Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00130

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

  Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт байрлах ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох

 

“2017-2019 оны цалин 21,907,090 (Хорин нэгэн сая есөн зуун долоон мянга ер) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч,  2025 оны 03 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ОНӨААТҮГ-т менежер ажилтай ******* миний бие тус байгууллагад 2017 оны 8 дугаар сараас даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2022 оноос менежерийн орон тоонд ажиллаж тус байгууллагыг үүсгэн байгуулагдсанаас эхлэн өдгөө 9 дэх жилдээ ажиллаж байна.

Миний бие 2017 оны 08-сарын 11-ний өдрөөс эхлэн сумын Засаг даргын Б/ 131 тоот захирамжаар томилогдон ажилласан бөгөөд 2019 оны 12 сар хүртэл хугацаанд цалин аваагүй ажиллаж ирсэн. Бид орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн эх үүсвэрийг хайж ажилласны үр дүнд хадлан хадаж сумын төвд бетон зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн орон нутгийн удирдлагатай хадлангийн гэрээ байгуулж хадлангийн үйл ажиллагаа эхлүүлсэн боловч орон нутаг гэрээний үүргээ биелүүлээгүй тул хадлангийн үйл ажиллагаа зогсох цаашлаад хадсан өвсийг хилээр гаргаж чадаагүй зэрэг шалтгаануудаас болж төлөвлөсөн орлого ороогүй.

Миний бие орон нутгаас дэмжлэггүйгээр тус байгууллагыг байгуулагдсан цагаас нь үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ, тамга тэмдэг авах, 3 төрлийн тусгай зөвшөөрөл авах зэргийг хувийн зардлаар захиалан авсны үр дүнд өнөөдрийн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч хэвийн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ******* ******* ОНӨААТҮГ нь үйл ажиллагаа нь жигдэрч, тогтмол орлоготой ажиллаж байгаа тул миний бие цалин хөлсгүй 2017 оны 08 дугаар сарын 11-ээс 2019 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин болох 21.907.0907 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага 21,907,090  төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11,907,090 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгөөр *******т тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан “2017-2019 оны цалин 21,907,090 (Хорин нэгэн сая есөн зуун долоон мянга ер) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага 21,907,090  төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11,907,090 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгөөр *******т тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,486 төгрөгийн тал хувь 133,743 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,743 төгрөгийг хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэлээ.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага 21,907,090  төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11,907,090 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******т тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,486 төгрөгийн тал хувь 133,743 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,743 төгрөгийг хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА