Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2021/00006

 

М. С нэхэмжлэлтэй

Б.Т холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2021/00105 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М. С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.С оос “Хүүхдийн хөгжил сан”-гаас олгодог хүүхдийн мөнгө болох 1,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М. С гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т 2014 онд гэр бүл болж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Э төрсөн. Гэр бүл болж  хамтран амьдарснаас хойш нэг жилийн дараагаас эхлэн бидний харьцаа таарамжгүй болж, надад гар хүрч эхэлсэн. Зодох болгондоо гарт тааралдсан эд зүйл болох модон сандал, түлээ, галын хайч, толгой хуйхалдаг халуун төмөр зэргийг шиддэг байсан.  Энэ байдал улам даамжирч архи ууж ирэн үр хүүхдээ айлгаж, намайг гэрээс хөөдөг байсан ба жирэмсэн байхад удаа дараа доромжлон зодож, машинтай үхнэ гэж авч давхидаг байсан. Ингэх бүртээ бага охиноо аваад надаас сал зайл гэж хөөдөг байсан.

2019 оны 06 дугаар сард Булган аймагт төрсөн эгч Ц байхдаа найзын хамт архи ууж, ажилд орохоор бүрдүүлсэн бүх бичиг баримтаа барьцаанд тавьсан байсан. Би бичиг баримтыг авч өгөн “Яагаад ингэж байгаа юм бэ?” гэхэд уурлан найзыгаа өмөөрч миний хамрыг мурийлгасан. Ингээд цохисны дараа 2 дугаар цэцэрлэгийн гадаа намайг зодуулж байхыг хариуцагчийн эгч Ц нь ажилчдынхаа хамт харж байсан. Тэгээд миний ээж, аавд мэдэгдсэнээр миний амьдралын нөхцөл байдлыг тэд мэддэг болсон.

Надад Б.Т гэр бүлийн хүчирхийлэл маш их үйлддэг байсан. Б.Т гийн эгч нь надад хэлэхдээ” эгчийн дүү ийм байдлаар удаан явахгүй” гэж хэлээд намайг  Булган аймгийн Тэшиг сумаас Эрдэнэт хотод ээжид минь авчирч өгсөн. Би Б.Т гоос тусдаа амьдарснаас хойш 2 жилийн хугацаанд хүүхдүүдээ авах гэж оролдлого хийж, Б.Ттой уулздаг байсан. Уулзах бүртээ надад гар хүрч, уулзах гэж ирэхэд минь хүүхдүүдтэй минь 10-20 минут л уулзуулдаг байсан. Б.Тгийн урьдын зан авир засраагүй хэвээрээ байсан ба хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход надад хэд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэж цагдаагийн газарт мэдэгдсэн. Булган аймгийн Тэшиг сумын Цагдаагийн газарт тэмдэглэгдсэн байгаа. Намайг Эрдэнэт аймагт амьдарч байсан гэрт минь орж ирээд хүчирхийлэл үйлдэж, архи ууж, өвлийн хувцсыг авч намайг нүцгэн гудамжинд үлдээж байсан. Б.Тг Булган аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулсан. ... Би Б.Тс салаад хүүхдүүдтэйгээ 2020 он гарах гэж байхад уулзсан. Мөн тусдаа амьдарсан 2 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ холбогдох гэж Б.Т руу залгахад дугаар блоклож мөн өөр лүү нь залгасан бүх дугаарыг блок хийдэг байсан. ... Б.Т суусан эхнэрийнхээ заавраар над руу утасдаж хүүхдээ ирж аваа гэж 2-3 удаа ярьсан. Очоод хүүхдүүдээ авах гэхээр өгдөггүй байсан. Баримт болгоод дискэнд буулгаад хэрэгт өгсөн. Б.Т хүнтэй суугаагүй байхдаа хүүхдүүдээ надтай утсаар яриулдаг байсан. Хүнтэй сууснаасаа хойш хүүхдүүдтэй минь яриулахгүй, уулзуулахгүй, шүүхийн дагуу хүүхдээ ав гэж намайг маш их зовоож амьдын хагацал үзүүлж байна. Мөн түүнтэй хамт амьдарч байгаа Ерөө гэх хүүхэн, Б.Т хоёрт би маш гомдолтой байна. Өмнөх шүүх хуралдаанд шүүгч Солонгыг хүүхдүүдтэй нь уулзуул эх хүн байх эрхийг нь хасаагүй байхад хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байж болохгүй гэж хэлсэн. Б.Т шүүх хурал дууссаны дараа чи очиж хүүхдүүдээ ав гэж хэлсэн. Би ээж, ах хоёртойгоо Булган аймгийн Тэшиг сум руу хүүхдүүдээ авах гэж очсон боловч хүүхдүүдийг минь өгөөгүй. Очиход хоёр хүүхэд минь Б.Тгийн ээж, аавынд байсан. Бүхий л өмсдөг хувцас нь тэнд байсан. Өөрөө өөр хүнтэй тусдаа амьдарч байгаа мөртлөө хүүхдүүдтэйгээ хамт амьдардаггүй. Амралтын өдрөөр хүртэл хүүхдүүдтэйгээ ярих гэж залгахад би ажилтай байна гэж хэлдэг. Үр хүүхдээ ямархуу байдалтай байгааг би мэдэхгүй байна. Би үр хүүхдээ их санаж бие маш их өвдөж байна. Б.Тгийн өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэдгийг нотлох гэж хамт даруулсан зургийг баримтжуулж авчирсан. Б.Т хүүхдүүдээ хардаггүй. Хүүхдүүд ээж, аав дээр нь байдаг. Би хүүхдүүдээ Б.Т өгөхгүй. Б.Т ээж, аавтайгаа хамт архины хамааралтай. Өмнөх шүүх хурал дууссаны дараа хүүхдүүдтэйгээ уулзаж харахад хүүхдүүд минь маш хэцүү байдалтай байсан. Эцэг эхийн хайр байхгүй хэцүү байсан. Эцэг хүн үүргээ гүйцэтгээд амралтын өдөр ч гэсэн цуг байдаггүй өөр газар байдаг. Булган аймгийн Тэшиг сумаас хүмүүс над руу залгаад өвөө эмээ нь архи уугаад байна гэж хэлсэн. Б.Тгийн эгч нь хүүхдүүдийг надтай утсаар яриулсан. Б.Т намайг маш их зовоож байгаа. Би гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдээ өөрийн асрамжид авна гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд дархан цаазат газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. Түүнээс хойш Хужирт багт 1 жил амьдарч байсан. 2015 онд том охин төрсөн, 2017 онд бага охин төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл зодоон хийдэггүй байсан. Би цалингаа аваад Сд өгдөг байсан ба тэр хүнс цуглуулна гэж Эрдэнэт хот ордог, би хоёр охинтойгоо үлддэг байсан.

Эрдэнэт хот орохдоо баар цэнгээний газраар ордог байсан. Гэртээ ирэхдээ хүнсний зүйл авчирдаггүй харин мөнгө дуусаад гээд ээмэг, бөгжөө ломбарданд тавиад ирдэг байсан. Хоёр охиныхоо нэгийг аваад яв гэхээр авч явдаггүй байсан. Намайг  хоёр охиноо хардаг юм чинь гээд бид гурвыг 2-3 хоног орхиод явдаг байсан. Тухайн үед хоол хүнсний зүйл авчирдаггүй байсан. Эдгээрээс болж хэрүүл маргаан болдог байсан. С агсам тавьж гэрийн эд зүйлийг над руу шиддэг байсан. Орхон аймаг, Тэшиг сум, Булган аймагт цагдаад очсон гэж байна.

... Тухайн үед тэр виз нь бүтээгүй учраас бичиг баримтыг өөрийн биеэр ирж ав гэж хэлсэн гээд  Улаанбаатар хот руу явсан. Би цалингийн зээлтэй үлдсэн. Би Булган аймгийн Тэшиг суманд байгаль хамгаалагчаар ажилд орж, хоёр охинтойгоо амьдаръя салмааргүй байна гэж охидоо дагуулаад Орхон аймагт очсон. Тэгээд хоолонд орье гэж хэлээд бид гурвыг нэг өрөөнд оруулж гэнэт цагдаа дагуулж орж ирсэн. Яагаад цагдаа дуудаж байгаа юм гэхэд С “Чи миний хүүхдүүдийг өгөхгүй байна” гэж хэлсэн. Хэсгийн цагдаа хүүхдүүдээ аваад унаа дуудаад яв гэж хэлсэн. Би Тэшиг явах таксинд очиход Сын хамаатнууд ирээд миний охидуудыг булаацалдсан. Булган аймгийн цагдаад очсон гэдэг нь манай эгчийн хурим болж байсан 2 охин гадаа тоглож байхад С хажуу айлын хашаагаар давж орж ирээд хоёр охиныг хулгайлах гэж байхад нь дүү нар хараад би хоёр охиноо авч байсан. Түүнээс биш Сыг зодсон асуудал байхгүй. С өөрөө цагдаа дуудсан байсан. Дарамталж зодсон зүйл байхгүй. Надад хоёр охиноо Сд өгөхөд хэцүү байна. Солонгын ээж нь аавыг нь өнгөрөөд нэг сарын дараа хойд аавтай нь суусан. Солонгын аав амьд байхдаа Тэшиг сумаас хүүхэд өргөж авч байсан. Тэр хүүхдийг 1 дүгээр анги хүртэл нь өсгөж байгаад талийгаач аав өнгөрсний дараа ээж нь өөр хүнтэй суугаад өргөж авсан ээж рүү яриад “Т бид нар өсгөж чадахгүй юм байна. Хүүхдээ өөр дээрээ ав” гэж хэлсэн байсан. С 2019 онд нэг найзтайгаа уугаад найзыгаа зодсон. Баривчилгаанд явах гээд баривчилгааны 100.000 төгрөг, эрүүлжүүлэхийн мөнгийг бас өгсөн. С “надад өмсөх гээд гутал байхгүй байна. Чи надад мөнгө өгөөч” гэсэн. Би цалингийн зээлтэй, хоёр охины бүх зүйлийг зохицуулж амьдардаг. Би Ө  сууж амьдарсан зүйл байхгүй. Үнэхээр суусан бол гэрлэлтээ батлуулах байсан тийм зүйл байхгүй. Өнөржаргал надад тусалдаг сайн найз юм. Солонгын хойд аав нь хоёр дагавар хүүхэдтэй. Дагавар хүүхдүүд нь миний хоёр охиныг яах ч юм билээ. С өөрийн гэсэн байр, байшингүй. Өмнөх шүүх хурлын дараа С, ээжийн хамт хүүхдүүд дээрээ очсон. Гэтэл охидууд ээж, эмээгээ танихгүй байсан. 2 охин дээрээ 2 жилийн дараа очсон мөртлөө нэг иштэй чихэр ч аваад очоогүй. Шинэ жилийн гацуур дээр нь 100 төгрөг ч тавих чадваргүй хүн яаж хүүхдүүдээ тэжээх юм бэ. Мөн хүүхдийн мөнгийг хэрэглэсэн. Надаас удаа дараалан мөнгө нэхэж, мөнгө авч байсан. Удаа дараа Сос эвлэрэхийг гуйсан. Хоёр охиныхоо хажууд нэг ч хонохгүй тамхи татдаг байсан. Манай том охин ээжээс тамхи үнэртээд байна гэж хэлж байсан. Ийм хүн миний хоёр охиныг яаж өсгөх юм бэ итгэхгүй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2021/00105 дугаар шийдвэрээр:

“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан П овогт Мийн С, Г овогт Бны Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 06 дугаар сарын 29-ний төрсөн охин Т.Н, 2017 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Э,  эцэг Б.Тгийн  асрамжинд үлдээсүгэй.

3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар хариуцагч М.Сос 1.760.000 төгрөг гаргуулж, Б.Т /охин Т.Н Т.Э нарт/-д олгож, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг Б.Т анхааруулсугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.200 төгрөгөөс 48.000 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 70.200 төгрөг, нэхэмжлэгчээс 48.000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Б.Т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд  даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.С давж заалдах гомдолдоо: ...С 2019 оны 7-р сараас хойш Н, Э нартай уулзахаар очдог байсан, Т хүчирхийлэл үйлдэж уулзуулдаггүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тус үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Миний бие хэрхэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн. Энэ байдлыг харж ойлгосон Тийн эгч 2 охиноо орхиод түр яваад үз ойлгох байлгүй гэж зөвлөснөөр анх гэрээсээ ганцаараа явсан. Түүнээс хойш охидтойгоо уулзах, авах гэж олон удаа оролдсон боловч тэднээр барьцаалж намайг эрхшээлдээ байлгах гэдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн газрын 2 тодорхойлолт /хх40/-оор тодорхойлогдох ба би Тгийн нутагт тэдний ах дүүгийн хүрээлэлд байсан, нэр төрөө боддог зэргээс эцэг эхдээ ч хэлэхгүй, цагдаад мэдэгдэхгүй өнгөрдөг байсан маань ийм байдалд хүргэнэ гэж үнэхээр мэдсэнгүй.

Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д заасны дагуу шүүх шийдвэрлэнэ гээд 2 охиныг минь 2019 оны 7-р сараас хойш эцэг Тгийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй нь "Бялзуухай” цэцэрлэгийн тодорхойлолт, Тд холбогдох гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүйг үндэслэлээ гэжээ. Гэтэл 2020 оны 12-р сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хурал дээр 2 охин цэцэрлэгт яваагүйг Т өөрөө хүлээн зөвшөөрч, том охины шинжилгээнд цагаан хорхой илэрсэн тул яваагүй гэж хэлж байсан.

Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл тухайн хугацаанд ирээгүй ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх сонирхолтойн улмаас ажлын шугмаар Булган аймагт ирэхдээ архидан согтуурч зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн, архи уухын тулд ажилд орох бичиг баримтаа барьцаалж түүнээс болж хэрүүл зодоон болж байсан нөхцөлийг анх дурдаж байсныг шүүх анхаарч үнэлээгүй.

Т холбогдож 2 охинтойгоо утсаар ярих гэхээр ажилтай байна, өөр газар байна гэх мэтээр яриулдаггүй байснаа сүүлийн үед хамтран амьдарч Өнөржаргал нь намайг элвдээр доромжилж утсыг тасалдаг, хааяа нэг холбогдоод ярихаар бага охиноо ав гэдэг тэр үгэнд нь итгээд очихоор ямар нэг аргаар надад өгдөггүйгээс авч чадахгүй байхад намайг 1 жил 8 сарын хугацаанд хүүхдүүдээ хайхрахгүй байсан мэтээр дүгнэж охидыг минь эцгийнх нь асрамжид үлдээсэнд үнэхээр гомдолтой байна. 2 охиныг минь эцэг нь асарч байгаа гэх боловч үнэн чанартаа эцэг, эх, хамаатан садан дээр нь амьдарч байгаа. Т нь хүүхдүүдээ шүүхээр шийдвэрлүүлээд ав гэсний дагуу би шүүхэд хандаад жил гаруй хугацаа зарцуулсан. Би бага насны 2 охиноо шууд очоод авчих үнэхээр боломж байгаагүй хэлсэн үгэнд нь итгээд очоод уулзах, авах гэхээр тав арван минут болонгуут шууд надаас булаан авдаг байсан.

Бодит нөхцөд байдлыг ярьсан миний үгийг нотлох баримтгүй гэж дүгнэсэн мөртлөө Тгийн ярьсан бүхнийг хүлээн авч, өөрөө охиноо цэцэрлэгт яваагүйг нь хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад цэцэрлэгт хамрагдсан гэж үнэлээд байгааг хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Тгийн хүсэлтээр хийгдсэн мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр асран хамгаалагчаар тогтооход эцэг эхийн аль алинд нь давуу байдал илрээгүй. Амьдрах нөхцөл боломж аль алинд нь адил болохыг дүгнэснийг анхаарч үзээгүй. Т хамт амьдарч байхдаа надад дарамт шахалт үзүүлэх бүртээ бага охиноо аваад зайл гэж хөөдөг байсан. Тусдаа амьдарснаас хойш бага охиноо ав гэж утсаар удаа дараа хэлж байсан /бичлэгийг нотлох баримтаар өгсөн/ зэргийг үндэслэн ядаж 3 нас 8 сартай бага охин Эг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангасан байна.

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Т нэхэмжлэгч М.Сос 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэлх хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 1.760.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.Т нар 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд 2015 оны 06 сарын 29-ы өдөр охин Т.Н 2017 оны 08 сарын 23-ний өдөр охин Т.Э нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон байна.

Гэрлэгчид 2019 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа охин Т.Н, Т.Энар нь эцэг Б.Тгийн асрамжинд байгааг харгалзан түүний асрамжинд үлдээж, гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасантай нийцсэн байна.

Харин хүүхдийн асрамжийг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлах байтал 14.5-д заасныг баримталсан нь буруу байх тул дээр дурьдсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, нэхэмжлэгчийн бага охин Т.Эг өөрийн асрамжинд авах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Нэхэмжлэгч М. С давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2021/00105 дугаар шийдвэрийг  тогтоох хэсгийн 2 дахь заалтын “14.5” гэснийг “14.6” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                        ШҮҮГЧИД                             С.УРАНЧИМЭГ                         

                                   М.ХҮРЭЛБААТАР