Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ2025/0011

 

 

 



 

    2025         02            14                                         125/ШШ2025/0011

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” НҮТББ, *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй Захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталсан.

1.2. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах зохицуулах зөвлөлийг Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар байгуулсныг “*******” НҮТББ-ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар тогтоолоор байгуулсан байна.

1.3. Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийн талаар тус хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн дарга, “*******” НҮТББ-ын дарга *******өөс Ховд аймгийн Засаг даргад удаа дараа албан бичгээр хандаж хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой тавьсан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталсан. Батлагдсан хөтөлбөрт тусгагдсанаар уг хөтөлбөрийг 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг "*******" орон нутгийн сэтгүүлчдийн холбоо ТББ, МСЭ-ийн Ховд аймаг дахь салбар, аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөллөөс бүрдсэн Зохицуулах зөвлөл хариуцан ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс (орон нутгийн хөгжлийн сан) нийт 180.0 сая төгрөг, (2022 онд 50.0 сая төгрөг, 2023 онд 70.0 сая төгрөг, 2024 онд 60.0 сая төгрөг) зарцуулахаар заасан.

 Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр нь Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн холбогдох заалтуудын дагуу хэрэгжиж, 8 дугаар зүйлийн холбогдох заалтуудын дагуу тайлагнагдсан бөгөөд тус журмын 3 дугаар зүйлийн 3.3-д заагдсан нөхцөлд (хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын хариуцах чиг үүрэг) нийцүүлэн тайлагнаж, 2022, 2023 оны хэрэгжилт нь албан ёсоор дүгнэгдсэн. Үүний дагуу хөтөлбөрийн салшгүй хэсэг болон аймгийн ИТХ-аар батлагдсан, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах төсвийг олгохыг хүсэж, 2022 онд 2 удаа, 2023 онд 1 удаа, 2024 онд мөн 1 удаа аймгийн Засаг дарга *******д хандан албан бичгээр хүсэлт хүргүүлсэн.

Гэвч тухайн албан бичгүүдийн алинд нь ч хариу ирүүлээгүй учир Засаг дарга *******тай биеэр хоёр ч дахин уулзаж, энэ асуудлыг ярихад Засаг дарга ******* "Би холбогдох ажил хариуцсан хүмүүст шийдэж өг гэж чиглэл өгсөн. Шийдэж өгөх ёстой" гэж удаа дараа хариулсны дагуу, дахин албан ёсоор холбогдох материалуудыг журмын дагуу бүрдүүлэн, албан бичгээр хандаж, мөн бичиг цохогдсон Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч нартай удаа дараа биечлэн уулзахад "аймгийн Засаг дарга ******* энэ хөтөлбөрийн санхүүжилтийг олгохыг зөвшөөрөхгүй байгаа гэж хариу өгсөөр уг хөтөлбөрийн 2 жилийн санхүүжилтийг олгоогүй болно.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, журмын дагуу батлагдан хэрэгжсэн бөгөөд мөн холбогдох хууль, журмын дагуу санхүүжилт нь олгогдох ёстой учир бид Захиргааны хуулийн 92, 93 дугаар зүйлийг үндэслэн, аймгийн ИТХ-д 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 4/78 дугаар албан бичгээр гомдол санал гаргасан.

Гэвч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бидний гомдол саналыг хуулийн дагуу шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй. Бидний гомдолд хариу өгөх хуулийн хугацаа нь өнгөрөөд 2 сар гаруй болсон бөгөөд гурван удаа биеэр уулзаж, албан ёсны хариу өгөхийг хүссэн ч хариу өгөөгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудад заасны дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. 

Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр нь 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор батлагдан 2021 он хүртэл хэрэгжсэн. Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж үүний дагуу хөтөлбөрийн төслийг Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд Иргэдийн төлөөлөгчдийн холбогдох хүмүүстэй хамтран боловсруулж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж хоёр удаа хурлаар авч хэлэлцэн батлагдсан. Хөтөлбөр нийт 180,000,000 төгрөгийн санхүүжилтийг тавьж баталсан. Үүнээс 2022 онд 50,000,000 төгрөг, 2023 онд 70,000,000 төгрөг, 2024 онд 60,000,000 төгрөг зарцуулахаар баталсан. 

Хөтөлбөрийн хэрэгжилтэд Ховд аймгийн хэвлэл мэдээллийн 11 байгууллага хамрагдсан. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээ тайлагнах журмын дагуу тайланг хугацаанд нь өгч дүгнүүлсэн. 2022 онд тухайн хөтөлбөр 76.5, 2023 онд 73.6, 2024 онд 60.8 хувьтай тус тус үнэлэгдсэн. 

Хөтөлбөрт тусгаж батлагдсанчлан Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу урьд нь санхүүжилтийг “*******” НҮТББ-д олгож зохицуулах зөвлөл хэрэгжилтийг хариуцан хамрагдаж байгаа байгууллагад ямар байдлаар хуваарилах талаар хуралдан хэрэгжүүлдэг байсан. Тэр зарчмаар  батлагдсан санхүүжилтээ авч хэрэгжүүлэхээр Засаг даргад удаа дараа хандсан боловч санхүүжилт олгогдоогүй. 

Хөтөлбөрт хамрагдсан 11 хэвлэл мэдээллийн байгууллагууд зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах, өөрийгөө хөгжүүлэх, орон нутагт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран ажиллан төрөөс тодорхой хэмжээний дэмжлэгийг авах эрхтэй юм. 

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль”, “Төсвийн тухай хууль” зэрэг хуулиудад ямар нэг байдлаар хориглосон зүйл байхгүй. Мөн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль бусад хуулиар орон нутгийн удирдлага захиргааны байгууллага орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудын хөгжлийг нь дэмжиж ажиллах үүрэгтэй байдаг. 

Иймд санхүүжилт авахаар Аймгийн Засаг даргатай удаа дараа утсаар холбогдож хоёр удаа биечлэн уулзаж асуухад “... холбогдох хүмүүст чиглэл өгсөн, санхүүжилт олгогдох ёстой ...”гэж хариу өгч байсан. 2022, 2023 оны санхүүжилт олгогдоогүй учир Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсан боловч тодорхой хариу өгөөгүй. 

Төрийн байгууллагын чиг үүрэгт дээрх хөтөлбөр батлагдсан тохиолдолд тухайн албан тушаалтын хуулиар хүлээсэн үүрэг болно. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “Батлагдсан төсөл хөтөлбөр, арга хэмжээг чиг үүргийнх нь хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэх, хэрэгжилт хангах, хяналт тавих үүрэгтэй” гэсэн байдаг. Тус журмын 4 дүгээр зүйлд “Тухайн хөтөлбөр, төсөл хөтөлбөрийн санхүүжилт нь тодорхой тайлагнагдан дүгнэгдсэн тохиолдолд тухайн тайланг санхүүжүүлэх эрхийн хөгжлийн бодлогын хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн эрх нээнэ” гэж заасан байдаг. Хууль журмын дагуу урьд нь хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ байгуулдаг байсан боловч хуульд нэмэлт өөрчлөлт орсны улмаас гэрээ байгуулах боломжгүй болсон. Иймд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр санхүүжүүлнэ гэж заасан байдаг учир хөтөлбөр батлагдсан.

Хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийж, гэрээний мөнгө олгосныг манай салбарыг дэмжиж байна гэдэг утгаар ойлгож байгаатай санал нийлэхгүй байна. Хуулийн дагуу хөтөлбөрийг батлуулж төрөөс дэмжлэг авах ажиллагааны дагуу явсан. Төр аливаа асуудлыг шийдэхэд тэгш зарчмыг баримтлах ёстой байтал ганц нэг байгууллагуудтай тохиролцооны журмаар санхүүжилт олгосон асуудал байгаа. Энэ хөтөлбөрийн зорилго, үзэл санаатай нийцэхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 175 дугаар тогтоолоор "Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг баталж, 2022-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр тогтсон. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дэд хөтөлбөрүүдийн санхүүжилтийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээнд хамааруулж аймгийн төсөвт баталдаг бөгөөд 2022 онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрүүд ("Цахим Ховд", "Стандарттай Ховд", "Хариуцлагатай тунгалаг төр", "Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжил")-д 235,000,000 төгрөг батлагдаж зарцуулагдсан. 

2023 онд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дэх дэд хөтөлбөр, төсөл арга хэмжээ гэсэн нэршлээр төсөв нь 1,590,275,625 төгрөг батлагдаж зарцуулалтын тайлан гарсан байна. 2024 онд төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлийн хөтөлбөр нэршлээр төсөв нь 230,000,000 төгрөг батлагдаж үйл ажиллагаануудад зарцуулагдаад байна. 2. Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрт тусгайлан төсөв батлагдаагүй ба дэд хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж худалдан авах болон аль нэг хэлтэс, байгууллага, зөвлөлд мөнгөн хэлбэрээр гаргаж санхүүжилт өгөх нь хориотой байдаг болно. Мөн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1-т зааснаар "орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ"-нд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглосон.

Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдэд захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан хор хохиролтой холбоотой маргааныг хэлэлцдэг гэж ойлгож байна. Ямар актын улмаас хэний ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Сонгуулийн үр дүнд гарсан Засгийн газар, Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөр гарган хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд тухайн үйл ажиллагааны дэд хөтөлбөрийг баталдаг байсан боловч 2024 оноос дэд хөтөлбөр гэж батлахгүй, төсөл арга хэмжээний хөтөлбөр гэж батлагдсан. 2020, 2021 онд 30 гаруй дэд хөтөлбөр батлуулсан. 

Зохицуулах зөвлөл нь хаанаас байгуулагдсан ямар зөвлөл гэдгийг мэдэхгүй. Зөвлөл тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэд нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа Засаг даргаас санхүүжилт хүсэж болдог. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг аймгийн хөгжлийн сангаас санхүүжүүлдэг. Аймгийн Иргэдийн хурлын 2021 онд 175 дугаар тогтоолоор баталсан “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийн дэмжих” хөтөлбөрт оруулсан байдаг. Тэдгээр санхүүжүүлэлт бүрийг төсвөөр шийддэггүй. Хөтөлбөрт орсон мөнгөн дүн батлагдаж байна гэсэн үг биш. Хөтөлбөрүүдийг оноор нь багцалж нэг төсөв баталдаг. 

2023, 2024 онуудад салбараар нь багцалж баталсан. Энэ хөтөлбөрт тэдэн төгрөг гэх байдлаар тодорхой заагдаагүй юм. Мөн төрийн байгууллагаас төрийн бус байгууллагын данс руу шууд мөнгө шилжүүлэх зохицуулалт байхгүй. 

Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тодорхой ажил хийхээр удирдамж гарган ажлаа хийж тайлангаа гаргаад явахад санхүүжилт өгөхгүй гэх зүйл байхгүй. Хөтөлбөрүүд бүгд ийм байдлаар явагддаг. “*******” НҮТББ болон зохицуулах зөвлөлөөс ажил хийсэн гэх тайланг би олж хараагүй. Хөтөлбөр дээр тусгагдсан мөнгө заавал олгогдох мөнгө биш гэв.

Ийм учир "Ховд аймгийн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн зохицуулах зөвлөл" нь хөтөлбөрөөс санхүүжилт нэхэмжлэх эрхгүй юм. 3. Тус зөвлөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасан үндэслэл, шаардлагыг хангахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.5-т заасан “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг тус тус судалж үнэлээд дараах хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгч ******* НҮТББ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

 Тогтоогдсон үйл баримт:

2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталжээ.   

3. Дэд хөтөлбөрийн Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй, зохион байгуулалт хэсгийн 7.1-д “Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Зохицуулах зөвлөл ажиллана. Зохицуулах зөвлөлийг *******, МСЭ-ийн салбар зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөлөлтэйгөөр бүрдүүлнэ.” гэж заасан байна.

4. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн хэвлэл мэдээллийн салбарын 9 байгууллагын төлөөлөл 14 сэтгүүлч хуралдаж дэд хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар ******* НҮТББ-ын  тэргүүн *******ийг сонгосон болох нь зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол гэх зөвлөлийн гишүүдийн гарын үсэг зурсан баримт бичгээр тогтоогдож байна гэж үзлээ.

5. Дэд хөтөлбөрийн Зургаа хэсгийн  6.1-д “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 3 жил /2022 оны 1 сараас 2024 он дуустал/ хэрэгжүүлнэ. Найм. Хөтөлбөрийн санхүүжилт, төсөв хэсгийн 8.5-д “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх саналын нийт дүн 180.0 сая төгрөг. “Үүнээс 2022 онд 50.0 сая төгрөг, 2023 онд 70.0 сая төгрөг, 2024 онд 60.0 сая төгрөг.” гэжээ.

6. Аймгийн 2022 оны төсвийг баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан орон нутгийн хөгжлийн сангаас  хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний жагсаалтад Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх дэд  хөтөлбөрүүд, Төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлийн хөтөлбөр гэх нэршлийн хүрээнд Цахим Ховд, Стандарттай Ховд, Хариуцлагатай тунгалаг төр, Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжил зэрэг дэд хөтөлбөрүүдийг хамааруулж санхүүжилтэд зориулж 235.0 сая төгрөг, 

    2023 оны төсвийг баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/06 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан орон нутгийн хөгжлийн сангаас  хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний жагсаалтад Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөр дэх дэд хөтөлбөр, төсөл арга хэмжээ гэх нэршлээр 850.0 сая төгрөг,

2024 оны төсвийг баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14/04 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан орон нутгийн хөгжлийн сангаас  хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг  салбараар багцлан маргаан бүхий дэд хөтөлбөр хамаарах /хариуцагчийн талын тайлбарласнаар/ төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлийн хөтөлбөрт 230.0 сая төгрөг тус тус төсөвлөж баталжээ.

7. Нэхэмжлэгчээс ******* НҮТББ-аас  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12/211 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/77  дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2/78 дугаар албан бичгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тус тус хөтөлбөрийг санхүүжилтийг нөхөн олгуулах хүсэлтийг хүргүүлж байсан талаар баримтуудыг ирүүлсэн ба аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12/211 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/64 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/74 дугаар бичгүүд бүртгэгдсэн ч албан бичгийн эх хувь архивын баримтад байхгүй, буцаагаад авсан гэх тайлбарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/112 дугаар албан бичгээр ирүүлсэн.

8. Хариуцагчаас гаргаж өгсөн 2022-2024 онд орон нутгийн хөгжлийн сангаас хөтөлбөрийн үйл ажиллагааны  зардал,  санхүүжилт олгосон аймгийн Засаг даргын захирамжаас үзвэл нэхэмжлэгч ******* НҮТББ болон Зохицуулах зөвлөлд Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг, санхүүжилт олгоогүй болох нь тогтоогдсон.

 

 Хууль зүйн дүгнэлт.  

9. Шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосноор Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийн дэмжих дэд хөтөлбөрийн  Зохицуулах зөвлөлийн гишүүдээс нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах эрхийг зөвлөлийн дарга *******өд олгосон итгэмжлэлийг ирүүлсэн. Нэхэмжлэгч ******* НҮТББ-ын хувьд ******* нь  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болно. 

10. Нэхэмжлэгч нар нь 2022 оноос 2024 он дуусталх хугацаанд хэрэгжсэн Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүйн талаар маргаж байна. 

11. Уг хөтөлбөрт хэрэгжилтийг нь Зохицуулах зөвлөл хариуцан ажиллахаар заасан. Зохицуулах зөвлөлийг байгуулахдаа *******  НҮТББ-ын албан хэвлэмэл хуудсыг ашиглан тогтоол гаргасан байх ч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан хуралдаж шийдвэрлэсэн, зөвлөлийн даргаар тэргүүн ******* НҮТББ-ын тэргүүн *******ийг сонгосон талаар талууд маргаангүй. 

12. ******* НҮТББ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “18.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй. “гэж заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

13. Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 7.1-т зааснаар тус байгууллага нь Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж улмаар тэргүүн ******* нь Зохицуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа нь нь нэхэмжлэл хамтран гаргах үндэслэл болохгүй бөгөөд дэд хөтөлбөрийн санхүүжилтийн талаар бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй.

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч ******* НҮТББ-ын аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

15. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан нь үндэслэлтэй эсэх, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүрэгт хамаарах эсэх талаар талууд маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар дүгнэлт хийхээс татгалзав. 

16. Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр нь 2022 оноос 2024 оныг дуусталх хугацаанд хэрэгжсэн байх ба дэд хөтөлбөрийн зорилгоос үзвэл аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулах, сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулж мэргэжлийн үйл ажиллагааг нь хөгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 5 зорилт дэвшүүлж, зорилт тус бүрийг хэрэгжүүлэхээр нийт 19 үйл ажиллагааг тусгаж, шаардагдах зардлыг “санхүүжилтийн санал” гэсэн нэр томьёоллоор орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх саналын нийт дүн 180.0 сая төгрөг, үүнээс 2022 онд 50.0 сая төгрөг, 2023 онд 70.0 сая төгрөг, 2024 онд 60.0 сая төгрөг гэж төлөвлөжээ.

17. Эндээс үзвэл дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд зориулж орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх санал буюу санхүүжилт олгох мөнгөн дүнгийн хязгаарыг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд дурдсан “... хөтөлбөрийн санхүүжилт нь төрөөс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж буй дэмжлэг учраас хөтөлбөрт тусгасан хэмжээгээр санхүүжилтийг Зохицуулах зөвлөлд олгож, зөвлөлөөс хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудад хуваарилалт хийж олгодог...” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.   

18. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022, 2023, 2024 оны орон нутгийн төсөвт дээрх хөтөлбөрт тусгагдсан санхүүжилтийг тусгайлан батлаагүй, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, дэд хөтөлбөрийг багцалсан хэлбэрээр тусгаж санхүүжилтийг нэгдсэн дүнгээр баталж байсан болох нь тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар маргаангүй.

19. Мөн аливаа төсөл хөтөлбөрийн зардлыг жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд үндэслэн зардлын тооцооллыг гаргаж эрх бүхий байгууллагад уламжилж батлуулах нь Төсвийн тухай хуульд заасан журамласан харилцаагаар зохицуулагдах учиртай. 

20. Гэтэл нэхэмжлэгч нь хөтөлбөрт туссан хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тухайн ондоо санхүүжих үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох баримт хүсэлтийг гаргаж байгаагүй  атлаа “хөтөлбөрт тусгагдсан дүнгээр жил бүр санхүүжилт олгох ёстой учир буюу олгогдоогүй жилийн  санхүүжилтийг нөхөн олгуулах” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. 

21. Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдаж 2019-2021 онд хэрэгжсэн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн тухайд нэхэмжлэгч нь санхүүжүүлэх үйл ажиллагааны зориулалт, дүнг төлөвлөн аймгийн Засаг даргад хүргүүлснээр 2020 он, 2021 онд тус бүр 30.0сая төгрөгийн санхүүжилтийг авч байсан байна.

22. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссанаар хөтөлбөрийн хугацааг сунгах бус дахин шинээр хөтөлбөрийг батлуулсан байх тул хэрэгжиж дууссан хөтөлбөрийн зохицуулалт, эрхзүйн орчин, хэрэгжсэн нөхцөл байдлыг шууд хамаатуулж адилтган ойлгох боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

23. Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан байх ч хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх аймгийн Засаг даргын эрх хэмжээ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулагдана. 

24. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний у.дирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгийг энэ хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.” 16.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. 60 дугаар зүйлийн 60.1-т Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.5.аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх; гэж,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.”,14 дүгээр зүйлийн 14.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах; гэж гэж тус тус заажээ.

25. Иймд Аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэхдээ аймгийн Иргэдийн Хурлаас баталсан жил бүрийн төсвийг зориулалтын дагуу үр ашигтай удирдан зарцуулах үүрэгтэй тул дээрх хөтөлбөрийн тухайд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,  шаардагдах зардлын тооцоог үндэслэн санхүүжүүлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй байна.  

26. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөтөлбөрийн санхүүжилтийн талаар аймгийн Засаг даргатай биечлэн уулзаж байсан талаар тайлбарласан, 2022, 2024 онд тус бүр 1 удаа хандаж байсан албан бичгээс үзвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх талаар бус хөтөлбөрт тусгагдсан жил бүрийн санхүүжилтийг бүрэн хэмжээгээр олгохыг хүссэн агуулгатай байна.

27. Дүгнэвэл, нэхэмжлэгч талаас хөтөлбөрт тусгагдсан санхүүжилт нь үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх бус дэмжлэг хэлбэрээр олгогдох ёстой гэж маргасныг хариуцагчаас хуулиар тогтоосон эрх хэмжээ олгогдоогүй буюу төсвийн хууль тогтоомжоор журамласан харилцааг зөрчих боломжгүй гэж тайлбарласныг  буруутгахааргүй байх тул нэхэмжлэгч Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн "Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

28. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.7, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* НҮТББ-ын аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 60 дугаар зүйлийн 60.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2022-2024 оны санхүүжилтийг олгоогүй захиргааны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, хөтөлбөрийн 2022-2023 оны санхүүжилтийг нөхөн олгуулах, 2024 оны санхүүжилтийг олгуулах тухай захиргааны акт гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ