Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2021/00005

 

А.Б У.А т холбогдох нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б У.А т холбогдох,

8,313,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш, хариуцагч А.Б У.А , нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг Эрээний өврийн “Жонын гуя” гэх газарт 13 настай Б.Б, 15 настай М.Б М.Бнар хонинд явж байх үедээ гал түлж, галаа дутуу унтрааж орхисноос 3,2 га талбай шатаж ойн санд 8,313,313 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан хохирол хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй Б.Б, М.Б М.Бнарын буруутай үйлдлээс учирсан хохирлыг хариуцвал зохих тэдний хууль ёсны төлөөлөгч А.Б У.А аас нийтийн эрх ашигт 8,313,313 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Насанд хүрээгүй М.Б М.Бнар нь нэг айлын хүүхдүүд бөгөөд тэдний хохирлыг хариуцвал зохих хүн нь ээж болох У.Аюм. Иймд төлбөрийг хувь тэнцүүлэн, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч болох А.Батсүхээс 2,771,000 төгрөг, М.Б М.Бнарын хууль ёсны төлөөлөгч Ариунжаргалаас 5,542,000 төгрөгийг тус тус гаргуулж Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 100040200988 тоот дансанд оруулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Б.Б анхаарал болгоомжгүйн улмаас гал түймэр тавьсан гэх боловч тухайн хэрэг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан хохирол хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг.

Түүнчлэн миний бие ам бүл 6, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орлого байхгүй, ажил албагүй тул төлбөр төлөх боломжгүй байна. Миний хадам ээж хараагүй болсон, хадам аав өвчтэй асаргаанд байдаг тул эхнэр Болормаагийн хамтаар хөгшин хадам ээж, аав нарыгаа асарч хардаг юм. Бид өндөр настныг асран тэтгэдэг халамжийн мөнгөөр л амьдардаг айл билээ.

 Миний бие айлын малыг өдрийн 5000 төгрөгийн хөлстэйгээр хардаг баисан. Ковид-19 өвчин гарснаас хойш айлын мал маллахаа больсон. Мөн миний бие архаг хууч өвчний улмаас эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжпэлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү.

    Эсвэл шинжилгээ хийлгэж өгнө уү, хохирлын үнэлгээ хэт өндөр байна. Тухайн шатсан газар өвс ургаад хэвийн байдалдаа орсон байгаа гэв.

   Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь М.Б М.Бнарын ээж нь юм. Тэдний хууль ёсны төлөөлөгч гэж намайг хариуцагчаар татаж 5,542,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх тухай уг нэхэмжлэлийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Манайх ам бүл-8, би нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг. Би 2-14 насны 6 хүүхэдтэй.
  2. Манай гэр бүлд эрхэлсэн тодорхой ажилтай хүн байхгүй, өрхийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, дан ганц хүүхдийн мөнгөөр л бид нар амьдардаг.

Тийм учраас би 5,542,000 төгрөгийг төлөх амьдралын боломжгүй болно.

Санамсаргүй байдлаас болж түймэр гаргасан байсан. Хүүхдүүд унтраасан гэж бодсон боловч дутуу унтраасан байсан. Хохирол нь өндөр гарсан гэж бодож байна. Шинжилгээ хийхдээ бид нарыг очиж харуулаагүй өөрсдөө очиж дүгнэлт хийсэн байсан. 5,542,000 төгрөгийг төлөхөд хэцүү байна. Шатсан гээд байгаа газарт өвс харин ч сайн ургаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00090 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд хариуцагч А.Бээс 2,771,000 /хоёр сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөг, У.А-аас 5,542,000 /таван сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөг, нийт 8,313,000 /найман сая гурван зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш давж заалдах гомдолдоо: Булган аймгийн Бугат сумын засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн А/59 дугаартай захирамжаар ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг байгуулагдаж уг бүрэлдэхүүнд сум дундын ойн ангийн инженер Б.Ж оролцож, 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 14 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлттэй хариуцагч А.Б М.Б нар “танилцлаа” гэсэн тэмдэглэгээ хийж дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй байх бөгөөд дээрхи ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байна. Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах материалын хүрээнд цугларсан нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2-р баг Эрээний өврийн Жонын гуя гэх газарт 13 настай Б.Б, 15 настай М.Б М.Б нар хонинд явж байх үедээ гал түлж, галаа дутуу унтрааж орхисоноос 3,2 га талбай шатаж ойн санд 8313313 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан “их хэмжээний буюу 50,000,000 төгрөгнөөс дээш” хохирол хор уршиг учраагүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх үндэслэл болсон. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандахдаа ЭХХША-ны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд “эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарыг” хуульчлан заасан байгааг шүүх анхаарч дүгнэлт хийхийн оронд хууль зүйн үндэслэлгүй “насанд хүрээгүй Б.Б, М.Б М.Б нарын гэм буруутай үйлдэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой” гэх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

  1. ИХШХШТХ -ийн 47 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухааны тооцоо, тоо бүртгэл, урлаг утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилоно” гэж “шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж” томилж болохоор хуульчисан байхад нэхэмжлэгч “нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй” гэсэн нь дээрхи хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
  2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт Б.Б нь Б-ийн эцэг, У.А нь М.Б М.Б нарын эх буюу хууль ёсны төлөөлөгч мөн болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолоор нотлогдсон гэж үзэн нотлох баримтаар үнэлсэн атлаа шинжээчийн дүгнэлтийг Цагдаагийн газраас явуулсан ажиллагааны явцад бүрдүүлсэн тул ИХШХШТХ -ийн 40-р зүйлд зааснаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь зөрүүтэй дүгнэлт болсон байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй  байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Б У.А нарт холбогдуулан 8,313,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Насанд хүрээгүй буюу 13-н настай Б.Б, 15-н настай М.Б М.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багын нутаг “Жонын гуя” гэх газар хонинд явж байх үедээ гал түлж, галаа дутуу унтрааснаас болж ой хээрийн түймэр гарсан болох нь нотлогдсон зохигчид энэ талаар маргаагүй байна.

Булган аймгийн прокурорын газар нь насанд хүрээгүй Б.Б, М.Б М.Б нарын эцэг, эх, асран хамгаалагч болох А.Б У.А нараас гэм хорын хохирол 8.313.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хохиролын хэмжээ хэт өндөр байгаа шинжилгээ хийхдээ бид нарыг байлцуулаагүй тул дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэхэд эргэлзээтэй, эсхүл тусгай мэдлэг шаардагдах шаардлагатай гэж үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлий 47.1-т зааснаар “...шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч томилох боломжтой. 

Нөгөө талаар насанд хүрээгүй хүмүүсийн болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учирсан байхад Б.Б М.Б, М.Б нарын гэм буруутай үйлдэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлүүдэд нийцээгүй, үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч аймгийн прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын газрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар  гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш ийн давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2021/00090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах журмаар готдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                          ШҮҮГЧИД                                С.УРАНЧИМЭГ                           

                                          М.ХҮРЭЛБААТАР