Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/1124

 

 

 

 

    2023           11           23                                         2023/ДШМ/1124

 

Х.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Э.Т,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206000002403 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Х.А, 2002 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт ....... тоотод оршин суух,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн /РД: ................../.

Х.А нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сэмбий” нэртэй автомашин угаалгын газар угаагчаар ажиллаж байхдаа хохирогч Ц.Бийн эзэмшлийн “Тоёота Ланд 200” загварын тээврийн хэрэгслийг угааж байхдаа уг тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Iphone 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аын цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Аад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би уг хэргийг санамсаргүй байдлаар үйлдсэн. Гэм буруугаа хүлээж, үнэн зөв мэдүүлэг өгч, бусдын эд хөрөнгийг эргүүлэн өгсөн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би тухайн үед гэмт хэргийн чанартай гэдгийг мэдэхгүйн улмаас үйлдсэн. Би өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгө олж, сурч боловсрох зорилготойгоор авто угаалгын газарт ажиллаж байсан. Надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай байхад анхан шатны шүүх тухайн зүйл заалтын хамгийн хүнд буюу хорих ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч нь хулгайлах гэмт хэрэгт холбогдохдоо хулгайлсан эд зүйлээ хохирогч Ц.Бөд тухайн өдрөө хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ Х.Аыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хуульд тодорхойлсон дүрэм, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Х.Аын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нь харьцангуй бага, нийгмийн аюулын шинж чанар нь хөнгөн байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, цагдан хоригдсон 92 хоногийн хугацаанд нь дүйцүүлж ял оногдуулж өгнө үү. Мөн үйлчлүүлэгчийнхээ хувийн байдалтай холбогдуулан хэлэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.Аад холбогдох хэргийн хувьд анхан шатны шүүхийн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон, ялын төрөл, эдлүүлэх дэглэм зэргийг харгалзан хийсэн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэж байгаа ч санамсар болгоомжгүйгээр бусдын эд зүйлийг авсан гэсэн гомдол гаргасан нь түүнийг гэм буруугийн талаар маргахгүй гэснийг үгүйсгэж байна. Мөн өмнө нь гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ч уг ялаа биелүүлээгүй үндэслэлээр хорих ялаар солиулж байсан. Ийм нөхцөл байдал үүсдэг гэдгийг мэдсээр байж дахин бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан байдал нь шүүгдэгчийг засраагүй байгааг илэрхийлж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Х.А нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сэмбий” нэртэй автомашин угаалгын газар угаагчаар ажиллан үйлчлүүлэгч Ц.Бийн эзэмшлийн “Тоёота Ланд 200” загварын тээврийн хэрэгслийг угааж байхдаа уг тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан 2.325.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Хохирогч Ц.Бийн “... 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сэмбий” гэх авто угаалгын газарт машинаа угаалгах гэж өгөөд явсан. Угааж дуусаад надад мэдэгдэхээр болсон. Тэгээд удалгүй байж байхад миний машины голын хайрцагт үлдээсэн Iphone 13 загварын эзэн нь авахаар болохоор нь би хамт очоод машины голын хайрцагнаас авах гэхэд байхгүй байсан. Иймд гар утсаа олох санаатай тус машин угаасан хүмүүс болон угаалгын газрын эзнээс асуухад мэдэхгүй, хараагүй гэх мэт зүйл яриад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 10/,

Х.Аын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “... би гар утсыг аваад зарна гэж бодож авсан гэхдээ эзэн нь мэдээд ирэхээр нь гар утсыг буцаагаад өгсөн. ...” /хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Х.Аын “... Надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон, хүнд биш гэж үзэв.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.Аын хувьд урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.Аын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ