Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/60

 

 

 

Т.Ч, Б.Д, ББ ХХК-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                                      Прокурор Б.Буяндалай

                           Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч О.Санчирбал 

                           Шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг   

                           Шүүгдэгч Б.Д                               

                                                                      Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлоор Т.Ч, Б.Д, ББ ХХК-д холбогдох эрүүгийн 2126001870296 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** албаны дарга ажилтай, ам бүл ***, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, *** овгийн Б.Д /РД: ***/,

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “ББ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Т.Ч /РД: ***/.

 

Монгол Улсын хуулийн этгээд, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай дүрмийн дагуу мөн өдөр үүсгэн байгуулагдсан, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, хоол үйлдвэрлэл, гадаад худалдаа, ерөнхий боловсролын Оюуны-Ундраа сургууль, Шатахуун түгээх станц зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, Т.Ч /***/ нь энгийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмшдэг, Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт байршилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “ББ” хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД: ***/,

 

Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “ББ” ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал Т.Ч-ийн шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Д-ийн ХААН банкан дахь харилцах *** дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Т.Ч нь өөрийн 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “ББ” ХХК-г Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан тус компанийг төлөөлөн эд зүйл өгөх шийдвэр гарган улмаар Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Д-ийн ХААН банкин дахь харилцах *** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

 

мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багийн *** дүгээр байрны *** тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр О.О-ийг “виски өгсөнгүй” гэдгээр шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 “ББ”ХХК нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “ББ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.Ч нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны дарга, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Д-ийн ХААН банкин дахь харилцах *** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Т.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ББ ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Т.Ч-т Өвөрхангай аймгийн Прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овгийн Б.Д-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** овгийн Т.Ч-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “ББ” ХХК-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Б.Д-г нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *** овогт Т.Ч-ийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000  /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч “ББ” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу “төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд, шүүгдэгч Т.Ч-т оногдуулсан гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, “ББ” ХХК-д оногдуулсан нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Т.Ч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, “ББ” ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар албадан гаргуулах болохыг тус тус мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Т.Ч-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалган, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Ч-ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Т.Ч, “ББ” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Т.Ч, “ББ” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Т.Ч, ББ ХХК-д давуу байдал бий болгох, албаны чиг үүрэг болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авлига авсан асуудал байдаггүй. Тус тендерийн үйл ажиллагаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний хорооны 5-н гишүүний саналаар тендерт шалгарч гэрээ хэлцэл байгуулсан. Тус мөнгө авсан гэх асуудал нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болон 20-ны өдрүүдэд тусдаа банзны наймааны асуудлаар миний өөрийн төрсөн эгч болох Д.Д-ийн Хаан банкин дахь дансанд тусдаа тэр хүн өөрөө гүйлгээ хийж захиран зарцуулсан байдаг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих байдлыг гүйцэд нотлоогүй зөвхөн нэг талыг барьж яллах талын баримт бүрдүүлсэн. Удаа дараа хүсэлт гаргаж Д.Д-г гэрчээр асуулгах, ямар ашиг сонирхол байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй. Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг огт байдаггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Б.Д-г Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт оролцож байгаа “ББ” ХХК-ийн захирал Т.Ч-оос Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Д-ийн Хаан банкин дахь харилцах *** дугаар дансаар шилжүүлэн авсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд....хахууль авсан бол” гэж, Т.Ч-ийг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн...” гэх шинжүүдийг заажээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 2-д энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заасан байна.

Мөн Эрүүгийн эрх зүйн онолд үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, уршгийн хоорондох шалтгаант холбоог харгалзаж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн өгсөн гэм буруутайд тооцсон” нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Т.Ч нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “ББ” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зардал хувиарлах тухай” захирамжийн дагуу тендерт оролцож 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны 5-н гишүүний саналаар тендерт шалгарч өөрийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан нөхцөл тогтоогдсон. Гэтэл Т.Ч нь өөртөө ямар давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгсөн эсэхэд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн мөнгөн авсан үйлдэл нь бусад эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс хэрхэн ялгагдах талаар дүгнэлт хийгээгүй, мөн гэмт хэрэг нь сахилгын шийтгэлээс хэрхэн ялгагдах зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Д-г цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Ч-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыгэс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Т.Ч болон “ББ” ХХК-г буруутгаж буй Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэх шинжүүдийг заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3-т заасныг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх Т.Ч болон “ББ ХХК-ийн үйлдсэн хэргийн нотлогдсон байдлыг Хаан банкин дахь түүний эзэмшлийн болон “ББ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулгаар Б.Д-гийн төрсөн эгч болох  Д.Д-ийн Хаан банкин дахь *** тоот дансаар шилжүүлэн өгсөн нь нотлогдсон баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Авилга өгөх гэдэг нь албан тушаалтнаар гүйцэтгэх ёстой буюу гүйцэтгэж болох байсан үйлдлийн өөрийн ашиг сонирхлын төлөө өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийлгэсэн буюу татгалзуулсан үйлдэл байна гэж хуульчилсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ “ББ” ХХК-д ямар давуу байдал олгосон гэдгийг нотолж тогтоох ёстой. Хэрэгт байгаа зардал хувиарлах тухай захирамжийн дагуу “ББ” ХХК нь тендерт оролцож 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний хороо 5-н гишүүний саналаар тус зарласан тендерт шалгарч гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймд Т.Ч болон “ББ” ХХК-д ямар давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөөд байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож Т.Ч болон “ББ” ХХК-г цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн агуулгын хүрээнд гомдлыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана гэж заасан. Хахууль өгөх авах гэмт хэргийн тухайд хоорондоо уялдаа холбоотой явдаг гэмт хэргүүд юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн үйлдлийг шаарддаг. 2020 онд ББ ХХК нь тухайн тендертэй холбоотой багцад хамаарахуйц материалаа өгч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сонгон шалгаруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуульд тендерийг 5-н гишүүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагддаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар 5-н гишүүний тэмдэглэл гарснаар хамтын шийдвэр гарсан нөхцөл байдал байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдөр мөнгө өгч байгаа зорилгыг анхан шатны шүүх болон прокурорын зүгээс бодитой тогтоож чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ч-ийн үйлдэлтэй хамааруулж үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын үүрэгтэй нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн байхыг шаардаж байгаа юм. Ч буюу тендерт шалгарсан этгээдийн зүгээс нөгөө 5-н гишүүний 4-н хүнийг орхиод заавал Д-д мөнгө, эд зүйл өгөх ямар шаардлага байгаа гэсэн нөхцөл байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хуульд зааснаар өөртөө давуу байдал бий болгох гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гэж тодорхойлсон. Хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүний хамаарал бүхий этгээдээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшлах нөхцөл байдлыг хэлнэ гэж заасан. Анхан шатны шүүхээс ямар давуу байдал, ямар ашиг сонирхол байгаа гэдэгт ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн мөнгө авч байгаа үйлдэл дээр л дүгнэлт хийсэн. Энэ нөхцөл байдлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудын мэтгэлцээн дээр яг ямар зорилгоор мөнгө дансанд ороод байгаа гэдгийг шүүгдэгч банз худалдан авсан талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Д гэдэг хүний данс руу ороод бусад этгээдийн данс руу орж байгаа нөхцөл байдал байгаа. Гэхдээ энэ үйлдэл нь яллагдагчийн хувьд банз худалдан авахтай холбоотой гэдэг нөхцөл байдлыг ярьсан. Яагаад мөнгө аваад байгааг нь өөрөөр тогтоосон зүйл байдаггүй. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тендер сонгон шалгарчихсан байхад дараа нь мөнгө өгч байгаа нь Ч-ийн хувьд бусдад мөнгө өгөх шаардлагагүй нөхцөл байдал бий болсон. Гэрээгээ байгуулаад тендер шалгарчихсан 5-н хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулдаг нөхцөл байдал дээр заавал Д-д мөнгө өгөх үндэслэл байхгүй.

 

Төрийн албаны тухай хууль болон бусад сахилгын шийтгэлээс ялгагдах онцлог нь өөрөө гэмт хэргийн нийгэмд учирч байгаа хохирол хор уршгаараа гэмт хэрэг гэдэг нь ялгагдах онцлогтой буюу гэмт хэргийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардсан нөхцөл байдал байдаг. Прокурор ямар нэгэн байдлаар хахууль өгөгчийн өөртөө давуу байдал бий болгож байгаа үндсэн шинжийг тайлбарлаж чадахгүй байна. Т.Ч тендерт шалгарсан байж Б.Д-д  мөнгө өгөх ёстой гэж. Энэ үйлдлийг бусад төрлийн гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг, төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа сахилгын шийтгэл зэргийг ялгаж салгаснаар энэ хүний эрх зүйн байдалд халдахуйц шийдвэрийг гаргах эрх зүйн үр дагавар бий болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжгүй буюу ямар ашиг сонирхол гэдэг үндсэн шинжийг тодорхойлж чадаагүйгээр гэмт хэрэгт буруутгасан нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж гэмт хэргийн шинжийг агуулаагүй үйлдэлд нь дүгнэлт хийсэн учир гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Б.Д-г цагаатгаж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 5-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тендерийг шийдвэрлээд мэдэгдлээ аваад гэрээгээ байгуулсан. Шилжиж ирсэн мөнгө нь тендер дууссанаас хойш орж ирсэн мөнгө юм. Тухайн үед банзны мөнгийг өөрийн эгч Д-гийн данс руу шилжүүлүүлсэн. Надад нэг нь ааваараа овоглодог, нэг нь ээжээрээ овоглодог хоёр Д гэдэг эгч байдаг. Би том эгчтэйгээ холбож өгөхөд аймагт байдаг эгчийн дансыг Ч-т өгсөн. Ийм хамааралгүй хэрэгт холбогдчихсон байгаадаа гомдолтой байна. Би том Д эгчтэй холбож өгсөн учраас гэрчээр байцааж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж аваагүй. Н.Д, Д.Д гэсэн хоёр эгчийн ялгааг гаргахгүй Өвөрхангай аймагт байдаг Д.Д-ээс мэдүүлэг аваад Н.Д-ээс мэдүүлэг аваагүй. Банзны наймааг холбож өгсөн Н.Д-ээс тайлбар мэдүүлэг аваагүй. Би байцаалт авхуулахаар хүсэлтийг гаргасаар байтал нэг талыг барьж явсаар ийм байдалд намайг хүргэсэн. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Т.Ч-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ашиг сонирхлын үүднээс гэсэн асуудлыг тайлбарлаж чадахгүй байна. Хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх зорилгоор мөнгө эд зүйл өгсөн бол гэж хуульд заасан. Т.Ч болон ББ ХХК нь ажил хэргээ бүтээх гээд тендерийн сонгон шалгаруулалтад орох гэж байсан бол 2020 оны 02 дугаар сарын 06-наас хойш 2020 оны 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд мөнгө, эд зүйл өгөх зүйл яригдах ёстой байсан. Таван хүний бүрэлдэхүүнтэй тендерийн сонгон шалгаруулалт яваад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээгээ байгуулаад тендерийн сонгон шалгаруулалт дууссан учраас Б.Д-д мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй. Хэрэгт ямар нотлох баримт байна тэр нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Банзны төлбөр гээд өгсөн мөнгө нь 3, 4-н хүний дансаар дамжсан гэж прокурор хэлдэг. Т.Ч-ийн хувьд Д гэдэг хүний данс руу мөнгө банз авъя гээд мөнгө хийсэн тухайн мөнгийг Д гэдэг хүн цааш нь яаж зарцуулах нь өөрийнх нь асуудал юм. Т.Ч газар аваад газартаа хашаа байшин барих гэсэн юм гээд хэрэгт өчнөөн баримт хийсэн байгаа. Тухайн үед ковид гарсан байсан учраас таньдаг хүн таараад энэ банз авсан гэдэг зүйлээ хийсэн надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаагүй гэдэг асуудлууд яригддаг. Иймд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал үнэхээр нотлогдсон уу гэдэг нь эргэлзээтэй. Мөн ББ ХХК болон Т.Ч нар ямар давуу байдал олохоор мөнгө өгөөд байгаа тал дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар ББ ХХК болон Т.Ч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдоогүй учир тэдгээрийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Эдгээр нотлох баримтуудаар тендер сонгон шалгаруулахдаа холбоотой гарсан үйл явдал, үүний дараа мөнгө шилжүүлсэн үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тендер нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан заавар журмын дагуу зохион байгуулагдсан, энэ зохион байгуулагдсан тендерийн ялагчаар ББ ХХК нь барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх ажил дээр шалгарсан байна. Шалгарсны дараа тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан нийтийн албан тушаалтан болох Б.Д-д 3-н сая төгрөгийг, ББ ХХК-ийн данснаас 2 сая төгрөг, шүүгдэгч Т.Ч-ийн данснаас 1 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ мөнгийг ямар зорилгоор Д гэдэг гэрчийн дансанд шилжүүлсэн, энэ мөнгө хэний мөнгө гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан. Хоёр шүүгдэгчийн тухайд Д гэдэг хүнээс банз худалдаж аваад түүний төлбөрийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг өгдөг. Яллагдагчийн мэдүүлэг нотлох баримт мөн хэдий ч яллагдагч өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Түүний өгсөн мэдүүлгийнх нь дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх онцлогтой. Яллагдагч нарын мэдүүлэг нь банз худалдах авах ажиллагаа болсон юм уу гэж шалгаж үзэн тухайн мөнгийг хэн хэний дансаар дамжсан байна гэдгийг тодорхой шалгаж тогтоосон. ББ ХХК болон Т.Ч-ийн данснаас гарсан нийт 3-н сая төгрөг нь тухайн компани хувь хүний данснаас гарч Б.Г гэдэг хүний дансанд шилжсэн. Энэ хүний дансанд шилжихдээ 2 сая төгрөг нь “ИП” зээл олгов гэсэн утгатайгаар, 1 сая төгрөг нь “блокны үнэ” гэсэн утгатай шилжсэн. Тухайн мөнгөний талаар данс эзэмшигч Б.Г-өөс мэдүүлэг авахад Д эгчийн дансыг ашиглаж дэлгүүрийн барааны мөнгийг зарим хүнээс шилжүүлж авдаг гэж мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхдөө би Б.Д ахаас мөнгө зээлсэн Б.Д ах Б ахаас 3200000 төгрөгийг зээлж өгсөн гэсэн 2 өөр мэдүүлэг өгдөг. Шүүгдэгчийн хэлээд байгаа банзны мөнгө гэдэг зүйлийг огт мэдүүлээгүй. Төмөрчөдөрийн дансанд байсан 3200000 төгрөг Б гэдэг хүний данс руу шилжихдээ гүйлгээний утга дээрээ 3200000 төгрөгийг Б.Д гэж шилжүүлсэн байна. Б гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б.Д гэдэг хүнд хашаа байшин зараад 30-н сая төгрөгийн үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Д гэдэг хүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг авахад Хаан банкны данс миний эзэмшдэг данс мөн,  Т.Ч гэдэг хүнийг танихгүй гэж мэдүүлсэн. Дахин мэдүүлэг авсан боловч гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Гэрч  нарын мэдүүлгээр яллагдагчийн яриад байгаа банз авахаар зуучилж өгсөн, банзны мөнгө гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд эд зүйл авсан үйлдэл гэж тодорхой заасан. Ашиг сонирхлынх нь үүднээс заавал хийх ёстой үйлдлийг хийсэн байхыг шаардахгүй гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар хийх ёсгүй зүйлийг хийж шалгарахгүй байсан тендерийг шалгаруулсан үйл баримт тогтоогдох юм бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болно. Гэхдээ ийм үйл баримт тогтоогдоогүй учраас энэ гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь юм. Заавал давуу байдал бий болгохыг шаардахгүй. Т.Ч тухайн тендерт ялж худалдан авах ажиллагааг гүйцэтгэх ашиг сонирхолтой оролцсон. Энэ ашиг сонирхлынх нь дагуу шалгаруулсныхаа хариуд авч байгаа нь ашиг сонирхлын үүднээс гэсэн ойлголтыг илэрхийлж байгаа юм. Тухайн мөнгийг шилжүүлсэн, шилжүүлүүлэн авсан үйлдэл нь тендер явагдсаны дараа буюу хамгийн эхний мөнгө хоёр хоногийн дараа шилжиж орсон, тухайн мөнгийг хэзээ шилжүүлснээс нь хамаараад энэ гэмт хэргийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл байдал байж болохгүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тендерийн сонгон шалгаруулалтад орсон 5-н хүний бүрэлдэхүүнд буюу бүгдэд нь хахууль өгөх байсан гэсэн зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

 

Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “ББ” ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Д-ийн ХААН банкан дахь харилцах *** дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Т.Ч нь өөрийн 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “ББ” ХХК-г Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан тус компанийг төлөөлөн эд зүйл өгөх шийдвэр гарган улмаар Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Д-ийн ХААН банкин дахь харилцах *** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

 “ББ” ХХК нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “ББ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.Ч нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн *** дэргэдэх *** худалдан авах ажиллагааны албаны дарга, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Д-ийн ХААН банкин дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн болох нь гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д, “ББ” компанийн захирал Т.Ч нарыг ажил хэргийн шугамаар танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Б.Д-тэй өөр алба ч гэсэн нэг газар ажиллаж байгаа учраас танина, харин Т.Ч нь 2018 оны 3 сар хүртэл Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан түүнийг 2014 оноос хойш таньдаг болсон. Би 2020 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан. Мэргэд сургуулийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт аймгийн орон нутгийн өмчийн газраас цахимаар 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд зарлагдсан. Тендерийг нээж бичиг баримттай танилцахад 2 компанийн үнийн санал болон материалаа ирүүлсэн. Тус материалтай танилцахад Мөнх-Урлал компани нь 26.500.000 төгрөгөөр ажил гүйцэтгэнэ гээд засварын ажлын материал ирүүлсэн байсан учраас шаардлага хангаагүй үндэслэлээр шалгараагүй. Харин энэ ажилд “ББ” компани нь 49.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд материалыг нь үзэж танилцахад ижил төстэй ажил гүйцэтгэж байсан, санхүүгийн чадамжтай байсан, татварын өртэй эсэхийг нь миний хувьд шалгаж чадаагүй бусад шаардлагуудыг хангаж байсан. Ингээд миний хувьд тус компани шалгаруулах санал өгсөн. ***-р цэцэрлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендер мөн дээрх хугацаанд нэг багцаар нь явагдаж ББ компани ганцаараа оролцсон. Мөн л миний хувьд татварын өртэй эсэхийг нь шалгаагүй, бусад шаардлагуудыг шалгаад хангаж байсан учраас энэ ажилд ББ компанийг сонгосон өөр компани оролцоогүй. Үнэлгээний хорооны даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д, орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Э нарийн бичгийн даргаар, би болон иргэний төлөөлөл Г.Д, Г.У нар ажилласан. Манай үнэлгээний хороо нэг л удаа хуралдсан, тэр хурал нь тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал байсан бусад зүйлийг нь нарийн бичгийн дарга өөрөө хийсэн. Тендер нээх үед нь би ажилтай таараад оролцож чадаагүй, үүн дээр тэмдэглэл хөтөлсөн байсан бөгөөд би сүүлд нь буюу тэр өдрийн үдээс хойш ирээд нөхөж гарын үсэг зурж байсан. Цахим тендер нээгдэх үед компаниудын лавлагаа мэдэгддэг бөгөөд яг тэр үед нь би байхгүй байж таарсан. Үүний дараа энэ компанийг татварын өртэй гэж хэн нэгэн надад хэлээгүй юм. Тэгээд бусад шаардлагыг хангаж байсан учраас сонгосон. Тус компанийг сонгох талаар надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Би дээрх ажлын хүлээн авах комисст орж ажиллаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 181-182 дугаар хуудас/,

 

Гэрч Б.М-ын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би урьд нь мэдүүлэг өгөхдөө материал харсан боловч дутуу харсан байна. Тендерийн тэмдэглэлээс одоо харахад “ББ” компани болон “***” компани үнийн санал материал ирүүлсэн байна. “***” компанийн материал үнийн санал ирүүлсэн талаарх баримт арвын хуудсанд байсныг анзаараагүй хараагүй учраас нэг компани үнийн санал ирүүлсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. 13 дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд бол 2 компани үнийн санал ирүүлсэн.  2020 оны тендер бөгөөд 19 багц ажилд олон компаниудаас үнийн санал ирүүлж байсан. “***” компани нь 19.900.000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шалгараагүй байх. Би энэ талаарх материалыг  эргэж харахгүй бол яг энэ шаардлагыг хангаагүй байна гэж тодорхой хэлж мэдүүлж чадахгүй байна. Ямар ч байсан шаардлага хангаагүй учраас шалгараагүй байх. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Д сууж байсан эсэхийг нь тодорхой санахгүй байна, гэхдээ Г.Д нь иргэний төлөөлөл учраас үнэлгээний хороонд бол ордог. Харин хуралд Д, Э нар байсан. Ууганбаяр ч гэсэн байсан санагдаж байна. Бид хурлаараа шаардлага хангасан компаниудаа шалгаруулаад явсан. “ББ” компани нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнэ үзүүлэлт бүхий материалаа ирүүлсэн учраас шалгарсан. Би яг ямар материал ирүүлснийг нь одоо санахгүй байна. Б.Д нь 2016 оны сүүл үеэс эхлэн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө Б.Д аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилладаг байсан. Дээрх 19-н багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Б.Д нь ажилласан юм гэх мэдүүлэг /1хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д нь манай дарга байгаа юм ажил хэргийн шугамаар танина, ББ компанийн захирал Т.Ч нь 2013 онд намайг ажилд орох үед аймгийн тамгын газрын мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд мөн л хамт ажиллаж байсан болохоор танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Тус ажлуудын сонгон шалгаруулалт нь 2020 онд тендерийг цахимаар сарын хугацаатай зарласан. Энэ тендер нь нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар зарласан учраас дээрх ажлуудад хэдэн ч компани үнийн санал, материалаа ирүүлэх боломжтой. Тус тендерт нэг компани үнийн санал ирүүлээд шаардлага хангаж байвал шалгаруулж болно. Мэргэд сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх 2-р багцад ББ компани 49.500.000 төгрөгийн үнийн санал, Мөнх-Урлал компани 26 сая орчим төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Мөнх-Урлал компанийн хувьд хэт үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн мөн техникийн болон нөхцөл шаардлагыг хангаагүй тул шалгараагүй. Тухайн багцад үнийн санал ирүүлсэн ББ компани нь шаардлагад нийцсэн материал үнийн санал ирүүлсэн учраас тендерт шалгарсан. ББ компани хуулийн 14-16 дугаар зүйлд заасан санхүүгийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан буюу нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг тулгаж үзэхэд зөрчилгүй байсан. Татварын өргүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй байсан, санхүүгийн тайлан дахь борлуулалтын орлого нь 2018 онд 208 сая гаруй төгрөг, 2019 онд 566 сая гаруй төгрөг байсан, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай бөгөөд 2018, 2019 онуудын аль нэг жилд тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн буюу 50 саяын багцын ажлын 30 хувьд хүрсэн ажил гүйцэтгэж байсан байх шаардлагатай байсан бөгөөд энэ шаардлагыг хангаж байсан. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг мөн хангаж байсан. Ямар нэгэн газарт өр төлбөр зээлгүй байсан. *** сумын ***-р цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд ББ компани нь ганцаараа үнийн санал ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь шаардлага хангаж байсан учраас шалгарч байсан.  Надад хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д болон “ББ” компанийн захирал Т.Ч нарыг ерөнхийдөө нэг нутгийн нэг газар амьдардаг учраас танина. Эдгээр хүмүүстэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би дээрх ажлуудын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тухайн сонгон шалгаруулалт цахимаар зарлагдсан. 202 оны 04 дүгээр сард тендерийг нээхэд маш олон багц ажилд компаниуд  үнийн санал ирүүлсэн байсан. Тухайн үед олон багцад олон компани оролцсон бөгөөд багц тус бүрээр нь оролцсон компаниудад шалгаруулалт хийж шаардлага нөхцөлийг хангаж байна уу гэдгийг үндэслэн тухайн багцад компанийг шалгаруулсан. Яг дээрх ажилд ямар компани шалгарсныг санахгүй байна. Үнийн дүн болон урьд ажил гүйцэтгэж байсан туршлага бүх нөхцөлийг хангасан компаниудыг шалгаруулсан.  Миний мэдэхээр “ББ” компани мэр сэр тендерт харагдаад байдаг. Ажлаа сайн гүйцэтгэдэг компани гэж ойлгодог. Тус компани тендерийн шаардлага хангасан учраас шалгаруулсан байна. 2020 оны уг тендерт олон багц байсан учраас яг нарийн тэр компани шалгарч байсан гэж тодорхой санахгүй байна. Тухайн шалгаруулалт явагдах үед үнийн санал материал ирүүлсэн компаниудыг бүрэн шалгаж шаардлага хангаж байсан компаниудыг нь шалгаруулсан. Миний санаж байгаагаар зарим багц нь хойшлогдож байсан. Дээрх ажлуудад яг хэдэн компани үнийн санал ирүүлж байсныг ч тодорхой санахгүй байна. Дээрх үнэлгээний хорооны хуралд Г.Д сууж байсан эсэхийг тодорхой санахгүй байна. Г.Д гэдэг түүхий эд авдаг залуу үнэлгээний хороонд их ордог бөгөөд хааяа тааралддаг. Харин хуралд Д, Э, М нар бол байсныг санаж байна. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн тендерт шаардлага хангаж байсан компаниуд нь сонгогдоод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Д нь миний төрсөн ах, Д.Д нь овог нь өөр боловч миний төрсөн эгч, П.Б нь манай ээжийн хамаатан байгаа юм. Манай нөхөр Е нь хувиараа хүнсний бүтээгдэхүүн борлуулж 21-н аймаг руу  бараа бүтээгдэхүүн явуулдаг. Өвөрхангай аймагт хэд хэдэн дэлгүүр бараа бүтээгдэхүүн хүргүүлээд дараа нь  төлбөр тооцоо авдаг. Ихэнхдээ төлбөрөө нөхөр лүү шилжүүлдэг заримдаа мөнгөө бэлэн өгөхөөр болоод Д.Д эгчийг гуйдаг, Дээрх гүйлгээ нь Д.Д эгч барааны мөнгийг аваад шилжүүлсэн тохиолдол байх. Бараа бүтээгдэхүүний тооцоотой өглөгөө өгөхгүй хүмүүсээс Д.Д эгч мөнгө авч явуулсан. Ямар нэгэн, аж ахуй нэгжээс авсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Е нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн захирлаар ажилладаг БНХАУ, ОХУ-с бараа бүтээгдэхүүн оруулж ирж түгээдэг. Би Б.Д ахаас 3.320.000 төгрөгийг зээлсэн юм. Тэгсэн Б ахаас зээлээд надад өгсөн юм байна лээ. Тэрийг нь би буцаагаад өгсөн. Б ахтай нэг их харилцаа холбоо байдаггүй. Энэ данс нь яг хэнийх байсныг одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203 дугаар хуудас/,

 

Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Д-г танина ямар ч байсан Өвөрхангай аймгийн Захиргаанд ажилладаг. Б.Д-гийн ээж нь манай эхнэрийн ээжийн төрсөн дүү нь байгаа юм өөрөөр хэлбэл холын хамаатан би эднийхний хүргэн хүн юм. “ББ” компанийн захирал Т.Ч гэх хүнийг танихгүй. Би яг ямар данснаас мөнгө орж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.320.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь Б.Д надаас хашаа байшин худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл мөнгө байгаа юм. Би Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багийн ***-р гудамжинд байрлах хашаа байшинг 30 сая төгрөгөөр 2018, 2019 оны үед байх Б.Д-д зарсан юм. Уг хашаа байшинг би өөрийн охиндоо зориулж барьсан боловч манай охин Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас уг хашаа байшингаа зарсан. Манай охин Б-ийн Ц-ын нэр дээр тус хашаа байшингийн гэрчилгээ гарсан байсан бөгөөд Д шилжүүлж авсан байх. Энэ хашаа байшинг зараад мөнгийг нь би цувуулаад бэлнээр болон дансаар авсан санагдаж байна. Энэ 3.320.000 төгрөг бол энэ хашаа байшингийн мөнгөний үлдэгдэл төлбөр байгаа юм. Б.Г нь Б.Д-гийн төрсөн дүү нь байгаа юм. Би Б.Д-тэй хашаа байшингаас өөр наймааны асуудал байхгүй, бидний хооронд өр авлагын асуудал байхгүй. Үхэр, мал зарсан асуудал байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 16 цаг 26 минутаас хойш Б.Д над руу залгаж “намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм шиг байна, танд юу гэж ярьж байна гэхээр нь би ярьж болохгүй гэсэн шүү дээ, та нарын ажлыг мэдэхгүй би хашаа байшин зарсан 30 сая төгрөгөө авсан гэж тэрийгээ хэлсэн” гэж хэлсэн. Над руу залгаад амар заяа үзүүлэхгүй эхнэрийн талын мэддэг хүн болохоор нь ярьчихсан юм. Намайг Б.Д нь ингэж хэлээрэй, тэгж хэлээрэй гэж хэлсэн зүйл байхгүй, би тийм юм хүлээж авахгүй, үнэн зөвөө л хэлж байна. Б.Д нь орой унтах гэж байхад залгаж байсан. Мөн Б.Г над руу оройхон залгаж байсан ахыг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа юм шиг байна та юу гэж хэлсэн бэ гэж асуухаар нь би хамаагүй ярьж болохгүй гэсэн гээд салгасан. Миний мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв. Манайх суурин Жи мобайлын утастай бөгөөд тэр утсаар над руу ярьсан. Жи мобайл дугаар маань *** дугаартай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 196 дугаар хуудас/,

 

Тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Тендерийн нээлтийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/64 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаартай “Зардал хуваарилах тухай” захирамжийн хавсралт /1хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/46 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 44 дүгээр хуудас, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас Б.Д-д олгосон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтанд амжилттай оролцсон тул гэрчилгээ олгов” гэсэн агуулгатай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас боловсруулсан “Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” /1хх-ийн 59-113 дугаар хуудас/,

 

Тендерийн урилгын хуулбар /1хх-ийн 114 дүгээр хуудас/, Тендерийн урилгыг “Tender.mn” сайтад байршуулсан талаарх баримт /1хх-ийн 115-119 дугаар хуудас/, 

 

Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /Тендерийн нээлт дээр зарлагдсан дүнгээр/ ... *** сумын *** цогцолбор сургуулийн тоног төхөөрөмж ...“ББ”ХХК 49,500,000 төгрөг ... *** сумын *** дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж ...“ББ” ХХК 21,000,000 төгрөг... /1хх-ийн 120-125 дугаар хуудас/,

 

Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /***, ***, *** сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №34 дугаартай тэмдэглэл /1хх-ийн 136-139 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №/А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” гэсэн тушаал /1хх-ийн 140-141 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 34 дугаартай Аймгийн засаг дарга Ц.Г-д хүргүүлсэн “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжийн хуулбар /1хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх-ийн 164-167 дугаар хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/114 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 168 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ББ ХХК/, *** сумын “***” цогцолбор сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ /гүйцэтгэгч: ББ ХХК/ зэргийн хуулбар /1хх-ийн 142-161 дугаар хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 178 дугаар хуудас/,

 

Хаан банкин дахь иргэн Д.Д-ийн *** /1хх-ийн 17-32/, “ББ”ХХК-ийн *** /2хх-ийн 18-20/, Т.Ч-ийн *** /1хх-ийн 227-250, 2хх-ийн 1-13/, Т.Г-ийн *** /2хх-ийн 4-10/, П.Б-ийн *** /2хх-ийн 23/ дугаартай харилцах данснуудын хуулгууд,

 

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын “ББ” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох, мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай албан бичгийн хуулбар /2хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“ББ” компанийн захирал Ч нь энэ тендерт шалгаруулаад өгөөч гэж холбогдсон юм байхгүй, тийм байж яагаад намайг шалгаруулаад өгөөч гэж гуйхад надад мөнгөний хэрэгтэй байна гэж худал ярьсан байна. Үүнд гомдолтой байна, зүгээр утсаар ярьж байгаад хашаа барих банз хэрэгтэй, банз авах шаардлагатай, банз мэдэж байгаарай гэхээр нь зарах банз байна шүү гэж яриа өрнөсөн. Тухайн тендер нь үнэлгээний хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр гардаг бөгөөд би ганцаараа бие даан шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш. ББ компанийн захирал Ч-оос авсан сая төгрөг нь надаас өөрөө банз асуусан, банз зарах хүн хэрэгтэй гэхээр нь би эгчийнхээс банз байгаа авч болно гэж хэлсэн. Тэгээд үүний дагуу 3 сая төгрөг бол авсан. Гэхдээ банзыг нь бол өгч чадаагүй байгаа өөрөө ч аваагүй байгаа. Энэ банз нь манай хөдөө байдаг өөр Д эгчийн банз байгаа юм. ... Би хувийн шугамаар түр зээлэх явдлууд гарч байсан, тендертэй холбоотойгоор мөнгө авч байсан асуудал байхгүй. Өвөрхангай аймаг жижигхэн учраас ихэнх хүмүүсийг танина. Уулзсан болгон л мэдэх мэдэхгүй компанийн захирал болчихсон байна. Тийм учраас ийм нөхцөл байдал харагдаж байна. Надад ийм хахууль авах зан төлөв, хүмүүжил байхгүй. Манай нэг найз тендер гуйсан, тэгэхээр нь шалгаруулах боломжгүй гэж хэлж байсан. Тэрний үр уршгаар энэ нөхцөл байдал үүссэн байх гэж хардаж байна, яг тэрийг тэгсэн ингэсэн гэх нотлох баримт байхгүй.” гэх мэдүүлэг /2хх-ийн 240-241 хуудас/,

 

            Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны тендерт манай компани шалгарахаас өмнө худалдан авах ажиллагааны албаны дарга Д-гээс утсаар манай компани юу болж байгаа бол шалгарсан уу гэж асуусан. Тэгэхэд Д надад нэг хэдэн төгрөгийн хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд чи банз авахгүй биз гэхээр нь банз авъя гэсэн. Би ч ажил төрөл гэж яваад банзаа авахгүй өдийг хүрсэн. Ийм учраас банзаа авч чадаагүй, мөнгөө ч авч чадаагүй.” гэх мэдүүлэг /2хх-ийн 249 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Т.Ч нь хохирогч О.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь эргэлзээтэй байна гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Маньдаа овгийн Т.Ч-т Өвөрхангай аймгийн Прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овгийн Б.Д-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** овгийн Т.Ч-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “ББ” ХХК-ийг давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “ББ” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний хорооны 5-н гишүүний саналаар тендерт шалгарч гэрээ хэлцэл байгуулагдсан. Тус мөнгө авсан гэх асуудал 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болон 20-ны өдрүүдэд болсон тусдаа банз зарсан асуудлаар миний өөрийн төрсөн эгч болох Д.Д-ийн Хаан банкин дахь дансанд тэр хүн өөрөө гүйлгээ хийж захиран зарцуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих байдлыг гүйцэд нотлоогүй зөвхөн нэг талыг барьж яллах талын баримт бүрдүүлсэн.  Мөн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг огт байдаггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү... гэх,

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүхэд ... Үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, уршгийн хоорондох шалтгаант холбоог харгалзаж үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн. Т.Ч нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “ББ” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зардал хувиарлах тухай” захирамжийн дагуу тендерт оролцож, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны 5-н гишүүний саналаар тендерт шалгарч өөрийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан нөхцөл тогтоогдсон. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш банз худалдаж авахаар Д гэх хүний дансанд мөнгө шилжүүлсэн нь уг гэмт хэрэгт шалтгаант холбоогүй. Т.Ч нь өөртөө ямар давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгсөн эсэхэд нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн мөнгө авсан үйлдэл нь бусад эрүүгийн хуульд заасан гэмт хэргээс хэрхэн ялгагдах талаар, гэмт хэрэг нь сахилгын шийтгэлээс хэрхэн ялгагдах зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Д-г цагаатгаж өгнө үү... гэх,

 

Шүүгдэгч Ч.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд ...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3-т заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Т.Ч болон “ББ ХХК-ийн үйлдсэн хэргийн нотлогдсон байдлыг Хаан банкин дахь түүний эзэмшлийн болон “ББ” ХХК-ийн  данснаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулгаар Б.Д-гийн төрсөн эгч болох Д.Д-ийн Хаан банкин дахь дансанд шилжүүлснийг гэмт хэрэг нь нотлогдсон баримт гэж үзсэн нь үндэслэлгүй.  Хэргийн шалтгаант холбоонд дүгнэлт хийгээгүй. Иймд Т.Ч болон “ББ” ХХК ямар давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгсөн байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй учир шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож Т.Ч болон “ББ” ХХК-г цагаатгаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, ББ ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.