Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 004

 

                      Х.Олзмөнхөд холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0038/Э

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

            Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                 Б.Эрхэмбаатар

           Шүүгдэгч                                                  Х.Олзмөнх

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                          П.Ган-Очир

            Хохирогч                                                       Б.Пүрэвмаа

            Хохирогчийн өмгөөлөгч                            М.Даваасүрэн                                            

            Нарийн бичгийн дарга                                 И.Буманбаяр нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар захирамжтай Х.Олзмөнхөд холбогдох 201606000229 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагч Б.Эрхэмбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Эмт овогт Хишигсүрэнгийн Олзмөнх, 1967 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын хүний их эмчээр ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Г хэсэг 11-06 тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар нэмэгдэл болон үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн, ШБ67010311 регистрийн дугаартай.

            Х.Олзмөнх нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Мөнхтуяаг хэвлийдээ гэмтэл авч эмнэлэгт хандан мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатайг мэдсээр байж ээлжийн амралттай гэж шалтаглан Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 “гэнэтийн өвчин, осол гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 132/2016/0038/Э индекстэй, 201406000229 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Х.Олзмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

 Улсын яллагч Б.Эрхэмбаатар эсэргүүцэлдээ: “...1.Хохирогч Б.Мөнхтуяагийн биед учирсан дэлүүний задрал гэмтлийн улмаас цус алдсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгох, тухайн гэмтэл авсан тохиолдолд ямар цаг хугацаанд ямар төрлийн эмчилгээнүүд хийлгэх ёстой эсэх нь ямар үндэслэл шалгууртай эсэх.

2. Талийгаач Б.Мөнхтуяа нь дэлүүний задарлын улмаас цус алдахад яаралтай арга хэмжээ авсан бол судсанд цус түгээмлээр бүлэгнэхгүй байх ямар үндэслэл боломжтой эсэх.

3. Хэрэв талийгаач Б.Мөнхтуяа нь дэлүүний задралын улмаас цус алдсан байхад яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд судсанд цус түгээмлээр ямар цаг хугацаанд бүлэгнэдэг, энэ нь үндэслэл эх сурвалжтай эсэх.

4. Дэлүүний задрал гэмтэл нь яаралтай мэс засалд оруулах гэмтэлд хамаарах эсэх.

5. Дэлүүний задрал гэмтлийн мэс заслыг ямар мэргэжлийн хэдэн эмч нар эсвэл эмч хийх шаардлагатай эсэх.

6. Талийгаач Б.Мөнхтуяа нь дэлүүний задралын улмаас цус алдсаныг мэдсэн эмчлэгч эмч Бүрэндондов нь яаралтай ямар төрлийн ажиллагаа хийсэн эсэхийг зөв тогтоох үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь ямар ажиллагаа хийлгэхээр даалгасан нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан шүүх шинжилгээ Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 7Б шинжээч нарын дүгнэлтээр дээрх байдлуудыг тогтоосон байхад хэрэг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна.

Тухайлбал: 7Б дүгнэлтэнд …. 2014 оны 08 дугаар сарын 05-ний өдөр өвчтөн Б.Мөнхтуяа нь гэмтлийн улмаас эмнэлэгт хандах үед Б.Бүрэндондов эмч нь оношийг бүрэн тогтоож мэс заслын ажиллагаа хийх хүртлэх хугацаанд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт журамд заасны дагуу үзүүлсэн байна. Яаралтай хагалгаанд мэс заслын мэргэжлийн 2-оос доошгүй эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллах ёстой гэсэн дүгнэлтээр зайлшгүй мэс заслын мэргэжлийн 2-оос доошгүй эмч ажиллах шаардлагатай болох нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын явцад Б.Бүрэндондов нь хохирогч Б.Мөнхтуяад зайлшгүй хагалгаа хийх зорилгоор мэс заслын мэргэжлийн эмч Х.Олзмөнхийг дуудаж өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн боловч Х.Олзмөнх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул эмнэлгийн удирдлагад хандсан нь хэрэгт авагдсан гэрч Шижирбаатарын мэдүүлгээр нотлогдож байна.

Х.Олзмөнх нь Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан… гэнэтийн өвчин осол гэмтлийн улмаас амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч тохиолдолд үзүүлэх гэсэн үүргээ биелүүлээгүй болох нь гэрч Бүрэндондовын “хоёулаа хамт хагалгаанд орчихье” гэхэд “за чи тэгвэл хагалгаанд орохынхоо өмнө ах руугаа утасдаарай, ах нь машинаа янзлуулж байна. Машин янзлаад зүгээр болвол би өөрөө яваад очье, янзалж амжихааргүй бол над руу түргэний машин явуулчихаарай гэсэн”… би хагалгааны бэлтгэлийг 2 цагийн дотор хангачихаад Олзмөнх эмч рүү залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь гэр рүү нь түргэний тэрэг явуулсан боловч гэртээ байхгүй байсан” гэх мэдүүлгээр нотлогдсон байхад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байхад хэрэгт авагдсан баримтыг үнэлэлгүйгээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд … шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.    

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар захирамжаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар заавал шалган тогтоовол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй” гэх үндэслэлээр  201406000229 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газар буцаахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж дүгнээд шүүгдэгч Х.Олзмөнхөд холбогдох хэргийн нотолбол зохих асуудлууд болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.6-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзлээ. 

Тухайлбал: Мэс заслын их эмч Х.Олзмөнх нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цолмон, П.Оюунцэцэг нар нь “…Олзмөнх эмч амралтаа авсан байсан…Бэлэн байх үүрэг өгөөгүй…” гэж тус тус мэдүүлснээс гадна

Нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 85 тоот тушаалын хавсралт 2-ын 1-д “Хагалгааны багийн болон яаралтай дуудагдах эмч, ажилчид дуудагдах хувиарыг сар бүр хийж эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар батлуулан 103-т байрлуулна” гэж /хх 121/ тусгасан байхад уг хуваарийг хавтаст хэрэгт хавсаргаагүйгээс болж дүгнэлт хийхэд эргэлзээтэй, хуваарилагдсан эмч, ажилтныг хэн, хэрхэн дуудах ёстой, яаралтай мэс ажилбарт орох мэс заслын эмчийн мэдлэг чадвар дутагдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой зэрэг нь тодорхойгүй байна. 

 Мөн Б.Бүрэндондов нь мөрдөн байцаалтын шатанд “…3 их эмчийн бүрэлдэхүүнтэй мэс засалд ордог” гэж мэдүүлсэн /хх 31/ боловч

шинжээч Д.Мөнхбат, Ц.Ганболд нар нь “…уг мэс заслыг 2 эмчийн бүрэлдэхүүнтэй хийх боломжтой…2 цагийн дотор хийх ёстой. Зөвлөх эмч орох шаардлагагүй… Бүрэндондов эмч туслах эмчийн хамт хагалгаа хийх ёстой байжээ” гэж /хх 243-244/,

гэрч Б.Цолмон “…Бүрэндондов эмч бүх төрлийн мэс заслын ажил хийх эрх авсан…” гэж /хх 228/, гэрч П.Оюунцэцэг “…Бүрэндондов хагалгаа хийх бүрэн боломжтой…” гэж /хх 242/ тус тус мэдүүлсэн байна.

Түүнчлэн Шүүх эмнэлгийн Задлан шинжилгээний 46 тоот дүгнэлтэд: “…Оношийг зөв тавьж мэс ажилбар хийжээ…дэлүү авах мэс ажилбар хийгдсэн боловч амь аврах боломж бага байжээ” гэсэн ба шинжээч М.Золжаргал “…мэс заслын хагалгааг яаралтай хийгээгүй удсан нь судсанд цус түгээмлээр бүлэгнэж нас барах шалтгаан болно” гэж мэдүүлсэн /хх 185/,

Шүүхийн шинжилгээний шинжээч нарын 1078 тоот дүгнэлтэд: “…46 тоот дүгнэлт үндэслэлтэй…яаралтай мэс засал 2 цагийн дотор явагдана…” гэсэн /хх 61/,

шинжээч М.Түмэннасангийн “…хэвлийн яаралтай хагалгаанд мэргэжлийн 2-с доошгүй эмч орж болно…хохирогч Б.Мөнхтуягийн хэвлийн хөндийн мэс ажилбарыг цаг хугацаа алдаж орсон гэх үндэслэл байхгүй…эмч Б.Бүрэндондов хохирогч Б.Мөнхтуяагийн хэвлийн хөндийн яаралтай хагалгаанд цус алдаж буй тохиолдолд ганцаараа орж болно” гэх /хх 24-26/ зөрүүтэй дүгнэлт, мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байхад

 Б.Бүрэндондовт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /хх 73-74/ нь үндэслэлгүй бөгөөд уг тогтоолыг хэргийн оролцогч нарт хэдийд танилцуулсан эсэх нь тодорхойгүй / огноо тавигдаагүй/, хэргийн оролцогч биш атал хохирогч Н.Алимаа гэх хүнд танилцуулсан байна. /хх 75/

Хэргийн 2 дугаар хавтасны 45 дугаар талд Мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6 асуулт бүхий Давтан шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол авагдсан байх боловч түүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй,

2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5 асуулт бүхий Давтан шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолын дагуу гарсан гэх Бүрэлдэхүүнтэй магадлан шинжилгээний шинжээч нарын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7-Б тоот дүгнэлт нь бүрэн биш, тухайлбал …Б.Бүрэндондов…эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт журмын дагуу үзүүлсэн байна…эмч Х.Олзмөнх тухайн үед ээлжийн амралттай байсан байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл талийгаач Б.Мөнхтуяагийн биед учирсан дэлүүний задрал гэмтэл нь яаралтай мэс засалд оруулах гэмтэлд хамаарах эсэх, яаралтай буюу 2 цагийн дотор түүнд мэс засал эмчилгээ хийсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан эсэх, Х.Олзмөнх, Б.Бүрэндондов нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон хууль, дүрэм журам зөрчсөн эсэх, хэнийх нь үйлдэл, эс үйлдэхүй хохирогчийг нас барахад нөлөөлсөн, энэ хэрэгт өөр бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх зэрэг хэрэгт хамааралтай шалтгаан, нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзнэ.

Иймд прокурор Б.Эрхэмбаатарын “...мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр буцаасан” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокурор Б.Эрхэмбаатарын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар  сарын 20-ны өдрийн 87 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол Х.Олзмөнхөд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                      ШҮҮГЧИД                                           С.ЦЭЦЭГМАА        

                                                                                  С.УРАНЧИМЭГ