Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, ******* ******* хотхоны 1273-68 тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Улаанбаатар хот дахь Сувилагчийн дунд сургууль төгсөж ирээд 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ  усанд  норгосноос болж зарим тушаалууд баларсан зөрчил гарсны улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 361825 дугаартай Б.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 376522 дугаартай Б.******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай “томилох, шилжүүлэх” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нэгдсэн больницын даргын 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай “шинэ төгссөн сувилагчдыг томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нэгдсэн больницын даргын 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай “ажилчин ажилд авах” тухай тушаал, Аймгийн Нэгдсэн бааз эмнэлгийн даргын 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай “орон тоо, ээлжийн амралтын хоног, цалин батлах” тухай тушаал, хавсралт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,  *******ыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-5х), Б.******* 1995-1997 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-6х), *******ыг чих хамар хоолойн тасагт сувилагчаар ажилд томилсон 36, 104 дугаартай тушаалууд, (хх-7-9х), *******ыг мэс заслын тасагт ээлжийн сувилагчаар ажилд томилсон 58 дугаартай тушаал, (хх-10х), Аймгийн Нэгдсэн бааз эмнэлгийн даргын 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай “орон тоо, ээлжийн амралтын хоног, цалин батлах” тухай тушаал, хавсралтын 15-д (******* ажилласан жил 4 жил, амралтын хоног 26 хоног) гэх,(хх-11-12х), Б.******* 1995-1997 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа (хх-13х),

 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь сувилагчийн дунд сургууль төгсөж ирээд 1990-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сараас 1998 оныг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан. 1998 оноос Дорнод аймаг руу шилжсэн. Би 1988-2019 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар тасралтгүй ажиллаж байсан. ******* бид хоёр мэс заслын тасагт хамт ажиллаж байсан. Би сэхээний сувилагч, ******* мэс заслын тасгийн жижүүрийн сувилагчаар нэг тасагт хамт ажиллаж байсан. ******* сайн сувилагч байсан, хүмүүстэй их эвтэй харьцаатай, тусч байсан. Бид хамт ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “....Би 1992 оны 07 дугаар сард сургуулиа төгсөөд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сэхээний сувилагчаар томилогдож ажилд ороход ******* нь Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байсан. Бид хоёр нэг ээлжинд хамт гардаг байсан. ******* нь 1998 оныг хүртэл ажиллаж байгаад Дорнод аймаг руу шилжсэн. Бид хоёр 1992-1998 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт сувилагчаар тасралтгүй хамт ажиллаж байсан. Тийм болохоор Б.******* ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн тасагт сувилагчаар, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1997 оны 12 сарыг хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА