| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0029/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч: Ө.Нарантуяа
Шүүгдэгч: Т.О, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын О, Ш овогт Б-н Х нарт холбогдох 1735002120006 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Т-ын О. РД:ОЗ910202,
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч дүүгийн хамт Улаангом сумын 5 дугаар баг 18-07 тоотод оршин суух, Ш овогт Б-н Х. РД:ОМ990722,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Т.О, Б.Х нар нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс тоёота аллион загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай автомашин ашиглаж хохирогч Ц.А-гийн эзэмшлийн ногооны талбайн 20 метр урттай төмөр тор хулгайлж нийт 90000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.О, Б.Х нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.О, Б.Х нар нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс тоёота аллион загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай автомашин ашиглаж хохирогч Ц.А-ийн эзэмшлийн ногооны талбайгаас 20 метр урттай төмөр тор хулгайлсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р тал/, эд мөрийн баримт /бахь, халив/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30-р тал/, эд зүйл /бахь, халив/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32-р тал/, эд хөрөнгө /авто машин, модон шат, төмөр тор/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 33-р тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-35-р тал/, эд зүйл /төмөр тор/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-38-р тал/, эд мөрийн баримт /бахь, халив, модон шат, авто машин, төмөр тор/-аар тооцох тухай /хх-ийн 39-р тал/,
Хохирогч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би ногооны талбайдаа хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сард очиж харсан бөгөөд тухайн үед миний талбайн төмөр торууд зарим хэсэг нь байсан юм. Би тухайн үед төмөр торнуудыг хэмжээгүй бөгөөд нийт хэдэн метр тор байсныг мэдэхгүй байна. Манай талбайд ямар нэгэн манаач байхгүй. Т.О, Б.Х нар нь надаас уучлалт гуйж, 90.000 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 15-р талд/,
Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “…Би 2017 оны 12-р сарын 07-ны шөнө цагдаагий зохицуулагч Б.Б-ын хамт 00:05 цагийн үед Улаангом сумын 05 дугаар баг хуучин нисэхийн урд талбайд албаны 65-42 УВХ улсын дугаартай автомашинтай замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал хуучин нисэхийн урд талын далангаар 06- 83 УВХ улсын дугаартай тоёото аллион маркын саарал өнгийн автомашин гарч ирсэн юм. Уг машиныг зогсоон шалгахад машин дотор үл таних 3 эрэгтэй хүн явж байсан бөгөөд машины жолоочийн бичиг баримтыг шалгахад Л.Б гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан мөн ар талын суудал дээр сууж явсан үл таних хоёр хүний бичиг баримтыг шалгахад Т.О, Б.Х гэх нэртэй хүмүүс байсан юм. Тэгээд машины ар талын суудал дээр сууж явсан Т.О, Б.Х нар нь дундаа модон шатан дээр эвхсэн байдалтай ногооны талбайн төмөр торыг авч явсан юм. Тэгээд зохицуулагч, Б.Б бид хоёр Л.Б, Б.Х, Т.О нараас уг төмөр торыг хэний, ямар төмөр тор болохыг асуухад Т.О, Б.Х нар нь уг ногооны талбайн төмөр торыг хуучин нисэхийн далангийн урд талд зүүн гар талын эхний талбайгаас хулгайлсан талаараа хэлж байсан юм. Жолооч Л.Б нь уг торыг хулгайн тор гэдгийг мэдээгүй. О хүнээс авах ёстой дөхүүлээд /зөөгөөд/ өг гэхээр нь явж байна” гэж хэлсэн...Тэгээд цагдаа зохицуулагч Б.Б бид хоёр уг хүмүүсийг автомашины хамтад нь цагдаагийн газарт авч ирч жижүүрийн албанд илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “…Уг автомашин зогсоон шалгахад машин дотор үл таних 3 эрэгтэй хүн явж байсан бөгөөд жолоочийн бичиг баримтыг шалгахад Л.Б гэдэг гэдэг хүн байсан. Бид ар талын суудал дээр сууж явсан үл таних хоёр хүний бичиг баримтыг шалгахад Т.О, Б.Х гэх нэртэй хүмүүс байсан юм. Тэгээд автомашины ар талын суудал дээр сууж явсан Т.О, Б.Х нар нь дундаа модон шатан дээр эвхсэн байдалтай ногооны талбайн төмөр торыг авч явсан юм. Тэгээд Д.Г бид хоёр тэр хоёр хүнээс уг төмөр торыг хэний ямар тор болохыг асуухад тэд нар уг ногооны талбайн төмөр торыг хуучин нисэхийн далангийн урд талд зүүн гар талын эхний талбайгаас хулгайлсан талаараа хэлж байсан юм. Харин магины жолооч Л.Б нь уг төмөр торыг хулгайлсан гэдэгийг мэдэхгүй, О надад хүнээс авах ёстой байсан юм дөхүүлээд өгөөч гэхээр нь дөхүүлж өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд зохицуулагч Д.Г бид хоёр уг хүмүүсийг автомашины хамтад нь цагдаагийн газарт авч ирч жижүүрийн албанд илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “…Тэгээд манай ах Т.О нь манай нөхөр Л.Б-д “манай хөдөө хотонд хоньруу чоно ороод байх юм, би хүнээс ногооны талбайн төмөр тор авах гэсэн юм, чи машинаараа дөхүүлээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр Л.Б болон ах Т.О нар нь манай гэрээс Л.Б-ын 06-83 увх улсын дугаартай автомашинд суугаад гараад явсан юм. Тэгээд 2017 оны 12-р сарын 08-ны 03:00 цагийн үед манай нөхөр Л.Б нь гэртээ ирсэн юм. Л.Б нь надад “Т.О хүнээс төмөр тор авахаар болсон гэж надад худлаа хэлсэн байна, Т.О, Б.Х бид гурав хуучин нисэхийн далангийн урд талын ногооны талбай дээр очоод Т.О, Б.Х нар нь ногооны талбайн тор авахаар орсон тэгээд би тэр хоёрыг тор авч ирэхийг хүлээгээд машиндаа сууж байсан тэгтэл 30 гаруй минутын дараа тэр хоёр төмөр торыг өргөж авч ирээд машинд хийсэн бөгөөд бид гурав уг торыг ачаад явж байгаад цагдаа нар таарч шалгахад Т.О, Б.Х нар нь уг торыг хулгайлсан талаараа хэлсэн. Тэр хоёр анхнаасаа надад хулгай хийж байгаа гэж хэлээгүй, би тэр хоёрыг хулгай хийсэнч гэж мэдээгүй, тэгээд цагдаагийн газарт шалгагдаж байгаад ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Шүүгдэгч Т.О-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Л.Б-д манай хонь руу чоно ороод байна, би хүнээс ногооны талбайн төмөр тор авахаар болчихсон байгаа, орой ирээд авчих гэсэн юм, чи машинаараа дөхүүлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Л.Б зөвшөөрч бид хоёр түүний 06-83 УВХ улсын дугаартай автомашинтай Улаангом сумын 5 дугаар багт байх миний өөрийн гэр дээр ирсэн юм. Би одоогоор жижиг гэрээрээ отроор мал маллаж байгаа бөгөөд манай гэр Улаангомд байдаг юм. Тэгээд манайд ирээд Л.Б машиндаа суугаад хашааны гадна үлдсэн харин би Л.Б-д модон шат болон тор таслах бахь, отверк /халив/ зэргийг гэрээс аваад гараад ирье гэж хэлээд хашаа руугаа орсон юм. ... би хадам дүү Б.Х би хөдөөнөөс сая ирлээ манай хонь руу чоно ороод байна, чи надтай хамт яваад ногооны талбайн төмөр тор хулгайлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б.Х зөвшөөрч бид хоёр модон шат, бахь, отверк /халив/-ыг аваад хашаанаасаа гараад Л.Б-ын машинд суусан юм. ... Уг төмөр торуудыг модон шонд ороож хадсан байсныг Б.Х бид хоёр бахь, отверк /халив/-аар тасалж авсан бөгөөд нийт 20 орчим метр төмөр торыг тасалж газарт унаган хуйлж эвхсэн юм. Тэгээд уг торыг модон шатан дээрээ тавиад хамт өргөөд Л.Б-ын машины ар талын суудал дээр шатны хамтад нь тавьсан юм. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлд 90.000 төгрөг төлж, торыг нь хүргэж татаж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 12-р сарын 08-ны өдөр 23:00 цагийн үед Улаангом сумын 05-р багт байх гэртээ ганцаараа байж байтал манай хүргэн ах болох Т.О нь манай хашаанд байдаг өөрийнхөө гэртээ өөрийн хүргэн Л.Б-ын хамт түүний 06-83 УВХ улсын дугаартай автомашинтай ирсэн юм. ...Т.О ах надад манай хөдөө байдаг хонь руу чоно ороод байна, орой далангийн урд талын ногооны талбайгаас төмөр тор хулгайлах гэсэн юм чи надад туслаад хамт яваад өг” гэж хэлсэн юм. ...Т.О ах бид хоёр хашаанд байсан жижиг модон шат, улаан өнгийн бариултай бахь, бор иштэй отверкыг авсан юм. Тэгээд Т.О бид хоёр Л.Б-ын машинд суугаад бид гурав хуучин нисэхийн урд талын далангаар урагш гараад зүүн гар талын эхний торон хашааны гадна ирж машинтайгаа зогссон юм. ...Т.О ах бид хоёр машинаас модон шат болон тор таслах бахь, отверкаа аваад буугаад цааш очиж далангийн хажууд байсан төмөр торноос тасалж авсан юм. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлыг төлж барагдуулж, торыг татаж өгсөн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Т.О, Б.Х нар нь хохирогч Ц.А-ийн эзэмшлийн ногооны талбайг хашсан 20 метр урттай төмөр торыг авч, 90000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Т.О, Б.Х нар нь хохирогч Ц.А-ийн ногооны талбайгаас төмөр тор хулгайлахдаа Л.Б-ын эзэмшлийн тоёота аллион загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай автомашиныг уг гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор ашигласан байх тул шүүгдэгч Т.О, Б.Х нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.О, Б.Х нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.А-ийн эзэмшлийн ногооны талбайгаас хулгайлсан 20 метр урттай төмөр торын нэг метр нь 4500 төгрөгийн үнэтэй болох нь “Увс финанс-аудит” ХХК-ий 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 90000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Т.О, Б.Х нар нь хохирогч Ц.А-д учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь “хохирогч Ц.А-аас хавтаст хэрэгт авагдсан надад учирсан 90.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж өгсөн, нэхэмжлэх зүйл гомдол тэмцэл байхгүй болно” гэх мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.О, Б.Х нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Т.О, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.О, Б.Х нар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.О нь эхнэр, 6 сартай хүүхдийн хамт амьдардаг болох нь Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаатай тодорхойлолт, мөн тархины саажилт өвчтэй төрсөн дүү Т.Г-ийг асардаг болох нь Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаахаас чөлөөлөгдсөн болох нь Увс аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь Улаангом политехник коллежийн үйлдвэрлэлийн тенхикчийн ангид сурдаг болох нь тус коллежийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3/018 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.О, Б.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байгаа боловч, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогчид 90.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Х, Т.О нар төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул тэдний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.1 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай прокурорын тогтоолоор битүүмжлэн Л.Б-д хариуцуулсан төмөр торыг улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эд мөрийн баримтыг байгаа газарт нь очиж шинжлэн судлахад 1.1 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай төмөр тор нь хариуцуулсан этгээд болох Л.Б-д байгаагүй бөгөөд Л.Б нь уг төмөр торыг “шүүгдэгч нар авч хохирогчийн ногооны талбайд татаж өгсөн” гэсэн тайлбарыг өгсөн ба дээрх төмөр тор хаана байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм. Учир шүүгдэгч нар уг торыг хулгайлж авсан тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэж шүүх улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул хариуцсан этгээд болох Л.Б-оос гаргуулж улсын орлого болгох, биетээр байхгүй бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 90.000 төгрөгийг Л.Б-оос гаргуулж улсын орлого болгох тул шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүйгээс гадна хэргийн зүйлчлэл, нотолгоонд ач холбогдолгүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж зэвсэг болох 18.5 см урттай бор өнгийн хуванцар иштэй халив 1 /нэг/ ширхэг, 15 см урттай, улаан өнгийн бариултай бахь 1 /нэг/ ширхэг, 1.2 метр урттай, 50 см өргөнтэй модон шат 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О, Б.Х нар эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоёота аллион загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай автомашин шүүгдэгч нарын өмчлөлийн бус, гэм буруугүй этгээд болох Л.Б-ын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул уг авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолын хүчингүй болгож, өмчлөгч Л.Б-д буцаан олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х, Т.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Б-н Х, Б овогт Т-ын О нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Х, Т.О нарт тус бүрт нь 1/нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, Т.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, Т.О нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.1 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай төмөр торыг улсын орлого болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж зэвсэг болох 18.5 см урттай бор өнгийн хуванцар иштэй халив 1 /нэг/ ширхэг, 15 см урттай, улаан өнгийн бариултай бахь 1 /нэг/ ширхэг, 1.2 метр урттай, 50 см өргөнтэй модон шат 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн тоёота аллион загварын 0683 УВХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Б-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.Х, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х, Т.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ