Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/31

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

хохирогч Т.Ч, түүний өмгөөлөгч Г.Э,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Э-д холбогдох эрүүгийн 1817000050015 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, ...........  гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх А.Э /РД:.............../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 117 хашааны үүдэнд иргэн Т.Ч-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч А.Э нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 117 дугаартай хашааны үүдэнд хохирогч Т.Ч-ийн нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед байх хөдөө гэр лүүгээ явахаар машиндаа түлш авчихаад Б-ын дэлгүүртэй эгнээгээр өөрийнхөө эзэмшлийн 07-10 ГСА улсын дугаартай Портер маркын машинтайгаа хамт айл өвөлжиж байгаа Г гэх залуутай хамт явж байсан чинь Б-ын дэлгүүрийн үүдэнд 2 хүн зодолдоод хоорондоо муудалцаад байгаа харагдсан. Хажуугаар өнгөрөх гэтэл нэг нь миний танил Г гэх хүн байсан. Г-ийг нэг залуу түлхэж унагаад тоос шороотой холиод байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад очсон чинь Г-ийн зүүн билүү баруун билүү санахгүй байна нүднийх нь доод зовхиноос цус гарсан хувцас нь тоос шороо болсон байсан. Би очоод Г-ийг салгаж аваад нөгөө залууг нь заамдаж байгаад түлхэж унагаасан. Тэр залуу босож ирээд над руу дайраад байхаар дахиад заамдаж барьж аваад баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгсэн дэлгүүрээс Нгэх залуу гарч ирээд боль боль гээд салгасан. Тэгээд би машиндаа суугаад явах гэсэн чинь одоо энэ Ч гээд байгаа залуу зууралдаад тавихгүй байсан. Би Г ахыг тэндээс аваад дэнж рүү нэг айлд хүргэж өгсөн. Г ахын очдог айл юм шиг байна лээ. Би Ч гэх залуугаас арай гэж салаад машиндаа суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

1.3. Хохирогч Т.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н ахтай уулзаад айлд очиж ганц юм уусан. Н ах банкнаас мөнгө авна гэхээр банк орж мөнгийг нь авсан. Тэгээд дэнжийн айлд очиж архи уусан. Тэгээд Б-ын дэлгүүрээс архи тамхи авах гээд явсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй, Н ахад мөнгө байсан. Г ахтай дэлгүүрийн гадаа зогсож байтал Г ах чи дандаа хүний юм уугаад байх юм, одоо архи ав гэсэн. Би байгаа үедээ авдаг гэж хэлээд таталцаж түлхэлцээд байж байсан. Энхбаяр ахад бид хоёр зодолдож байгаа юм шиг харагдсан юм шиг байна. Гэтэл Э ах ирээд чи яагаад байгаа пизда вэ гэсэн. Би Эр ахыг урьд нь зүс мэддэг байсан болохоор Б ах юу байна гэж хэлсэн. Гэтэл Э ах чи яагаад байгаа юм гээд зодох шинжтэй байхаар нь би зодуулж магадгүй гээд хойшоо ухарсан. Ухарч яваад чулуунд тээгэлдээд унасан. Тэгтэл дээр гарч суугаад намайг 2-3 удаа цохисон. Миний цамцнаас урсан, нэг цохилт хүчтэй орсон болохоор манараад босч ирсэн. Тэгээд Н ах ирж салгасан. Би найзындаа очиж шүд амаа угаачихаад гэртээ очиж унтсан гэв.

1.4. Гэрч Ц.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед би гэртээ байж байхад манай хүү Ч гаднаас гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ жоохон архи үнэртүүлсэн байсан. Би тухайн үед архи уулаа гэж жоохон зэмлэсэн. Ч ороо засаад унтаад өгсөн. Ч ямар нэгэн зүйл хэлээгүй унтсан. Би ч сайн анзаарч хараагүй. Маргааш өглөө нь босоод ажилдаа явахад Ч унтаж байсан. Манай нөхөр Т надад Ч-ийн шүд нь өвдөөд байна гэж утсаар хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой Т над руу залгаад Ч-ийн эрүү нь хугарсан байна гэж хэлэхээр нь би яагаад эрүү нь хугарсан байдаг юм бэ гэхэд хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Ч-оос өөрөөс нь асуухад 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Рэгцэгийн 1-р гудамжинд Б-ын дэлгүүрийн орчим нэг танихгүй хүнтэй үл ойлголцох зүйлээс үг сөрөлцөөд зогсож байсан чинь хажуу талаар явж байсан Портер маркийн машин зогсоод дотор талаас нь Ярзага Б гэх залуу бууж ирээд үгийн зөрөөгүй миний баруун талын шанаа эрүү хэсэг рүү гараараа 2 удаа хүчтэй цохиод авсан. Миний хажууд Н ах, жижиг Ширмээ 2 байж байгаад салгасан гэж надад хэлсэн. Ч-ийг газар унатал нь цохисон гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгээс 13А маягт аваад Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хагалгаанд ороод хугарсан эрүүгээ хадуулсан. Одоо эмнэлэгтээ хэвтэж байгаа. Хагалгааны зардал болон эм тарианд мөнгө их гарч байна. Ярзага Б гэх залууг Ч зүс мэдэх юм байна лээ. Түүнээс сайн танихгүй гэсэн. Ярзага Б гэх залуугаас хүүгийнхээ эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн цаашид эмчлүүлэх шаардлага гарна байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

1.5. Гэрч Н.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ажлаасаа бууж ирээд унтах гээд хэвтэж байхад 21 цагийн үед манай хүү Ч гаднаас орж ирж байгаа бололтой байсан. Тэгээд гал тогоонд байгаад байсан. Би тэгээд унтаад өгсөн байсан. Маргааш өглөө босоод харахад Чинзоригийн баруун шанаа хавдсан байгаа харагдахаар нь яасан талаар асуухад өчигдөр орой Рэгцэгийн 1-р гудамжинд Б-ын дэлгүүрийн орчим нэг танихгүй хүнтэй үл ойлголцох зүйлээс үг сөрөлцөөд зогсож байсан чинь хажуу талаар явж байсан Портер маркийн машин зогсоод дотор талаас нь Ярзага Б гэх залуу бууж ирээд үгийн зөрөөгүй миний баруун талын шанаа эрүү хэсэг рүү гараараа 2 удаа хүчтэй цохиод авсан. Миний хажууд Н ах, жижиг Ширмээ 2 байж байгаад салгасан гэж надад хэлсэн. Ч-ийг газар унатал цохисон гэж хэлсэн. Тухайн үед би жоохон зэмлээд орхисон. Тэрнээс хойш шүд өвдөөд байна гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4 дүгээр байранд байдаг шүдний эмнэлэгт үзүүлсэн. Шүдний эмч үзээд эрүү нь хугарсан юм биш үү гэж хэлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан юм байна лээ. Тэгээд аймгийн эмнэлэгт үзүүлж эрүү нь хугарсан талаар мэдсэн. Мөн 2 араа шүд хугарсан байна гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнөдөө халуураад хоносон. Тэгээд маргааш нь эмнэлэгээс 13А маягт аваад Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт очоод хэвтсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хагалгаанд ороод эрүүгээ хадуулсан. Хагалгааны зардал болон эм тарианд мөнгө их гарч байна. Ярзага Б гэх залуугаас хүүгийнхээ эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн цаашид эмчлүүлэх шаардлага гарна байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

1.6. Гэрч Б.Г  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Энхбаяр ахтай хамт хөдөө явахаар Э ахын 07-10 ГСА улсын дугаартай Портер маркийн автомашинтай Б-ын дэлгүүртэй эгнээгээр явж байсан. Б-ын дэлгүүрийн урд нэг залуу нэг настай ахыг хавирч унагаагаад дээрэлхээд байгаа харагдсан. Тэгсэн Э ах машинаа зогсоогоод тэр залууд чи яагаад настай ахыг цохиж зодоод дээрэлхээд байгаа пизда вэ гэсэн. Тэгсэн нөгөө залуу хэн цохиж дээрэлхсэн юм бэ гэсэн. Э ах машинаас буугаад тэр залуугийн өөдөөс очсон. Тэгээд Э ах тэр залуутай маргалдаж байгаад салаад машин руугаа очсон. Тэр залуу Э ахын араас юм хэлэх шиг болсон. Э ах эргээд нөгөө залуу дээр очиход тэр залуу ухарч байгаад хий гишгээд газар унаад өгсөн. Тэр залуу өөрөө нилээн согтуу байсан болохоор Э ахыг нэг бол ах гээд нэг бол хөөе чи гээд дуудаад байсан. Би машинаас буугаад очсон чинь Э ах, тэр залуу хоёрын хажууд байсан 2-3 хүн салгаж байсан. Би Э ахыг явья гээд аваад явсан. Дээрэлхүүлж байсан хөгшин ахыг Э ах хүргэж өгөх үү гэсэн тэгье гээд дэнжрүү нэг айлд хүргүүлээд буусан. Тэгээд Э ах бид 2 хөдөө гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

1.7. Гэрч Н.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр Чандмань дэлгүүр, Б-ын дэлгүүрийн хавьд архи уудаг хүмүүстэй архи уусан. Би архи уусныхаа дараа зарим зүйлийг санадаггүй юм. Тухайн өдөр Б-ын дэлгүүрийн хажууд нэг залуутай маргалдаж байснаа санаж байна. Тэр залуу намайг түлхэж унагаад байсан юм. Тэр залууг танихгүй залуу байсан. Нэг мэдсэн Э ирчихсэн тэр залууг түлхэж байгаа харагдсан. Э намайг явья гэж байсан. Би тэгээд юу болсон талаар санахгүй байна. Тухайн үед хажууд ямар хүмүүс байсныг бас санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

1.8. Гэрч А.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би Ч, Ш нартай Балданзасаг зах дээр тааралдсан. Тэгээд М гэдэг айлд очиж архи уусан. Замаараа Чандмань дэлгүүрийн хажууд Г тааралдаад Г-ийг дагуулаад М-ын гэрт очиж 1 шил архи уусан. Мандахынд очоод архиа ууж дуусгаад М-ын гэрээс Ч, Г, Ш бид нар гараад Рэгцэгийн эгнээнд байдаг Б-ын дэлгүүр дээр очсон. Ш бид 2 дэлгүүр лүү ороод нэг шил архи аваад гараад ирсэн чинь Чинзориг Ярзага Б-тай муудалцаад зогсож байхаар нь би очоод салгасан. Ярзага Б Портер машинтай явж байсан. Тухайн үед Ч-ийн амнаас цус гарч байгаа харагдсан. Ч газар унасан байсан. Тэр Портертой залуу салаад яваад өгсөн. Ч мөн явлаа гээд яваад өгсөн. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

1.9. Гэрч Ш.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Ч гэх хүн ирж үзүүлсэн. Үзүүлэхдээ өвдсөн шүдээ авахуулах гэсэн юм гэсэн. Ч-ийн шүдийг үзэхэд баруун талын эрүү хавдартай, ам ангайлгалт хязгаарлагдсан, баруун чихэн доорх эрүүний булчирхай хавдсан, нүүрний тэгш хэм алдагдсан, арьс гөлгөр улаан, баруун талын салст улайсан байсан. Би Ч-оос чи ямар нэгэн гэмтэл авсан уу гэхэд 2 хоногийн өмнө эрүүгээ цохиулсан гэж хэлсэн. Ч-ийн 48-р шүдийг тогшиж үзэхэд хөндүүр, цооролгүй бүрэн шүд байсан. Ч-ийн эрүү хугарсан нь илт байсан. Би Ч-т чиний эрүү хугарсан байна, хугарал дайрсан шүдийг чинь анхан шатны тусламж үзүүлээд авах ёстой гэж хэлээд 48-р шүдийг нь аваад, эм бичиж өгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүл гээд би өөрөө нэгдсэн эмнэлэг рүү утсаар яриад эрүү нь хугарсан хүн байна танай руу явууллаа, яаралтай зургийг нь аваад 13-р маягтаар Улаанбаатар хотын 1-р эмнэлэг рүү явуулахаар хүн байна гэж хэлсэн. Ч-т мөн чи яаралтай эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явж үзүүл гэж хэлсэн. Би үрэвсэл дарах эм бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

1.10. Гэрч Ш.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2018 он гараагүй байсан. Худалдаа хийж байгаад дэлгүүрийн урд цонхоор харсан чинь дэлгүүрийн төмөр хашааны гадна талд цэнхэр өнгийн Портер машин зогсож байсан. Тэр машины хажууд Б гэх залуу нэг залууг түлхээд унагааж байгаа харагдсан. Б тэр Портер машин руу очиж байгаа харагдсан. Нөгөө залуу наанаас нь очиж байсан. Тэгээд нэг харсан явцгаасан байсан. Хажууд нь Г гэж хөдөөний хүн согтуу байгаа харагдсан. Нэг удаа түлхэж байсан, цохиж зодсоныг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

1.11. Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Шинэ жил болохоос өмнөхөн Н, Шг, Ч, Г нар манайд ирсэн. Ч-ийг тэгэхэд зүс харсан. Тэр хэд манайд нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авчирч ууцгаасан. Тэр архийг ууж дуусгаад Рэгцэгийн 1-р гудамжинд байдаг Б-ын дэлгүүр орохоор 15-16 цагийн үед манайхаас гарсан. Би тамхи авахаар хамт явсан. Би Б-ын дэлгүүр лүү Н, Ш нарын хамт орчоод гараад ирсэн чинь Ярзага Б гэх залуу дэлгүүрийн гадаа Ч-ийг газар унагаасан байсан. Ч-оос яасан талаар асуусан чинь Ярзага Б намайг газар унагаагаад зодчихлоо гэсэн амнаас нь цус гарсан байсан. Н Э-ыг салгаад явуулсан. Ч тэндээс бид хэдээс салаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

1.12. Гэрч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр оршин суугаа газраасаа алга болсон А гэх эмэгтэйг хайгаад хаяг шалгаад явж байхад жижүүрээс зодуулсан байдалтай хүн ирсэн ирж уулз гэсэн. Тухайн үед хэзээ хаана зодуулсан юм бэ гэхэд 2 хоногийн өмнө зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадуур ажилтай явж байна , ажилаа дуусахаар очиж уулзая хаяг утасны дугаарыг нь аваад үлдчих гэж хэлсэн. Тэгээд ажлаа дуусгаад Ч-ийн гэрт нь очиж уулзахад Ч 2 хоногийн өмнө Б-ын дэлгүүрийн үүдэнд Ярзага Б гэх хүнд зодуулсан. Тэр хүнийг би танина маргааш уулзаж байгаад больё. Улаанбаатар хот явах эмчилгээний зардлаа авчих юм бол өргөдөл гомдол гэх зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр нь би Ч-т утасныхаа дугаарыг үлдээчихээд маргааш Э-тай уулзчихаад надтай ирж уулзаарай гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь Чнад руу залгаад Б-тай уулзаж чадсангүй, миний эрүү улам өвдөөд байна гэхээр нь тэгвэл ажил дээр хүрээд ир, өргөдлөө өг гэж хэлсэн. Ч хүрээд ирэхээр нь Л хошуучтай уулзуулаад орхисон. Намайг гэрт нь очиход Ч шүдээ зуусан байдалтай ярьж байсан. Өвчин намдаах эм уучихаад хэвтэж байна гэж байсан. Маргааш өглөө нь Ч-ийг ирэхэд харахад эрүү нь хавдсан юм шиг харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

1.13. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1207 дугаартай дүгнэлтэнд:

- Т.Ч-ийн биед эрүү ясны баруун булангийн 48-р шүдний ёзоор дайрсан ташуу зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Э гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/

1.14. Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №60 дугаартай дүгнэлтэнд:

- Н.Г-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний эмнэлгийн шинжээч эмч Б.Сгэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/

            1.15. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/

            1.16. Хохиролын тооцоо /хх-ийн 75-80 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч А.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

А.Э дөлгөөхөн зантай. Хүнтэй эвсэг харилцаатай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи огт амсахаа болиод 2 жил болж байгаа. Урд нь хэрэг зөрчилд миний мэдэхээр холбогдож байгаагүй. Амьдрал ахуйн хувьд хөдөө хэдэн мал маллаад амьдардаг. Морь уях сонирхолтой сумын алдарт уяач болж байсан. Хүнтэй маргаж муудаад байдаггүй, найз нөхөддөө үнэнч, хүнд их тусархуу... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

2.2. Гэрч У.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Э-ын хувьд хүнтэй мэндтэй, эвсэг харилцаатай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу. Э өөрөө хөдөө мал маллаж амьдардаг. Морь уях сонирхолтой. Сумын алдарт уяач болж байсан. Хүний үгэнд оромтгой. Э-ын хувьд жоохон хөнгөн зантай. Архи амсахаа болиод нилээн хэдэн жил болж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

2.3. А.Э Б.П нарын гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар, Э.А, Э.Б, Э.А нарын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 52-55 дугаар хуудас/

            2.4. Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/

2.5. Хохиролын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 87 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Т.Ч-т  төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Иймд шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Э-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

            Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Хохирогч Т.Ч болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь “шүдний техникчтэй хийх тооцоо” гэх 5 000 000 /таван сая/  төгрөгний баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг төлбөр нь бодитоор гарсан зардал биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ч нь 5 000 000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.