| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2025/0010/З |
| Дугаар | 125/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 125/ШШ2025/0016
2025 03 28 125/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч ******* нарын хоорондын Ховд аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ******* ХХК-нийн захирал *******, хариуцагч *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
Хоёр. Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Ховд аймгийн сум, ийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Бид ийн уурхайд 7,8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 20-30 орчим хүнийг ажлын байраар хангаад үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр холбогдох татварын тайлангаа гаргаж байсан, оны шилдэг татвар төлөгч болж байсан. Маргаан бүхий энэ асуудал зөвхөн үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан гаргаагүй гэх шалтгаанаас болж үүссэн. Оны шилдэг татвар төлөгч компаниар шалгаруулахынхаа оронд тайлангаа гаргаж өг гэж хэлсэн бол тайлангаа нөхөж гаргах боломжтой байсан.
Маргаан бүхий асуудал дурдагдаж буй компаниудын хувьд харилцан хамааралтай компаниуд мөн боловч ямар нэгэн байдлаар татвараас нуугдсан, зугтсан зүйл байхгүй. Тухайн үед татварын албанд өгөх ёстой бүх татвараа төлсөн. бөгөөд харилцан хамаарал бүхий компаниудтай 22.310.313.382.27 төгрөгийн түүхий эд материал борлуулсан, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсний орлого олсон гэдэгтэй маргахгүй. Гэхдээ үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлан гаргах ёстой гэж мэдээгүй, тайлан гаргах ёстой талаар татварын албанаас мэдэгдээгүй, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөвхөн тайлан гаргаагүй гэх үндэслэлээр өндөр дүнгээр торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогчийн эрх үүрэг, зөрчлийн хэргийн материал танилцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус.
Иймд гомдлыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.
2.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* бид нар "*******" ХХК-ийн 2021 оны 06 сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1624502492 тоот томилолтоор 2024 оны 09 сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтын явцад “*******” ХХК нь 2022 оны харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг татварын албанд хугацаанд нь тайлагнах үүргээ биелүүлээгүй.
"*******" ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийт борлуулалтын орлогыг 22,311,656,720.06 төгрөг, үүнээс тусгай хувь хэмжээгээр ногдуулсан татвар ногдох орлого нь 270,000.00 төгрөг, бараа, ажил гүйлгээний борлуулалтын орлого 21,718,286,791.36 төгрөг, гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого нь 1,073,337.79 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсэний орлого нь 592,026,590.91 төгрөгийн орлогоо Ховд аймгийн татварын газарт тайлагнасан ба 2022 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан 22,310,313,382.27 төгрөгний орлого нь "*******” ХХК нь харилцан хамаарал бүхий, "*******" ХХК, "” ХХК, "******* сервис” ХХК-тай тус тус бараа, түүхий эд материал борлуулсан, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн орлого байсан.
"*******" ХХК, "*******" ХХК, "" ХХК, "******* сервис" ХХК-ууд нь тус тус эцсийн өмчлөгчөөр регистрийн дугаартай, овогтой 100 хувь шууд бус оролцоотойгоор эзэмшдэг талаар татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байдаг.
Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар эдгээр компаниудын хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд нь тул үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг татварын албанд хугацаанд нь тайлагнах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлж тайлангаа ирүүлээгүй. Энэ зөрчилөө хүлээн зөвшөөрсөн.
Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д заасан “...харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй бол үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн тул харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн 22,310,313,382.27 төгрөгийн гүйлгээний 2 хувь болох 446,206,267.62 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Татварын албанаас “*******” ХХК-нд зөвлөгөө өгсөн бол маргаан бүхий асуудалтай холбоотой тайланг гаргах боломжтой байсан ба шинээр байгуулагдсан компани тул энэ талаар мэдээгүй байсан.
Одоогийн байдлаар компанийн үйл ажиллагаа зогссон байгаа тул торгуулийг төлөх боломжгүй, маргаан бүхий асуудлын хувьд ямар нэгэн байдлаар татварын төлөөгүй гэдэгтэй холбоогүй, харин татварын тайлан гаргаагүйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа.
Ховд аймгийн Татварын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж торгууль ногдуулсан ба торгууль ногдуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллах ёстой.
“*******” ХХК-нийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 2.5-д “2.5.зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.9-д “зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж заасан эрхийг эдлүүлээгүй, зөрчилд холбогдогчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн.
Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд зөрчилд холбогдогчид эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Харин зөвхөн гэрчийн мэдүүлэг дээр гарын үсэг зурахаас татгалзсан.
Зөрчлийн хэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор явагдах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” гэж заасан. Хэрэгт авагдсан материалын он сарыг харахад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтан нь хэргийн хугацаа сунгах ба эрх бүхий албан тушаалтнаас хугацааг сунгах саналаа өгдөг.
Хэргийн хугацааг сунгах саналаа 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар сунгах хүсэлт гаргасныг удирдах албан тушаалтнаас хугацааг 14 хоногоор сунгасан.
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 16 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад 3 хоногийн хугацаа алдсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана” 1.4-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 3 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан боловч хэрэгсэхгүй болгоогүй нь хууль бус.
Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг: Тогтоогдсон үйл баримтын тухайд:
Хоёр: Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухайд:
61.7-д “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ” гэж тус тус заасан.
2.3. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар “*******” ХХК, “” ХХК, “*******” ХХК-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн 100 хувийн өмчлөгчөөр, мөн “******* сервис” ХХК-нийн үүсгэн байгуулагчаар н бүртгэлтэй байгаа ба Т. нь дээрх хуульд зааснаар эдгээр компаниудын эд хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа өмчилж байх тул Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” буюу хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-д заасан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.4. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.”, Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”, 29.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаар маргаан бүхий актаар харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний орлого 22.310.313.382.27 /хорин хоёр тэрбум, гурван зуун арван сая, гурван зуун арван гурван мянга, гурван зуун наян хоёр төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөгийн 2 хувьтай тэнцэх 446.206.267.62 /дөрвөн зуун дөчин зургаан сая, хоёр зуун зургаан мянга, хоёр зуун жаран долоон төгрөг, жаран хоёр мөнгө/ төгрөгийн торгууль оногдуулахдаа “*******” ХХК-нийн Голомт банкны дансны хуулга болон тус компанийн Татварын цахим мэдээллийн санд оруулсан 2022 оны E-barimt-ын 12 удаагийн нийт 22.310.313.382.27 төгрөгийн борлуулалтын мэдээллийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
2.5. Гомдол гаргагчаас “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогчийн эрх үүрэг тайлбарлаагүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах боломжоор хангаагүй, зөрчлийн хэргийн материал танилцуулаагүй...” гэж тайлбарлан маргаж буй хэдий ч “*******” ХХК-нийн захирал ******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн тайланг татварын албанд хугацаанд нь гаргаагүй...” гэх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, уг зөрчил нь баримтаар тогтоогдсон байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх үүрэг, хэргийн материал танилцуулж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаснаар дээрх зөрчлийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм.
2.6. Мөн гомдол гаргагчаас “... зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 14 хоногийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал 16 дахь хоногт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж тайлбарлан маргасан.
2.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
2.8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 58 хоног байхаар заасан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах саналаа удирдах албан тушаалтан болон прокурорт гаргах боломжтой байсан хэдий ч зөрчлийн хэргийн хугацаа сунгах саналаа хуульд заасан хугацаанд гаргаагүй нь зөрчлийн хэргийн хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй.
2.9. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зохицуулсан ба уг зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацааг 58 хоногоор тогтоосон, мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-д заасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь дээрх хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн нийт хугацааг дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан агуулгатай тул гомдол гаргагчийн “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан...” гэх үндэслэлээр тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 38 дугаар зүйлийн 38.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Ховд аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР