Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00294

 

 

 

 

2025 03 13 317/ШШ2025/00294

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ************** Т *****ны /рд:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** хаягт оршин суух Ж овогт Дгийн Б /рд:***************/,

Хариуцагч: ****************** хаягт оршин суух Т овогт Нн Р /рд:**************/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 23,990,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ***** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т *****ны зээлдэгч Д.Б, Н.Р нар нь Т *****ны Дэлгэрхаан тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, MN***-01 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд А дансаарх мал, гэр тус тус барьцаалсан байна. зээлдэгч Д.Б, Н.Р нартай холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсаар ирсэн. Зээлийн хуваарийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш гэрээ байгуулж авсан зээлээ төлөөгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй, хугацаа хэтэрч муу ангилалтай зээл болсон тул Т *****наас авсан зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулан авах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Т ***** Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч Д.Б, Н.Р нартай холбогдох арга хэмжээ авч, удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тухайн зээлийг огт төлөөгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгч Д.Б, Н.Р нараас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 17,000,000 төгрөг, үндсэн хүүний өр 5,427,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,511 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 23,990,126 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Б, Н.Р нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Д.Б, Н.Р нар нь Т *****ны гаргасан 23,990.126 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ***** ХК нь хариуцагч Д.Б, Н.Р нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,990,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан 23,990,126 төгрөгийг хариуцагч нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.

Ийнхүү хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 23,990,126 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т ***** ХК, хариуцагч Д.Б, Н.Р нараас 23,990,126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,901 төгрөгийн тал хувь 138,950.5 төгрөгийг улсын орлого болгож, 138,950.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Б, Н.Р нараас 138,950.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ***** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Д.Б, Н.Р нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ