Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0719

 

2017 оны 10 сарын 11 өдөр                   Дугаар 221/МА2017/0719                          Улаанбаатар хот

        

М.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.Н-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл ажлын 148 хоног ажилгүй байсан хугацааны цалин 6 412 714 төгрөгөөс хариуцагчаас М.Н-д олгосон 3 сарын цалинтай тэнцэх 2 201 589 төгрөгийг суутгаж, үлдэх 4 211 125  төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Захиргаа, хуулийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж батлагдсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтад ... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж орон тоо хасагдсан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар М.Н-ийг албан тушаалаас чөлөөлсөн болно.

Шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Н-ийг “тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх 2 201 589 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.

Хариуцагч дээрх маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 /...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно/ дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832, дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байна. Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болсон “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох учиртай.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар тус байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгч М.Н-ийн ажиллаж байсан “Захиргаа, хуулийн хэлтсийн дарга”-ын ажлын байр үгүй болоогүй, уг орон тоо хасагдаагүй байна.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжуудаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтэс /20 орон тоо/-ийг Хууль зүйн /3 орон тоо/ болон Архивын /4 орон тоо/ тасаг бүхий Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /13 орон тоо/ болгон өөрчилсөн байх боловч уг хэлтсийн “Дарга”-ын албан тушаал хасагдаагүй буюу өмнө нь хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр архив эрхлэлттэй холбоотой 2 чиг үүрэг нэмэгдэж бусад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Захиргаа, хуулийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч орон тоо хасагдсан гэж үзэж нэхэмжлэгч М.Н-ийг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу үргэлжлүүлэх ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “Захиргаа, хуулийн хэлтсийн дарга”-ын албан тушаалын нэр “Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга” болж өөрчлөгдсөн байхад шүүх нэхэмжлэгч М.Н-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ...” гэснийг “... Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                      

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН