| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00956/И |
| Дугаар | 317/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 317/ШШ2025/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, **** дүгээр хороо, **** дугаар байрны **** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ***** овогтой Ш*****н Т*****, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, **** дугаар байр, *** тоотод байрлах, регистрийн дугаар *****, “******” ХХК нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймаг, ***** сум, 1 дүгээр баг, ***** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, регистрийн дугаар *****, ***** овогтой Г*****н Ч*****т холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ш.Т*****н нэр төрийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээрээ уучлалт гуйхыг даалгах, “Х*****” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээрээ уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Ш.Т*****, Иргэдийн төлөөлөгч: Д.Н*****, Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Э.Энхзул.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ш.Т***** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш*****н Т***** миний бие Төв аймгийн ***** суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ үйл ажиллагааны чиглэлээр “Х*****” ХХК-ийн захирал ажилтай, газар тариалангийн үйл ажиллагааг энэхүү компанийн нэр дээр зохион байгуулан ажилладаг. 2024 оны 05 сарын эхээр газар тариалангийн үйл ажиллагааг бусадтай хамтран зохион байгуулахаар ярилцаж, бэлтгэл ажлыг хангаж, тариалах газраа судлах зэрэг ажлуудыг тохиролцох, цаашлаад сум орон нутгаасаа Газрын тухай хуулийн дагуу газар ашиглуулах зөвшөөрлийг хүсэх тухай албан бичиг илгээх, гэрээ байгуулах зэрэг асуудлыг уламжлах тухай тохиролцох зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байтал Төв аймгийн ***** сумын ****** Г.Ч***** нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн "*****" гэх фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт буюу "LIVE" хийж, “Төв аймгийн ***** суманд Өвөрмонгол, Хятад иргэд орж ирж ажил хийж байгаа тухай мэдээллийг товчхон өгье. 5 сарын эхээр “Х*****” ХХК-ийн Ш.Т***** Өвөрмонголчуудтай хамтарч тариалалт хийх гэж байна гэсэн мэдээллийг ард иргэдээс ирүүлсэн. Энэ сум орон нутагт төрж өссөн хүний хувьд арай ч Хятадуудтай хамтарч ажиллахгүй байлгүй дээ гэж бодож байсан. 5 сарын сүүлээр 4 Өвөрмонгол хэдэн техник авчираад, хавалт хийгээд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Сумын Засаг дарга ажлын хэсэг байгуулаад газар дээр нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай хяналт шалгалт хийгээд очиход Монгол хүн байгаагүй. Өвөрмонголчууд байсан. Мэдэхгүй, мэдэхгүй гэдэг үг хэлсэн. “Х*****” ХХК нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа. 2022 оноос хойш газрын татвараа төлөөгүй. Хянан баталгаа хийлгээгүй. Сүүлийн 2 жилд талбай дээрээ ашиглалт явуулаагүй зэрэг Газрын тухай хууль зөрчсөн учраас сумын Засаг дарга сонсох үйл ажиллагаа явуулах захирамжаа гаргасан. Миний бие 3 дахь өдөр (2024-05-23) мэдэгдсэн. Тэр өдөр нь бурхан багшийн Их дүйчин өдөр амралтын өдөр байсан. 5 дахь өдөр алба цуглаж холбогдох хүмүүс нь ирж уулзсан байгаа. Уулзаад байж байтал дахиад хөдөөний 5 дугаар багаас Хятадууд ажиллаж байна. Хор цацаад явж байна. Тариалалт хийх гэж байна. Хятадууд, Өвөрмонголчуудыг хөөгөөчээ гэдэг мэдээллийг мөн өгсөн. Сумын Засаг дарга Хятадууд, Өвөрмонголчуудыг ямар зорилгоор, хаанаас авчирч ажиллуулж байгааг тодруулахаар мэргэжилтнүүдийг явуулж албан мэдэгдлийг хүргүүлсэн. Хэдэн хүний эрх ашгаас болж нийт иргэдийн эрх ашиг, малчид, тариаланчдын эрх ашгийг хөндөж боломгүй байна. Бид бүхэн газрыг түрээслэж болохгүй гэж байгаа юм биш. Түрээслэхдээ Монгол хүндээ түрээслээчээ, хуулийн дагуу түрээсийн гэрээгээ сумын Засаг даргаар батлуулаач. Хуулийн дагуу яваач гэдэг шаардлага тавьж байгаа. Нэг жил 10 хятад ирнэ. Дараа нь жил нь 20 хятад ирнэ. 3000 хүн амтай ***** сум хятадаар дүүрлээ. Ах нь дүүтэйгээ нийлээд Төв аймгийн ***** суманд Хятад, Өвөрмонгол ажилчдыг авчираад ***** суманд ажиллуул гэж *****уралд сонгоогүй байх гэж бодож байна. Энэ хариуцлагатай албан дээр ажиллаж байгаа *****урлын төлөөлөгч хүн ёс зүйн ухамсартай байж авчирсан хятад, Өвөрмонголчуудаа буцаагаач гэж *****ийн олон түмний өмнөөс шаардаж байна. Ирэх 7 хоногийн 3 дахь өдөр сумын *****-ын зөвлөлийн хуралдааныг зарлана. Зарлаад ээлжит бус 21 төлөөлөгч оролцоно. Шууд лайв хийнэ. Газрын тухай хуулийг зөрчсөн “Х*****” ХХК-тай сумын Засаг дарга сонсох үйл ажиллагааг явуулах захирамжаа гаргасан. Иргэд олон түмэн энэ нээлттэй хуралдаан дээр сууж, газрын ямар, ямар хуулийг зөрчсөн гэдгийг *****-аас асууж мэдээллийг аваарай. *****-ын 21 төлөөлөгч орон нутагт ажиллаж байгаа хужаа нарыг хөөж гаргахын тулд Газрын тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг бол миний хувьд цуцлах байх гэж бодож байна. Цуцлах талаар бол сумын Засаг даргад өргөн барих байх. Ямар ч гэсэн хурлыг зарлана. Иргэдэд ил тод нээлттэй хуралдааныг явуулна гэдгийг хэлье" гэсэн худал ташаа мэдээлэл тараасан. Гэтэл “Х*****” ХХК нь Хятад улсын иргэн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй. Монгол улсын хуулийн этгээд болох компанитай газар ашиглуулах түрээсийн гэрээ байгуулж, тэр тухайгаа сум орон нутгийн Засаг даргад мэдэгдэх, уламжлахаар хэлэлцээрийн шатанд явж байсан. Гэтэл сумын *****-ын дарга хүн өөрийн үзэл бодлыг тулгаж, ***** сумын нийт иргэдэд “Х*****” ХХК нь олон хууль зөрчсөн гэж хэлж, Хятад, Өвөрмонгол иргэнтэй гэрээ байгуулсан мэтээр миний нэр төр, ажлын нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Г.Ч***** нь өөрийн фэйсбүүкээр удаа дараа миний болон компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсанд их гомдолтой. Түүнээс улбаалан хэд хоног нойргүй байж, сум орон нутгаар явахад тайван явах боломжгүй, хүн алж, хүрээ талсан хүн шиг ард иргэд надад хандаж, харьцаж байсан. Иймд сэтгэл санааны маш их хохирол болон бизнесийн үйл ажиллагаанд их саад учруулж, мөн тэр хэмжээгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Г.Ч***** нь өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан “ ... ард иргэдээ болгоомжтой байгаарай. Хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулаарай. Хүүхэд хулгайлах вий” гэсэн агуулгатай мэдэгдлийг мөн оруулж байсан. Би тариалангийн газрынхаа 400 га талбайг Монгол улсын “******” ХХК-ны захирал Б.Б*****д түрээслүүлэхээр гэрээ байгуулж, уг компани БНХАУ-аас авсан трактораа засуулахаар 2 өвөрмонгол ажилчныг ***** суманд дуудаж хэд хоног ажиллуулсан юм билээ. Гэтэл Г.Ч***** нь үүнийг нягтлалгүй намайг, манай компанийг суманд хятадууд оруулж ирж сумыг хятадын эрлийзээр дүүргэх нь гэсэн утгатай live хийж, үүнийг нь 7200 хүн үзэж, 254 хүн лайк болон бусад эможи дарж, 48 сэтгэгдэл бичсэн, 70 хүн бусдад түгээж хуваалцсан. Үүнээс үүдээд манай компанитай түрээсийн гэрээ байгуулах гэж байсан компани гэрээгээ цуцалсан. Энэ нь цэвэр гүтгэлэг, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан миний болон компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, албан ёсоор уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв. Хариуцагч Г.Ч***** шүүхэд болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** сумын *****-ын дарга миний бие нь тус сумын “Х*****” ХХК, “*****” ХХК /захирлууд нь ах дүү хоёр/ хаврын тариалалт явагдаж байх үед БНХАУ-ын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авчирч, газраа ашиглуулж, эзэмшүүлж байгаа зөрчлийн талаар өөрийн цахим хаягнаас видео бичлэг хийж олон нийтэд хүргэн сумын *****-ын ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ асуудлын мөрөөр сумын засаг дарга ажлын хэсэг байгуулан сонсох ажиллагааг зохион байгуулж, дүгнэлтийг сумын *****-ын ээлжит бус 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын засаг даргад тэмдэглэлээр 6 заалт бүхий хугацаатай үүрэг, чиглэл өгсөн болно. ***** сум нь газар тариалангийн бүс нутаг учир газар тариалантай холбоотой маргаан, гомдол санал их гардаг. Тухайн үед иргэдээс “Ш.Т*****ын тариалангийн талбайд хятад хүмүүс ажиллаж тариалалт хийж байна. Хятад хүмүүс шөнийн 22 цагийн үед дэлгүүрээс архи аваад явж байна” гэх мэдээлэл утсаар надад ирсэн. Ингээд сумын засаг дарга ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн 2 мэргэжилтэн тариалангийн газар дээр нь очиход 2 хятад иргэн байсан, монголоор ярьж чадахгүй, мэдэх хүн байхгүй байна гэж ирсэн. Газар эзэмшигч иргэн, ААН нь газраа бусдад түрээслүүлэхдээ сумын засаг даргад түрээсийн гэрээгээ бүртгүүлж ажиллах ёстой. Гэтэл “Х*****” ХХК газрын түрээсийн гэрээгээ бүртгүүлээгүй, газрын татвараа төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Хятад хүмүүсийг оруулж ирж ажиллуулж байгаад нь ямар нэгэн арга хэмжээ аваач гэж сумын иргэд шаардаж байсан. Иймд миний бие 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр энэ талаар видео бичлэг хийж фейсбүүкт тавьсан нь үнэн. Бичлэгийн утга нь “***** сумаас хятад иргэдийг гаргана уу” гэсэн утга бүхий бичлэг юм. Энд ***** сумын 2,000 гаруй иргэдийн эрх ашиг яригдаж байгаа. Хятад, Өвөрмонгол хүмүүсийг ажиллуулж байна гэж ярьсан нь үнэн, тэгээд бичлэгээ 5-6 хоногийн дараа устгасан. Бичлэг оруулчихвал Хятад иргэдийг явуулчих болов уу гэж бодсон. Тэр хятад, өвөрмонгол хүмүүс яг ямар учиртай, хэн оруулж ирснийг нь сайн нягтлаагүй. Ш.Т*****ын газар дээр ажиллаж байсан тул түүнийг л оруулж ирсэн гэж бодсон. Одоо нэхэмжлэгчээс амаар уучлалт гуйж байна. Мөн бичгээр пост оруулах хэлбэрээр уучлалт гуйж болно. Гэхдээ цаашид буруу жишиг тогтох вий гэж бодож байна. Иймд фейсбүүкт бичлэг, /Live/ хэлбэрээр уучлалт гуйх боломжгүй байна. Сонгуулийн үеэр намайг ийм байдлаар хандсан байна гэж иргэд буруу ойлгоно. Аливаа ажлыг хянаж, нягталж хийхээ ойлгож авсан. Гэхдээ би иргэдийнхээ төлөө явснаасаа болж буруутай, уучлалт гуйх байдалд ороод байна гэв. Иргэдийн төлөөлөгч Д.Н***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.Ч***** уучлалт гуйх нь зөв. Сонин дээр бичээд уучлалт гуйхад болохгүй юм байхгүй гэж бодож байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Ш.Т*****, “Х*****” ХХК нар нь хариуцагч Г.Ч*****т холбогдуулан иргэн Ш.Т*****ын нэр төрийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээр уучлалт гуйхыг даалгах, “Х*****” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, анх тараасан хэлбэр, хэрэгслээр уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 3. Нэхэмжлэгч Ш.Т*****, “Х*****” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Төв аймгийн ***** сумын *****Г.Ч***** нь өөрийн фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт буюу "LIVE" хийж иргэн Ш.Т***** миний болон “Х*****” ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Би тариалангийн газрынхаа 400 га талбайг Монгол улсын “*****” ХХК-ийн захирал Б.Б*****д түрээслүүлэхээр гэрээ байгуулж, уг компани БНХАУ-аас авсан трактораа засуулахаар 2 өвөрмонгол ажилчныг ***** суманд дуудаж хэд хоног ажиллуулсан юм билээ. Гэтэл Г.Ч***** нь үүнийг нягтлалгүй намайг, манай компанийг суманд хятадууд оруулж ирж сумыг хятадын эрлийзээр дүүргэх нь гэсэн утгатай live хийж, үүнийг нь 7200 хүн үзэж, 254 хүн лайк болон бусад эможи дарж, 48 сэтгэгдэл бичсэн, 70 хүн бусдад түгээж хуваалцсан. Үүнээс үүдээд манай компанитай түрээсийн гэрээ байгуулах гэж байсан компани гэрээгээ цуцалсан. Худал мэдээлэл түгээж миний болон манай компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсанд их гомдолтой байна” гэв. 4. Хариуцагч Г.Ч***** нь дараах тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан. Үүнд: “ ... ***** сум нь газар тариалангийн бүс нутаг учир газар тариалантай холбоотой маргаан, гомдол санал их гардаг. Тухайн үед иргэдээс “Ш.Т*****ын тариалангийн талбайд хятад хүмүүс ажиллаж тариалалт хийж байна. Хятад хүмүүс шөнийн 22 цагийн үед дэлгүүрээс архи аваад явж байна” гэх мэдээлэл утсаар ирсэн. Ажлын хэсгийн 2 мэргэжилтэн тариалангийн газар дээр нь очиход 2 хятад иргэн байсан, монголоор ярьж чадахгүй, мэдэх хүн байхгүй байна гэж ирсэн. ...Хятад хүмүүсийг ажиллуулж байгаад нь ямар нэгэн арга хэмжээ аваач гэж сумын иргэд шаардаж байсан. Иймд миний бие 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр энэ талаар видео бичлэг хийж фейсбүүкт тавьсан нь үнэн. Хятад, Өвөрмонгол хүмүүсийг ажиллуулж байна гэж ярьсан, тэгээд бичлэгээ 5-6 хоногийн дараа устгасан. ... Тэр хятад, өвөрмонгол хүмүүс яг ямар учиртай, хэн оруулж ирснийг нь сайн нягтлаагүй. Ш.Т*****ын газар дээр ажиллаж байсан тул түүнийг л оруулж ирсэн гэж бодсон. Одоо нэхэмжлэгчээс амаар уучлалт гуйж байна. Мөн бичгээр пост оруулах хэлбэрээр уучлалт гуйж болно. ... Фейсбүүкт бичлэг, /Live/ хэлбэрээр уучлалт гуйх боломжгүй байна. Сонгуулийн үеэр намайг ийм байдлаар хандсан байна гэж иргэд буруу ойлгоно” гэв. 5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 5.1. Хариуцагч Г.Ч***** нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ***** гэх фейсбүүк хаягаар видео бичлэг хийж “***** сумын иргэн Ш.Т***** нь хятад хүмүүсийг суманд оруулж ирж, өөрийн “Х*****” ХХК-ийн тариалангийн газарт хятадуудыг ажиллуулж байна” гэх утга бүхий бичлэгийг фейсбүүк сүлжээнд байршуулсан. Уг дүрс бичлэгийг 8,300 хүн үзэж, 266 хүн лайк болон бусад эможи дарж, 47 хүн сэтгэгдэл бичсэн, 72 хүн бусдад түгээж хуваалцсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, CD бичлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 5.2. Уг үйл явдлаас улбаалан нэхэмжлэгч “Х*****” ХХК-ийн “*****” ХХК-тай байгуулах “Газар тариалангийн талбайн түрээсийн гэрээ” цуцлагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн № ***** дугаартай гэрээ, “*****” ХХК-ийн түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-45-46, 50/ 6. Хариуцагч нь өөрийн фейсбүүк хаягаар “***** сумын иргэн Ш.Т***** нь хятад хүмүүсийг суманд оруулж ирж өөрийн тариалангийн газарт ажиллуулж байна” гэх бичлэг хийж фейсбүүк сүлжээнд байршуулсан үйл баримтад маргаагүй. 7. Хариуцагч нь “ ... Тэр хятад хүмүүс яг ямар учиртай, хэн оруулж ирснийг нь сайн нягтлаагүй. Ш.Т*****ын газар дээр ажиллаж байсан тул түүнийг л оруулж ирсэн гэж бодсон. Одоо нэхэмжлэгчээс амаар болон бичгээр пост оруулах хэлбэрээр уучлалт гуйж болно. Харин фейсбүүкт бичлэг /Live/ хэлбэрээр уучлалт гуйх боломжгүй” гэж тайлбарлаж, анх тараасан хэлбэр, хэрэгслээр уучлалт гуйлгах шаардлагыг татгалзаж, маргаж байна. 8. Хариуцагч Г.Ч*****ийн фейсбүүк сүлжээнд дээрх дүрс бичлэгийг байршуулсан үйлдлийг нэхэмжлэгч Ш.Т*****, “Х*****” ХХК нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг бодитоор тараасан гэж үзэх үндэслэлтэй байна. 9. Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т: “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан. Тодруулбал иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үндэслэл, журмыг хуулиар тогтоосон бөгөөд иргэн хүн өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдуулж шаардлага гаргах эрхтэй, харин гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. 10. Үүнийг Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т: “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан. 11. Хариуцагч Г.Ч***** нь өөрийн фейсбүүк хаягт байршуулсан дээрх дүрс бичлэгээр тараасан мэдээллийг үнэн зөв болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно. 12. Эдгээр үйл баримтаар хариуцагчийн фейсбүүк сүлжээнд дүрс бичлэгээр олон нийтэд түгээсэн мэдээлэл, түүнд дурьдсан агуулга нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй. 13. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ш.Т*****, “Х*****” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, анх тараасан хэлбэр болох видео бичлэг (лайв) хэлбэрээр ташаа мэдээлэлдээ няцаалт хийхийг хариуцагч Г.Ч*****т даалгах нь зүйтэй байна. 14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н***** дүгнэлтдээ: “Хариуцагч Г.Ч***** нэхэмжлэгчээс уучлалт гуйх нь зөв. Сонин дээр бичээд уучлалт гуйхад болохгүй юм байхгүй гэж бодож байна” гэснийг дурьдах нь зүйтэй. 15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт адил хэмжээгээр олгохоор шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Т*****ын нэр төр, алдар хүнд, нэхэмжлэгч “Х*****” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, анх тараасан хэлбэр, хэрэгсэл болох дүрс бичлэг (лайв) хэлбэрээр ташаа мэдээлэлдээ няцаалт хийхийг хариуцагч Г.Ч*****т даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч*****ээс 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Т*****, “Х*****” ХХК-нд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАРИНА |