| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2206056262095 |
| Дугаар | 2023/ДШМ/1125 |
| Огноо | 2023-11-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2023/ДШМ/1125
2023 11 23 2023/ДШМ/1125
Э.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Чанцалдулам,
хохирогч П.О,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Э.М,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206056262095 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Э.М, 1996 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт жолооч ажилтай, ам бүл .............. тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД: ................../;
Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П.Оыг байнгын шинжтэй догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П.Оыг гадуур тэнэлээ гэх шалтгааны улмаас маргалдах үедээ машинаас буу хэмээн зүүн хөлийн өвдөгнөөс татаж эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны хугарал, жийргэвч мөгөөрс, коллатерал холбоос, 2 толгойт булчингийн шөрмөс, шилбэний урд булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, баруун зүүн алга, цээж баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206056262095 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Мд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 223.500 төгрөгийг шүүгдэгч Э.Мэс гаргуулан хохирогч П.Од олгох, хохирогч П.О нь ажилгүй байсан хугацааны цалин болон бусад төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/360 дугаар албан тоотын хавсралтаар 221.000 төгрөгийн баримт ирүүлснийг хэлэлцэхгүй орхиж холбогдо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э.Мэс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянанн шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч П.Оын эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 223.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа бөгөөд цаашид ийм үйлдэл дахин гаргахгүй. Мөн ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхдээ тэжээх үүргээ биелүүлж амьдрахыг зорьж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийг огт хэрэглээгүй болно. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохиролд тодорхой мөнгө төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Д.Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Э.М болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, харин эрүүгийн хариуцлагын хувьд гомдолтой байна. Шийтгэх тогтоолоор 200.000 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгийг давж заалдах гомдол гаргахдаа төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэдгээ илэрхийлдэг. Шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах тул хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгөхийг хүсч байна. Э.М нь анхан шатны шүүх хуралдаанд ажил эрхэлдэг талаарх баримтаа гаргаж өгч чадаагүй. Харин давж заалдах гомдолдоо ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг хавсаргасан. Уг баримтыг харгалзан хорих ялыг торгох ялаар өөрчлөх боломжтой гэж харж байна. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд заавал торгох ял гэлтгүй хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэж хүсч байна. ...” гэв.
Хохирогч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад гомдол, санал байхгүй. ...” гэв.
Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, мөн хуулиар тогтоосон төрөл хэмжээний доторх ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Тиймээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Э.М-н хувьд 2018 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ байнга зодож дарамталдаг байсан. Мөн сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд байлгадаг байсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П.Отай гадуур тэнэлээ гэх шалтгааны улмаас маргалдах үедээ машинаас буу хэмээн зүүн хөлийн өвдөгнөөс татаж, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны хугарал, жийргэвч мөгөөрс, коллатерал холбоос, 2 толгойт булчингийн шөрмөс, шилбэний урд булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, баруун зүүн алга, цээж, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Оын “... нөхрийн найз Сундуйг Хужирбуланд хүргэж өгчихөөд буцаад явж байтал нөхөр залгаад хардаад уурлаж хараагаад байсан. Би машинтайгаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн автобусны буудал өнгөрөөд явж байтал Э.М араас Приус 30 маркийн машинтай ирээд намайг зогс гээд уурлаад байхаар нь би зогсоод машин дээр нь явж очоод нөхөртөө уурласан чинь намайг Сундуйтай хардаад уурлаад байсан. Тэгээд машинаасаа буугаад ирэхээр нь би зөрөөд машиных нь жолоо дээр суутал намайг буу гээд хувцаснаас зуураад татаад байхаар нь би хөлөөрөө тулаад жийсэн байсан чинь миний зүүн хөлийн өвдөгнөөс Э.М татсан чинь миний зүүн хөлийн өвдөг сонин дуугараад эвгүй болсон. ...” /хх 16/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15476 дугаар шинжээчийн “П.Оын биед зүүн тахилзуур ясны хугарал, жийргэвч мөгөөрс, коллатерал холбоос, 2 толгойт булчингийн шөрмөс, шилбэний урд булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, баруун зүүн алга, цээж, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 30-32/ гэсэн дүгнэлт,
Аюулын зэргийн үнэлгээ /хх 17-18/, “Med trauma” эмнэлгийн П.Од хийсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 33/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Э.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.М-н үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Э.Мэс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болох”-оор хуульчилсан.
Дээрх заалт нь шүүхээс заавал хэрэглэх, үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд тухайн заалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг учиртай.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон байна гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.М-н 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1179 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-н цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ