| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326001550150 |
| Дугаар | 2023/ДШМ/63 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Л.Гадбадрах |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/63
Ц.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Галбадрах
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа /цахимаар/
Шүүгдэгч Ц.А
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2326001550150 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***2ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, малчин, ам бүл-***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суух, урьд гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Ц.А /РД: ***/,
Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Б-ийн амь нас хохирсон,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.Б-ийн амь нас хохирсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.А-27гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогт Ц.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч *** овгийн Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил есөн сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан нэг жил есөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Ц.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д 21,710,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн амь хохирогчийн амь насны төлбөрт нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн автомашины гуперний хагархай 1 ширхэг, гэрлийн бүрхүүлийн хэсэг 1 ширхэг, гэрлийн хар өнгийн бүрхүүлийн хагархай 1 ширхэг, гэрэл 1 ширхгийг устгахаар, Ц.А-гийн эзэмшлийн *** дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай Mitsubishi L200 маркын автомашин битүүмжилсэн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай Өвөрхангай прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг журамлан ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг арилсан эсэх талаарх дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэхгүйгээр хохирогчийн ар гэрийнхний гомдолтой байдал, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг буюу хүний амь насанд учруулсан хор уршиг нь арилаагүй, арилах боломжгүй нөхцөл байдалтай байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шүүх хурлын завсарлагааны үеэр шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч талд нөхөн төлбөр санал болгон гомдолгүй гэх санал хэлүүлэхийг завдсан, шүүх хурлын дараа утсаа авахгүй хууран мэхлэлт хийсэн. Шүүгдэгч Ц.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2 жилээс 8-н жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэрэг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие шүүгдэгчид гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүх түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулсанд гомдолтой байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад эдгээр хүмүүс ярилцаж тохиролцож байгаад хохиролгүй гэж хэлээд өгөөч тэгвэл ял нь хөнгөрнө гэхэд нь би зөвшөөрсөн. Хоёр зүйл ангитай байсан учраас доод тал нь 4-н жилийн хорих ял авна гэж би бодож байсан ч 1 жил 6-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ хорих ял нь хөнгөдсөн байна үзэж гомдол гаргасан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө шүүгдэгчийн талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгана гэдэг байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй амаар тохиролцсон гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс хойш холбоо бариагүй, хохирол хор уршгийг бодитой арилгах талаар үйлдэл хийгээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн амь насны хохирлыг нэхэмжилдэг. Анхан шатны шүүхээс нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсхүл хүн амын дундаж наслалтын зөрүүг харгалзаж хохирогчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Улсын Дээд шүүхээс баталсан хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг тогтоох жишиг аргачлалын 3.3-т мөн адил дээрх зохицуулалтыг тусгасан. Иймээс анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон гэмт хэрэг юм. Хэргийг шүүх хуралдаанаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчид 1 жил 9-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би талийгаачийн ганц хүү нь байгаа юм. Тухайн үед би дэргэд нь байгаагүй болохоор утсаар мэдээллийг сонссон. Нийт оршуулгын зардал, аавын тэтгэврийн зээл зэрэгт нийт 21710000 төгрөг төлсөн. Одоо оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний амь нас хохирсны төлбөрт 40-н сая төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж дуусах үед хохирогчоос хохирол төлбөр байхгүй талаараа дурдсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд 6-н жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс миний хувьд аавыгаа алдсан учир энэ хүнийг үнэхээр үзэн ядаж байсан. Миний болон ар гэрт сэтгэл санааны хохирол маш их байна. Одоо бодоход энэ хүнийг заавал шоронд явуулах шаардлага байхгүй миний сэтгэл санаа тайвширсан байна. Энэ хэргийг энэ хүн албаар хийсэн биш дээ, надтай адилхан үр хүүхэдтэй хүн учраас прокуророос гаргасан ялын саналыг өөр дээрээ бодоход залуу хүнд арай хэцүү санагдаж байна. Ийм учраас энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлгийг өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн гомдол санал байхгүй гэдэг нь энэ мэдүүлгээс харагдаж байгаа. Шүүхээс үүнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.А-д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хохирогч гомдолдоо нөхөн төлбөр өгье ялыг нь багасгаж өгөөч гэж шүүх хуралдааны дундуур нөлөөлөхийг завдсан гэж ярьж байна. Шүүгдэгчийн ар гэрийнхний хэн нь хэлснийг мэдэхгүй байна. Шүүгдэгч А болон өмгөөлөгчийн зүгээс тийм зүйл хэлээгүй. Энэ гэмт хэрэг нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа учир Иргэний хуулийн 508, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасан шаардах эрхүүдийг үндэслэн гэм хорын хохирол нэхэмжлэх боломжгүй. Шүүгдэгч Ц.А-гийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид ямар ч хохирлын баримт шаардахгүйгээр амь хохирогчийн тэтгэврийн зээл, оршуулгын зардал болон бусад зардлуудыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч А-гийн зүгээс журмын хашаанд байгаа машинаа зараад хүмүүсээс мөнгө зээлээд 20000000 сая төгрөгийн нөхөн төлбөр өгье гэрээ байгуулъя гээд хотод уулзаж байсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 40-н сая төгрөгөөр гэрээ байгуулаад мөнгөө бэлнээр авна гэсэн шаардлага тавьсан. Тэрнээс үүдэж бодит бус байдлаар нэхэмжилсэн 40000000 сая төгрөгийн хохирол төлөх боломжгүй учир хуулиараа явъя гэж шүүгдэгчийн зүгээс хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-ийн хувьд хохирогчтой хамт амьдардаггүй, өрх тусгаарлаад тусдаа гарсан. Хохирогч нь ганцаараа амьдарч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Иргэний хуулийн буцаан хэрэглэх боломжгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг арилсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэхгүйгээр хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой, хохирол бүрэн төлөгдөөгүй, хүний амь насанд учруулсан хор уршиг нь арилаагүй, арилах боломжгүй нөхцөл байдалтай байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх ба шүүгдэгч Ц.А-гийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналтай байхад хуульд заасан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгчийн гэм буруу шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.