Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1194

 

 

 

 

    2023          12             14                                        2023/ДШМ/1194

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтөр,

хохирогч В.М, Т.Г, Д.Д,

иргэний нэхэмжлэгч Н.Э,

шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Б.Ганбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Олзод, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1294 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2205018900097 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигон овгийн О.Б,1993 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Од хотхоны 28-1-38 тоотод оршин суудаг, /РД:НИ93062701/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11  дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

О.Б нь БНСУ-руу зорчих виз гаргаж өгнө хэмээн:

1. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 65А-А-1402 тоот гэртээ байсан хохирогч О.Эаас 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны 5166335158 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 сая вон өгвөл 2 хоногийн дотор виз гарна хэмжээн 2.430.000 төгрөгийг тус тус авч нийт 7.430.000 төгрөгийг,

2. О.Маас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сентоо автобусны буудлын орчим байрлах хаан банкны салбараас шилжүүлсэн 23311800 төгрөг болон 89020 долларыг нийт 5.000.000 төгрөгийг,

3. В.Маас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг,

4. И.Мгээс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 байрны 36 тоот гэртээ байхад нь 10.000.000 төгрөгийг,

5. Г.Гаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.000.000 төгрөгийг бэлнээр,

6. С.Чаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 5 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 130.000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Төмөр зам дээд сургуулийн орчим байхдаа шилжүүлсэн 180.000 төгрөгийг авч нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8.110.000 төгрөгийг,

7. Б.Уг 2022 оны 11  дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангарьд сити 2 дугаар хорооллын 1553-2-93 тоотод байхад нь хүү О.Тий эзэмшлийн хаан банкны 5166125367 дугаартай дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг,

8. Б.Бийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байхад нь холбогдож охин Б.Аий эзэмшлийн хаан банкны 5926308916 дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг,

9. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Т.Оийг тус улсад нөхөр хүүхдийг нь явуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд хохирогч О.Энх-Амгаланг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 710-05 тоотод байхад 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.200.000 төгрөгийг өөрийн охин Б.Аий эзэмшлийн хаан банкны 5926308916 дугаарын дансаар авч залилсан,

10. Ц.Оыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байхад нь түүнтэй 94886300 дугаарын утсаар холбогдож өөрийн охин Б.Аий хаан банкны 5926308916 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг,

11. О.Бг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити хотхонд байхад нь түүнтэй 95531004 дугаарын утсаар холбогдож Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж өөрийн хүү О.Тий хаан банкин дахь 5166125367 дугаарын дансыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

12. Ч.Ааас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачлал их дэлгүүрийн орчимд уулзаж өөрийн эзэмшлийн хаан банкны 5083047333 дугаарын дансанд 500.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 250.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХанУул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн охин Б.Аий хаан банкны 5926308916 дугаарын дансанд 750.000 төгрөгийг авч 3 удаагийн гүйлгээгээр үргэлжилсэн үйлдлээр нийт 1.500.000 төгрөгийг,

13. У.Эийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн охин болох Б.Аий эзэмшлийн хаан банкны 5926308916 тоот дансаар 500.000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 09 дүгээр сарын 500.000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр У.Эийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 500.000 төгрөгийг шилжүүлэн авч 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.800.000 төгрөгийг,

14. Б.Ог Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 34а-2 тоотод гэртээ байхад нь М.Бы эзэмшлийн хаан банкны 5704206360 тоот дансаар 2022 оны 09 сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг, өөрийн охин болох Б.Аий эзэмшлийн хаан банкны 5926308916 тоот дансаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 900.000 төгрөгийг,

15. Ш.Хаас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн орчим бэлнээр 300.000 төгрөгийг бэлнээр, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрог орчимд байхад нь М.Бы эзэмшлийн хаан банкны 5704206360 тоот дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 500.000 төгрөгийг,

16. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Быг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.000.000 төгрөгийг,

17. М.Пы эзэмшлийн хаан банкны 5704037480 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 350.000 төгрөгийг,

18. Ц.Аийн эзэмшлийн хаан банкны 5063263369 тоот дансаар шилжүүлэн авч нийт 1.350.000 төгрөгийг,

19. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, 2-5 тоотод оршин суух хаягтай Т.Гаас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 9.800.000 төгрөгийг,

20. Г.Эд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нөхөр С.Лхагва-Эрдэнэ, хүү Л.Түшиг нарын хамт виз гаргаж өгнө гэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 225-82 тоот гэртээ байхдаа 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг,

21. Р.Огийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь дүр үзүүлж хийсэн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь визний урьдчилгаа гэж хуурч 2.500.000 төгрөгийг, мөн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлж байна хэмээн 300.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орчуулгын мөнгө гэж 200.000 төгрөгийг тус тус 5 удаагийн гүйлгээгээр 8.500.000 төгрөгийг,

22. Н.Эгаар дамжуулан зуучлуулж Г.Мөнхайчийн эзэмшлийн хаан банкны 5421086417 тоот дансаар Д.Ундрахаас 2022 оны 06 дугаар сарын 01-ний 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 1.000.000 төгрөгийг,

23. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөгийг, мөн Н.Эгаар дамжуулан зуучлуулж бусдыг дансыг ашиглаж Д.Бээс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төв орчим 1.000.000 төгрөгийг Б.Дашдондогоос 2022 оны 06 дугаар сарын 01- ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд эхнэр Лхамсүрэн нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 44-523 тоотод байхдаа шилжүүлсэн 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг,

24. Ц.Билэгсайханаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт байхдаа н.Болормаагийн данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,

25. Д.Бээр дамжуулан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харин худалдааны төв орчим Д.Оюунхишигийн 1.000.000 төгрөгийг,

26. Б.Ааас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэррт байрлах 10 дугаар хорооллын орчим 1.000.000 төгрөгийг М.Норов-Эрдэнээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогын автобусны орчим байхад нь 1.000.000 төгрөгийг тус тус авч нийт үргэлжилсэн 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж нийт 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Минж плазийн орчим 2 өрөө байр түрээслүүлнэ гэж П.Лыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад охин Б.А-Үжиний дансаар 1.490.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад 89.530.000 төгрөгийг буюу их хэмжээний хохиррол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 6 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Бын өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтооолоор оногдуулсан 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сар хорих ялаас тус тусад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.Бд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 926 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон шийдвэрийг цуцлаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 70.880.000 /далан сая найман зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулан хохирогч О.Э /ЧД70032403/-д 7.430.000 төгрөг, О.М /ЧБ82060864/-д 5.000.000 төгрөг, В.М /НД81031372/-т 5.000.000 төгрөг, С.Ч /НВ88111311/-д 8.110.000 төгрөг, Б.У /ОЮ87042Ю6/-д 1.500.000 төгрөг, Б.Б /УИ94043030/-д 1.000.000 төгрөг, О.Энх-Амгалан /ЗМ90060419/-д 4.200.000 төгрөг, Ц.О /ТЯ88032911/-т 1.000.000 төгрөг, О.Б /НА90062967/-д 1.250.000 төгрөг, Ч.А /ЧА73101901/-т 1.500.000 төгрөг, У.Э /НХ99080113/-д 1.800.000 төгрөг, Б.О /НЫ99061001/-д 900.000 төгрөг, Ш.Х /РЖ80071406/-д 500.000 төгрөг, Д.Б /ЙЖ76051200/-д 1.350.000 төгрөг, Т.Г /ГР95012014/-т 9.800.000 төгрөг, Г.Э /УХ95101128/-д 4.550.000 төгрөг, Р.О /АВ80080709 /-д 8.500.000 төгрөг, Д.Ундрах /НЮ83093068/-д 1.100.000 төгрөг, П.Лхагважав /ИН01251617/-т 1.490.000 төгрөг, Ц.Билэгсайхан /НТ98041810/-д 1.500.000 төгрөг, Б.Буянхишиг /ОЮ81100617/-т 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Э /ЧС79021463/-д 8.500.000 төгрөг тус тус олгуулж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын 3 настай охин Бүжинлхамын Ану-Үжин РД:/уб20272660/, 8 настай хүү Отгонбаатарын Тэмүүжин /РД:ун15231118/ нарт хууль ёсоор асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ үнийн дүнг бодитоор тогтоогоогүй, зөрүүтэй, хэргийн оролцогчдыг зөв тогтоогоогүй, хохирол төлбөр төлөх талууд тодорхойгүй байна.

Миний хувьд нэг ч гэсэн хүний ажлыг хөөцөлдөн өгч тус болох үүнийхээ хөлсөнд багахан мөнгө авах санаа сэдэлтэй байсан боловч ажил бүтэлгүйтэн залилах үйлдэл болж хувирсан.

Надад холбогдох 27 үйлдлийн 10 орчимд нь Эрдэнэтуяа гэх хүн оролцоотой. Гэтэл түүнийг хамжигч, эсвэл иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалын явцад тогтоох байсныг тогтоогоогүй. Энэ нь ял завших, хөрөнгө завших боломж олгож байна. Иймд түүний оролцоог тодорхой болгож өгнө үү.

Хохирлын тооцоог буруу гаргасан ба зарим тоо давхардсан, зарим төлөгдсөн хохирлыг хасаагүй, зарим аваагүй мөнгийг тооцсон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр иргэний хариуцагч болохоор тогтоогдсон Эрдэнэтуяа нь хэдэн төгрөг төлөх, надад төлбөл зохих хэдэн төгрөг гэдгийг тодорхой заагаагүй. Ингэснээр аваагүй мөнгөө төлөх болоод байгаа бөгөөд хохирлын тооцоог зөв тооцож өгнө үү.

Зарим хохирогч нарыг огт танихгүй ба Ундрах, Буянхишиг, Дашдондог, Билигсайхан, Адархишиг, Оюунхишиг, Норов-Эрдэнэ нарыг би огт танихгүй. Эдгээр хүмүүсээс Эрдэнэтуяа мөнгө авч, итгэл үнэмшил төрүүлж байсан. Надад дамжуулаагүй өөрөө авсан мөнгөнүүд ч бий. Шийтгэх тогтоолын 14 дүгээр талд “5303720441” гэх Хаан банкны данс миний эзэмшлийн данс биш.

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба надад өөр үйлдлүүд байгааг хэлж тайлбарласаар байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэж, надад холбогдох хэргийг тус тусад нь салгаж, эрх зүйн байдлыг минь дордуулсан. Мөн 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарласан атал энэ ялыг эдэлж эхлээгүй гэж дурьдсан. Хэргийг шийдвэрлэхдээ хөнгөн ялыг хүндэд нь багтаар ёстой байдаг. Эрх зүйн байдлаа дордуулалгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Мөн би хийсэн хэрэг, өөрийн үйлдэлдээ огт маргаагүй. Маш их гэмшиж, алдаа гаргалгүй амьдрах чин хүсэлтэй байна. Гэвч хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмаар надад холбогдох хэргийн оролцогчдыг зөв тогтоож өгнө үү.

Нэг асуудлаар халхавчлан өөр гэмт хэрэг гарах боломж бүү олгооч. Бусдад ял завших боломж бүү олгооч. Мөн амьдралын эх үүсвэр гэдэг нь тухайн мөнгөөр амьжиргаагаа залгуулсан байхыг хэлдэг. Гэвч миний хувьд эдгээр мөнгөний зарцуулалтыг тооцоогүй байгааг мөн анхаарна уу. Иймд дээрх ойлгомжгүй байдлыг тодруулж, насанд хүрээгүй 2 хүүхдийн эх надад энэрч хандана уу. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Б.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт хохирлын тооцоо маш зөрүүтэй байдаг. Тухайлбал, хохирогч О.Маас авсан 890 долларыг валютын ханшны лавлагаа авахгүйгээр шууд 5.000.000 төгрөгөөр тооцсон. Оюунбилэгээс бичиг баримтаа гаргуулахаар 2 удаа өөрийн эзэмшлийн данснаас мөнгө шилжүүлсэн байхад түүний хадам эх О.Эыг хохирогчоор тогтоосон. Мөн хохирогч О.Энх-Амгалангаас 4.000.000 төгрөг авсан атал түүнд учирсан хохирлыг 4.200.000 төгрөг гэж илт зөрүүтэй тогтоосон. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр О.Быг яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдсэн талаар дурдаагүй. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолд О.Быг яллагдагчаар татахдаа хохирогч Мягмаржавыг огт дурьдаагүй атлаа В.М, С.Ч, Г.Г, Б.Б, У.Э, Б.О, Ш.Х, Д.Б, Р.О нарыг дурьдаж, хэрэгт огт авагдаагүй 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг бичиж, өөрчлөлт оруулж, хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч О.Быг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.Гаас 2.000.000 төгрөг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэтэл 1 хавтаст хэргийн 86 дугаар талд хохирогч Д.Ганбатаас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдолдоо “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг залилуулсан. ...” гэж бичиж, мэдүүлсэн атал прокурор эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол болон шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Г.Гын 2.000.000 төгрөг залилуулсан цаг хугацааг буруугаар бичсэн. Мөн БНСУ-ын виз гаргадаг байгууллагад ажилладаг 2 залуу анх хүмүүсийг визийг гаргах санааг гаргасан бөгөөд хүмүүсээс мөнгө авч байгаад удаагүй айгаад мөнгийг буцаагаад өгсөн. Гэтэл уг 2 залуугаас огт мэдүүлэг авч, шалгаагүй. Энэ талаар О.Б тайлбарладаг. Мөн Оюун-Эрдэнэ, Н.Э нар нь О.Бтай хамтарч хүмүүсээс мөнгө авсан байдаг. Гэтэл Н.Эг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Учир нь, уг хэрэг шалгагдаж эхлэх үед Н.Э, Оюун-Эрдэнэ нар нь айгаад хүмүүсээс авсан мөнгөнүүдээ буцааж өгсөн байдаг. Мөн шүүгдэгч О.Б давж заалдах гомдолдоо “...Би Ундрах, Буянхишиг, Дашдондог, Билигсайхан, Адархишиг, Оюунхишиг, Норов-Эрдэнэ нарыг би огт танихгүй. Эдгээр хүмүүсээс Н.Э мөнгө авч, итгэл үнэмшил төрүүлж байсан. ...” гэж дурдсан. Гэтэл Н.Эг иргэний нэхэмжлэгчээр тогтоосонд гомдолтой байна. Уг хэрэг маш замбараагүй бөгөөд хохирлын тооцоо 1 төгрөгийн ч зөрүүгүй байх ёстой. Миний үйлчлүүлэгч О.Б нь бусдыг залилсан үйлдэлдээ маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин “...хохирлын тооцоог зөв тооцож өгнө үү. ...” гэж хүсдэг. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгч О.Б нь огт танихгүй Д.Ундрах, Д.Б, Б.Дашдондог, Ц.Билигсайхан, Адархишиг, Д.Оюунхишиг, М.Норов-Эрдэнэ гэх хүмүүсийн хохирлыг барагдуулахаар болсон. Гэтэл иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Э “...би О.Бын өмнөөс зарим хохирогч нарт мөнгө төлсөн. Иймд би түүнээс мөнгө авах ёстой. ...” гэж өөр байр суурьтай байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Оюун-Эрдэнэ, Н.Э нар нь нийт 10 хүнээс 12.500.000 төгрөг авсан байдаг. Мөн О.Быг хохирогч Б.Огаас 900.000 төгрөг авч залилсан гэдэг боловч 800.000 төгрөг авсан байдаг. Прокурорт “...О.Бд холбогдох өөр хэргүүд байгаа. ...” гэж хэлсэн. Гэтэл прокурор хэргийг нэгтгэхгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Эгийн эзэмшлийн дансны хуулганы баримт авагдаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Билэгсайханд иргэний нэхэмжлэгч Оюунтуяад 500.000 төгрөгийг буцааж өгсөн ба 2.000.000 төгрөг, хохирогч Д.Бийн 1.500.000 төгрөг төлөгдөөгүй атал иргэний нэхэмжлэгч Оюунтуяад 8.500.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт ямар ч тооцоолол байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн, гүйцэт нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч намайг бусдыг залилсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл О.Б нь Оюун-Эрдэнэтэй нийлж намайг залилсан. Надад дансны хуулганы баримт байгаа. ...” гэв.

Хохирогч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би анхан шатны шүүх хуралдааны товыг мэдээгүй бөгөөд надад хэлээгүй, мөн шийдвэрийг ч гардаж аваагүй. ...” гэв.

Хохирогч Б.Дашдондог тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч Н.Э нь миний авга эгч юм. Н.Э нь надад “...виз гаргадаг хүмүүс байна. Эхнэр чинь БНСУ-руу явна гэж байсан. Визээ өгөх үү. ...” гэж санал тавьсан. Оюун-Эрдэнэ нь “...болохгүй бол эгч нь хохирлыг чинь барагдуулна. Виз чинь гарчихсан шүү. Очиж уулзаарай. ...” гэж хэлдэг. Би эгч Н.Эгийн хамт виз гарчихлаа гэж бодоод очиход ямар ч виз нь гараагүй байдаг. Бүр материалыг нь хүртэл өгөөгүй байсан. ...” гэв.

Хохирогч В.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч О.Бын эзэмшлийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоог хүртэл мөнгөө аваагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.

Прокурор Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэргийн 5 дугаар талд хэргийн 229 дүгээр талд Н.Эг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан баримт авагдсан. Мөн шүүгдэгч О.Б нь хохирогчоор тогтоогдсон 10 гаруй хүнийг танихгүй гэдэг. Шүүгдэгч О.Б нь тухайн хүмүүстэй уулзаж байгаагүй учраас таних боломжгүй. Учир нь, шүүгдэгч О.Б нь иргэний нэхэмжлэгч Н.Э, Оюун-Эрдэнэ болон өөрийн төрсөн хүүхдүүд болох Анх-Үжин, Тэмүүжин нарын дансаар дамжуулж тухайн хүмүүсээс мөнгө авдаг байсан. Мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө иргэний нэхэмжлэгч Н.Э нь өөрийн ойр дотны 7 хүнд “...гадаад улс руу ажилд зуучлахаар таньдаг хүн байгаа. ...” гэж тухайн 7 хүнээс мөнгө авч шилжүүлсэн. Хэрэгт авагдсан О.Бын яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэгт дээрх үйл баримтын талаар тодорхой мэдүүлдэг. “...Тухайн хүмүүсийн виз гарчихлаа. Визээ очиж аваарай. ...” гэж хэлж код явуулдаг. Хохирогч нар визээ авахаар очиход холбогдох байгууллагаас “...ийм материал, мэдээлэл огт ирээгүй. ...” гэж хариу хэлдэг. Үүний дараа О.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь мэдсэн. Иймд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Э нь тухайн хүмүүсийнхээ хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирлыг тооцоо маш зөрүүтэй байдаг. ...” гэж тайлбарласан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. ...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. ...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Б нь бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Шүүгдэгч О.Б нь 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад 89.530.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцооны баримт авагдсан бөгөөд хохирлын хэмжээ 89.430.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч И.Мд 8.500.000 төгрөг, хохирогч Г.Гад 1.100.000 төгрөг, хохирогч Г.Эд 4.500.000 төгрөгийг тус тус барагдуулсан. Үлдэгдэл 70.880.000 төгрөгийг хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгч Н.Эд 8.500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хохирлыг давхардуулсан, төлөгдсөн хохирлыг хасаагүй тооцсон, эрх зүйн байдлыг дордуулсан асуудал байхгүй. Шүүгдэгч О.Бын урьд үйлдсэн үйлдэл нь өөр дүүргийн прокурорын газарт шийдэгдсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 2023/ШЦТ/1294 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “...Валютын лавлагааг авалгүйгээр 890 долларыг 5.000.000 төгрөг гэж тооцсон. ...” гэж тайлбарласан. Шүүгдэгч О.Б, хохирогч О.М нар нь хоорондоо тохиролцож 892 долларыг тухайн үеийн ханшаар нь бодсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Иймд шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн О.Бд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны тэмдэглэл болон, шүүхийн тогтоолын бүрэлдэхүүн шүүгчийн нэр зөрүүтэй бичигджээ. 

Мөн нийт 27 хохирогчоос 6 хохирогчид тов мэдэгдсэн /7хх 157, 214/ ба давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Гын “анхан шатны шүүх хуралдааны тов мэдээгүй, шийтгэх тогтоол гардаж аваагүй” гэх тайлбар зэргээс үзэхэд хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэж, шийтгэх тогтоолыг гардуулсан нь тодорхойгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д “...энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй. ...” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “...Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана. ...” гэж тус тус хуульчилсан ба 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1294 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /7хх 241/, шийтгэх тогтоолд /8хх 1/ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй, уг дүгнэлтийн талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн дүгнэлт гаргасан иргэдийн төлөөлөгч Э.Мөнх-Одын нэрийг бичээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 18 дугаар талд шүүгдэгч О.Быг хохирол төлсөн гэж дүгнэсэн боловч хохирол төлсөн гэх баримт байхгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байх ба иргэний нэхэмжлэгч Н.Эг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэснийг зөрчжээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлийн “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” гэж хуульчилсныг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1294 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

                                        ШҮҮГЧ                                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ