Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00776

 

 

МАГАДЛАЛ

2021.05.17 Дугаар 00776

 

 

 

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУДФС-д холбогдох сургалтын төлбөр 5 066 635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь 4 настай охин О.Баясгаланг МУДФС- БСБ-ын цэцэрлэгт сургахаар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу 180 хоног буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус цэцэрлэгт явуулахаар 9 600 000 төгрөгийн төлбөр төлсөн. Гэвч шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, хүүхдээ МУДФС- БСБ-ын цэцэрлэгт явуулах боломжгүй болсон. Тус сургууль 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс цахимаар хичээл орж эхэлсэн боловч хүүхдийн нас бага учир ядрах, тогтвортой сууж сонсох боломжгүй байсан тул эхний 7 хоног суулгаад цааш явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Н.Б- сургуулийн эцэг эхийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар сургалтын төлбөрийн 50 хувийг буцаан гаргуулах тухай санал гарсан боловч олонхын саналаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Ингээд 2020 оны 9 дүгээр сард тус сургуульд сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцаан гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй. МУДФС- БСБ нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгагдаагүй тул тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаас гадна үзлэгээр бэхжүүлсэн бичлэгт Н.Б-гийн охин оролцсон байх боловч тус бичлэгийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн бичлэг гэж үзэх боломжгүй, мөн цахим сургалтыг ямар хугацаанд явуулсныг тодорхойлох боломжгүй зөвхөн нэг өдрийн сургалтын бичлэг байна. Мөн нэхэмжлэгч нь тус сургуультай байгуулсан гэрээ болон гэрээний хавсралт болох санхүүгийн дүрэмд заасан бүх шаардлагыг зөвшөөрч гарын үсэг зурсан, ямар ч тохиолдолд төлбөр буцаахгүй гэсэн нөхцөлийг зөвшөөрсөн боловч хүүхдээ явуулахын тулд зөвшөөрөхөөс аргагүй болсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасан үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан. Иймд нэхэмжлэгч нь хичээлийн жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үйлчилгээ, сургалтыг авч чадаагүй тул тус сургуулиас цэцэрлэгт хамрагдаагүй 95 хоногийн сургалтын төлбөр 5 066 635 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч МУДФС- БСБ-ын төлөөлөгч Максонс Лавил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын онцгой комиссын 30 дугаар тогтоолоор бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тус сургууль нь цахим хэлбэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сургалт явуулсан, Н.Б-гийн хүүхэд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цахим сургалтад хамрагдсан, энэ нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч Н.Б- нь тус сургуулийн эцэг, эхийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд Н.Б- үзэл, санаа бодлоо хэлэх эрхтэйгээр оролцсон нь тус хүүхэд сургалтад хамрагдаж байсныг нотолно. Талуудын хооронд хөлсөөр ажиллаж гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тус гэрээнээс татгалзах, гэрээг цуцалж болох байсан. Гэтэл хичээл дууссанаас 3 сарын дараа буюу 2020 оны 9 дүгээр сард гэрээнээс татгалзаж, мөнгө төлөхийг шаардсан. Тус сургууль нь олон улсын агентлагаас, францын боловсролыг олгодог. Энэ олон улсын хөтөлбөр нь энгийн сургуулиас илүү их зардал гардаг, франц, англи хэл заах сургагч багш нарыг гадаадаас авч ирэх, суралцаж буй сурагчдаа даатгалд хамруулдаг, ажилчдын цалин хөлс, сургуулийн байрны түрээс зэргийг цар тахлын үеийн нөхцөл байдал үүссэн ч гэсэн төлөөд явсан. Иймд тус сургууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хүүхэд нь 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сургалтад хамрагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУДФС- БСБ-аас сургалтын төлбөрт төлсөн 5 066 635 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагч байгууллага цахимаар сургалт явуулж хууль болон гэрээгээр хүлээсэн хүүхдийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн, санхүүгийн дүрмийн 1.4-т Энэ дүрмийн 1.2-т заасан төлбөрийг ямар ч тохиолсолд буцаан олгохгүй, мөн дүрмийн 6.2-т хүүхэд ямар ч шалтгаан, хугацаагаар хичээлд суугаагүй байсан сургалтын төлбөрийг хөнгөлөхгүй. Мөн буцаан олгохгүй гэж тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдээгүй тул явуулсан цахим сургалтад Н.Б- нь хүүхдээ хамруулаагүй, талууд Санхүүгийн дүрмийн 6.1 дэх заалтаар тус сургуулиас хүүхэд хичээлийн жил дуусахаас өмнө түрүүлж явах бол шалтгаан нь ямар ч байсан мөнгийг эргүүлэн олгохгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэгч сургалтад хамрагдаагүй гэх үндэслэлээр төлбөрийг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асран хамгаалах, хөгжүүлэх, сургалт үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршдог. Ингэхдээ бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгох, хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох, хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшүүлэх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх бусдыг хүндэтгэн харилцах харилцааг цэцэрлэг нь хүүхдүүдэд эзэмшүүлэх ёстой. Энэ бүхнийг эзэмшүүлэхийн тулд 9 600 000 төгрөгийг төлсөн. Гэвч шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. МУДФС- БСБ нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цахим сургалт хийсэн, түүнд Н.Б-гийн охин О.Баясгалан сууж байсан гэдгийг нотлох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн файл болон мэйлд үзлэг хийлгэсэн. Уг үзлэгээр тухайн цахим сургалт нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр явагдсан гэдгийг нотолж чадаагүйгээс гадна 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл МУДФС- БСБ нь цахим сургалт орсон гэдгийг нотлоогүй. Н.Б-гийн охин О.Баясгалан нь 2020 оны 02 дугаар сарын эхний 7 хоногийн 1 цагийн хичээлд цахимаар суусан бөгөөд цахим сургалтаар орсон франц хэл дээр уншсан үлгэрүүдийг ойлгохгүй, тухайн 1 цагийн хичээлийг тогтож үзэхгүй байсан тул Н.Б- бага насны хүүхдэд 7 цагийн турш өдөр бүр системчилсэн дэс дарааллаар эзэмшүүлэх чадвар, мэдлэгийг 1 цагийн франц үлгэрийн цагаар эзэмшүүлэх боломжгүй талаар мэдэгдэж цахим сургалтад хамруулаагүй тул 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сургалтад хамрагдсан гэх үндэслэлгүй. МУДФС- БСБ нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хамруулах хүсэл зоригоо илэрхийлэн ирсэн иргэдийн хүсэл зоригоос үл хамааран хавсралт-1 хичээлийн жилийн хуанли, хавсралт-2 дотоод дүрэм, хавсралт-3 санхүүгийн дүрэмтэй танилцсан ба тэдгээрийг дагаж мөрдөх болно гэх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий хөлсөөр ажиллах гэрээг ажиллуулагч нарт санал болгож, гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Н.Б- нь цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа өөрт хохиролтой нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, түүнтэй холбоотой гэрээг зайлшгүй байгуулах нөхцөлийг тусгасан. Иймд Н.Б- болон МУДФС- БСБ-ын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт-2 дотоод дүрэм, хавсралт-3 санхүүгийн дүрэмтэй танилцсан ба тэдгээрийг дагаж мөрдөх болно гэх хэсэг, санхүүгийн дүрмийн 1.4-д заасан төлбөрийг ямар ч тохиолдолд буцаан олгохгүй, 6.1-д заасан тус сургуулиас хүүхэд хичээлийн жил дуусахаас өмнө түрүүлж явах бол шалтгаан нь ямар ч байсан мөнгийг эргүүлэн олгохгүй гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус юм. Н.Б- нь гэрээнээс татгалзаж, үлдэх хугацааны төлбөрөө буцаан авахаар МУДФС- БСБ-ын захиргаа, эцэг, эхийн зөвлөлийн хуралд удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй. МУДФС- БСБ нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хичээллэсэн талаар маргаангүй. Н.Б- болон МУДФС- БСБ-ын хоорбайгуулсан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зэасан хүндэтгэн үзэх үндэслэл буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан цаашид үргэлжлэх боломжгүй болж цуцлагдсан. МУДФС- БСБ нь үйл ажиллагааны зардал буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хичээллэсэн хөлсийг өөртөө үлдээх эрхтэй ч нөгөө талаараа Н.Б- нь охин О.Баясгаланг цэцэрлэгт явуулж чадаагүй нөхцөл байдалд буруугүй суралцаагүй хугацааны төлбөр, аваагүй үйлчилгээний хөлсийг төлөх үндэслэлгүй. Иймд МУДФС- БСБ-аас цэцэрлэгт хамрагдаагүй 95 хоногийн сургалтын төлбөр болох 5 066 635 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч МУДФС- боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын гэрээнээс татгалзаж, цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны төлбөр 5 066 635 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээгээр хариуцагч нь хүүхдийг цэцэрлэгт хамрагдах хугацаанд төлбөртэй сургаж сурагчийн биеийн, оюун ухааны болон ёс суртахууны хүмүүжлийн чадавхийг хөгжүүлэх, нэхэмжлэгч нь охин О.Баясгалангийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны сургалтын төлбөрт 9 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоны дагуу төлбөрөө төлсөн, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хүүхдээ цэцэрлэгт хамруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд гэрээндээ сургалтыг танхимын хэлбэрээр явуулахаар тохиролцсон, төлсөн төлбөртөө тэнцэхүйц сургалтын үйл ажиллагаа явуулаагүй учир төлбөрт 5 066 635 төгрөг гаргуулна гэх үндэслэлээр нэхэмжлэгч шаардлага гаргасан.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагч байгууллагын төлөөлөгч сургалтыг цахим хэлбэрээр явуулж үүргээ биелүүлсэн, суралцагч сургалтад хамрагдсан тул санхүүгийн дүрэмд зааснаар төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэг авагдсан зохигчдын хооронд байгуулсан гэрээ, сургалтын төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажлуулагч хөлс төлөх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэдэг онцлогтой.

 

Хариуцагч сургууль нь дэлхий нийтийг хамарсан корона вирус гарсантай холбоотойгоор цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй болсны улмаас нэхэмжлэгч хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж төлбөрийн 50 хувийг буцаан шаарджээ.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж зохицуулсан тул дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлын улмаас сургалтын гэрээг зохицуулах арга хэмжээг авах талаар хэн аль нь санал гаргах үүрэгтэй байжээ. Учир нь талуудын хоорондын гэрээгээр цэцэрлэгт хүүхэд биечлэн хамрагдснаар сургалтыг явуулахаар тохиролцсон тул хариуцагч талаас цахимаар сургалт явуулахаар гэрээний нөхцөл өөрчлөгдөх үйлдэл хийгдснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүүхдээ цаашид сургалтад хамруулаагүй байна.

 

Талууд дээрх нөхцөл байдлын улмаас гэрээнд өөрчлөлт оруулсан талаар баримт байхгүй тул ажиллагч ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээгүй байна. Нэхэмжлэгчийн хүүхэд цахимаар сургалтад хамрагдсан талаар буюу хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд хариуцагч байгууллага ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлын улмаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын үйл ажиллагааг танхимаар үргэлжүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дүгээр зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар сургалтын гэрээнээс татгалзаж мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх санхүүгийн дүрмийн 1.2-т ...жилийн төлбөр, энэ нь хүүхэд бүртгэсний төлбөр юм. Жилийн төлбөрийн хэмжээ хүүхдийн сурах ангийн түвшнээс хамаарна. 1.4-т Энэ дүрмийн ...1.2-т заасан төлбөрийг ямар ч тохиолдолд буцаан олгохгүй гэж, мөн дүрмийн 6.2-т Хүүхэд ямар ч шалтгаан, хугацаагаар хичээлд суугаагүй байсан сургалтын төлбөрийг хөнгөлөхгүй, мөн буцаан олгохгүй гэж тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд стандарт нөхцөл бүхий гэрээнд тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулсан байна.

 

Хариуцагч МУДФС- боловсрол сургалтын байгууллага нь хүүхдээ сургалтад хамруулах зорилготой иргэдэд хандсан байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлөөр гэрээ байгуулсан тул тэдгээрийн байгуулсан гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д Нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд дээрх санхүүгийн дүрэмд заасан хүүхэд ямар ч шалтгаан, хугацаагаар хичээлд суугаагүй байсан сургалтын төлбөрийг хөнгөлөхгүй, мөн буцаан олгохгүй гэх заалт нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан тул хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, нэг талын санаачлагыг нөгөө тал хүлээн авсан энэ гэрээнд нөгөө талынхаа хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ийм заалт байгаа тохиолдолд түүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэх буюу гэрээний энэ заалтыг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээний эрх чөлөөнд хамруулах боломжгүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчид хандан сургалтын төлбөрийн 50 хувийг буцаан авах, эсхүл дараа жилийн сургалтын төлбөрт тооцох талаар хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргаж байсан тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй. Сургалтын төлбөр 9 600 000 төгрөгийн 50 хувь 4 800 000 төгрөгийг МУДФС- боловсрол сургалтын байгууллагаас гаргуулж Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266 635 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 225 дүгээр зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МУДФС- боловсрол сургалтын байгууллагаас 4 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 266 635 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МУДФС- боловсрол сургалтын байгууллагаас 91 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 96 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА