| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2025/0009/З |
| Дугаар | 125/ШШ2025/0015 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 125/ШШ2025/0015
2025 03 28 125/ШШ2025/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дарга *******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын оны 01-ний өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дүнг нийтэд танилцуулж тогтоол гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тооллогын дүнг баталсан тогтоол гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдааны 01 дүгээр тогтоолоор багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн.
1.2. Багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 05 дугаар тогтоолоор багийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал хураалт явуулах тооллогын комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
1.3. ******* багийн Засаг даргад *******, ******* нар нэр дэвшиж, багийн иргэдийн санал хураах ажиллагаа явагдаж дууссан боловч тооллогын комиссоос санал хураалтын дүнг танилцуулаагүй, санал хуудсыг ажлыг хэсэгт хүлээлгэж өгөөгүй байна.
1.4. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/47 дугаар захирамжаар ******* багийн иргэдийн Нийтийн хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
1.5. Тус хуралдаанаар ******* багийн Засаг даргад нэр дэвшигч *******, ******* нарын нэр дээр дахин санал хурааж, саналын дүнгийн тухай тооллогын комиссын 01 дугаартай тогтоол гаргасныг үндэслэн ******* багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор *******ыг багийн Засаг даргад томилуулахаар Жаргалант сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.
1.6. Нэхэмжлэгч *******аас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дарга ******* нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/47 дугаартай "Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг зохион байгуулах тухай" Захирамжийн ******* багт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын оны 01-ний өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дүнг нийтэд танилцуулж тогтоол гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль болохыг тогтоолгож, тооллогын дүнг баталсан Тогтоол гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан.
1.6. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125/ШЗ2025/0039 дугаар захирамжаар *******ийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/47 дугаартай "Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг зохион байгуулах тухай" захирамжийн ******* багт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дарга *******од холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын оны 01-ний өдөр зохион байгуулсан сонгуулийн тооллогын комиссын дүнг нийтэд танилцуулж тогтоол гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль болохыг тогтоолгож, тооллогын дүнг баталсан тогтоол гаргахыг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан.
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох сонгууль хуульд заасан журмын дагуу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан. Эхлээд багийн иргэдийн нийтийн хурлын даргаа сонгож, ******* сонгогдсон. ******* сонгогдоод өөрөө багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлөө 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ******* нь Тооллогын комиссоо 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд багийн Засаг даргад нэр дэвшүүлж сонгуулийн үйл ажиллагаа эхлэхэд миний бие нь 2 нэр дэвшигчийн санал болгосон нэг нэг хүнийг оруулъя гээд 7 хүний бүрэлдэхүүнтэй болгосон.
Багийн Засаг даргад миний бие болон ******* нарыг нэр дэвшүүлсэн. Багийн 408 иргэн санал хураалт өгснөөс ******* надад 207 иргэн, *******д 195 иргэн санал өгч, 6 санал хүчингүй болсон.
Тухайн санал хураалт хуулийн хүрээнд явагдсан. Засаг даргын гаргасан захирамжийн дагуу багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг багийн иргэдийн нийтийн хуралд ирсэн иргэдийн саналыг хурааж саналыг хуудсыг тоолсон. Саналыг хуудсыг тоолж дуусаад дүнг танилцуулж, тооллогын комиссын тогтоол гаргахгүй байгаа учир тооллогын комиссыг тогтоол гаргаж, танилцуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан
Санал хураалтын дүнг тооллогын комисс гаргачхаад дүнг нийтэд танилцуулалгүй, тогтоолоо гаргалгүй комисс танхимыг орхиод гаргаад явчихсан. Нэр дэвшигчид болон иргэд хэсэг хугацаанд хүлээж гайхаад хоцорсон. Иргэд хэсэг хугацаанд хүлээж сууж байгаад мөн гарч явчихсан. Дараа нь миний бие нь тооллогын комиссын гишүүдтэй уулзахад “... бид бүгд тооллогын дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Комиссын дарга ******* тогтоол дээр гарын үсэг зурахгүй байна" гэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2.2. Хариуцагч *******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан.
Хурлын дарга ******* тооллогын комисст орох иргэдийн нэрсийг танилцуулж, нийт 7 хүн тооллогын комисст ажилласан. Багийн Засаг даргад нэр дэвшигч *******ийн тооллогын комисст оруулсан ******* гэх иргэн нь ******* багт харъяалалгүй хүн байсан. Тооллогын комиссын гишүүдийн олонхийн саналаар ******* намайг тооллогын комиссын даргаар сонгосон.
Санал хураалт эхэлж, санал хураалт дуусах явцад маргаан болж эмх замбараагүй байдал үүссэн. Түүнийг зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан боловч ирээгүй, хүмүүсийн үймээнийг зогсоож чадаагүй.
Жаргалант сумаас ирсэн зохион байгуулж буй хүмүүс саналыг хуудсыг хэвлэж тараагаад, саналыг хурааж саналыг хайрцагт хийж битүүмжилсэн. Жаргалант сумаас ирсэн хүмүүс хэдэн ширхэг саналыг хуудас хэвлэгдэж, хэдэн саналыг хуудас тараагдсан талаар тооллогын комисст хүлээлгэж өгөх ёстой байсан. Тухайн мэдээллийг тооллогын комисст өгөөгүй учир тодорхойгүй байсан. Санал хураасан саналыг хуудасны тоо санал өгөгчдийг зааланд орж ирэхэд нь бүртгэсэн гар бүртгэлтэй зөрж байсан.
Гар бүртгэлээр 314 иргэн ирсэн, санал өгсөн саналын хуудсыг тоолоход 408 санал байсан. Саналын хуудас болон санал өгсөн иргэдийн тоо хоорондоо зөрсөн учир тогтоол гаргах боломжгүй байсан.
Саналын хуудсыг тоолох явцад маргаан үүсч хурлын дарга ******* хурлыг нээлттэй үлдээгээд хурлыг дуусгалгүй явсан.
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хурал хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн тул тооллогын комисс тогтоол гаргах боломжгүй болж хурал тарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Засаг даргыг сонгох талаар тусгайлсан журам, гаргасан хууль байдаггүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн нийтийн нурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заасан, олонхын санал авсан нэр дэвшигчийг Засаг даргад өргөн мэдүүлнэ гэж заасан, хуралдаанаараа дэгээ тогтооно гэж заасан байдаг. Түүнээс өөр нарийвчилсан зохицуулалт байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хуралдааныг Ховд аймгийн Жаргалант сумын ажлын хэсгээс зохион байгуулж ирц бүрдээд хаалгаа хаасан. Ингээд санал хурааж дуусаад тоолгын комисс саналын хуудсыг тоолж дүнг гаргасан гэж үзэж байна. Тухайн тоолгын дүн ******* 207 санал, н.Эрдэнэтуул 195 санал, хүчингүй 5 саналын хуудас гарсан гэдгийн хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Тоолгын комисс тоолгын комиссын тогтоол гаргаагүй. Мөн 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн иргэдийн нийтийн хуралдааны дүнг хүчингүйд тооцсон ямар нэгэн тогтоол, шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй. Хуралдааныг нээлттэй орхилоо гэдэг зүйлийг хэлсэн эсэх нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Саналын хуудсыг тоолсны дараа үймээн болсон гэдгийг гэрч нар мэдүүлсэн. Гэтэл үймээн үүссэн учир хуралдааныг нээлттэй үлдээлээ гэдэг нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.4. Хариуцагч өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан баримтуудыг харахад Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхээ нэхэмжлэгч эдэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэр дэвших боломж олгоогүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн нэр дэвших эрхийг нээлттэй үлдээсэн байдал харагдаж байна. 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн санал хураалтаар би олонхийн санал авсан учир энийгээ батлуулмаар байна гэдэг байдлаар асуудалд хандаад байгаа харагдаж байна. 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн санал хураалт хууль бус болсон учир 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дахин санал хураалт явуулсан байдаг. 2025 оны 2 сарын 8-ны өдрийн санал хураалтаар 02 дугаар сарын 01-ний өдөр санал хураагдсан 2 хүн дээр л дахин санал хураагдсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны, ашиг сонирхол зөрчигдөөгүй, сонгох сонгогдох эрх нь байсан. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Жаргалант сумын ******* багийн иргэдийн нийтийн хуралдааны тэмдэглэлд, хуралдаанд 256 хүн ирж 100 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлэв гэсэн байна. Гэтэл санал өгсөн хүмүүсийн тоо болон саналын хуудас зөрсөн байдаг. Иймд хуралдааныг дүнг зарлах боломжгүй болж тогтоол гаргаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбогдуулан хариуцагч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь Жаргалант сумын ******* багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтын дүнгийн тогтоол гаргаж танилцуулаагүй гэх тооллогын комиссын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
3. Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сары 27-ны өдрийн А/20 дугаар захирамжийн хавсралтаар баталсан багийн иргэдийн нийтийн хуралдааны хуваарийн дагуу ******* багийн иргэдийн нийтийн хурал 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болжээ.
4. ******* багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 01 дүгээр тогтоолын хавсралтаар хэлэлцэх асуудал, дотоод журмаа баталсны нэгдүгээр хавсралтад хэлэлцэх асуудлын жагсаалтын дөрөвдүгээрт багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал байна. Багийн Засаг даргад нэхэмжлэгч *******, ******* гэсэн 2 нэр дэвшигч өрсөлджээ.
5. Хуралдааны 05 дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал хураалт явуулах тооллогын комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хариуцагч тооллогын комиссын дарга тайлбарлахдаа“...хурлыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, санал өгсөн иргэдийн тоо,саналын хайрцгаас гарсан саналын хуудсын тоо зөрсөн ноцтой зөрчил гарч, маргаан үүссэн тул тогтоол гаргах боломжгүй байсан...” гэж, хуралдааны тэмдэглэлд “...Ажлын хэсгийн зүгээс тооллогын комиссын тогтоолыг хэвлэж хүргүүлсэн боловч тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулаагүй, саналын хуудсыг ажлын хэсэгт хүлээлгэж өгөөгүй. Тооллогын комисс ажиллаад эхэлчихсэн байхад иргэд санал өгнө гэсэн хэрүүл маргаан үүссэний улмаас хурлын дарга хурлыг нээлттэй орхисныг мэдэгдэв...” гэж тэмдэглэгджээ.
6. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн ******* багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Жаргалант сумын засаг даргын тамгын газраас томилогдож ажилласан ажлын хэсгийн гишүүд болон тооллогын комиссын гишүүд мэдүүлэхдээ “...тооллогын комисс саналын хуудас тоолж байхад иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүссэн, саналын дүнг танилцуулаагүй..” гэж мэдүүлсэн.
7. Эдгээр үйл баримтуудаас дүгнэвэл Тооллогын комисс санал хураалтын дүнгийн талаар тогтоол гаргаж танилцуулаагүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч тогтоол гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй харин тогтоол гаргах боломжгүй байсан гэж тайлбарлан маргаж байна.
8. Саналын хуудсын тооны тухайд хуралдааны тэмдэглэлд “...420 саналын хуудас хэвлэсэн 412 иргэн санал өгсөн” гэж тэмдэглэсэн, хариуцагч “...саналын хайрцгаас 407 саналын хуудас гарснаас *******ийн нэрийг дугуйлсан 207 ширхэг, *******ын нэрийг дугуйлсан 195 ширхэг, хүчингүй 5 ширхэг саналын хуудас байсан гэж тайлбарласан ч шүүхэд гаргаж өгсөн саналын хуудас 398 ширхэг үүнээс *******ийн нэрийг дугуйлсан 191 ширхэг, *******ын нэрийг дугуйлсан 192 ширхэг, хэний ч нэрийг дугуйлаагүй 3 ширхэг, 2 нэр дэвшигчийн нэрийг хамтад нь дугуйлсан 2 ширхэг, нэр дэвшигч Г.Цэнд-Аюушийн өмнөх дугаарыг балласан 1 ширхэг хуудас тус тус байсан нь үзлэгээр тогтоогдсон.
9. Хариуцагч саналын хуудас 407 ширхэг байсан, шүүхэд гаргаж өгөхөд саналын хуудас дутсаныг хүлээн зөвшөөрсөн ба саналын хуудсын тоо болон саналын дүнгийн талаар талууд маргаангүй.
10. Иймээс Тооллогын комиссын “тогтоол гаргах боломжгүй байсан” гэх үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч, тогтоол гаргаагүй гэх эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоох нь зүйтэй байна.
11. Багийн Засаг даргын сонгох сонгуулийн талаар тусгайлан зохицуулсан хууль журам байхгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж тус тус зааснаас үзвэл хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тогтоолоор баталсан хуралдааны дэгээр зохицуулахаар байна.
12. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, ******* багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “******* багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дэг”-ийн 3.4-т “Багийн ИНХ-х хуралдаанд тус багийн 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй иргэн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж заажээ.
13. ******* баг нь 590 өрх, 2043 хүн амтай бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд 314 иргэн оролцсон нь хэдэн өрхийн төлөөлөл оролцсон болох талаар тогтоох боломжгүй талууд нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй бөгөөд хуралдаан хүчинтэй эсэх талаар талууд маргаагүй тул дүгнэлт хийхээс татгалзав.
14. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх; гэж заасан ба ******* багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “******* багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дэг”-ийн 6 дугаар зүйлд санал хураалт явуулах ерөнхий журмыг зохицуулжээ.
15. Санал хураалт явуулах ерөнхий журам хэсгийн 6.20-д “Тооллогын комиссын дарга санал хураах ажиллагаа дууссаныг албан ёсоор зарласнаас хойш санал авахыг хориглоно.”, 6.21-т “Саналын хуудсыг тоолж дүн гарган тооллогыг хүчинтэйд тооцсон тухай тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Хурлын даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИНХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцогчдод танилцуулж олонхийн саналаар батална.” гэж заасан байна.
16. Иймээс хуралдааны зохион байгуулалтын улмаас эмх замбараагүй байдал үүссэн, тооллогын комисс ажиллахад хүндрэлтэй байсан гэх ч нэгэнт санал хураах ажиллагаа дуусч саналын хуудсыг тоолсон бол Тооллогын комисс нь саналын дүнг гаргаж танилцуулах үүрэгтэй бөгөөд тогтоол гаргахаас татгалзах эрхгүй юм.
17. Харин хариуцагчийн тайлбарласан “ санал өгсөн иргэний тоо, саналын хуудсын тоо зөрсөн” гэх үндэслэл тогтоол гаргахаас татгалзах үндэслэл биш, санал хураалтыг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэхэд хамаарна.
18. Гэтэл Тооллогын комисс саналын дүнгийн талаар тогтоол гаргаагүй, хурлаас санал хураалтыг хүчингүйд тооцсон, нэмэлт эсхүл дахин санал хураалт явуулах талаар ямар нэг шийдвэр гаргахгүйгээр хуралдаан тарсан байх ба улмаар Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр захирамжаар А/47 дугаар захирамжаар багийн хурлын хуралдааныг товлон зарлаж 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дахин санал хураалт явуулжээ.
19. Нэхэмжлэгч нь “маргаан бүхий үйл баримтаас хойш болсон” гэх үндэслэлээр энэ хуралдааны үйл баримттай маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн үр дагаварт хамааралтай учраас холбогдох дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.
20. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй.“ гэж, Багийн Иргэдийн нийтийн Хурлын 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан хуралдааны дэгийн 3.3-т мөн багийн Иргэдийн нийтийн хурлын Зөвлөл нь хуралдааныг товлон зарлахаар заасан байхад Жаргалант сумын Засаг дарга ******* багийн иргэдийн нийтийн хуралдааныг товлон зарласан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
21. Мөн захирамжид тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар дурдаагүй атлаа хуралдаанаар багийн Засаг даргын санал хураалтыг дахин явуулсан нь үндэслэлгүй бөгөөд зохих хууль журамд нийцэхгүй.
22. Учир нь ******* багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дэгийн 6.13-т “” Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргыг сонгох санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна., 6.14-т “ Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргыг сонгох санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулна.” гэж тус тус заасан байхад эдгээр нөхцөл байдал үүссэн талаар баримт тогтоогдоогүй байна.
23. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ******* багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн гэх *******ыг томилоогүй, нэхэмжлэгчийг ******* багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөөгүй байсан болно.
24. Иймд 2025 оны 02 дугаар сарын оны 01-ний өдөр зохион байгуулсан Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох сонгуулийн тооллогын комиссын саналын дүнгийн талаар тогтоол гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх тул тооллогын дүнг баталсан тогтоол гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. . Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргыг сонгох 2025 оны 02 дугаар сарын оны 01-ний өдрийн сонгуулийн Тооллогын комиссын дүнг нийтэд танилцуулж тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тооллогын дүнг баталсан тогтоол гаргахыг даалгасугай .
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ