Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/1093

 

 

 

 

    2023           11            15                                        2023/ДШМ/1093

 

Г.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

иргэний нэхэмжлэгч Ч.З,

шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Д.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ст холбогдох эрүүгийн 2303000000300 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Г.С, 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, “Даян дээрх эрдэнэбулган” ХХК-д дархан ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ................/;

Г.С нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анар авто сервисын урд замд “Тоёота приус 20” маркийн 49-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээниий акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Б.Эгийн биед баруун атгаал, дал ясны сэртэнгийн хугарал, атгаалын дээд шөрмөс, эгэм далны холбоосын урагдал, эгэм доорх булчин, делта булчингийн хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд язарсан шарх, баруун хацар, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Сыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ст сануулж, хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Ч.З нарт учруулсан хохирол хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлөгдсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 510 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Г.С, иргэний  хариуцагч С.А нараас тус бүр 8.716.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Цт 10.097.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Мандах зууч” ХХК-д 7.335.000 төгрөгийг тус тус олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 505, 510 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Ч.З, Г.Ц, Т.Б, “Мандах зууч” ХХК, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би 4.000.000 төгрөгийн хохирлын баримтыг 2023 оны 6 дугаар сарын 20-нд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Балжиннямд гаргаж өгсөн. Энэ баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Г.С 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкин дахь миний эзэмшлийн 5023373811 тоот дансанд шилжүүлсэн. Энэхүү зардлаас хойш би нийт 17.491.000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү хохирлыг шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Саас гаргуулахаар нэхэмжилсэн. Миний 2023 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс гаргасан нийт зардлыг тодруулбал 14.250.000 төгрөг нь миний ажиллаагүй хугацааны болон ажиллах боломжгүй үеийн 5 сарын цалин, 1.400.000 төгрөг био энергийн бариа засал хийлгэсэн төлбөр, 336.000 төгрөг нь “Эм Би Жи мед” эмнэлэгт хийлгэсэн физик эмчилгээний төлбөр, эм болон бензиний зардалд 1.155.586 төгрөгийг нэхсэн ба яаралтай хийлгэх шаардлагатай MRA-ийн төлбөр 350.000 төгрөг болно. Өмнө авсан 4.000.000 төгрөгтэй нийлээд нийт 21.491.000 төгрөгийн хохирол надад учирсан.

Тус хэргийг шийдсэн Чингэлтэй дүүргийн Эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 тоот шийтгэх тогтоолоор надад 2.711.760,67 төгрөгийг олгох нь зүйтэй буюу өмнө нь авсан мөнгөн дүнгээр хохирол төлөгдсөн тооцсон байна.

Миний нэхэмжилсэн хохирлоос ажилгүй байх хугацааны зардал 14.250.000 болон төгрөг био энергийн бариа засал хийлгэсэн төлбөр 1.400.000 төгрөгийг яагаад хохирлоор тооцоогүй тухайгаа шүүхийн шийдвэрт тайлбарласан боловч бусад хохирлыг яагаад хохиролд тооцоогүй тухайгаа огт тайлбарлаагүй байна.

Шүүгдэгч Г.Сын гэм буруутай үйлдлээс шалтгаалан миний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш их хохирол учирсан. Гэтэл шүүх надаас гарсан бодит зардлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлээгүйд маш их гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан баримтаар хохирогч О.Б.Эд 2.711.760 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Зт 1.097.350 төгрөгийн буюу нийт 3.809.110 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Г.Саас хохиролд нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирогч О.Б.Э нь ажилгүй байх хугацааны цалин 14.250.000 төгрөг, био энергийн бариа засал хийлгэсэн төлбөр 1.400.000 төгрөг, физик эмчилгээний төлбөр 336.000 төгрөг, MRA-ийн төлбөр 350.000 төгрөг, эм болон шатахууны зардалд 1.155.586 төгрөг, нийт 17.891.586 төгрөгийг нэхэмжилж гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогч О.Б.Эгийн нэхэмжилсэн нийт 17.891.586 төгрөгийн баримтуудаас 17.491.000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.С нь ар гэрийн боломж муу, тааруу амьдралтай боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа ухамсарлан анхан шатны шүүхээс баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Шүүгдэгч Г.С нь сарын 1.500.000 төгрөгийн цалинтай бөгөөд бусад иргэний нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээний хохирол төлбөр төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч О.Б.Э бид хоёр оролцсон. Шинжээчийн дүгнэлтээр миний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч О.Б.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч О.Б.Э нь миний эхнэр бөгөөд одоогийн байдлаар түүний эрүүл мэндийн байдал муу байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж хагалгаанд орох эсэх асуудал яригдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эм тариа, эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахгүй шийдвэрлэснийг ойлгохгүй байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн зүгээс гаргасан ажлын тодорхойлолт, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар хохирол, хор уршгийг тогтоох боломжгүй. Хэрэгт хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон нийгмийн даатгалын сангаас нөхөн олговор авсан талаар баримт авагдаагүй. Мөн хохирогчийн анхан шатны шүүхэд гаргасан хохирол, хор уршигтай холбоотой зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.С нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Анар авто сервисын урд замд “Тоёота приус 20” маркийн 49-60 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээниий акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Б.Эгийн биед баруун атгаал, дал ясны сэртэнгийн хугарал, атгаалын дээд шөрмөс, эгэм далны холбоосын урагдал, эгэм доорх булчин, делта булчингийн хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд язарсан шарх, баруун хацар, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Эгийн “... 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянбүрдээс нөхөр Зулбаярын хамт манай нөхөр Портер маркийн машиныг жолоодоод 7 буудал орж тахиа хүргэж өгөх гээд хүргэлтээр явж байгаад 57 дугаар сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд явж байсан автомашин манай машины урдаас орж ирээд мөргөлдөөд онхолдсон. Тэгээд 103-т үзүүлээд ГССҮТ-д очиж баруун гартаа оёдол тавиулаад гар хугарсан болохоор гипстсэн. ...Миний биеийн баруун гарын мөр хэсэгт олон тооны шөрмөс эгэмний урагдалтай. Баруун тохойд оёдол тавиулсан, баруун хөл янгинаад зүүн гар бадайраад байгаа. Толгой дүүнгэтээд байгаа баруун хацар зулгарсан байсан зэрэг гэмтлүүд учирсан. ...тухайн үед юу болсныг сайн хараагүй хар бараан өнгөтэй машин эсрэг урсгалаас орж ирээд мөргөчихсөн. Би хэрэг болох үед Зулбаярын хамт явж байсан. ...Би гомдолтой байна. Би осол болсон өдрөөс хойш өөрийнхөө зардлаар эмчилгээ хийлгэж байгаа тул хохирлоо хурдан буруутай хүнээр төлүүлж барагдуулмаар байна. Миний гарыг 21 хоног гипстэйгээ явж байгаад тэрний дараа хагалгаа хийх үгүйг шийднэ гэсэн. Хэрэв хагалгаа хийлгэх шаардлага байхгүй бол сэргээн засах эмчилгээ хийлгэ гэсэн. Бүрэн
эдгэрэх хугацаа 8-12
cap болно гэсэн. Би одоо ажилдаа явж чадаагүй хугацааны
цалин буюу сарын 3.000.000 төгрөгийн орлоготой байсан тэрийг нэхэмжилнэ.“ /1хх 79/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Зын “... 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр найз охин Б.Эгийн хамт Баянбүрдээс 7 буудал руу очиж хүргэлт хийх гээд байгууллагын эзэмшлийн “Hyundai Porter маркийн 27-08 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 57 дугаар сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал эсрэг талд буюу хойно туслах замаас саарал өнгийн приус маркийн машин зүүн гар тийш үргэлжилсэн цагаан шугам даваад эргэх үед эсрэг урсгалд камри машин ирж байгаа харагдсан. Тэгээд мөргөлдөөд өөдөөс камри маркийн машин миний өөдөөс ирээд мөргөлдсөн. Тэгээд би сэртэл машин онхолдчихсон 103, 102 ирсэн би дуудлага өгсөн. ...миний биед ослын улмаас баруун гарын тохой их зовиуртай хөдөлгөж болохгүй байгаа. Нуруу өвдөөд байгаа. ...тухайн осол приус машин туслах замаас үргэлжилсэн цагаан шугам давж эргэх үедээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...Миний унаж явсан тээврийн хэрэгсэл “Мандах зууч” ХХК-ийн эзэмшлийнх байгаа юм.” /1хх 41/,

Иргэний нэхэмжлэгч Т.Бийн “...2023 оны 6 дугаар сарын 07-
ны өдөр “Тоёота Камри” маркийн 47-94 УНИ дугаартай тээврийн хэрэгслийг
жолоодоод найз Отгонжаргалын хамт 100 айлаас Баянбүрд орох гээд 32-н
уулзвараас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2
дугаар эгнээгээр явж байтал миний баруун талын туслах замаас нэг машин гараад
ирэхээр нь би сигнал дартал зогсож байгаад гэнэт урагшаа хаазлаад ороод ирсэн.
Тэгээд би тухайн машинд баруун талаасаа мөргүүлээд эсрэг урсгалд явж байсан
портертой мөргөлдөөд зогссон. Тэгээд 103, 102 дугаарт дуудлага өгсөн. ...Тухайн
осол приус маркийн машин туслах замаас орж ирснээс болж осол гарсан. ... “Тоёота Камри” маркийн 47-94 УНИ дугаартай тээврийн хэрэгсэл нь манай найз
Г.Цын эзэмшлийн машин байгаа юм. ... автомашинд учирсан зардал,
үнэлгээ хийлгэсэн төлбөрийг нэхэмжилж байна.” /1хх 46/,

Иргэний нэхэмжлэгч О.О-ын “... 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 100 айлын паспортын хэлтсээс гараад найз Батцэнгэлийн хамт Батцэнгэл “Тоёота Камри” маркийн машиныг жолоодоод Тэди төв чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр би жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байтал баруун гар талаас приус маркийн автомашин орж ирээд Б-ийн машиныг баруун талаас нь мөргөөд эсрэг урсгалд явж байсан портер маркийн машинтай мөргөлдөөд зогссон.” /1хх 50/,

Шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн “... 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа гараад гэрлүүгээ харих гээд “”Тоёота Приус маркийн 49-60 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 57 дугаар сургуулийн урд зам руу туслах замаас уулзвараар зүүн гар тийш эргэх гээд машин чөлөөтэй болохоор нь уулзвар луу ортол зүүн гар талаас Камри маркийн машин ирээд тухайн машинтай зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд мөргөлдөөд тухайн машин цааш урсгал сөрөөд өөдөөс ирж рвсан машинтай мөргөлдсөн. Тэгээд цагдаа түргэнд дуудлага өгсөн. ...Би тухайн зүүн гар талаас ирж явсан тээврийн хэрэгслийг харсан уулзварт ороод мөргөлдсөн. ...Тухайн уулзвар нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийхийг зөвшөөрөөгүй байсан. Мөн үргэлжилсэн цагаан шугамтай байсан. ...Би тухайн үед ганцаараа байсан. ...Надад жолоо барих эрх байгаа. Би 2002 онд жолооч болсон...” /1хх 115/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7488 дугаар шинжээчийн “... Б.Эгийн биед баруун атгаал, дал ясны сэртэнгийн хугарал, атгаалын дээд шөрмөс, эгэм далны холбоосын урагдал, эгэм доорх булчин, делта булчингийн хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд язарсан шарх, баруун хацар, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 88-89/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7490 дүгээр шинжээчий “...Ч.Зын биед баруун тохойд цус хуралт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1хх 96-97/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 787 дугаар “... “Тоёота Приус” маркийн 49-60 УБМ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.1. Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр ба гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ. 1.4. дэх заалт 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын Дөрөв. Заах тэмдэг 4.1.6 Баруун гар тийш явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ... “Тоёота Камри” маркийн 47-94 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батцэнгэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...”Hyundai Porter маркийн 27-08 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.З нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” /1хх 130-131/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 3-4/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/,

“Виннер вэй” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №13084/ДД№26815265 автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 113-117/,

Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 513 дугаар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх 125-127/,

Бан Хас” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №138/ДД№26861305 автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 107-108/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Сыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Хохирогч Б.Эгаас “... надад учирсан хохирлыг  буруутай этгээдээс гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Б.Э нь “Аплайн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр “Б.Э нь 2023 оны 6 дугаар сараас тус компанид нягтлан бодогчоор сарын 2.850.000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн”, мөн “Аплайн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар “Б.Э нь тус компанид 2023 оны 6 дугаар сараас хойш нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа лист бодуулаагүй болохыг тодорхойлов.” гэсэн албан бичгүүд, Хөдөлмөрийн гэрээ, Дээд бодь хийдийн тодорхойлолт болон бусад баримтуудыг гаргаж өгсөн байна.

Анхан шатны шүүхээс хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал дээр үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хохирогч Б.Эгийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас баримтын шаардлага хангасан хэсгийг шүүгдэгчээс гаргуулж, бусад баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим хэсэг нь хохирол хор уршигтай шууд хамааралтай баримтууд биш гэж үзээд хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Түүнчлэн хохирогч Б.Э нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг хасаж хязгаарласан зүйлгүй байна.

  Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/569 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                      ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ