нь Эвийн хүч ХХК-ийн захирал нь юм. Тус компанид Хишигням, Ууганаа, Болдбаатар нар уурхайд ажилладаг. Намайг энд ирэхэд тэсэлгээ хийж эхэлсэн. Өдөр 1, 2 удаа тэсэлгээ хийж байгаа ба 2018 онд 3 удаа тэсэлгээ хийсэн. Би тэсэлгээ хийж байгаа хүнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Гэрч Д.Эрдэнэхишигийн “...Энэ талаар мэдэхгүй байна. манайд юм сонсогдож байгаагүй. 2017 оны 12 сарын 05-06-ны үед манай эндээс адуугаа олж авлаа гээд Батноровоос явж байгаа гээд 1 залуу надтай малын захад тааралдаад сая энд нэг юм дуугарч байна адуу үргээд байсан гэж тэр зүг нь Эвийн хүч нөхөрлөлийн зүгт зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/
Гэрч Ч.Ууганбаярын “...Хишигням, Болдбаатар хоёр ам руу доош бууж аман дээр тэсэлгээ хийсэн. Чанга дуу чимээ, утаа гарч байсан. Бид хэдийг тэсэлгээ хийсэн болохыг мэдсэн байсан. Ямар ч байсан уурхайн ам дээр 2 удаа хийсэн. ...нилээн олон удаа тэсэлгээ хийсэн. Хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 10-ны өдөр Болдбаатар, Хишигням уурхайн голын аман дотор 2-3 удаа тэсэлгээ хийсэн. Хишигням тэсэлгээг гардан хийдэг байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
Гэрч Т.Болдбаатарын “...2018 оны 01 сарын 04-ны өдөр 1 удаа, 2018 оны 01 сарын 05-ны өдөр 2 удаа, 2018 оны 01 сары 06-ны өдөр 1 удаа, 2018 оны 01 сарын 08-ны өдөр 1 удаа, 2018 оны 01 сарын 09-ний өдөр 2 удаа, 2018 оны 01 сарын 10-ны өдөр 3 удаа тус тус хийсэн. Нийт 10 удаа тэсэлгээ хийсэн. Тэсэлгээг надтай хамт Хишигням хийсэн. Миний хувьд ойр зуурын юм хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/
Гэрч Т.Хишигнямын “...Нийтдээ 10 удаа тэсэлгээ хийхдээ 10 тонн жонш гаргаж авсан. Манай нөхөрлөлийн ахлагч, ажилчид ярилцаж байгаад хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 тал/
Гэрч Г.Ганхуягийн ”... Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч хийдэг юм,...Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эвийн хүч нэртэй жоншны нөхөрлөл дээр хууль бусаар тэсэлгээ хийсэн гэж байсан бөгөөд би энэ талаар сумынхаа хэсгийн төлөөлөгчөөс анх дуулж мэдсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
Фэйр валуэшн ХХК-ийн 2018.02.13-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/
Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын 2018.03.01-ний өдрийн 002/002 тоот шинжээчийн дүгнэлтэд 48 метр ДША, 4 ширхэг хонгио, 7 ширхэг доргиогч утас буюу цочир дамжуулагч шижим зэрэг нь тэсрэх бодис агуулсан байдаг ба цахилгааны магистрал утас, тэслэх төхөөрөмжийн хамт тэслэх хэрэгсэл юм. Гар аргаар хийсэн гэх 4 ширхэг эмульс тэсрэх бодис мөн. /хх-ийн 91-92 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би “Эвийн хүч” нэртэй жоншны нөхөрлөлийн ахлагчаар 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. Тэгээд манай “Эвийн хүч” нэртэй нөхөрлөлийн бичил уурхайгаас жонш гарах нь багасаад олигтой жонш олборлож чадахгүй байсан тул би өөрийн нөхөрлөл дээрээ тэсэлгээ хийж уурхайныхаа чулуулаг хэсгийг нь бутлая гэж санаад тэсрэх бодис хаанаас худалдаж авч болох талаар хүмүүсээс асууж сурагласан....Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын Налайх дүүргийн Буян налайх худалдааны төв дээр ирсэн. Тэгээд гадаа нь ойролцоогоор 2-3 цаг зогссоны эцэст нэг танихгүй залуу тэсрэх бодис худалдаж авах уу гэхээр нь би уг залуугаас 2 ширхэг эмульсын тэсрэх бодис, 1 боодол 50 метртэй дша, 10 ширхэг хонгио, 7 ширхэг доргиогч утас, асаагч утас 5 ширхэг, магистралын утас 10 ширхэг буюу 165 метр зэрэг тэсрэх бодисуудыг нийт 270.000 төгрөгөөр худалдаж авсан...Тэгээд би тэсрэх бодисуудаа өөрийн автомашиндаа хийгээд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” жоншны нөхөрлөл дээрээ авчирсан. Тэгээд нээх удалгүй нөхөрлөлийнхөө бичил уурхай дээр тэсэлгээг хамгийн анх хийсэн юм, үүнээс хойш ойролцоогоор 10-аад удаа нөхөрлөл дээрээ тэсэлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн хүч” жоншны нөхөрлөл дээр 48 метр цочир дамжуулах шижим, гар аргаар бэлтгэсэн эмульсын тэсрэх бодис 4 ширхэг, хонгио 3 ширхэг, магистрал утас 2 боодол, доргиогч утас 7 ширхэг зэрэг тэсэрч дэлбэрэх бодис, дэсбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар орж авсан, тээвэрлэж хадгалсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Б ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авах, тээвэрлэж, хадгалах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Х.Б д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Уг хэрэгт хохирогчоор Баян-Адарга сумын Сайхан багийн Засаг дарга Б.Бадмаараг томилогдсон бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хувийн байдал зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Б-г тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь түүнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 48 метр дша буюу шижим дамжуулагч, эмульсын тэсрэх бодис 4 ширхэг, хонгио 3 ширхэг, магистралын хуйлаастай утас 2 боодол, доргиогч утас 7 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, төмөр хайч 1 ширхэг, шар иштэй бахь 1 ширхэг, хар бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн дизель түлштэй хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА