Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Б-д холбогдох 1835000280040 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, Ц овогт Б.Б. РД:ОЮ96092209.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө хохирогч Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 04-ний шөнө хохирогч Д.Д-г зодсон болох нь хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “ Хяргас нуур караокед бид архи ууж байсан ба У би маргалдаж байснаа зарим хэсгийг нь санаж байна. Түүний дараа  Б /Б.Б/ намайг үсдэж дараад миний дээр гарч суугаад татаж сэгсрээд байсан. Би босох гэсэн боловч чадахгүй байсан юм. Намайг үсдэж байхад хүн салгасан. ...Миний толгойны үснээс татаад байхаар нь цохь цохь гэж хэлсэн. Б.Б бид хоёрыг салгасны дараа би гараад болсон үйл явдлыг санахгүй байна. Миний үсийг татаж сэгсэрчнээс хойш би манараад түр зуур ухаан алдчихсан байсан. ...Миний толгойны дээд талын хэсэг, арын дагзны хэсгийн үс зулгарсан байсан. Б миний толгойноос үсдэж байсныг санаж байна. ...Миний хохирлыг барагдуулаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Б нь өөрийн хамаатны эгчтэйгээ хамт ирсэн. тэр “Уучлаарай” гэж хэлсэн. Б.Б-ын төрсөн аав бас эмнэлэгт байхад ирсэн ба мөнгө өгч чадахгүй эм авхуулах шаардлагатай бол хэлээрэй би гаднаас таньдаг хүнээсээ аваад өгье гэж хэлсэн. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй. Би бие, эд эрхтэнээр хохирсон тул эмчилгээний зардалд 800000 /найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 39-р тал/, гэрч С.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Д орилж хашгираад надтай маргалдаж миний үсийг зулгаагаад тавихгүй байсан тул тэнд байсан хүмүүс салгасан. Тэр үед Б /Б.Б/ намайг өмөөрч Д-г “Чи яагаад миний найзыг янхан гэж хэлдэг юм бэ? Чи тийм ариун амьтан уу?” гэж хэлээд Д-г үсдэж байгаад дээш, доош дарж татахад Д паарны төмөрт толгойгоо цохиулсан. Б Д-г нэлээн цохиж зодсон ба бид нар салгах гээд дийлээгүй. Хамгийн сүүлд Ц болон манай захирал Б нар салгаж гадна гаргасан. Д нэлээн согтуу байсан ба өөрөө хэрүүл хайж хүмүүс үрүү дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 42-р тал/, гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Б Д хоёрыг зодолдож байхад байгаагүй, гадна бие засаж байсан. Намайг орж ирэхэд Д-ийн үс нь арзайчихсан байсан. Өөр ямар нэг ил харагдах гэмтэл, шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/, гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би Хяргас нуур зочид буудал уруу ороход Б.Б байсан ба Д гэх охинтой маргалдахад Долгормаа намайг цагдаад өгчихсөн гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан талаар асуухад Ц-гийн гэдэс үрүү Д цохисон. Ц би өмөөрөөд Д-тай маргалдсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/, гэрч Т.Отгонсайханы мөрдөн байцаалтанд өгсөн “...Б /Б.Б/ гэдэг охин Д-г үсдэж шалан дээр дараад нэг, хоёр үснээс нь татаад сэгсэрсэн. Д босч ирээд зогсоход Б.Б гэгч нь Д-г түлхэхэд Д шалан дээр хойшоо савж унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Д-г зодоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

            Хохирогч Д.Д нь шүүгдэгч Б.Б-д зодуулсны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, толгойн үс халцарсан, баруун гарын шууны хэсэгт хар хөхөрсөн, баруун бугалганы дотор талд улайлт, толгойн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд  “Б.Б зодуулсны улмаас эмчилгээний төлбөрт 800.000 төгрөгийн зардал гарсан. 30.000 төгрөгийн хохирол төлсөн”  гэж мэдүүлсэн боловч боловч 94.240 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.

             Иймд хохирогчийн нотлох баримтаар тогтоогдсон 94.240 төгрөгөөс төлөгдсөн 30.000 төгрөгийг хасаж, 64.240 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулан хохирогч Увс аймгийн Улаангом сумын 4 дугаар багт оршин суух Ц овогт Д-ийн Д /ОО95050320/-д олгож, 705.576 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал,  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц овогт Б-ны Б-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/  цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 64.240 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Улаангом сумын 4 дугаар багт оршин суух Ц овогт Д Д /ОО95050320/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 705.576 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ