Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1057

 

 

 

 

     2023          10            31                                         2023/ДШМ/1057

 

Д.У, Б.Г, Ш.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Д.У-н өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Ш.Хгийн өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Хгийн өмгөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.У, Б.Г, Ш.Х нарт холбогдох 2202006970026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Х овгийн  Д.У, 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. Т овгийн  Б.Г, 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .................../;  

 3. Х овгийн Ш.Х, 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хишиг хангай девелопмент” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........................./;  

Д.У нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 19.119.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны 3400003661 тоот харилцах дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 19.119.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 5562074931 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан,

Ш.Х нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагч /ресейпшн/-ээр ажиллах хугацаандаа “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчиж, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн 120 иргэдийн төлбөр болох нийт 9.132.950 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Хаан банкны харилцах 5556335450 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 9.132.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.У, Б.Г, Ш.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.У, Б.Г, Ш.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-гг 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.У, Б.Г, Ш.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.У, Б.Г, Ш.Х нарт мэдэгдэж, шүүгдэгч Д.У, Б.Г, Ш.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт учруулсан хохирлыг төлсөн болохыг тус тус дурдаж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газраас 1.418.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Гт олгох, шүүгдэгч Б.Уянгын эзэмшлийн эзэмшлийн Ү2206082514 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болон Б. Б.Г, Ш.Х нарын тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын зөвшөөрөл, эрхийн актыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.Г, Б.Д.У нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Хгийн өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ш.Хг Эрүүгийн хуулийн тусгай 22.12 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Ш.Х нь “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын төвийн угтагчаар ажиллаж байхдаа 9.132.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх “...үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн шинжийг хангаж байна” гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үлэмж хэмжээний хохирол учруулсан тохиолдолд ял шийтгэл оногдуулахаар” хуульчилсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 “...үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж тодорхой заасан байна. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан иийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэх үүрэгтэй ба эдгээр нөхцлийн аль нэг нь хангагдаагүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд прокурорт буцaaxaaр заасан байхад шүүх хянаж үзэлгүйгээр шууд шийдвэрлэсэн байна. Хэрэг хялбаршуулан шийдвэрлэсэн ажиллагаа нь мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаанд хууль зөрчигдсөн нөхцөл байдлыг хаацайлах үндэслэл болохгүйг дурдаж байна. Иймд Ш.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.У-н өмгөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд тайлбаргүй гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас анх яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлж, шүүхээс зүйлчлэл тохироогүй үндэслэлээр буцаасан. Буцаасан захирамжид оролцогч нараас гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд яллагдагч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзээд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Улмаар анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Х нь 9.132.950 төгрөгийн хохирол учруулсан үйл баримттай холбогдуулан улсын яллагчаас хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа талаар илэрхийлсэн. Гэвч шүүх гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Д.У, Б.Г нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Д.У нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 19.119.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр Голомт банкны 3400003661 тоот харилцах дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 19.119.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрлэлийн газрын няраваар ажиллах хугацаандаа тус төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам батлах тухай” дүрмийн 2 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн нийт 56.468.550 төгрөгийг 305 удаагийн үйлдлээр Хаан банкны өөрийн харилцах 5562074931 тоот дансаар авч, улмаар хувьдаа захиран зарцуулж, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт 56.468.550 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С-н “... “Усан спорт сургалтын төв” ОНАТҮГ-ын дүрмийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор бүтэц болон дүрмийг баталсан. Тус газрын чиг үүрэг нь дүүргийн иргэдэд усны боловсрол олгох, энэ чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Мөн дүүргийн хүн ам, өсвөр үеийн залуучуудын бие бялдарыг чийрэгжүүлэх, усан спортын усанд сэлэлтийн төрлөөр хичээллэгчдийг сургах, иргэдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулж, усанд сэлэлтийн мэргэжлийн сургалт явуулах чиг үүрэгтэй. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн усан спорт сургалтын төвийн жилийн төсөвт төвлөрүүлэх ёстой хэмжээг бага тогтоож өгснөөс тухайн байгууллагад ажиллаж байсан албан тушаалтнууд нь хууль бусаар дээрх мөнгийг өөртөө авч, тэр хэрээр байгууллагад хохирол учруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирлын дүнг нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” /1хх 50/,

гэрч Т.Р-ын “... Манай байгууллагын үнийн тариф нь 1 сарын сургалтын төлбөр том хүн, хүүхэд адилхан 130.000 төгрөг, чөлөөт сэлэлт 1 сарын төлбөр том хүн 100.000 төгрөг, хүүхэд 80.000 төгрөг, цагийн төлбөр том хүн 10.000 төгрөг, хүүхэд 8.000 төгрөг юм. Үйлчлүүлэгч нар төлбөрийг Голомт банкны пос машинд карт уншуулж хийдэг. Төлбөрийг цахим хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд Голомт банкны байгууллагын данс руу шилжүүлдэг. Бэлнээр тушаасан тохиолдолд баримт үйлэж нярав, нягтлантай тооцоо хийдэг. Намайг 2 cap ажиллах хугацаанд бараг бэлнээр тооцоо хийгээгүй. 1 сараар төлбөр төлсөн иргэдэд гишүүний үнэмлэх олгодог бөгөөд гишүүний үнэмлэхийг нярваас тоолж авч буцаад тооцоо хийдэг. Би өөрийн хувийн дансаар Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн мөнгийг авдаггүй. Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чойдогжамц гэдэг хүүхэд 1 цагийн 8.000 төгрөгийг миний Хаан банкны дансанд хийсэн. Тэр нь ажлаас гарах гэж байхад тооцоо хийх гээд над руу шилжүүлсэн. Тэгээд шууд өөрт бэлэн байсан мөнгөөр тооцоо хийж няравт тушаасан..." /1хх 77-78, 80/,

шүүгдэгч Ш.Хгийн гэрчээр өгсөн “... миний дансаар үйлчлүүлэгч нарын мөнгө орж ирсэнд тайлбар байхгүй. Үйлчлүүлэгч нар миний дансанд хийсэн мөнгийг нярав руу явуулаад зарим мөнгийг нь өөрөө авч ашигласан байгаа. ...” /1хх 85-97/,

гэрч Ж.Н-ын “... Авлигатай тэмцэх газраас Баянгол дүүргийн Засаг даргад 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06/3447 дугаартай албан бичгийн хүрээнд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм. Тухайн хяналт шалгалт нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн ба дүүргийн Засаг даргын 2023 оны 3/2301 удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулсан юм. Тэгээд тус хяналт шалгалтаар тус төвийн даргаар ажиллаж байсан Э.Миеэгомбо, Б.Г, Д.У, Ш.Х гэсэн албан тушаалтнуудын хувийн харилцах дансанд бассейны орлого нэрээр орсон орлогыг түүвэрлэн гаргасан юм. Мөн дараагийн асуудал нь кассын 2021 оны 1, 2, 4 дүгээр сарын тайлан болон холбогдох баримтууд байхгүй байсан гэдэг асуудал илэрсэн ба дараагийн дугаарт мөнгөн касс бэлнээр хүлээн авсан орлогыг цаг хугацаанд нь төрийн сангийн дансанд тушаадаггүй, бэлнээр хүлээн авсан орлогыг бөөн дүнгээр нь 3-4 хоногийн дараа тушаадаг гэсэн асуудлууд илэрсэн байна. Хяналт шалгалтад тухайн 4 албан тушаалтнуудын 2021-2022 оны харилцах дансыг хамруулсан юм. Үүнд Э.Миеэгомбын Голомт банкны 1178004480 гэсэн дугаарын дансанд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, Хас банкны 5003024727 гэсэн дугаарын дансанд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, Хаан банкны 5557185435 гэсэн дансанд 200.000 төгрөгийн бассейн түрээс гэсэн утгаар орсон байна. Б.Гын Хаан банкны 5562074931 гэсэн дугаарын дансанд 18.604.500 төгрөг олон янзын утгаар буюу бассейн гэсэн утгаар орсон орлого байна. Д.У дээр Голомт банкны 3405147388 гэсэн дугаарын дансанд 4.682.000 төгрөг бассейн гэсэн утгаар орсон байна. Ш.Хгийн Хаан банкны 5556335450 гэсэн дугаарын дансаар 6.893.500 төгрөг, Голомт банкны 1805195054 гэсэн дансанд 660.000 төгрөг бассейн гэсэн утгаар орсон байна. Ингээд нийт дээрх 4 албан тушаалтны дансаар 32.340.000 төгрөгийн орлого бассейн орлого буюу усан спорт сургалтын төвийн төлбөр гэсэн утгаар хийгдсэн байна. Харин хяналт шалгалтын явцад нэр бүхий 4 албан тушаалтнуудын дээрх дансанд нийт орсон орлогоос мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулах шаардлагатай байгаа дараах гүйлгээнүүд байна. Үүнд: Э.Миеэгомбын Голомт банкны 1178004480 дугаарын дансанд 4.200.000 төгрөг, Голомт банкны 3405148249 дугаарын дансанд 110.000 төгрөг, Хас банкны 5003024727 дугаарын дансанд 16.952.200 төгрөг, Хаан банкны 5557185435 дугаарын дансаар 63.860.400 төгрөг нийт 85.122.600 төгрөг, ...Б.Гын Хаан банкны 5562074931 дугаарын дансанд 104.927.000 төгрөг, ...Д.У-н Голомт банкны 3405147388 дугаарын дансанд 141.000 төгрөг, Голомт банкны 3400003661 дугаарын дансанд 25.236.500 төгрөг, Хаан банкны 5167695916 дугаарын дансаар 4.190.000 төгрөг нийт 29.567.500 төгрөг, Ш.Хгийн Хаан банкны 5556335450 гэсэн дансанд 21.619.500 төгрөг, Голомт банкны 1805195054 дугаарын дансанд 10.363.000 төгрөг нийт 31.982.500 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн болохыг шалгуулах шаардлагатай гэж үзсэн. Эдгээр гүйлгээний утга нь олон янзын хүний нэрээр болон утасны дугаар, мөн тоо, орлого гэсэн утгаар шилжүүлэгдсэн байсан. ...” /1хх 132-133/,

Д.У-н яллагдагчаар өгсөн “... Усан спорт сургалтын төвийн даргаар Баттулга гэж хүн 2013 онд ажиллаж байхад би нярваар ажилд орж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан тэгээд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Миеэгомбо гэдэг хүн дарга болж би ресейпшнээр томилогдсон юм. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс буцаад няравын ажлыг хийсэн юм. Би Усан спорт сургалтын төвийн ресейпшнээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгө төгрөгийн асуудалд ордоггүй байсан зөвхөн пос машинаар үйлчлүүлэгч нарын төлбөрийг уншуулах ажлыг хийдэг байсан тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс няравын ажлаа буцаад хийхэд миний нэр дээр Голомт банкны данс нээж, уг дансаар үйлчлүүлэгч нараас өгч байгаа төлбөр тооцоог хийдэг болсон. Би тэгж л мөнгө төгрөгтэй холбогдсон байгаа. Үйлчлүүлэгч нараас бэлнээр орлого орсон тохиолдолд байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд зарцуулж, энэ талаар зарцуулалтын тайлангаа дарга, нягтлан нарт гаргаж өгдөг юм. Эрхийн картыг байгууллага орлогод өмнө нь бол авдаггүй байсан би энэ талаар сайн мэдэхгүй байна. Харин нэг эрхийн картаар нэг хүн нэг сарын хугацаатай оролт нь 12 удаа ордог ба нэг орохдоо 45 минут ордог тэгээд төлбөр нь 80.000 төгрөг, 100.000 төгрөг, 130.000 төгрөг гэсэн 3 янзаар байдаг. Үүнд болохоор 130.000 төгрөг нь анхан шатны сургалт, 100.000 төгрөгийн эрх нь болохоор том хүний чөлөөт сэлэлт, 80.000 төгрөгийн эрх нь хүүхдийн чөлөөт сэлэлт гэсэн төрөлтэй байдаг юм. Тэгээд нэг удаагийн оролт нь 8.000 төгрөг, 10.000 төгрөг гэсэн төрөлтэй байдаг. Мөн би яг хэчнээн ширхэг картыг авсан мөн хэдэн хүнд өгснөө мэдэхгүй байна прокурорын тогтоолд дурдаж байгаа 19.037.440 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би эрхийн карт өгсөн хүмүүсээс авсан мөнгөө өөрийнхөө Голомт банкны 340003661 гэсэн дансаар авч байсан болохоор миний данснаас тодорхой харагдана. Би энэ үйлдлээ хэн нэгэн хүнтэй хамтарч хийгээгүй, ганцаараа хийсэн үйлдэл байгаа юм. ...” /3хх 19- 20/,

шүүгдэгч Д.У-н дахин өгсөн: “... Би Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны гаргасан тайланд хавсаргасан шалгах шаардлагатай гэсэн мөнгөн гүйлгээнүүдийг өөрийн дансны хуулганы орлого, зарлагатай тулган үзсэн. Тэгэхэд миний Голомт банкны 3405147388 дугаарын дансанд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд орсон 141.000 төгрөг нь бассейн үйлчлүүлэгч нараас орсон орлого бөгөөд уг мөнгийг тухайн цаг хугацаанд нь байгууллагын төрийн сангийн данс болох 100200555019 тоот данс шилжүүлсэн. Энэ мөнгө нь өөр ямар нэгэн данс руу шилжүүлээгүй бөгөөд дансны хуулгыг хавсаргасан. Харин миний хаан банкны 5167695916 тоот данс руу хийгдсэн шалгуулах шаардлагатай орлого нь зөвхөн миний өөрийн хувийн гүйлгээнүүд орсон, гарсан болно. Үүндээ манай байгууллагын ажилчдын төрсөн өдөр, хамт олны үйл ажиллагаа, шинэ жил, хандив туслалцаа гэх мэт төлбөрийг тухайн дансаар авч байсан ба энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно. Голомт банкны 3400003661 тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 28-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орлого болох 25.236.500 төгрөгөөс 14.437.000 төгрөг нь бассейн үйлчлүүлэгчийн орлого мөн. Харин бусад 10.799.500 төгрөг нь миний өөрийн хувийн орлого юм. Мөн миний өөрийн дансны хуулга, баримтаар нотлогдоно. Би хүлээн зөвшөөрч байна. Би хохирол дээр ямар нэгэн маргаан байхгүй, би дансны хуулга шүүсэн баримтууд болон өөрийн гаргасан тайлбартай холбоотой баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж өгье. Мөн миний Голомт банкны 3405147388 тоот дансанд орсон 200.000 төгрөгийн орлого дээр нэмж орсон орлогыг прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Тэгэхээр би 200.000 төгрөгийг өөртөө аваагүй юм. Харин зөрүү 81.560 төгрөгийн хохирлын зөрүүг хүлээн зөвшөөрч байна би нэмж төлөх болно. ...” /3хх 24/,

Б.Гын яллагдагчаар өгсөн “... Би Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн няраваар 2021 оны 3 дугаар сарын 10- ны өдөр томилогдож, ажилд орсон юм. Тэгээд намайг ажилд орсноос хойш буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс байгууллагын засварын ажил хийгдэж эхэлсэн юм. Тэгээд энэ үеэс миний Хаан банкны 5562074931 тоот дансанд байгууллагын орлого орж ирсэн ба энэ үеэс би дансаар орж ирсэн мөнгийг засварын ажилд зарцуулсан юм. Би өөрийнхөө дансны хуулгыг авч, орлого зарлагын гүйлгээн дээр нэг бүрчлэн тулгалт хийхэд миний дансаар 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар зарын 25-ны өдөр буюу ажлаасаа гарсан хугацаа хүртэлх хугацаанд нийт 199.500.000 төгрөгийн орлого орсон ба үүнээс байгууллагатай хамааралтай орлого нь 73.638.650 төгрөг байна. Үүнээс би байгууллагад хийсэн засварын ажилд 17.837.400 төгрөгийн шилжүүлсэн мөн өөрийн дансны гүйлгээ болох 125.862.000 төгрөг нь миний өөрийн дансаараа гэр бүл, найз нөхөд, ах дүү нараас орсон орлого болон, тээврийн хэрэгсэл, болон мал борлуулсан орлого, мөн компьютерын тогтоом зарсан орлого, мөн Өвөрхангай Хархорин сумын зах дээр манай барааны лангуу байдаг тэрний бараа, материалын худалдан авалтын орлого, буяны хандивын орлого гэх мэт орлогууд байгаа би энэ талаар нэг бүрчлэн жагсаалтаар гаргасан байгаа. Би байгууллагын орлого болох нийт 73.638.650 төгрөгөөс 17.837.400 төгрөгийг байгууллагын засварын ажилд шилжүүлсэн үлдэгдэл 55.801.250 төгрөгийг би хувьдаа завшсан мөнгө байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би дансныхаа хуулгыг нэг бүрчлэн шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1.418.000 төгрөгийг 100200555018 гэсэн байгууллагын төрийн сангийн дансанд тушаасан байсан ба үүнийг өмнө хасаж тооцуулаагүй байсан. Ингээд үлдэгдэл 56.468.550 төгрөгийг би хувьдаа авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Би дансны хуулга, түүн дээр тайлбар хийсэнтэй холбоотой 83 хуудас баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж, өгөх хүсэлтэй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /3хх 57-58/,

Ш.Хгийн яллагдагчаар өгсөн “... Би санхүүгийн тайланд тусгагдсан шалгах шаардлагатай гэсэн мөнгөн гүйлгээнүүдийг өөрийн хаан банкны 5556335450 гэсэн дансны хуулгатай тулган орлого, зарлагын гүйлгээ нэг бүрээр шүүж үзэхэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний хооронд хийгдсэн нийт 36.594.616 төгрөгийн орлого орсон, зарлага нь 36.571.097 төгрөгийн зарлага гарсан байна. Уг мөнгөнөөс 15.530.500 төгрөг нь яг миний өөрийн мөнгө болон ээжийн найз Заяа гэж хүний зээлийн эргэн төлөлтийн мөнгө, мөн машин худалдан борлуулсны мөнгө, болон намайг угтагчаар ажиллаж байх хугацаанд бассейнаар үйлчлүүлж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс нь төлбөрийг миний данс руу шилжүүлж, улмаар би өөрийнхөө картаар байгууллагын пос машинаар уншуулж зарлага хийсэн гүйлгээ зэрэг байна. Харин шалгах шаардлага байгаа дээрх 21.619.500 төгрөгөөс миний өөрийн орлого болох 15.530.500 төгрөгийг хасаж тооцвол 6.089.000 төгрөг нь бассейн орлого байна. Мөн Голомт банкны 1805195054 toot дансанд 2022 оны 5 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүртэлх хугацаанд нийт 10.363.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба энэ орлого нь миний цалингийн орлого, ээжийн наймааны мөнгө орж, гардаг байсан ба гадаад явах гэж виз мэдүүлэхээр дансаараа мөнгө оруулж, гаргаж байсан гүйлгээ зэрэг болно. Голомтын дансаар бассейн орлого 3 удаагийн 278.000 төгрөгийн орлого орсон байна. Ингээд нийт миний хаан банкны дансаар орсон 6.089.000 төгрөг дээр 278.000 төгрөгийн нэмж тооцоход 6.367.000 төгрөг болж байгаа бөгөөд мөн тайланд бассейн орлого гэсэн утгаар орсон гүйлгээ болох хаан банкны 5556335450 тоот дансны 6.893.500 төгрөг, Голомт банкны 1805195054 тоот дансаар орсон бассейн орлого 660.000 төгрөгийг нэмж тооцоход 13.920.500 төгрөгийг дансаараа авсан байна. Энэ мөнгөнөөс нярав Б.Г руу шилжүүлсэн 4.105.550 төгрөгийг хасаж тооцоход 9.814.950 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Энэ хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг төлж барагдуулна. ...” /3хх 154/ гэсэн мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн “Байгууллагын дотоод журам” / 3хх 239-249/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Г, Д.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.У, Б.Г нарыг “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-гг 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин шүүх Ш.Хг “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Хгийн хувьд Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т 9.132.950 төгрөгийн хохирол учруулсан ба түүний учруулсан хохирлын хэмжээ үлэмж хэмжээний буюу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ш.Хгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

Тийм учраас прокуророос Ш.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Хг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ш.Хгийн өмгөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Нийслэлийн прокурорын газраас Ш.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Ш.Хд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                               ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ