Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1055

 

 

 

 

     2023           10            31                                       2023/ДШМ/1055

 

Б.Тэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

хохирогч Д.Цийн өмгөөлөгч А.К, Х.Ч,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Ө.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Ч, А.К, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Тэд холбогдох эрүүгийн 2306000001452 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн  Б.Т, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “................” ХХК-д мужаан ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 23 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял тус тус шийтгэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 сар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, оногдуулсан 23 жил хорих ял шийтгүүлсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжаар дээрх ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар дүйцүүлэн 18 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял болгон шийдвэрлэсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, хяналтын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн, /РД: ............................./.

Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны 5 дугаар орцны 1 давхарт хохирогч Д.Цийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор түүний хоолойг боож, цээж хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар хорих ялаар сольж уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 130 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Цт 1.631.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Ц нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Б.Тээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, улаан өнгийн дотуур хувцас, хөвөн бамбар, 10 хурууны хумсыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч А.К давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2306000001452 дугаартай хэргийн хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч А.К, Х.Ч бид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1137 дугаар “Шийтгэх тогтоол”-ын 3.000.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, 18.069.000 төгрөгийн хохирол, гэм хор нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шйдвэрлэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т анхан шатны шүүхийн шийдвэр “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хохирол төлбөрийг хангуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн зүгээс өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, мөн гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээ хийлгэх төлбөр 8.170.000 төгрөгийг, сэтгэл санааны гэм хор 9.900.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ ...,

2. Өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг нь зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгож, харин сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээ хийлгэх төлбөр 8.170.000 төгрөг, сэтгэл санааны гэм хор 9.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн төлөвлөгөө /хх-181-185/ нь ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар баримтгүй, уг байгууллагын дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах боломжгүй гэж дүгнэжээ.

3. Анхан шатны шүүхийн хохирол, гэм хорын талаар хийсэн энэхүү хууль зүйн дүгнэлт нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэх гомдлын үндэслэлийг гаргаж байна. Тухайлбал, анхан шатны шүүх өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээ хийлгэх төлбөр 8.170.000 төгрөг, нийт 11.170.000 төгрөгийн хохирогчоос гэмт хэргийн улмаас гарсан зардал болон цаашид зайлшгүй гарах зардал, хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, зарчимд нийцээгүй гэж үзнэ.

4. Харин хохирогчийн дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохирогчоос бодитойгоор гарсан болон цаашид гаргах эмчилгээний зардал төлбөр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцогдоно.

5. Өөрөөр хэлбэл эрүүгийн 2306000001452 дугаартай гэмт хэргийн улмаас хохирогчийн бие эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, хохирогчийн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.

6. Хохирогч эдгээр биед авсан гэмтлийг шүүгдэгч Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хохирогчийн биед санаатай халдаж, гараар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг.

7. Үүний улмаас хохирогч 5 cap гаруй хугацаанд байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд харин гэмт хэргийн улмаас хохирогч зайлшгүй сэтгэл зүйн нөхөн сэргээх 12 удаагийн 94 цагийн курс эмчилгээнд орох шаардлагатай болсон талаарх үйл баримт хавтаст хэргийн 181-р талд авагдсан “’’Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

8. Энэ нь хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээр хохирсон болохыг нотолж байгаа бөгөөд “Эрүүл мэнд” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг гэж хуульчилснаар хохирогчийн гэмт хэргийн улмаас оюун санаа, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх төлбөр нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан хохиролд хамаарна.

9. Иймээс хохирогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “хохирогч..., гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, түүнд тодорхой хэмжээний зардал гаргасан мөн гэмт хэргийн улмаас оюун санаа, сэтгэцэд хохирол учирч, сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээ хийлгэх шаардлагатай төлбөрийг хохиролд тооцож нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

10. Гэтэл анхан шатны шүүх энэхүү эрүүгийн болон иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс хохирогчийн нөхөн төлүүлэхээр гаргасан хохирол, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг зөв хэрэглээгүй гэж үзнэ.

11. Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас оюун санаа, сэтгэцэд учирсан хохирлыг эмчлэх эмчилгээний төлбөрийг хохиролд тооцож нэхэмжилснийг гэм хор гэж дүгнэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзнэ.

12. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн зүгээс сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээ хийлгэх “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн” эмчилгээ хийлгэх талаарх дүгнэлтийг ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар баримтгүй гэж нотлох баримтаар үнэлээгүй нь 1-д анхан шатны шүүх хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан оюун санаа, сэтгэцэд учирсан хохирлыг үгүйсгэсэн, 2-т хохирогчийн оюун санаа, сэтгэцэд учирсан хохирлыг эмчлэх сэтгэл зүйчийн дүгнэлтийг “ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх” нъ тодорхойгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зуйлийн 13 дах заалт, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хохирогчийн нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн, нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчоос гарсан зардал буюу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр 3.000.000 төгрөг, хохирогч гэмт хэргийн улмаас оюун санаа, сэтгэцэд хохирол учирч, үүний эмчлэх 12 удаагийн 94 цагийн курс эмчилгээний төлбөр 8.170.000 төгрөг нийт 11.170.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх хохирогчоос гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар 9.900.000 төгрөг нэхэмжилснийг шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.Тээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно, гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зуйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “шүүхийн шийтгэх тогтоолд ..., гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох.., гэж мөн хуулийн 36.3 дугаар зүйл 1-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд хуульчилсан нөхцөл байдлаар хянан хэлэлцэж аль нэг шийдвэр гаргах, харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаас гадна, шүүх шинжилгээний тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан сэтгэцийн шинжилгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх, шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан үндэслэлээр хойшлуулж, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шинжээч томилох хохирогчийн хүсэл зориг, харгалзан үзэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих зэрэг шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хохирол нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч Х.Ч давж заалдах гомдол болон тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг 2023 оны 3 дугаар сард гарсан бөгөөд Улсын Дээд шүүхийн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал 8 дугаар сард гарсан. Аргачлал батлагдаагүйтэй холбоотойгоор сэтгэл санааны талаар шинжээч томилуулах, шинжилгээ гаргуулах зэргийг хийлгэж чадаагүй. Гэхдээ тухайн үед хяналт тавьж байсан Эрдэнэбаяр гэх прокурорт хандан аргачлал гарсны дараа шинжээч томилж болох эсэх талаар тодруулсан. Гэтэл хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчид хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар огт мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн байсан. Үүний дараа анхан шатны шүүхээс гэм буруугийн хуралдаан товлогдсон талаар мэдэгдсэн. Ийм шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж сэтгэл санааны хохирлыг тогтоолгож чадаагүй. Энэ хүрээнд “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн гэсэн мэргэжлийн байгууллагад хандан өөрсдийнхөө хэмжээнд хохирлоо нотлох үүднээс дүгнэлт гаргуулсан. Иймд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхтэй тул энэ хүрээндээ хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгын үүднээс асуудалд хандахыг хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчим нэр томъёо хангагдаагүй, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан заалт хангагдаагүй, зөрчигдсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Уг гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байгааг нь харгалзан үзээгүй болно. Шүүгдэгч надад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хохирогчийн өмгөөлөгч А.К анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж заасныг зөрчиж ял оногдуулсан нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Миний хөнгөмсгөөр найдаж, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийгэмд өнгөрүүлсэн цаг хугацаа болох 1 жил 7 сар 16 хоногийг 4 жил 2 сар 16 хоногоос хасаж тооцож өгнө үү. Үлдэгдэл 2 жил 7 сар дээр биеэр эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт  хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг удирдлага болгон баримталж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасныг үндэслэж хууль ёсны зарчмыг хазайлгалгүй миний биеэр эдлэх ялыг 5 жилээс доош ял оногдуулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. Мөн биеэр эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээд шүүгдэгчид ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хэдийгээр анхан шатны шүүхээс ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэсэн хэдий ч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хор уршгийг арилгасан зэргийг харгалзаж үзээгүй юм. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл нь мөн хуулийн ангилалаар хөнгөн ангилалд багтах бөгөөд 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг юм. Ийнхүү гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахдаа 3 жил буюу дундаж хугацаанаас хэтрүүлэн ялыг оногдуулж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалтай мэтээр ойлгогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн зүгээс тус гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн хор уршгийг арилгасан нь хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүх мөн л эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй гэж дурдсан атлаа мөн зүйл хэсгийн сонгох санкцуудаас хамгийн хүнд хэлбэрийн ял шийтгэл болох 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүх өөрийн хийсэн дүгнэлтээсээ няцсан мөн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа мэтээр ойлгогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ. 2015 оны Эрүүгийн хуулийн гол зорилго үндсэн концевц нь гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн этгээдэд оногдуулах ялыг хөнгөлөх тэр ч бүү хэл ялаас чөлөөлөх хүртэл шийдвэр гаргах эрхийг шүүхэд олгосон. Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байхад анхан шатны шүүхээс хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг боломжит хэмжээгээр хөнгөрүүлэх, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, санал нэгтэй оролцож байна. Хохирогч Д.Ц нь өнөөдрийг хүртэл гомдолтой гэдэг бөгөөд сэтгэл санааны хохирол цаашид гарна гэдгийг өмгөөлөгч нар нь илэрхийлж ярьж байна. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн хохирол төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулахын тулд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгөхийг хүссэн. Иймд шүүх бүрэлдэхүүн хохирогчийн эрх ашгийг хамгаалах боломжоор хангаж хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Тэд холбогдох хэрэгт хохирогчийн өмгөөлөгч нараас хохирол, хор уршгийн талаар ялгаатай байдлаар шүүх дүгнэсэн гэх агуулга бүхий гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой дурдсан. Анхан шатны шүүх 1.630.000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоолоор гаргуулж, 1.631.000 төгрөг төлснийг дурдсан. Харин Д.Ц нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй талаар мөн дурдсан. Өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал биш бөгөөд хохирогчийн өмгөөлөгч авсан зардлыг шүүгдэгчээс гаргуулна гэсэн зохицуулалт байхгүй. Хохирогчийн өмгөөлөгч Х.Ч хэргийг шүүхэд шилжүүлснийг мэдээгүй гэж ярьж байна. Хуульд зааснаар мөрдөгч хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх талаар танилцуулдаг. Яллах дүгнэлт гардаж авсны дараа гомдол гаргах, гомдол гаргасан бол харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл хэрэгт ямар нэгэн гомдол гаргасан зүйл байдаггүй бөгөөд хохирогч талын хэрэг шүүхэд шилжсэнийг мэдээгүй, мэдэгдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогчийн зөрчигдсөн эрхийн тухайд, хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид учирсан бодит хохирлыг нэхэмжилсэн үнийн дүн, түүний гаргаж өгсөн баримтын хэмжээнд гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Тэгээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан агуулгатай шийтгэх тогтоол гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар гомдолдоо дурдаж байна. Шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан. Хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж ярьж байгаа ч шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуулийг зөрчсөн дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Мөн өмгөөлөгч Б.Б нь гомдлоо тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж ярьж байна. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Тэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тиймээс өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцсан бол өөрийнх нь яриад байгаа шиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн гэмт хэрэг байхгүй. Хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шийтгэх тогтоолд энэ байдлыг дурдсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл улсын яллагчаар оролцсон прокурор дээрх байдлын талаар тайлбарласан байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээчид гарын үсэг зурж, тэмдэг дараагүй процесс нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулах нь зүйтэй. Харин баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг дахин хэлмээр байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Б.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны 5 дугаар орцны 1 давхарт хохирогч Д.Цийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор түүний хоолойг боож, цээж хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Цийн “... манай гэрийн гадаа ирээд би орц руугаа ганцаараа ороод 1 давхарт лифтээ дуудаад зогсож байсан чинь араас нэг эрэгтэй хүн орж ирээд хоолойг нэг гараараа боогоод нэг гараараа миний савхин ретүзэн өмдийг доош нь шувталсан. Би “туслаарай, авраарай” гэж зөндөө орилсон боловч тэнд байсан айлуудаас хүн гарч ирэхгүй байсан. Би тэр эрэгтэйтэй ноцолдож байгаад эргээд харсан чинь Чимэдээгийн найз эрэгтэй байсан. Лифтний үүдэнд тэр залуу намайг дарж унагаагаад миний дотоож болон өмдийг өвдөг хүртэл шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг гаргаж ирээд миний бэлэг эрхтнийг долоосон. Би эсэргүүцэл үзүүлэхэд миний элэг рүү гараа атгаж байгаад цохисон. Би амьсгал авч чадахгүй болсон. Миний хоолойг боосон. “чамайг энд ингээд алчихна шүү, миний үгэнд ор, чамайг цохиод хоолойг чинь боогоод алчихна шүү” гэх мэтээр айлган сүрдүүлсэн. Тэгээд тэр залуу өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлсөн. Би тэр залуугаас гуйгаад “чи намайг битгий ингэ, манай эндээс буудал ойрхон байгаа, тэр буудалд хоёулаа орж байгаад секс хийе” гэсэн чинь “чи яг үнэнээсээ хэлж байна уу, хэрэв үнэнээсээ хэлэхгүй бол би чамайг дараа нь алчихна шүү” гээд бид хоёр орцноос гарсан. Гарангуутаа би “туслаарай гээд орилсон чинь нөгөө залуу миний хоолойг боогоод элэг рүү цохиод газар унагаагаад хоолойг боосон чинь UB cab-ийн жолооч бууж ирээд нөгөө залууг надаас салгасан чинь нөгөө залуу юу ч болоогүй юм шиг байрны булан тойроод алхаад явчихсан. Жолооч намайг босгоод машинд суулгасан. ...” /1хх 22-23, 26-27/,

гэрч Д.Мгийн “... гэртээ хариад байж байтал Б.Ц залгаад байхаар нь утсаа автал “цагдаагийн хэлтэс дээр байна, яаралтай ир” гэж хэлсэн. Юу болсон талаар тодруулахад “араас орж ирээд өмд шувтлаад, зодож нүдээд бөөн юм боллоо шүү дээ, хүрээд ир” гэсэн. ...” /1хх 29/,

гэрч Т.Мын “... 2 эрэгтэй, 1 эмэгтэйг аваад Peace mall-оос хөдлөөд бөхийн өргөөний хажуу талд эмэгтэйн гэрийн гадаа очсон. Эмэгтэй буугаад орц руугаа ороход хамт явж байсан эрэгтэй нь араас нь орц руу орсон. Би орцны гадаа 20-30 минут хүлээгээд байж байхад орцноос нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 гарч ирсэн. Маргалдаад байгаа ч юм шиг харагдаад эрэгтэй нь эмэгтэйг унагаагаад дээрээс нь хоолойг нь боож байгаа харагдаж байсан. Тэгээд би очоод салгахад эрэгтэй нь хоолойг нь боож байсан. Салгаад эмэгтэйг босгох хооронд нөгөө залуу байрны булан эргээд зугтаасан. ...” /1хх 31/,

гэрч Д.Цийн “... Цацаа, Төмрөө бид 3 дуудлагын жолооч дуудаад явсан. Машинд явж байх хооронд би машин дотор суугаад унтаад өгсөн. Тэгээд машинд явж байх хооронд Цацааг буулгана гэх яриа сонсогдож байсан. Тэгээд би унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Цацаа уйлаад байж байсан. Энэ талаар тодруулахад Цацаа “намайг танай найз чинь оролдоод байна гэсэн. Хаана байгааг нь асуухад зугтаад явсан” гэж хэлсэн. ...” /1хх 33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5146 дугаар “Д.Цийн үтрээнээс авсан арчдас наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна. Д.Цийн биед баруун 7, 8 дугаар хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Цусны 4 дүгээр бүлэгтэй байна. Бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний  халдваргүй байна.” /1хх 55-56/,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5190 дүгээр “Б.Тийн биед хамар, баруун доод зовхи, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тэмцэлдсэн ул мөргүй байна. Хэзээ бэлгийн харьцаанд орсон эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гадна бэлэг эрхтэнд гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй байна. Б.Т нь бэлгийн замын ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний  халдваргүй байна.” /1хх 63-64/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар “Д.Цийн биед баруун 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /1хх 152-154/ гэсэн дүгнэлтүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-9/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Тийг хүчиндэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар хорих ялаар сольж уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Д.Цийн өмгөөлөгч А.К, Х.Ч нараас “... хохирогчоос гарсан зардал болох өмгөөлөгчийн төлбөр 3.000.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан оюун санаа, сэтгэцийн эмчилгээний төлбөр 8.170.000 төгрөг нийт 11.170.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол 9.900.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б нараас “... 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийгэмд өнгөрүүлсэн цаг хугацаа болох 1 жил 7 сар 16 хоногийг 4 жил 2 сар 16 хоногоос хасаж тооцож өгнө үү, мөн оногдуулсан ял шийтгэлийг боломжит хэмжээгээр хөнгөрүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлаас бүрдэнэ.” гэж заасан нь төрөөс хэрэг хянан шийдвэрлэхэд гаргасан зардлыг ойлгодог.

Харин хохирогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч сонгож авч, өмгөөллийн хөлсөө тохиролцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн хохирогчийн сэтгэл санааны хохирлын зардал гэж “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн төв нь сэтгэл санааны хохирлыг тодорхойлдог байгууллага мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрүүл мэндийг байдлыг тодорхойлдог эрхтэй байгууллага нь тодорхойгүй байх тул тухайн байгууллагын төлөвлөгөө, нэхэмжлэлд үндэслэн сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн чуулганы 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.2 дахь  хэсэгт “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж,

40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэрэгжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахаар төлөвлөгөө гаргасан “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан буюу сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн хүрээлэнгийн гаргасан төлөвлөгөөнд үндэслэн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг үнэлж, гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Харин хохирогч Д.Ц нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар сэтгэцэд учирсан хор  уршгийн зэрэглэлээ тогтоолгож, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заассан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг хасаж хязгаарласан зүйлгүй байна.

Шүүгдэгч Б.Тийн хувьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, хяналтын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Т нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Харин шүүгдэгч Б.Тийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 1 жил 7 сар 16 хоногийг 4 жил 2 сар 16 хоногоос хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

  Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Ч, А.К, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Тийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Ч, А.К, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                      ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ