Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1038

 

 

 

 

      2023          10            26                                       2023/ДШМ/1038

 

Б.Бд холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Г,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/659 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2305014351226 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  Б.Б, 1993 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйч мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депод машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээниий буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, /РД: ................/;

Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Нтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаах зэргээр биед нь халдаж зулайн  хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн  хариуцлагын зорилго нь ... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол мөнгийг төлсөн болон үлдсэн хохирол мөнгөө төлөхөө илэрхийлж байгааг ойлгоно.” Шүүдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Шүүгдэгчид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь дээрх хуулийн заалт, эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулахдаа “тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломж, тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан” оногдуулах учиртай. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг нь хязгаарлаж байна. Шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг хийснээр одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөсөө гарах, цаашлаад гэр бүлээ тэжээн тэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүргэх юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үздэг. Шүүгдэгчийн хувьд тодорхой ажил төрөл эрхэлдэг Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2016 оноос хойш ажилладаг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр ирсэн ба шүүгдэгчийн нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолтоор нотлогдох болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх бөгөөд тус шийтгэх тогтоолын 6 дахь талд “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдлийг ухамсарлахгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна” гэжээ. Энэхүү шүүхийн дүгнэлт нь дээрх хуулийн зохицуулалтыг үгүйсгэж байгаа. Иймд шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйл хэсэгт заасан торгох эрүүгийн хариуцлагын төрлөөр сольж, Баянгол дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 659 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Юуны өмнө та бүхний ажилд хүндрэл учруулж, цаг завыг үрж байгаадаа уучлалт хүсэж байна. Миний бие цалингийн зээлтэй, урьдчилгаа цалингаараа амьдардаг гэж хэлж болно. 7 дугаар сард би ээлжийн амралтаа авсан. Манай ажил ажиллах хүчгүй болсон гэж буцааж ажилд маань оруулсан. Нийтэд тустай ажлыг би хийж чадахгүй биш, чадна. Би гэртээ ирээд 24 цаг амардаг. Мэдээж шөнө дунд, өглөө, орой дуудагддаг, тогтворгүй, хэцүү ажил хийдэг. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр маань хүүхдүүдээ хардаг. Хамгийн бага хүүхэд маань 1 нас 9 сартай. ...” гэв.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Бын хувьд үйлдсэн гэмт хэрэг, гэм буруудаа маргадаггүй ч анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тохирсон. Шүүгдэгч Б.Б нь өмнө нь хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээр 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь торгууль төлөөд болдог гэсэн ойлголтыг авсан гэдгийг харуулж байна. Тэгэхээр шүүгдэгч Б.Быг торгох ялыг ял шийтгэл гэж хүлээж авахгүй байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх байдаг. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тохирч байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Нтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаах зэргээр биед нь халдаж зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч П.Нийн “... Тэгээд үлдсэн Ц , М, Б.Б, бааранд танилцсан залуугийн хамт дуулж байгаад өглөөний 7 цагийн үед караокеноос гарсан. Б.Б гарахдаа надтай тооцооны тал дээр хэл ам үүсгээд байсан. Тэгэхээр нь би анх авахдаа бүх төлбөр тооцоогоо төлчихсөн гээд хэлэхэд бас л намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Мягмарханд бид 2 Алтантөгрөгийн хажуу талаас такси бариад суусан чинь үлдсэн 2 залуу араас шахаад ороод ирсэн. Тэгээд Ахуйн үйлчилгээнээс баруун 4 зам руу уруудаж явахад Б.Б хажуунаас намайг шууд үснээс зулгаагаад доош нь дараад өвдөглөөд ямар ч үгийн зөрүүгүй миний бие рүү нилээн цохиод байсан. Тэгээд үснээс тасралтгүй зулгаагаад салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Такси зогсоод Ц араас нь арай гэж нэг юм татаад хажуугаас нь таксины жолооч хамжиж байж зогсоосон. ... “ /хх 14-15/,

гэрч Г.Цын “... тооцоо хийхээр болоход Нямка Б.Б хоёр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд Б.Б, Нямка, Мягмархандын хамт Алтантөгрөг худалдааны төвийн ойролцоогоос такси бариад гэртээ харих гээд явж байхад Б.Б, Нямка хоёр учиргүй хоорондоо зодолдоод барилцаад байсан. ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4160 дугаар “... П.Нийн биед зулайн хуйханд үс халцрал, зүүн нүдний гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх 24-25/  гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Гаас “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялын төрөл тохирсон, үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг дахин үйлдэж, ял шийтгүүлж байгаа байдал, гэмт үйлдлээ ухамсарлахгүй давтан үйлдэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

  Харин шүүгдэгч Б.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгон хөнгөрүүлж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/659 дугаар шийтгэх тогтоолын хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ   

                                               ШҮҮГЧ                                       М.АЛДАР

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ