| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2025/0011/З |
| Дугаар | 125/ШШ2025/0017 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 125/ШШ2025/0017
2025 04 10 125/ШШ2025/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-иас Ховд аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1 Ховд аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нараас 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1624502313 тоот “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “*******с” ХХК-нийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийсэн байна.
2.2 Улмаар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот нөхөн ногдуулалтын актаар “... 2020 онд 8,274,748.69 төгрөгийн төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, 2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр ... 58,645,656.67 тегрөгийн нөхөн татвар, 23,458,262.67 төгрөгийн торгууль, 19,574,579.39 төгрөгийн данги, нийт 101,678,498.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.
2.3 “*******” ХХК-иас дээрх актыг эс хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг “*******” ХХК-нийн захирал Б. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагч *******, ******* нар манай компанийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 07 дугаар сарын 0-ний өдөр № НА-16240000012 тоот нөхөн ногдуулалтын актаар 101.678.498.73 төгрөг төлүүлэхээр акт тогтоосон байдаг. Үүнд:
1. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТатвараа бууруулж, 2021 оны 289 090.909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан, тухайн компани "*******" ХХК-с өрөндөө авсан гэх 2 өрөө амьдран суух зориулалттай байрны худалдан авалт хийсэн ба байр иргэн *******ын нэр дээр байгаа тул хасалт хийх үндэслэл болохгүй гэж үзжээ. Мөн иргэн ******* тухайн компанид ямар нэгэн хамааралгүй гэжээ.
2. 2021 онд 289.090.909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах үндэслэл болохгүй гэж үзжээ.
3. Дээрх нэр бүхий орон сууцыг "*******" ХХК-иас авах өр авлагадаа тооцож тус компанитай хамтран ажилладаг "*******" ХХК-иас эрх шилжүүлэн авсан. Бид "*******" ХХК-иас худалдан авалт хийгээгүй болно. Энэ орон сууц нь манай компанийн тайлангийн бараа материал тусгагдсан байгаа тул хасах үндэслэлтэй байна.
Иргэн ******* нь миний хууль ёсны эхнэр бөгөөд "" ХХК-д 2018 оноос хойш өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа тус компанийг үүсгэн байгуулагч санаачлагч бөгөөд "*******" ХХК-тай "*******" ХХК-ийг төлөөлж тооцоо нийлэх, өр авлага барагдуулах, гэрээ байгуулах эрхийг олгож өнөөдрийг хүртэл Хөшөөтийн уурхай дахь компанийн ажлын байранд сэлбэг хэрэгслийн борлуулалт хариуцан ажиллаж байна.
Иймд Ховд аймгийн татварын газар, Татварын хяналт шалгалтын тасгийн Нөхөн ногдуулалтын № НА-16240000012 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-тай холбоотой 1 байрны асуудал яригдаж байгаа юм. Уг байрыг тухайн үед манай нөхөр гадаад руу хувийн ажлаар явсан учир тухайн байрны гэрээ болон захиалга хийх боломжгүй байсан учир, миний бие очиж тухайн байрны гэрээ хийж, захиалга хийж авсан байдаг. Ингэхдээ тус байрны НӨАТ-ын баримтыг би аж ахуйн нэгж дээрээ авсан нь өнөөдрийн шүүх хурал болох гол нөхцөл болж байгаа юм.
Миний хувьд ******* ХХК-д санхүү болон бус бүх арын албанд би өөрөө оролцдог. ******* ХХК-ниас авах авлагатай байсан тул тэр 2 байрыг авсан. Иймд Ховд аймгийн Татварын газар татварын улсын байцаагч нарын гаргасан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Ер нь НӨАТ-ийн баримт авах үед аж ахуй эсхүл хувь хүн дээр авах талаар асуудаг. Хэрэв иргэн хүн зөвхөн иргэн дээрээ авах ёстой бол би тухайн үедээ зөвхөн өөр дээрээ авах байсан байх. Байр авах үед НӨАТ-ыг би өөрийн нэр дээр авах боломжтой байсан. Гэтэл надад аж ахуйн нэгж эсвэл өөр дээрээ авах сонголтыг асуусан тул аж ахуйн нэгж дээр НӨАТ-ийн баримтаа авсан. Тухайн 2 байрыг манай зүгээс ХХК-иас авах ёстой авлагатай байсан тул авлагадаа авсан. Тухайн байрнуудын хувьд нэг байр нь одоо миний нэр дээр байдаг, нэг байрыг нь зараад ******* ХХК нь Хятадад байгаа харилцагчид өгөх өртэй байсан тул түүндээ өгсөн. Татварын байцаагчийн акт тавигдсанаас болж өнөөдөр гэхэд компанийн бүх данс битүүмжлэгдсэн байгаа. Мөн дараа дараагийн ажлаа хийж чадахгүй байна шүү дээ.
Тухайн байр хэдийгээр хувь хүн миний нэр дээр байгаа боловч уг байр нь компанийн хөрөнгө шүү дээ. Тийм ч учраас НӨАТ-ийн баримтыг нь аж ахуй нэгж дээрээ гаргуулсан. Гэтэл НӨАТ-ийн баримт шивэгдсэнийг худалдан авсан гэж үзэж хүү, алданги нэхэж дарамтад байлгаж байна. Барилгын компанийн хувьд ажил хийгээд мөнгө төгрөгөөр авч чадахгүй үед хийсэн ажлынхаа хөлсөнд байр авдаг. Тухайн байрыг бид нар зарж борлуулаад компанид ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг нь өгдөг.
Тухайн үед танай байгууллагын зүгээс танайх тайландаа ингэж тусгасан байна. НӨАТ ингэж авах ёсгүй байсан юм. Энэ алдаагаа та нар буцаагаад зас гэдэг байдлаар яагаад зөвлөмж зөвлөгөө өгч болоогүй юм бэ? гэдгийг хэлмээр байна гэв.
3.3 Хариуцагч *******, ******* нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "*******" ХХК нь Хуурай замын ачаа тээвэр, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, төлбөр гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, Монгол улсын иргэн овогтой 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, " банк" ХХК-д тоот төгрөгийн, " банк" ХХК-д TOOT төгрөгийн, банк" ХХК-д төгрөгийн тоот харилцах данстай, Ховд аймаг, сум баг хотхон тоот өөрийн байранд байрладаг.
Татвар төлөгч нь тухай үед нөхөн татварын НА-16240000012 тоот актын НӨАТ-ын Борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй, дутуу тооцсонд 807.474.87 төгрөгийн нөхөн татвар, 330,989.95 төгрөгийн торгууль, 411,321.21 төгрөгийн алданги, нийт 1,569,786.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардалд 28,909,090.90 төгрөгийн нөхөн татвар, 11,563,636.36 төгрөгийн торгууль, 9,416,847.27 алданги, Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТатвараа бууруулах гэсэн заалтыг зөрчиж, 28,909,090.90 төгрөгийн нөхөн татвар, 11,563,636.36 төгрөгийн торгууль, 9,746,410.91 төгрөгийн алданги, Нийт 57,818,181.18 төгрөгийн нөхөн татвар, 23,127,272.72 төгрөгийн торгууль, 19,163,258.18 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр Ховд Аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл татварын улсын байцаагчийн НА-16240000012 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.
Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар: Татварын хяналт шалгалтаар Татварын Ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд:
1. 2020 онд 8,274,748.69 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн "16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэсэн заалтыг зөрчсөн
2. 2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2. хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэсэн заалтыг,
3. 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага. 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:;", 16 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал. 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;-т гэсэн заалтыг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.19.4. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Иймд татварын улсын байцаагчийн НА-16240000012 дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэвээр үлдээж өгнө үү.
3.4 Хариуцагч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д Дэлгэртүвшин, Ц. Энхболд нар нь 2018 оны 08 сарын 14 ний өдрийн хуулийн бүртгэлийн 240528117041 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай "*******" ХХК-н 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий /тусгай/ удирдамж, 1624502313 тоот томилолтоор / Иж бүрэн / шалгалтыг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА- 16240000012 дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар 58.645,656.67 төгрөгийн нөхөн татвар, 23,456,262.67 төгрөгийн торгууль, 101,768,498.73 төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. 19,574,579.39 төгрөгийн алданги нийт "*******" ХХК нь Хуурай замын ачаа тээвэр, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, төлбөр тооцооны үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, Монгол улсын иргэн овогтой 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, " банк" ХХК-д тоот төгрөгийн, " банк" ХХК-д тоот төгрөгийн, " банк" ХХК-д төгрөгийн тоот харилцах данстай, Ховд аймаг, сум баг хотхон тоот өөрийн байранд байрладаг Татвар төлөгч нь тухай үед нөхөн татварын НА-16240000012 тоот актын НӨАТ-ын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцсонд 807,474.87 төгрөгийн нөхөн татвар, 330,989.95 төгрөгийн торгууль, 411,321.21 төгрөгийн алданги, нийт 1,569,786.03 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардалд 28,909,090.90 төгрөгийн нөхөн татвар, 11,563,636.36 төгрөгийн торгууль, 9,416,847.27 алданги, Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТатвараа бууруулах гэсэн заалтыг зөрчиж, 28,909,090.90 төгрөгийн нөхөн татвар, 11,563,636.36 төгрөгийн торгууль, 9,746,410.91 төгрөгийн алданги, нийт 57,818,181.18 төгрөгийн нөхөн татвар, 23,127,272.72 төгрөгийн торгууль, 19,163,258.18 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр Ховд Аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар:
Нэгдүгээрт: 2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 15.6.2 хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ, гэсэн заалтыг
Хоёрдугаарт: 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Ажил ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага. 13 дугаар зүйлийн 13.1 дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. 13.1.3 зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал. 16.1 Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1 энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал-т гэсэн заалтыг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.19.4 Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Иймд татварын улсын байцаагчийн НА-16240000012 дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү.
Тухайн аж ахуйн нэгжийн дотор болж байгаа процессыг татварын байцаагч мэдэхгүй. Хамгийн гол нь авсан бараа болон үл хөдлөх хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй Татварын хуульд захирагдаж зөв бүртгэж, зөв тайлагнах ёстой гэдэг тайлбарыг хэлмээр байна гэв.
3.5 Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ******* ХХК-нийн авлага авсан гээд байгаа боловч, нотлох баримтыг шинжлэн судлуулсантай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад 2 байр миний нэр дээр байсан. Нэг байрыг нь зарж борлуулсан. Харин нэг байрыг нь за дүүдээ зарсан. Гэхдээ нэр шилжээгүй байгаа гэж тайлбарлаж байна.
Татварын газрын зүгээс Татварын хууль тогтоомж болон бусад Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хангуулах, мөн улс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх гэж ажилладаг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу иргэн ******* өөрийн хувийн хэрэгцээнд авсан байрыг ******* ХХК дээр авсан гэж нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасалт хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт авлага байгаа гэж хэлж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлангаа зассан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Авсан байх, өгсөн байх гэдэг байдлаараа шүүх хуралдаанд нотлох баримтгүйгээр тайлбарлаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Ховд аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан ба Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч гардаж авсан болох нь Ховд аймгийн Татварын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаар албан бичгээр тогтоогдсон.
3. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
4. Ховд аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанийг 2020 онд 8,274,748.69 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулаагүй, 2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь холбогдох хууль зөрчсөн тул 58,645,656.67 төгрөгийн нөхөн татвар, 23,458,262.67 төгрөгийн торгууль, 19,574,579.39 төгрөгийн алданги, нийт 101,678,498.73 төгрөгийг төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
5. Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “*******” ХХК-ны гомдлыг хэлэлцээд НА-16240000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч нь дээрх нөхөн ногдуулалтын актаас 2020 онд 8,274,748.69 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилтэй маргаагүй, мөн энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа талаараа татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо тайлбарладаг тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
7. Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд татварын хяналт шалгалт хийх 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1624502313 дугаартай томилолтын үндсэн дээр хяналт шалгалтыг хийж, татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, гүйцэтгэсэн байна.
8. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцжээ.
9. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг Татварын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, татвар төлөгч “*******” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд гаргасан шийдвэрээ хүргүүлсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байна.
10. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ховд аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
11. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. Дараах бараа, ажил үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.2. хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээ гэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардлыг хасахгүй гэж тус тус заасан.
12. Нэхэмжлэгчийн хувьд “... манай компани тухайн байрыг “*******” ХХК-наас авах авлагадаа авсан. “*******” ХХК-наас худалдан авалт хийгээгүй, иргэн ******* нь миний хууль ёсны эхнэр бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагч, “*******” ХХК-тай “*******” ХХК-ныг төлөөлж тооцоо нийлэх, өр авлага барагдуулах, гэрээ байгуулах эрхийг олгосон, тухайн байрны үнэ хасагдах зардалд тооцогдох ёстой..” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “*******” ХХК нь регистрийн дугаартай, үүсгэн байгуулагч Б. , гүйцэтгэх удирдлага захирал Б., хувьцаа эзэмшигч Б. гэж тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
14. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ, 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан бөгөөд “*******” ХХК-ны гүйцэтгэх удирдлага нь гүйцэтгэх захирал Б. байх ба компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна.
15. Харин ******* нь “*******” ХХК-ны захирлын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар тус компаний хангамж, захиргаа, хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдсон ба “*******“ ХХК-ныг шууд төлөөлөх эрхгүй. Харин тус компанийг компаний гүйцэтгэх захирлын зөвшөөрсөн эрхийн хүрээнд итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд дээр “... Манай нөхөр Б. нь тухайн 2 байрны гэрээ хийх үед гадаад руу удаан хугацаагаар явсан байсан тул надад итгэмжлэл олгох боломжгүй байсан. Иймд би өөрийн нэр дээр тухайн 2 байрыг шилжүүлж авах гэрээ хийсэн...” гэж тайлбарладаг бөгөөд иргэн *******ын нэр дээр тус байрыг шилжүүлж авсан гэдэгтээ, мөн 289,090,909.00 төгрөгийг 2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 289,090,909.00 төгрөгийн бараа материалыг худалдан авснаар тайлагнаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг буруулсан, мөн онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 289,090,909.00 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа бууруулсан талаараа маргадаггүй, харин харин уг байр нь “*******” ХХК-наас авсан авлагадаа авсан тул НӨАТ-ын баримтыг “*******” ХХК-ны нэр дээр бичилт хийлгэсэн хасагдах зардалд тооцогдох ёстой гэж маргаж тайлбарладаг.
17. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж зааснаас үзвэл эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохоор байна.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “*******” ХХК-наас авсан гэх 2 орон сууцыг улсын бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, 1 байрыг нь зарсан, 1 байр нь одоо миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа талаараа тайлбарладаг ба тус 2 байрны өмчлөгч нь ******* гэдэгтээ маргадаггүй, мөн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29/233 дугаар албан бичигт *******ын өмчлөлд дүүрэг хороо байр тоот гэж бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл маргаан бүхий 2 орон сууц буюу “*******” ХХК-наас авсан гэх 289,090,909.00 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууц нь “*******” ХХК-ны өмчлөлд бүртгэлгүй, харин иргэн ******* өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байх тул тус байруудыг хувийн хэрэгцээнд авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
19. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-нд 2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. Дараах бараа, ажил үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.2. хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээ гэж заасныг, 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардлыг тус тус зөрчсөн гэж 58,645,656.67 төгрөгийн нөхөн татвар, 23,458,262.67 төгрөгийн торгууль, 19,574,579.39 төгрөгийн алданги, нийт 101,678,498.73 төгрөгийн төлбөрийг ногдуулсан үндэслэл болох хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан байр болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актаар төлбөр тооцсон хариуцагч нарын нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна.
20. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ... алданги тооцох бөгөөд ...”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-д “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж тус тус заасны дагуу “*******” ХХК-ийн гаргасан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тооцож нийт 101,678,498.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна.
21. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3,13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ