| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0042/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Д-ын М-т холбогдох 1835000700060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 09-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг Өмнөговь 3 дугаар багт оршин суух Ш овогт Д-ын М-т. РД:ОЙ8803.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М нь 2017 оны 2 дугаар сарын 20-нд Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Л зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 2 дугаар сарын 20-нд Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Л-г зодсон болох нь хохирогч Ө.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр манай хошой /саахалт/ айл болох Г гэдэг айл ирж цай уу гэхээр нь би 3 хүүхдээ мотоцикль дээрээ сундлаад 11 цаг 30 минутын үед очиход Д.М хадам ээжтэйгээ байсан. Тэгээд бид нар цай унд уучихаад Д.М-ын эхнэр Б, М-ын хадам ээж К, К-ийн охин Ц, С-ын эхнэр У гэрийн эзэн Г, түүний эхнэр Я тэгээд миний бие Л, манай хүүхэд Д, М, өөр нэг хүүхэд суулгаад хөзөр тоглож байсан. ...Манай багт Г, Д, Б бид нар нэг баг болж тоглосон. Манай баг хожигдсон дахиж тоглоод манай баг 2 хожсон. Тэгээд би Д.М-ыг “Чи Б-г өөрийнхөө дээд талд гаргаад суулгачих настай хүн” гэж хэлэхэд “Яалаа гэж. Нөхдөөрөө тоглоно” гэж хэлсэн. Тэгэхээр би өөрийн охин М-г дээшээ суулгачих гэсэн Д.М хожигдохлоороо ингэдэг байхгүй юу маяглаад байгаарай өчигдөр хүүхдээ явуулчих гэхэд яагаад явуулаагүй юм охиныг чинь яав л гэж гээд надтай хэрүүл өдсөн. Тэгээд чамайг даа гэхээр нь би битгий солиор чи мэддэг юм уу би хүүхдээ мэднэ гэж хэлэхэд. Би мотоциклоороо аваад ирнэ гэсэн биз дээ гээд намайг баруун гараараа цохисон. Тэгэхэд нь би унаад босох гэтэл миний цээж рүү өшиглөсөн. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р талд/,
гэрч Г.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн:“ ...Манай хошой /саахалт/ айл болох Г-х ирж цай гэсэн. Ирсэн хүмүүстэй хөзөр тоглож байтал надтай нэг нөхөд болж тоглож байсан Ө.Л гэдэг хүн миний дээд талд нөгөө багт тоглож байсан Д.М гэдэг залууг “Чи Б-н дээд талд гарч суусанаас болж манай баг хожигдож байна гээд үг хаяж маргалдаж байтал Д.М Ө.Л-гийн нүүр нүд орчим руу гараараа нэг цохичихсон. Гэтэл Ө.Л босож Д.М-ыг цохих гэтэл Г ах татаж суулгаж салгасан юм. Ө.Л гэрээс гарчихаад орж ирэхэд нүд нь мэдэгдэхүйц хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,
гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Манайх 2018 оны 2 дугаар сарын 20-нд хошой /саахалт/ байдаг С, Б, М, Л, К нарын айлын хүмүүсийг цай уулгаж байсан бөгөөд бид нар хөзөр тоглож байтал Л М гэдэг залууг чи Б-ийн дээр сууж байна, Б-г дээшээ суулгачих гэснээс болж М Л-ийн баруун нүд орчим руу гараараа нэг удаа цохичихсон юм. Гэтэл Л-ийн баруун нүдний дээд хэсэг орчим бага зэрэг цус гарсаныг ариун цэврийн цаас аваад арчсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
гэрч М.Я-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“…Ө.Л, Д.М уруу үг хаяж чи Б-ийн дээд талд суух ёсгүй, доод талд нь суу гээд хоорондоо хэрэлдэж байтал гэнэт Ө.Л нүдээ дарчихсан нүд рүү цохиж байхдаа яаж байгаа юм бэ? гэснээ Д.М-ыг цохих гэсэн боловч Д.М бултсан, тэгээд Б, Г хоёр босоод тэр хоёрыг салгаж холдуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
гэрч О.К-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“... М гараараа Л-ийн баруун нүдэн дээр нь 1 удаа цохисон. Тэгээд Л М-ыг цохих гэхээр нь тэнд байсан Г тэр хоёрыг салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/, гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:“... Л М-ыг чи Б дээд талдаа суулгасангүй гэж олон дахин хэлээд байсан, тэгээд М гараараа баруун нүд нь дээр нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
шүүгдэгч Д.М-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л чи ахмад хүний дээд талд суучихаад хожоод байна гээд олон дахин хэлээд байсан тэгэхээр нь би та юу яриад байгаа юм гэхэд миний урдаас битгий солиор хуцаад бай гэсэн тэгээд миний уур хүрээд Ө.Л-ийн баруун нүдэн дээр зүүн гараараа нэг удаа саваад цохисон тэгээд Ө.Л нүүрээ дараад 2 минут чихтэй сууж байгаад намайг цохих гэхэд би бултахад тэр хий цохиод миний өвөр дээр унаад ирсэн. Тэгээд Л-г Г аваад гарсан юм. Би Ө.Л ахаас уучлалт гуйж хохирлыг нь төлж барагдуулж өгч одоо бид хоёрын хооронд ямар нэгэн хохирол гомдол байхгүй болно. Би уурын мунхагаас болж гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ө.Л зодсоны улмаас хохирогчийн бие махбодид баруун нүдний салстад цус хуралт, хөмсөгний орчимд өнгөц зулгаралт, зовхины зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.Л “Шүүгдэгч Д.М-аас хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ