| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0004/З |
| Дугаар | 112/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 112/ШШ2025/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Э нарын хоорондын буруутай албан тушаалтнаас хохирол гаргуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. 1926554 төгрөг гаргуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Ц.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар Ц.Аыг ажлаас халах тухай тушаал, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаар Ц.Аыг ажлаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2395 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Уг эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” хэсгээс татгалзах, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагын “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаартай Ц.Аыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” хэсгийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүлээн авмагц Ц.Аыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд тушаал гаргаж томилох” нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
2.3. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар (9017585)- аас 192655400 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрийн сангийн дансруу шилжүүлсэн байна.
2.4. Харин Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/87 дугаар албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: Шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,926,554 төгрөгийг Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нөхөн бичилт хийсэн байна. Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,926,554 төгрөгийг /төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан Ш.Эаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 1,926,554 төгрөг гаргуулах гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана., 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж тус тус заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхүүдэд гаргаж шийдвэрлүүлж байсан.
Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3-д Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ гэж тус тус хэргийн харьяаллыг тогтоосон.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаараа тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Аыг төрийн албанаас халсан байна. Иргэн Ц.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Говь-Аптай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 112/ШШ2023/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/Ш32023/2395 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Аын ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрснийг шүүхээс зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,926,554 төгрөгийг Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нөхөн бичилт хийсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Ш.Эад хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай" 04/1137 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч удаашралтай байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1495 дугаар албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШТ2024/00028 дугаар тоггоолоор Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд харьяалан нэхэмжлэл гаргах үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж, тус Зөвлөлд ирүүлсэн.
Иймд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 1,926,554 төгрөгийг /төрийн сангийн ............... тоот дансанд/ буруутай албан тушаалтан Ш.Эаас гаргуулахаар нэхэмжлэлийг дахин гаргаж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэлийг гаргасан байгаа. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Ш.Э нь 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Б/20 гэдэг тушаалаар төрийн албан хаагч Ц.Аыг төрийн албанаас халсан байдаг. Энэ халсан тушаалыг эс зөвшөөрч төрийн албан хаагч А нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 0042 дугаартай Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээр Ц.Аыг төрийн албанаас халсан буюу анх ажиллаж байсан ажил албан тушаал Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн “Орон нутгийн удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд нь эргүүлэн томилж, төрийн албанаас халсан Ш.Эын 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Б/20 тушаалыг хүчингүй болгож, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 130 хоногт тооцож 9,642,017 төгрөгийг олгож, уг олговроос түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нь нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх дээр хариуцагч болон нэхэмжлэгч нар эвлэрсэн байдаг. Эвлэрэхдээ давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 2395 дугаартай шүүгчийн захирамж гарсан байгаа. Энэ эвлэрэх буюу эвлэрлийн гэрээнд зааснаар Ц.Аыг анх төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгоод шүүхийн шийдвэр гармагц буцаагаад эргүүлэн ажил албан тушаалд нь томилъё. Хоёрт нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлөөд бичилтийг нь хийлгэхийг хариуцагч зөвшөөрөөд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хариуцагчаас авахгүй гэдэг байдлаар тохиролцсон. Ингэж тохиролцсоныг давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг баталж 0042 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдсэн байдаг. Давж заалдах шатны шүүгчийн захирамжийг үндэслээд Ц.Аыг 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/124 тушаалаар Ш.Э төрийн албанд эгүүлэн томилсон байдаг. Тухайн албан тушаал дээр томилсон байгаа. Ингэж томилсоных нь дараа Ц.Аын төрийн албанаас халаад буцаагаад томилогдох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчийн зүгээс 1,926,554 төгрөгийг төлсөн байдаг. Энэ төлбөрийг Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийнх нь дагуу төрд учирсан хохиролтой холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э-д 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 04/1137 дугаартай албан бичгээр төрд учирсан хохирлын мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Төрд учирсан хохирлыг тодорхой хугацаанд таныг төлөхийг мэдэгдэж байна. Хэрвээ төлөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг эс зөвшөөрсөн учраас Төрийн албаны зөвлөлийн зүгээс 2024 оны 07 сарын 03-ны өдөр 01/1497 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийг гаргахад Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн 498.5-ыг үндэслэж нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхээс 2024 оны 11 сарын 08-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2024 оны 06 сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах ёстой гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний шүүхэд гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосны үндсэн дээр дахин Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төрийн албаны зөвлөлийн зүгээс Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолын дагуу харьяаллын дагуу гэж үзэж захиргааны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байгаа. Түүнчлэн хэрвээ Ш.Э гэдэг хүн төрийн албан хаагч Ц.Аыг төрийн албанаас халах тушаал, шийдвэрийг гаргаагүй байсан бол ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлд 1,924,554 төгрөгийг төлөхгүй байсан. Энэ хүн ажлаа хийж байсных нь төлөө төлөх ёстой юмыг нь өөрөөсөө болон тухайн байгууллагаас төлөгдөөд явах байсан. Гэвч Ц.А ажлаа хийгээгүй шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө өөрөө авахгүй гэсэн боловч энэ нийгмийн даатгалын шимтгэлийг бол тухайн байгууллага тухайн албан хаагч ажлаа хийж байсан шууд тэгээд өөрийнх нь цалин хөлс болон тухайн байгууллагаас гарах зардлынхаа дагуу гаргах байсан. Тэгэхэд энэ хүнийг ажлаа хийгээгүй байсных нь төлөө нийгмийн даатгалын шимтгэлийг нь шүүхийн шийдвэрийн дагуу нөхөж төлсөн. Тэгэхээр энийг Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа. Захиргааны хэргийн хариуцагч биш гэж үзээд байна. Манайх бол захиргааны хэргийн хариуцагч мөн гэж үзэж байна. Учир нь захиргааны акттай холбоотой гэж ярьсан. Тэгэхээр 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Ц.Аыг төрийн албанаас халаад байгаа Б/20 тушаалыг нэгдүгээрт Ш.Э гаргасан. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Аыг буцааж эгүүлэн томилж байгаа захиргааны акт болох 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/124 тушаалыг бас Ш.Э гаргасан байгаа. Одоо эгүүлэн мэргэжилтнээр нь томилж байгаа тушаалыг түүнчлэн энэ захиргааны акт зүгээр л мөнгө гаргуулъя гээд байна. Энэ чинь мөнгө гаргах ёстой юм чинь акт байх ёстой шүү дээ гэж яриад байна. Тэгэхээр 2024 оны 01 сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд төвлөрүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс шүүгчийн захирамжийн дагуу төлсөн 1,926,554 төгрөг дээр төлбөрийн хүсэлт байгаа. Тэр төлбөрийн хүсэлт дээр Ш.Э гэж байгаа. Түүнчлэн ерөнхий нягтлан бодогч Н гэдэг хүний гарын үсэг байгаа. Тэгэхээр эдгээр нь үндсэндээ ар талд нь тэр нийгмийн даатгалын тайлан гэдэг дээр бол ажил олгогчоос 9,5 хувиар бодож 1,926,554 төгрөг гарсан гэдэг нь бол дарга Ш.Э гэдэг хүн бас гарын үсгээ зурсан байгаа. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлд бол Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э нь өөрөө 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 3/618 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Энэ албан бичигтээ Ц.Аын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хэсгээсээ татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийлгэх шийдвэр гаргасны дагуу шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлөлтийг хийсэн болохыг уламжилж байна гэж манайд ирүүлсэн. Энэ албан бичиг хэрэгт хавсаргасан байгаа. Тийм учраас үүнийг бол захиргааны эрх бүхий албан тушаалтан буюу шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтан гэж үзэж Ш.Эыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм ярьж байна. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн зүгээс уул нь яг ний нуугүй хэлэхэд энэ хэрэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдах ёстой байсан. Учир нь түүн дээр бол хөөн хэлэлцэх хугацаатай тусгайлсан журам дээр 5 жилийн хугацаа байдаг. Тэгэхээр энэ мөнгө бол 2024 оны 01 сарын 23-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаа тооцогдохоор байсан. Түүнчлэн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоол 09 сарын 20-ны өдрөөс хэрэгжихээр тухайн тогтоолд хугацааг зааж өгсөн байсан. Төрийн албаны зөвлөлийн зүгээс 2024 оны 07 сарын 03-ны өдөр буюу уг Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгжихээс өмнө шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Үүгээр бол хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж үзнэ. Ингэж гаргасаар байтал Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг 2024 оны 11 сарын 08-ны өдөр гаргахдаа уг тогтоолыг хэрэгжихээс өмнө гаргасан нэхэмжлэлийг эс тооцож шууд 25 дугаар тогтоолын дагуу захиргааны шүүхэд гаргах ёстой. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй. За нэгэнт шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг барьж ингэж хэрэгсэхгүй болгосон учраас Төрийн албаны зөвлөл энэ тогтоолыг гарсаны дараа буюу энэ иргэний шүүхийн шийдвэр албажиж Төрийн албаны зөвлөлд ирсэний дараа 2025 оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан. Энэ хооронд төрд учирсан хохирлыг нэхэмжлэх ажил ингээд тасралтгүй үргэлжилсэн учраас үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй байна. Тэгэхээр төрд учирсан хохирол нь бодитойгоор гарсан байгаа. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаагаар эвлэрлийн гэрээн дээр нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийнэ гэж зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан гээд байгаа. Гэвч өөрөө энэ шүүгчийн захирамж дээр зөвхөн нөхөн бичилтийг хийнэ. Ц.А бол нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө төлнө гэж дурдаад байна. Энэ талаар яг одоо Ц.А өөрөө төлнө, нөгөө тал бичилт хийнэ гэдгийг зөвшөөрсөн талаар эвлэрлийн гэрээнд тодорхой тусгагдаагүй байгаа. Түүнчлэн үүнийхээ дагуу хэрвээ төлөх ёстой байсан бол Ц.А өөрөө төлбөрөө гаргах байсан. Гэтэл одоо энэ Засаг даргын Тамгын газраас нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт гарсан. Түүн дээр Ш.Э дарга өөрөө гарын үсгээ зурсан. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн 618 дугаартай албан бичигтээ бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлөлтийг хийсэн болохоо дурдсан. Тэгэхээр энэ нь бол тухайн шүүгчийн захирамжид дурдсан эвлэрлийн гэрээнд зөвхөн бичилт хийнэ. Төлөлтийг хийхгүй гэдгийг үгүйсгэж байна. Тэгэхээр гаргасан шийдвэрийнх нь эрх зүйн үр дагавар гарч байгаа учраас Ш.Э хариуцагчийн хувьд төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
3.3. Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Ат ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мэргэжилтэн Ц.А тус сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч миний бие эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцсон. Үүнд: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар 17-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгох, Мэргэжилтэн Ц.Аын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.А ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй билээ.
Говь-Аптай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,926,554 төгрөгийг мэргэжилтэн Ц.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийсэн. Энэ нь төрд учирсан хохирол биш бөгөөд тус мэргэжилтний оронд хэн нэгэн иргэнийг Ц.Аын ажлын байранд томилж, төрийн албанаас цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл давхардуулан олгосон зүйл байхгүй.
Монгол Улсын хууль тогтоомжид иргэн хүн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, халах эрх зүйн зохицуулалтгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэл нь иргэн Ш.Э миний нэр дээр хаягласан нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймд иргэн Ш.Э миний бие төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй 1,926,554 төгрөгийг төлөх нь хуульд нийцэхгүй байна.
Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн даргын хувьд хууль тогтоомжийг нэн тэргүүнд тавьж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг хүлээсэн нутгийн залуу боловсон хүчнийг ажлын байраар хангах, мэргэшүүлж чадварлаг боловсон хүчин болгох, Өндөр мэдлэг ур чадвартай мэргэшсэн албан хаагчдыг үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хуулиар тусгаарлан олгосон үүргийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгэм эдийн засгийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулан төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, шударга байдал, ур чадварыг дээшлүүлэн төрийн бүх үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж иргэнд хүргэж буй хүнийхээ хувьд төрийн албаны тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Хууль бус шийдвэр гаргах албан тушаалтан биш.
Иймд төрд хохирол учирсан гэж 1,926,554 төгрөгийг нэхэмжилж байгаа Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн хариуцагч төрийн албан тушаалтан захиргааны акт гаргах эрх бүхий этгээд байх ёстой. Гэтэл энэ хэргийн хариуцагч нь иргэн Ш.Э байна. Хэргийн оролцогч биш гэж үзэж байна. Ш.Эыг төрийн эрх бүхий албан тушаалтан болохыг нотолсон баримт мөн энэ 1,924,554 төгрөгийг Эрдэнэбат гарга гэсэн захиргааны акт алга байна. Нэхэмжлэлийн шаардлага захиргааны акттай холбоотой байх ёстой. Энд ямар нэгэн мөнгө гаргуулах утга бүхий шаардлага л байна. Ц.А ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн хүсэлтээсээ татгалзаж, Ш.Э нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх гэснийг хүлээн зөвшөөрөх эвлэрлийн гэрээ урьд нь байгуулж байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Ш.Э мөнгө төлнө гэж эвлэрээгүй. Харин Ц.А гарах зардлыг өөрөө төлнө, цалин авахгүй гэж эвлэрсэн. Ш.Э зөвхөн бичилт хийж өгнө гэж тохирсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д хохирлын хэмжээний талаар маргаан гарч, хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байна. Иргэний хэргийн шүүх уг асуудлыг хянаж шийдвэрлэчихсэн байгаа сая яригдлаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 30 хоног хэтэрч 1,3 жил болсон байна. Өнгөрсөн байна. Баримтаар мөнгө 2024 оны 01 сарын 23-ны өдөр төлөгдсөн гэж байна. Мэдэгдэл нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр хүргүүлсэн гэх ба энэ 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд дээрх тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааж өгсөн байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “төр хариуцна” гэсэн хуультай байна. Улсын дээд шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1.3-т хувийн эрх зүйн этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааж өгсөн байна. Тиймээс тэрний шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч төрд учирсан хохирол гэдгийг мөнгөн зардал, төлбөр гээд л хэлнэ гээд байна. Эндээс харахад ийм мөнгөн зардал, төлбөртэй асуудлыг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэнэ. Энэ талаар төрд учирсан хохирол гэдгийн талаар хууль зүйн тодорхойлолт Улсын дээд шүүхийн тайлбар алга байна. Үүнийг төрд учирсан хохирол гэнэ ээ гэж. Тэр тусмаа нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн мөнгө нь төрд учирсан хохирол мөн юм аа гэж тодорхойлсон баримт алга байна. Харин ч А тамгын газрын дарга 2 тухайн үед 2023 онд эвлэрэхдээ ажилгүй байсан цалинг нь хассанаар төрийн санд хэмнэлт хийж өгсөн байхгүй юу. 2, 3 сарын цалин. Юун хохирол учруулах гэж. Тэгээд энэ төлбөрийн баримт дээр байна гээд байна. Түүгээр нотлох гээд байгаа. Төлбөрийн баримт чинь захиргааны акт биш шүү. Гэрээ биш, иргэн Ш.Эаас 1,926,554 төгрөг гаргуулах захиргааны акт гараагүй. Эрдэнэбат тийм акт гаргаагүй. Тийм учраас акт гаргаагүй учраас ямар шийдвэрийнхээ үр дүнг, юуг үр дагаврыг хариуц гээд байгаа юм бэ. Акт гаргаагүй юм чинь үр дагавар байхгүй. Гаргаагүй актын төлөө ямар нэгэн хариуцлага хүлээж болохгүй. Тэгээд урьд нь шийдүүлэх шаардлагыг нь биелүүлээгүй. Мөнгө чинь хэзээ төлөгддөг юм бэ гэж сая 2024 оны 01 сарын 13-нд төлөгдсөн. Тэгтэл 02 сарын 23-нд би дотор 2024 оны 02 сарын 23-ны дотор урьдчилан сэргийлэх ажиллагааны хүсэлт өгөх ёстой. Тэгтэл 5 сар өнгөрчихсөн. Би хуулиараа ч үнэлье. 14-д зааснаар энэ 02 сарын 23-нд өгөх ёстой дараагийн хариуг 03 сарын 23-нд авах ёстой. Тэгэхээр ингээд хугацаа хүртэл байхгүй. Хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх хугацаа ч өнгөрсөн. Би гомдол гаргах журмаар урьдчилан шийдэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзээд байгаа. Шууд захиргааны хэргийн шүүхэд өгөөд байдаг бол 10 жилийн өмнө би ажлаас халагдчихсан гээд дахиад сэргээлгээд ажилдаа орох үед 2 жилийн өмнө би ажлаасаа халагдсан тэгэх юм уу. Болохгүй шүү дээ. Тэгээд ч энэ захиргааны акт гараагүй байж байхад чинь 1,900,000 төгрөг гарга гэсэн. Тэгээд энэ асуудлыг Ц.Аын ажилдаа эргэн орсон эвлэрлийн гэрээг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр болсон дээр мөнгө хохирол төлнө гэсэн үг байхгүй. Бичилт хийнэ л гэсэн болохоос биш тэр чинь бичилт хийлгэхийн тулд өөрөө нийгмийн даатгал дээр очиж төлнө гээд бүүр хөөцөлдөөд явж байсан. Мөнгө төл гэсэн захиргааны акт байхгүй. Тийм учраас хохирлыг төлөх үндэслэл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр түүний талд байгаа. Энэ чинь дандаа 106.3-ын 1 нь захиргааны акт, захиргааны гэрээ, 106.3.2 захиргааны акт, захиргааны гэрээ, илт хууль бус болохыг нь тогтоох, 106.3.3 захиргааны акт хүчингүй болгох, 106.3.4 захиргааны актаас татгалзсан шийдвэр гээд энэ чинь дандаа захиргааны акт, гэрээтэй холбоотой асуудлыг шийддэг байна. 106.3.6-д төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах, хэмжээг багасгаж болдог юм байна. Гэтэл нөгөө төлбөр тогтоосон захиргааны акт чинь байхгүй. Тийм учраас энд хамаарсан. За тэгээд энэ 106.6 чинь Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гээд бүүр ойлгомжтой зааж өгсөн байна. Хамтатган нэхэмжлээгүй гээд тухайн үед хамтатгаад нэхэмжилж байсан болохоор болж байсан. Одоо бол иргэний хэргийн шүүх шийдэх ёстой. Нэхэмжлэгч төрд үүссэн хохирлыг мөнгөн төлбөр л гэж тодорхой харагдаад байгаа. Тэр чинь мөнгөн төлбөрийг чинь иргэний хэргийн шүүх шийдэх юм байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Э-д холбогдуулан “Төрд учруулсан хохирол болох 1,926,554 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж, 52 дугаар зүйлийн 52.5.4-т захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэнийг гэж ойлгохоор тус тус заажээ.
Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэл гаргаж буй захиргааны байгууллагын хувьд өөр захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хууль тогтоомжид заасан нийтийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн байх нөхцөлтэй байхаас гадна хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэрэгжих агуулгатай байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заажээ.
Үүнээс үзвэл Төрийн албаны төв байгууллага нь төрийн байгууллага, албан тушаалтнаас төрд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс: Хэрвээ Ш.Э гэдэг хүн төрийн албан хаагч Ц.Аыг төрийн албанаас халах тушаал, шийдвэрийг гаргаагүй байсан бол ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлд 1,924,554 төгрөгийг төлөхгүй байсан гэж, хариуцагч, түүний өмгөөлөгчөөс: Нэхэмжлэгч Ц.А ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй, Ц.Аын оронд хүн авч ажиллуулаагүй мөн төлбөрийн баримт чинь захиргааны акт биш. Гэрээ биш, иргэн Ш.Э 1,926,554 төгрөг гаргуулах захиргааны акт гараагүй. Ш.Э тийм акт гаргаагүй. Тийм учраас акт гаргаагүй учраас ямар шийдвэрийнхээ үр дүнг, юуг үр дагаврыг хариуц гээд байгаа юм. гэж тус тус маргадаг.
7. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Э нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа нь түүний ирүүлсэн тайлбар, албан бичгүүдээр нотлогддог.
8. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон нутгийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-ыг ажлаас халсан байдаг.
9. Ц.А ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд хандаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эын 2023 оны Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Аыг албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд захиргааны хэргийг хянах явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2395 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан байна.
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч “... ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзаж, хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцжээ.
11. Хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Төлбөрийн хүсэлт”-ээр нийгмийн даатгалын санд 1,926,554 төгрөгийг шилжүүлжээ. Энэ баримтын “Үндэслэх баримт бичгийн нэр” хэсэгт НДШ тайлан, Шүүгчийн захирамж гэж бичсэн байх бөгөөд Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Ц.Аын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гэсэн баримтаар давхар нотлогддог. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Ц.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн болохоо дурдсан бөгөөд энэ талаар маргадаггүй.
12. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат “...нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, захиргааны хэргийн шүүхэд хувь хүн “хариуцагч” байх хууль зүйн үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, уг маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 102, 104-т зааснаар захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй” гэж маргаж байгааг шүүхээс үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
12.1. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэх үндэслэлийн тухайд:
Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсэн шалгаж байгаад Улсын дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын 1.3-т заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан тул нэхэмжлэгч уг хугацааг алдаагүй гэж үзлээ.
12.2. Захиргааны хэргийн шүүхэд хувь хүн “хариуцагч” байх хууль зүйн үндэслэлгүй гэх тухайд:
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл хариуцагчийг “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Э” гэж тодорхойлсон. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3-д “...Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Нэхэмжлэгчээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Э-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа нь дээрх тогтоолын 1.3-д заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Ш.Эын албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гарсан байна.
Захиргааны ерөнхий 5 дугаар зүйлийн 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ. гэж заасан байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хуулиар тусгайлан эрх олгогдсон албан тушаалтан тул түүний шийдвэр, үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарна.
12.3. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой эсэх талаар хянан үзнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргахаар заасан байдаг.
Төрийн албаны зөвлөл нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагч, төрийн байгууллага хоорондын маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллага байхын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “... нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хуульд нэхэмжлэгч байгууллага шууд шүүхэд хандахаар заасан тохиолдолд шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
12.4. Уг маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 102, 104-т зааснаар захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй гэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ. Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно. гэж, 104 дүгээр зүйлийн 104.1-т Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна. 104.4-т Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтууд нь захиргааны хууль бус болон хууль ёсны актын улмаас хохирсон иргэн, хуулийн этгээдэд хамаарах агуулгатай байна.
Тодруулбал, 104 дүгээр зүйл нь захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас үүдэн иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж, улмаар хохирол учирсан тохиолдолд нөхөх олговор гаргуулах агуулгатай байна. Энэхүү хуулийн 102, 104 дүгээр зүйлд хохирол учирсан иргэн, хуулийн этгээд хохирол, нөхөх олговрын хэмжээ буюу үнэлгээ, мөнгөн дүнгийн талаар маргасан нөхцөлд иргэний хэргийн шүүхэд хандахаар зохицуулсан байна. Харин төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс нөхөн гаргуулах харилцаанд энэхүү зохицуулалт хамаарахгүй.
13. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвхөн “бичмэл” актын хүрээнд хянахгүй. Тус шүүхийн хяналтад захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа хамаарна. Захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргийн хүрээнд захиргааны хууль бус актын үр дагаврыг арилгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй.
Үүнээс үзвэл хариуцагчийн өмгөөлөгчийн “Төлбөрийн баримт чинь захиргааны акт биш. Гэрээ биш, иргэн Ш.Э 1,926,554 төгрөг гаргуулах захиргааны акт гараагүй. Ш.Э тийм акт гаргаагүй.” гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй.
14. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3-т зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч тул уг албан тушаалыг хашиж байгаа хариуцагч Ш.Э нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж, 39 зүйлд заасан хориглолтыг зөрчихгүй байх ёстой. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэйгээс гадна хуульд нийцээгүй шийдвэр гаргах;, төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;-ийг хоригложээ.
Хариуцагч Ш.Э албан үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас халж хууль бус шийдвэр гаргасан нь шүүхээр нотлогдсон байна.
Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр түүний шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон байна. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2395 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг хэлбэр бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгддэг.
“Үндэслэх” хэсгийн 10-т дурдсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд захиргааны хэргийг хянах явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийх”-ээр тохиролцсон байдаг.
Үүнээс дүгнэвэл хариуцагч Ш.Э Ц.Аыг ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохоор эвлэрэн хэлэлцэж байгаа нь өөрийн шийдвэрийн хууль бус байдлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх байдлаар түүнд учирсан хохирлыг барагдуулахаа амласан байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд 1,926,554 төгрөг төлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг; гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсэний төлөө цалин хөлс олгогдох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь олгогдсон цалин хөлснөөс ажил олгогч болон даатгуулагч тус тус өөрийн хариуцах хувиар төлөх зарчимтай байна.
Хохирол нь нэг этгээдийн хууль зөрчсөн үйлдлээр нөгөөд учруулсан мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх зардал гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Төрийн албаны хуульд заасан үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн төдийгүй төрийн албан хаагчид цалин хөлс олгох, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тодорхой хувиар тооцож суутгах зарчмыг алдагдуулсан энэ үйлдэл нь төрд хохирол учруулсан гэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “...төрийн сангийн данснаас дээрх цалин хөлстэй холбоотой зарлага гараагүй, төрд ямар нэгэн хохирол учраагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Уг хохирол нь хариуцагчийн буруутай шийдвэр буюу “2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/20 дугаар “Ц.Аыг ажлаас халах тухай” тушаалын үр дагавраас үүдэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж заасан.
Хуулийн энэ заалтад төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх, тухайн шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан байх гэсэн 2 тодорхой нөхцөл заасан байдаг.
Хариуцагч Ш.Э төрийн албан хаагч Ц.Аыг албан тушаалаас халж буруутай шийдвэр гаргасныг шүүх тогтоосон. Түүнчлэн түүний гаргасан тушаалын улмаас ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан төрийн албан хаагчийн даатгалуудыг нөхөн төлж Ц.Ат учирсан хохирлыг барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймээс хариуцагч нь өөрийн гаргасан буруутай шийдвэрийн үр дагаврыг өөрөө нөхөн хариуцах нь захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх зарчим, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ш.Эад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Эаас 1,926,554 (нэг сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлийн дансанд шилжүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН