Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

         Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт О-ын Б-д холбогдох 1835000580055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 03-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суух У овогт О-ын Б. РД:ОК8210.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч О.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н-г зодсон болох нь хохирогч Ц.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид хоёр буузны мах татаад дуусаж байтал манайд хоч нэр нь Т, М гэх хоёр хүүхэд орж ирсэн юм. Тэгээд Б, Т, М гурав хоорондоо юм яриад сууж байсан чинь манай нөхөр Б шөнийн 2 цагийн үед гэртээ орж ирэхэд манайд сууж байсан хоёр залуу Б-ын мэндийг асуусан чинь надад юу байлгах гэсэн юм бэ? Та нар энд юу хийж байгаа юм гар гэж хэлсэн чинь тэр хоёр хүүхэд гараад явсан юм. Тэгээд манай нөхөр намайг чи харанхуй шөнө юу хийгээд жаахан хүүхдүүдтэй пиво уугаад байгаа юм бэ гэсэн юм. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? Би юу гэж жаахан хүүхдүүдтэй пиво ууж байдаг юм бэ? гэж хэлсэн чинь та нар сая пиво уугаад сууж байсан биз дээ гэж хэлсэн юм. Би үгүй гэж хэлсэн чинь над уруу дайраад байхаар нь би гэрээс гараад хажууд байдаг эгч А-ын гэр лүү орох гээд хаалга тогшиж байтал Б миний араас ирээд миний үснээс зулгаагаад толгой руу гараараа 4-5 удаа цохисон юм. Тэгээд би гэр лүүгээ буцаад орох гэсэн чинь намайг татаж унагаагаад хөлөөрөө 2-3 удаа нүүр лүү өшиглөсөн юм. Тэгтэл Б надаас Б-ыг салгах гээд дундуур ороод салгаж дийлэхгүй байсан юм. ...Б нь миний хохирол гомдлыг 100.000 төгрөг өгч бүрэн барагдуулан, надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн, одоо надад Б-оос нээмжлэх зүйл байхгүй. ...Миний нөхөр Б нь урд өмнө нь гэр бүлийн ямар нэг асуудлаас болж маргалддаг байсан нь үнэн гэхдээ зодож цохидог байсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р талд/,

          гэрч Р.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ...2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр манай сумын ахлах сургуулийн бага ангийн багш Ц.Н нь над руу утсаар яриад буузны мах татаад өг гэж хэлсэн юм. Тэгээд би гэрээсээ 21 цагийн үед гараад Н-ийн гэрт очиж явтал намайг урдаас тосож авсан юм. Би тэдний гэрт ороод Н эгч бид хоёр буузны мах татсан юм. Тэгсэн тэдний гэрт манай сумын Б.Г, хоч нэр нь М хоёр орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр бид хоёртой юм яриад сууж байсан чинь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Н эгчийн нөхөр Б орж ирээд тэнд сууж байсан Г, М хоёрыг та хоёр манай гэрт юу хийж байгаа юм бэ? гарч зайл пизда минь гээд хөөгөөд гаргасан юм. Тэгээд Б ах Н эгчийг чи яасан их хүн цуглуулдаг юм бэ гээд нуруу руу нь гараараа 2-3 удаа цохиход нь Н эгч гэрээсээ гарч яваад хойд талын айлын хаалгыг цохисон юм. Тэгсэн чинь Н эгчийн араас Б ах гараад үснээс нь зулгаагаад чирж цохисон. Тэгээд би дундуур нь орж салгасан чинь намайг гараараа түлхээд Н эгчийн нүүр лүү Батболд ах хөлөөрөө өшиглөөд толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

          гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б, Н багш хоёр буузны мах татаад сууж байсан юм. Тэгж байсан чинь гаднаас Н багшийн нөхөр Б нь орж ирэхээр нь би мэндийг нь асуусан чинь миний урдаас мэндийн хариу өгсөн юм. Тэгээд Н багшид юм ярьж байгаад та нар пиво уусан байна, хаашаа нуучихав гээд уурлаж байснаа Н багшийг Б нь гараараа нэг удаа шилэн хүзүү рүү цохисон юм. Тэгээд М бид хоёрыг гарч зайл гэсэн чинь гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

        шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай үхэр мал муудаад байхаар нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө би хөдөөнөөс сумын төв орж эхнэртэйгээ уулзаад сумын төвд малаа тэжээх талаар ярилцах гэж орсон юм. Тэгсэн чинь би гэрлүүгээ орох гэтэл маай гэрийн хаалга дотор талаасаа цоожтой байсан юм. Би тэгээд хаалга цохиод гэртээ орсон чинь манай гэрт эхнэр, 3 хүүхэд, Б гээд охин, М тэгээд нэг танихгүй залуучууд байсан юм. Би эхнэрээсээ та нар юу хийгээд сууж байгаа юм бэ? Та нар пиво уугаад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь манай эхнэр миний урдаас уурлангуу юу яриад байгаа юм бэ? Жаахан хүүхдүүд байгаа биз дээ гэсэн юм. Тэгэхээр нь би эхнэр Н гараараа нэг удаа толгой руу нь цохисон юм. Тэгээд би эхнэрийнхээ өмсөж явсан цамцныхан захнаас татсан юм. Би тэнд байсан хоёр залууг гарч зайл гэж хэлсэн чинь тэр хоёр гараад явсан юм. Би түр зуурын уураа барьж дийлэхгүй эхнэрээ зодсон миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Би 2013 онд авто осолд орсноосоо хойш уурлахаараа хийсэн зүйлээ санадаггүй болчихсон юм. Эхнэрээ гэртээ шилэн хүзүү рүү нь цохиж, дээлнийхэн захаас татаж байснаа санаж байна. Гэрээс гараас цохиж зодосноо санахгүй байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

        Шүүгдэгч О.Б нь хохирогч Ц.Нямсүрэнг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, дагз, эрүүний баруун талын зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт /хх-ийн 6-р тал/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

         Хохирогч Ц.Н нь “Шүүгдэгч О.Б-оос хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч О.Б нь эхнэр,  3 хүүхдийн хамт амьдардаг боловч гэр бүлээсээ тусдаа хөдөө мал малладаг болох нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай тодорхойлолтоор, мөн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр тус тус  нотлогдож байна.

      Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч У овогт О-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ