Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 214/МА2021/00004

 

С.Г ы нэхэмжлэлтэй

П.О д холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 132/ШШ2021/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Г-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.О-д холбогдох, 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг, 

Нэхэмжлэгч С.Г-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч П.О, гуравдагч этгээд О.О, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  миний бие нь П.О-тай 1997 онд гэр бүл болж 1998 оны 07 сарын 30-ны өдөр охин , 2003 оны 02 сарын 23-н өдөр охин О.О, 2009 оны 01 сарын 06-ны өдөр охин О.О нарыг төрүүлсэн.

Хамтран амьдарсан эхний үеэс бидний амьдрал тийм сайхан байгаагүй байнгын хэрүүл маргаантай, байдал даамжирч  нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэж агсан согтуу тавьж үр хүүхдүүд болон намайг амар тайван байлгадаггүй архи уух болгондоо ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүүхдүүдийн нүдэн дээр зоддог болсон. О-тай 22 жил амьдарсан. Ухаан саруул, эрүүл хүүхэд төрүүлсэн.  амьдарч байх хугацаандаа архи ууж агсам тавьдаг байсан. Гэрчээр оролцож байгаа ах, дүү нар П.О-ыг ямар авиртай гэдгийг мэднэ. Мөн манайхтай ойрын айлууд бүгд мэддэг байсан. 2017 онд би эмнэлэгт үзүүлэхэд элэгний В, C вирустэй мөн ходоодны шархтай болсон байна гэсэн. Би чамайг тэвчиж чадахгүй юм байна бие муутай боллоо би тусдаа амьдармаар байна гэж хэлээд хоёр хүүхдээ орхиод явсан. Хоёр хүүхдээ орхиод явсан ч аав зодлоо гээд суудлын машинд суугаад ирсэн байсан. Иймэрхүү байдал манайд байнга тохиолддог, байдаг зүйл болсон. Би хүн гүтгэж худлаа ярьсан зүйл байхгүй. Болно бүтнэ гэж бодоод явж байсан. Харин миний бие өвдөөд ингээд хол явахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас ийм шийдвэр гаргасан. Овоотын өвөлжөө, Шивэртийн өвөлжөө, Цагаан чулуутын хаваржаа гээд хаваржаа өвөлжөөгөө тус тусад нь 10.000.000 төгрөгөөр үнэлж 30.000.000 төгрөг болсон. Хашаа, байшин 88 м.кв 20.000.000 төгрөг болно. Байшин доторх тавилга стенк 350.000 төгрөг, буйдан 600.000 төгрөг, өргөн ор 500.000 төгрөг, хоолны шкаф 150.000 төгрөг, хувцасны шкаф 200.000 төгрөг, угаалгын машин 350.000 төгрөг, ширээ 80.000 төгрөг, 4 ширхэг сандал 20.000 төгрөг, чулуун ширээ 200.000 төгрөг, дрож 4м 150.000 төгрөг, тогоо 3 ширхэг 120.000 төгрөг, нийтдээ 2.720.000 төгрөг болно. Давхар бүрээстэй 6 ханатай гэрийг 2.210.000 төгрөг, гэрийн 2 ширхэг эрээн авдар 500.000 төгрөг, эрээн шкаф 180.000 төгрөг, гал тогооны шкаф 150.000 төгрөг, ширээ, сандал 80.000 төгрөг, нарны дэлгэц 160.000 төгрөг гэрийн хойд стенк 100.000 төгрөг, яндан, зуух 120.000 төгрөг нийтдээ 3.500.000 төгрөгөөр үнэлсэн. Давхар бүрээстэй 5 ханатай гэрийг 1.800.000 төгрөг, контейнер 5.000.000 төгрөг, старекс машин 5.000.000 төгрөг, мотоцикл 1.500.000 төгрөг, 12 завхай эмээл 12.000.000 төгрөг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон мал борлуулсан бэлэн мөнгө 24.000.000 төгрөг, азарга 700.000 төгрөгөөр нийт 4 тооны азарга 2.800.000 төгрөг, 10 морь 8.000.000 төгрөг, гүү 41 тооны гүүг нэг бүрийг 600.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөг, шүдлэн 16 тооны шүдлэнгийн нэг бүрийг 500.000 төгрөгөөр бодоод 8.000.000 төгрөг, даага 16 тооны дааганы нэг бүрийг 250.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, унага 22 тооны унага 2.300.000 төгрөг болсон. Нийт 49.700.000 төгрөг болсон. Үхэр 45 тооны үхэр, бух 800.000 төгрөгөөр үнэлээд, тугал 12, нэг бүрийг 200.000 төгрөг, шүдлэн үхэр 600.000 төгрөг, бяруу 5 тооны бярууны нэг бүрийг 400.000 төгрөгөөр үнэлээд 2.000.000 төгрөг, нийт 24.800.000 төгрөг, хуц 250.000 төгрөг, эм хонь 217 тооны хонины нэг бүрийг 90.000 төгрөгөөр үнэлээд 19.530.000 төгрөг, 40 тооны төлөг нэг бүрийг 80.000 төгрөгөөр үнэлээд 3.200.000 төгрөг, 200 тооны хурганы нэг бүрийг 60.000 төгрөгөөр үнэлээд 12.000.000 төгрөг, ухна ямаа 150.000 төгрөг, 40 тооны эр ямаа тус бүр 90.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг, эм ямаа 65 тооны эм ямаа тус бүрийг 80.000 төгрөгөөр 5.200.000 төгрөг, 40 борлон тус бүрийг 50.000 төгрөг, 40 ишиг тус бүрийг 40.000 төгрөг 1.600.000 төгрөг, нийт 12.550.000 төгрөг, нийт толгой мал 798 байгаа 112.050.000 төгрөг болсон. Эд хөрөнгийн нийт үнийн дүн 185.856.000 төгрөгийг хуваалгахаар нэхэмжлэл гаргасан.

Өвөлжөө, хаваржааг хүүхдүүддээ өгөх ёстой. Би хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хотод амьдрах газаргүй 2-3 жил айлын хашаанд амьдарч байна.  энэ жил хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нэг ширхэг үзэг ч авч өгөөгүй. Нэг мах авчирсан тэрийгээ зараад явсан. Хашаа байшингаа бид дөрөвт үлдээнэ гэсэн. Машин, мотоциклыг авна. Контейнер зарагдаагүй. Өвөлжөө, хаваржааны гэрчилгээг ад өгсөн байгаа. Өмчлүүлээд авна гэж ах, дүү нараа гэрчээр авчирсан байна. Өөрсдөдөө өвлүүлнэ гэсэн зүйл яригдаж байна. Үр хүүхдийн талаар яригдахгүй байна. Үр хүүхдүүд нь өвлөх талаар ярьсангүй. Ах дүү нарт нь өвлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Үр хүүхдэд нь хүртэх зүйлийг авна гэв.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Г-тай 1997 онд гэр бүл болж 1998 онд охин , 2003 онд охин О.О, 2009 онд охин О.О нарыг төрүүлж дутагдах юмгүй сайхан амьдарч байсан. ...С.Г-ы хувь хүн нь ямар хүн гэдгийг хүн болгон мэднэ. Манайх мал хөрөнгөтэй хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч байсан.  2015 оноос хойш наймаа хийж банкны өрөөнд оруулж байсан. Яриад байгаа эд хөрөнгө нь 2017 онд намайг хаяад явах үед нь байсан хөрөнгө. 2017 оноос 2020 оны хооронд цаг агаарын маш хүнд нөхцөлд байсан. Тэр хүнд нөхцөлийг давж чадахгүй манайх болоод манай нутгийн айлууд эрсдэлд өртсөн. 150-160 адуутай айл 20 ширхэг адуутай үлдэж байсан гашуун туршлагатай. Би энэ хүнийг явснаас хойш малаа хаясан гэхэд болно. Уул хангай, мод хавиар үхсэн мал маш их байгаа. Сум орон нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа.  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Солонгос улс руу явж ирээд зангаа хувиргаад хэсэг гэрт үзэгдсэн. Хэсгийн төлөөлөгчөөс утсанд нь байнга мессэж ирдэг байсан.  Солонгос улс руу яваад ирэхдээ том дэлгэцтэй утас авчираад фэйсбүүкт ордог байсан. Үнэлээд байгаа мал надад байхгүй. Мөн дээр нь 4 жилийн хугацаанд хүүхдийн байр, сургалтын төлбөр бүх зүйлийг би даадаг байсан.  намайг болон гэр бүлийн амьдралыг нураасан. Үнэлсэн зүйлүүдийн материал надад байна. Үнэлсэн зүйлийг харахад анх авч байхад буюу шинээр авч байсан үнүүдийг тавьсан байна. Олон жил эдэлж хэрэглэсэн эд хөрөнгө байгаа. Хоёрдугаарт  намайг байхгүй үед бүх өнгөтэй өөдтэй зүйлийг зөөгөөд аваад явсан. Айлд юу байдаг билээ бүгдийг зөөгөөд аваад явсан. Угаалгын машин эвдэрхий байгаа. Авна гээд байгаа өвөлжөө хаваржаа нь тай гэрлэхээс өмнө манай аав ээжийн өвөлжиж байсан, хаваржиж ирсэн өмч юм. Манай хоёр ах бид нар дундаа хэрэглэж байсан өвөлжөө хаваржаа юм. Энэ өвөлжөө, хаваржаа нь улсын өмч. Гэхдээ эзэмшлийн гэрчилгээ байгаа. Газрыг хувьчилж өгөөгүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сумын төвийн хашаа байшин байгаа. Энэ хашаа байшингийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 20.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Сумын төвд тийм үнэлгээ байхгүй. 10.000.000 төгрөг л байдаг. Байшингийн стенкийг 2008 онд байшинд орохдоо авч байсан олон жил хэрэглэсэн үнэлгээ нь шинэ үнээр байна. Буйданг Орхон аймгаас 7 жилийн өмнө авсан. Шинэ үнээр нь үнэлсэн байна. Орыг Нарантуул захаас 500.000 төгрөгөөр авч байсан. Олон жил хэрэглэсэн зүйл байгаа. Хоолны шкаф 150.000 төгрөгөөр авч байсан. Олон жил болж байна. Ширээ 80.000 төгрөг гэсэн байна. 4 ширхэг сандалны 2 нь эвдэрсэн. Чулуун ширээ 200.000 төгрөг хүрэхгүй миний том эгч өгч байсан. Дрож олон жил болоод муудсан 150.000 төгрөгөөр авч байсан. Тогоо 4 ширхэг гэсэн байна. Старекс 2001 оны машин 6 жил явсан. Машин явдаггүй гражид байдаг. Нарны толь 160.000 төгрөгөөр авч байсан. 6 ханатай гэр 2.210.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ гэр Г бид хоёрт хамаагүй. Аав ээж гэр бүл болж байхад хэрэглэж байсан гэр байгаа. Г бид хоёрын хуваарьт өмчид орохгүй. 2 ширхэг эрээн авдар байгаа. Анх хурим хийхдээ авсан эрээн авдар байгаа. Гал тогооны тавилга 150.000 төгрөг, яндан олон жил ашигласан зүйлүүд байгаа. Мотоцикл явдаггүй. Эмээл гэж байна. Манай аав, ээжээс өвлөгдөж ирсэн зүйл байгаа. Малын үнэ 30.000.000 төгрөг гэсэн байна тийм мал байхгүй.  Солонгос улс руу явахдаа 10.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Би 2019 оны малын А дансыг өгсөн. Би энд тэнд ажил хийж хүүхдүүдээ өсгөхөд тус дэм болно гэж бодож байна. Би өөрийн зүгээс үнэлсэн үнэлгээнд үндэслээд хашаа байшин, гэрийн доторх эд зүйлийг  болон хүүхдүүддээ өгнө. Өвөлжөө болон хаваржааг өгөхгүй, мөн 6 ханатай гэрээ өөрөө авч амьдарна. Мөн 12 завхай эмээлийг өгөх боломжгүй яагаад гэвэл ээж, ааваас өвлөгдөж ирсэн. Эрээн авдрыг өгөхгүй. 5 ханатай гэр гэж байхгүй яагаад гэвэл 5 ханатай гэр энд тэндээс барьж босгосон. Одоо байхгүй, Эд хөрөнгөөс охиндоо түлхүүг нь өгнө. Надад харамлаад байх зүйл байхгүй. Архи дарс уугаад амьдралаа алдаад арчаагаа алдаад байсан зүйл байхгүй.  Солонгос явж ирээд амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Түүнээс биш би явахад нь үр хүүхдээ асарч байсан. д хэлэхэд өвөлжөө, хаваржаа нь хэрэгтэй хүндээ байж байсан дээр байх. Эд хөрөнгөн дээрээ ярилцаад шийдэж болохоор байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Г-ы нэхэмжлэлтэй, П.О-д холбогдох иргэний хэрэгт охин  миний бие гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувиа авахын тулд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Би нэхэмжлэлтэй танилцаад бие даасан шаардлага гаргахгүйгээр дундын өмчөөс өөрт оногдох хувиа авах хүсэлтэй тул тайлбар гаргаж байна.

Надад эд хөрөнгийн асуудал дээр яриад байх тайлбар байхгүй. Хуваагаад оногдсон зүйлийг авна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 132/ШШ2021/00106 дугаар шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан M овогт С-гийн Г; Ш овогт П-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.О-ыг эх С.Г-ы асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.О-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, **-** /суралцаж байгаа бол 18/ настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.О-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Г-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.О-аас 18.512.974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  С.Г, түүний насанд хүрээгүй охин О.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 168.343.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Г-аас 1.092.230 төгрөгийг гаргуулж Төрийн санд, хариуцагч П.О-аас 816.715 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д 320.715 төгрөг, Төрийн санд 56.000 төгрөг, Булган аймгийн Шүүхийн тамгын газарт 440.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох , О.О нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч П.О-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан “Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн танилцсан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар маргааны зүйлд үнэлгээг шүүхийн зүгээс хийлгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчихөөс гадна мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулах болно.” гэсэн нь ИХХШтХ-ийн 38.9-ийг буруу тайлбарласан, хуулийн эсрэг утгаар хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заажээ. Энэхүү хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.

Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2, 168.1.3 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн би Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 сарын 24-ний өдрийн 132/ШШ2021/00106 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч П.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч  хариуцагч  нар нь 1997оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд 2017оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин О.О, 2003 оны 20 дугаар сарын 23-ны өдөр охин О.О, 2009 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр охин О.О нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр нотлогдсон шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, О.О-ыг эх С.Г-ы  асрамжинд үлдээж, эцэг П.О-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.5, 38 дугар зүйлийн 38.1,38.5 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.2-т заасантай нийцсэн байна. 

Харин  шүүх гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүд ноогдох хэсгийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримталсан атлаа дээрх гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө ногдохыг тодорхой заалгүйгээр хариуцагчаас 18.512.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , охин О.О нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 168.343.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд учир дутагдалтай болжээ.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын болон хуваарьт өмчинд ямар ямар эд хөрөнгө хуваарилагдахыг нарийвчлан тодорхойлоогүй, шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагч зарим эд хөрөнгө болон үнийн талаар маргасан байхад анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 47 дугаар зүйлийн 47.1-т заасан ажиллагаа хийгээгүй нь зөрчилтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Нэхэмжлэгч ы давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 132/ШШ2021/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч С.Г-ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                              ШҮҮГЧИД                              С.УРАНЧИМЭГ                         

             М.ХҮРЭЛБААТАР