Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2021/00007

 

Б.Т нэхэмжлэлтэй

холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2021/00126 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: холбогдох,

Илүү цагийн хөлс 2,828,177 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын сарын 25-ны Б/03 тушаалаар Оношлогооны тасагт Дүрс оношлогооны их эмчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Дүрс оношлогооны их эмчийн ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөл бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 7.15, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр заалтанд долоо хоногийн ажлын цаг 25 өдрийн ажлын үргэлжлэх цаг 5 цаг байна гэж заасан.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-н 2.2-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг тодорхойлохдоо сарын цалин хөлсний хэмжээг тухайн сарын ажиллавал зохих цагт хувааж, нэг цагт ногдох цалин хөлсийг тооцож гаргана.

Нэг цагийн цалин хөлсийг илүү ажилласан цагаар үржүүлж гарсан цагийг 1.5 /1.5 ба түүнээс дээш байхыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд тусгаж зохицуулна/ дахин нэмэгдүүлж, илүү цагийн хөлсний хэмжээг тодорхойлно гэж заасан байдаг. /Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т илүү цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан/

Ажил олгогч илүү цагийн хөлсийг тооцон олгохдоо нэг цагийн хөлсийг Үндсэн цалинг хэвийн нөхцөл буюу 8 цагт хуваан бодож байсан байна. Жишээ болгож 2020 оны 09 дүгээр сарын илүү цагийн бодолтыг харуулав.

2020 оны 09 дүгээр сард ажилласан илүү цаг 24. Нэг сарын үндсэн цалин 825523 төгрөг, сарын ажиллавал зохих хоног 22. Өдрийн ажлын үргэлжлэх цаг 5.

Олгох ёстой байсан илүү цагийн хөлс: 825,523/110*24*2=360,228 /гурван зуун жаран мянга хоёр зуун хорин найман/ төгрөг,

Нэгдсэн эмнэлгээс надад олгосон илүү цагийн мөнгө: 262,666 /хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг,

Зөрүү мөнгө: 360,228-262,666=97,562 /ерэн долоон мянга таван зуун жаран хоёр/төгрөг,

Тухайн сард ажилласан илүү цагийн хөлсийг дараа сард нь бодож олгодог бөгөөд 9 дүгээр сард ажилласан илүү цагийг 10 дугаар сард олгосон учраас 9 дүгээр сарын илүү цагаар бодов.

Энэ тухай мэдмэгцээ нэгдсэн эмнэлэгийн даргад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл өгч өргөдлийн тухай удаа дараа уулзаж сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 513 цаг илүү ажилласан байна. Нийт зөрүү мөнгө 2,828,177 /Хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагын дотоод журамд тодорхой бус зүйлийг тусгаж өгдөг. Дотоод журамд бүх ажил мэргэжлийн биш тасаг нэгжээр нь ажиллах цагийг 7.15-д зааж өгсөн байдаг. Зөвхөн рентгенд дагнан ажиллаж байгаа бол 1 өдрийн 5 цагаар ажилласанд тооцно гэж зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт дотоод журмыг өөрчлөхгүй бол ажлын цагийг өөрчлөх боломжгүй.

Одоо байгаагаар дүрс оношилгооны ерөнхий нэршлээр эмч нар өглөө 11 цагаас 13 цагийн хооронд рентгений кабинет ажиллаж байгаа. 2019 онд нөхцөл тодруулахаар хүмүүс ажиллуулсан. О эмч мөн адил энэ асуудлаар явж байгаа. Тодорхой бус журмыг дотоод журамдаа зааж өг гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Түүнийг удирдлага өөрчилж заагаагүй. Хэрвээ өөрчилбөл бид нар түүний илүү цагийн мөнгийг дотоод журмын дагуу тооцож өгнө. Урд сарын илүү цагийн мөнгийг дараа сард тооцож өгдөг.

2019 оны 07 сард рентгений аппарат эвдэрсэн учраас 2020 онд бүтэн ажиллаагүй. Рентгений туяанд ажилласан гэх үндэслэлгүй. Оношилгооны эмчээр төгсөж ирээд рентгений эмчээр дагнаж ажиллахаар тухайн хүмүүсийн хувьд хохиролтой байдаг. Рентген дээр ажиллахаар хэвийн бус нөхцөл гэж нэмэгдэл авдаг бага хэмжээгээр туяанд орсон бол лаборантаар цалинждаг. 2004 оны тогтоолд хөдөлмөрийн нөхцөлийг зааж өгсөн байдаг.

Хоёр өөр албан тушаал дээр ажиллаж байгаа. Хамт ажиллаж байсан нөхцөлөөрөө дотоод журмаараа явна. Хэрвээ шүүхийн шийдвэрээр илүү цагийн мөнгийг өг гэвэл санхүүгийн шалгалт ирээд эрх зүйн актгүй 5 цагаар бодож өгсөн байна гэж хэлнэ.

Илүү цагийн мөнгийг 1.5 хувиар бодож, баяр ёслол, амралтаар ажилласан бол 2 дахин нэмэгдүүлж өгдөг. Манайх ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор илүү цагийг хоёр дахин нэмж олгодог.

Би цалин хөлсний нягтлан бодогчтойгоо бодож үзсэн. 513 цагийг тухайн тухайн сар дээр нь бодоод рентгений цаг хэдэн цаг, эхоны цаг хэд байна гэж салгаж бодуулсан. Илүү цагийг эмчилгээ эрхэлсэн дарга хийсэн ажлыг шалгаж сарын эцэст илтгээд өгсөн. Түүний дагуу илүү цагийн мөнгийг өгнө гэхээр эрх зүйн үндэс байхгүй байна. Мөн цаашид яаж явах вэ гэдэг нөхцөл байдал тодорхой бус байна. Рентген, эхогоор ялгаж илүү цагийн мөнгийг өгнө гэвэл 1,178,955 төгрөг байна. Рентгений мөнгийг авах ёстой юм шиг санагдаад байна. Түүнээс эхоны илүү цагийг авах ёсгүй. Дотоод журамд тусгавал өгч болно.

2019 оноос 2020 он хүртэл рентгенд 137 илүү цаг, эход 242 илүү цаг дуудагдсан. 2019 оноос 2020 он хүртэл рентгенд 137 илүү цаг, эход 242 илүү цаг дуудагдсан, илүү цагийн олгогдсон цалин 10 дугаар сарын 01-ний байдлаар зөрөөд байна. 12 сарын илүү цагийн мөнгийг 01 сард тооцож өгдөг. Илүү цагий 491 цагаас бодож байгаа. Рентгенд 137 цаг, эхонд 242 цаг.

Эхоны илүү цаг 2019 онд нийт 268 цаг ажилласан. Үүнээс илүү цагийн 2.399.495 төгрөгийг олгосон. Рентгений илүү цаг 105 цаг 1,501,922 төгрөг олгосон. Эхо 163 цаг ажилласан 1,950,904 төгрөг нийтдээ 2,961,826 төгрөг үүнээс олгогдсон 2,399,495 төгрөгийг хасаад 562,329 төгрөгийн зөрүү олгогдоогүй. 2020 онд 223 цаг ажилласан. Үүнээс илүү цагийн 2,424,733 төгрөгийн олгосон. Үүнээс 137 цаг нь рентген 2,156,393 төгрөг, эхоны 86 цаг 884,966 төгрөг, нийлбэр нь 3,041,359 төгрөг үүнээс 2,424,733 төгрөгийг олгосон учраас хасаад илүү цагийн мөнгө 616,626 зөрүү олгогдоогүй. Илүү цагийн мөнгө нь 1,078,955 төгрөг байгаа. Олгохоор бол ийм мөнгө олгох байх. Дотоод журамд зааснаар 8 цагаар ажиллах ёстой.

Дотоод журмын 7.15-д онош, рентген кабинетыг хортой нөхцөл гэж заасан. Урьд нь эхо амбулаторийн тасаг гээд 8 цагаар явдаг. Рентген нь дотоод журмаар яагаад ч 5 цагаар бодох үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг мэдэхгүй байгаа. Хүний нөөц надад байхгүй гэж хэлсэн.

Хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гэж хэлсэн. Рентген аппарат гэж ярьж байна эмч нар харалт хийдэг. Рентген техникч зургийг авч байдаг. 2019 оны 07 сараас 2020 он бүтэн рентгений харалтын аппарат байхгүй байсан. Орлогч дарга рентгений зураг харах, рентген харах гэж бичсэн байгаа. Сарын эцэст дүгнээд нэгтгээд гаргаж өгдөг. Тусламж үйлчилгээ эрхэлсэн дарга нар үүнийг тооцож өгдөг. Рентген, эхо хоёрыг Тусламж үйлчилгээ эрхэлсэн дарга ялгаж бичсэн.

Оношилгооны их эмчид рентген болон эхоны эмч ордог. Мөн дүрс оношилгооны тасагт хамаарагддаг. Гэхдээ дотоод журмын 7.15-д зааснаар албан тушаалаар нь биш эхоны эмч нь амбулаторийн эмчээр явж байгаа. Оношилгооны тасагт шинжилгээ хийдэг хүмүүс хамаардаг. Рентгений кабинет нь хортой нөхцөлд ордог учраас үүнийг рентгений кабинет болгон тусга гэж зөвлөмж ирсэн байх ойлгож байгаа. Рентгенд дагнаж байгаа бол 5 цаг байна. Одоо очиж харвал рентген техникч 09 цагаас 11 цаг хүртэл зураг авдаг. 11 цагаас 14 цаг хүртэл их эмч гэрэлдээ цагаа харна гэж цаг авдаг юм байна лээ. Рентгенд дагнасан бол 5 цаг, эход 8 цаг байх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн өдөрт ажиллах нийт цагийг 5 цаг гэж ойлгож байна. Гэхдээ гэрээгээ 2020 онд нөхөөд байгуулсан. Уул нь гэрээгүй хүн ажиллах ёсгүй гэв. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан аль аль нь байгуулдаг. Цалин хөлс олгохдоо дотоод журмыг үндэслэж олгодог гэв. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2021/00126 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан ээс Б.Т 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажилласан илүү цагийн хөлсийн зөрүү 2.828.177 /хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.201 /жаран мянга хоёр зуун нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60.201 /жаран мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э давж заалдах гомдолдоо: Их эмч Б.Т нь 2019 оны 01-р сараас тус эмнэлгийн оношилогооны тасагт дүрс оношилогооны эмч ерөнхий нэршил /рентген.эхо/ ажилласан. Зөвхөн рентгений кабинетэд ажиллах үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар хэвийн бус нөхцөлд тооцдог. Харин ЭХО харах үед 8 цагаар тооцохыг Хөдөлмөрийн дотоод журамд заасан тул илүү цагийн 8 цагаар бодсон болно. Тухайн албан тушаалын өдөрт ажиллах хугацааг хөдөлмөрийн гэрээгээр 5 цагаар хийсэн боловч илүү цагийн хөлсийг 8 цагаар тооцохоор Хөдөлмөрийн дотоод журмын 7.15 заалтад “Рентгений кабинетэд дагнан ажиллаж байгаа тохиолдолд ажпын цаг 5 цаг гэж заасныг үндэслэн олгосон. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений аппаратын харалтын хэсэг нь 2019 оны 07 сараас эвдэрсэн тул зөвхөн зураг авах үйлчилгээг рентген техникч гүйцэтгэж харин зургийн хариу унших үйлчилгээг хийдэг болох нь дууддагдсан цагийн бүртгэлээр нотлогдож байна. Дүрс оношлогооны эмч нь Рентген, эхо эмчийг тус тус даа үүрэг гүйцэтгэх байтал ба хэрвээ ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллавал эхоны эмчээр ажилласан тохиолдолд хэвийн бус нэмэгдэл авахгүй учраас эмч нарын саналыг үндэслэн ерөнхий нэршлээр 2-уланг нь давхар гүйцэтгэж байж хэвийн бус нөхцлийн нэмэгдэл авахаар албан тушаалын тодорхойлолтод тусган өгсөн. Б.Т эмчийн 2019-2020 оны 09 сар хүртэлх рентгений илүү цагийн хөлсийг тусад нь тооцоходоо 261,267 төгрөгөөр гарч байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг 2,828,177 төгрөгийг 1,261,267 төгрөг болгон буурүулж, тус эмнэлгийн хариуцах улсын тэмдэгтийн хураамж 60,201 төгрөгийг төр төсвийн байгууллага тул чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч холбогдуулан илүү цагийн хөлс 2,828,177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 2-ний өдрөөс Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн оношилгооны тасагт дүрс оношилгоо судлалын эх эмчээр ажилласан бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нийт 513 цаг илүү цагаар ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хариуцагч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг үндэслэн илүү цагаар ажилласан цалинг нь олгож байгаа гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал тайлбараа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасан “ илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн хөлс олгоно.”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “...өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласан гэж үзнэ” гэж заасантай нийцсэн байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2021/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж үаалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                              ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ                           

                                                            М.ХҮРЭЛБААТАР