| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2005/0003/з |
| Дугаар | 124/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 124/ШШ2025/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д Б У” ХХК, /РД:......./
Нэхэмжлэгч: Ж.Н,
Нэхэмжлэгч: М.М,
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах комисс,
Хариуцагч: Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар,
Гуравдагч этгээд: “Г П” ХХК, “Б Г” ХХК нарын хооронд үүссэн түрээслэгч шалгаруулах сонгон шалгаруулалт хууль бус эсэхийг тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, П.Э, Н.Наранзаяа, Б.Э, Н.Т, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.З, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.2. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сонгон шалгаруулалтын урилгыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/506 дугаар захирамжаар батлагдсан “Орон нутгийн өөрийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох жишиг баримт”-ын дагуу сонгон шалгаруулахаар, улмаар сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг, түрээсийн үнийн доод хэмжээг зааж, баримт бичгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад нээхээр тус тус тогтоожээ.
2.2. Урилгын дагуу нийт хоёр компани баримт бичгээ ирүүлж, “Д Б У” ХХК, “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл нарын ирүүлсэн баримт бичгийг үнэлгээнд оролцох баримт бичгийг шаардлага хангасан гэж үзжээ.
2.3. Эдгээр хоёр компанийн ирүүлсэн баримт бичгийг үндэслэн Ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, 95 оноогоор “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, дүнгийн нэгтгэлийг гаргасан байна.
2.4. Нэхэмжлэгч “Д Б У” ХХК болон Ж.Н, М.М нар Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч Увс аймгийн орон нутгийн өмчийн газарт гомдол гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д Б У” ХХК нь 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн шилдэг аж ахуйн нэгж юм. Манай үйл ажиллагааны чиглэл нь арьс шир боловсруулах, цагаан ултай гутал үйлдвэрлэлээр 25 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Увс аймаг нь цаг уурын эрс тэрс нөхцөлтэй бөгөөд өвөлдөө -50 хэм давж хүйтрэх тохиолдолд олонтоо гардаг. Энэ нөхцөлд тохирсон үнэ хямд эдэлгээ давах гутал үйлдвэрлэх хэрэглэгчдээ хангах нь чухал тул олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд Увсын цагаан ултай гутал гэх брэндийг 5ий болгож газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүн болгож чадсан. Энэ амжилтыг ганц манай компани биш аймагт цагаан ултай гутал үйлдвэрлэдэг олон зуун гуталчдыг ажлын үр дүн юм. Манай аймгийн гутал үйлдвэрлэгч нар төр засгийн төлөөлөгчид ирэх бүрд цагаан ултай гутлын үйлдвэрлэлийг дэмжих, тусгайлсан тоног төхөөрөмж бүхий төв бий болгох талаар санал хүсэлт гаргаж байсан. Тийм учраас аймгийн удирдлагын бодлогоор орон нутагт “Ц У Г К Т” нэртэй барилга болон гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн үйлдвэрлэл явуулах боломжтой цех бий болсон. Энэ цех дотор Итали улсад захиалгаар зөвхөн цагаан ултай гуталд зориулан үйлдвэрлүүлсэн 2 тоног төхөөрөмж байдаг. Өөрөөр хэлбэл энэ төвийн зориулалт нь цагаан ултай гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тухайн гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж бүхий 278 м.кв талбай бүхий 6 өрөөг түрээслэх сонгон шалгаруулалтын зар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарч сонгон шалгаруулалт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явагдсан. Уг сонгон шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд өрсөлдөгчөөр “Г П” ХХК оролцсон. “Г П” нь манай аймагт байдаг барилгын материалын худалдаа эрхэлдэг компани юм. Тус компанитай Улаанбаатар хотод байрлах “Б Г” ХХК нь цагаан ултай гутал биш европ загварын гутал үйлдвэрлэдэг компани бөгөөд анх Ц У Г К Т гэдэг нэрээр төсөл хэрэгжиж эхэлж байхад зөвлөх үйлчилгээ үзүүлж 55 сая төгрөгөөр аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас авсан компани юм. Гэтэл “Г П” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгаруулсанд гомдолтой байна. Энэ талаар аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн ЗДТГ-ын даргад гомдол гаргасан боловч хүлээн аваагүй тул шүүхэд хандаж байна. Энэ төслийн хүрээнд анхнаасаа зөвлөх үйлчилгээг үзүүлж өөрөөр хэлбэл ямар зорилгоор энэ төсөл хэрэгжих ямар чадалтай төхөөрөмж тавигдах талаарх бүх мэдээллийг бүрэн мэдэж байсан энэ төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж ашиг олсон ашиг сонирхлын орчил бүхий компани хэзээ ч гутлын үйлдвэрлэл эрхэлж үзээгүй компанитай түншлэлийн гэрээ байгуулж орж ялсан нь хууль бус юм. Энэ хууль бус сонгон шалгаруулалтаас болж манай компанийн шударга өрсөлдөх, аж ахуй эрхлэх, бизнесээ өргөжүүлэх боломж, эрх ашиг хөндөгдсөн тул хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө” гэж тайлбар гаргасан.
3.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц У Г К Тийн тоног төхөөрөмжийг түрээслэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль бус болсон гэж манай тал маргаж байгаа. Сонгон шалгаруулалтыг явуулахад баримталсан гол бичиг баримт болох Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/08 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам нь захиргааны хэм хэмжээний акт мөн. Тухайн захиргааны хэм хэмжээний акт өнөөдрийг хүртэл хууль зүйн яаманд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Сонгон шалгаруулалтыг зарлахад “Б Г” ХХК түншлэл байгуулж орж ирсэн. “Б Г” компани урьд нь загвар хоршоодын хөгжлийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээ буюу Ц У Г К Т, бизнес инкубатор төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэж гэрээ байгуулж 55,000,000 төгрөгөөр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Б.Гэрэлцогт Ц У Г К Тийн барилга доторх тоног төхөөрөмжүүдийг сонгох, байршуулах, жигдрүүлэх үйл ажиллагаанд нэг бүрчлэн оролцсоныхоо төлөө 55,000,000 төгрөгийн төлбөр авсан. Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагааны нууцлал, нарийн мэдээллүүдийг мэдэж байсан. Дээрх мэдээллээ ашиглаж, түншлэл байгуулж орж байгаа нь ашиг сонирхлын үүсгэсэн. Сонгон шалгаруулалтыг Л.Дариймаа, Ц.Сайнзаяа, Б.Э, Р.С, Б.Баттогтох, П.Э, Н.Удвал гэх 7 гишүүн байсан. Өмнөх шүүх хуралдаанд миний зүгээс тухайн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдсэн. Миний зүгээс шүүх хурал эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцахад тухайн хуралдааныхаа тэмдэглэлийг ирүүлээгүй байна. Сонгон шалгаруулалт ямар байдлаар үргэлжилж, тухайн оролцогчдын материалыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй байсан. Тухайн комиссын 7 гишүүнээс Н.Удвалын үнэлгээний баримт хэрэгт байхгүй. Н.Удвал нь байсан эсэх, үнэлгээ өгсөн эсэх тодорхой бус байна. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/506 тоот жишиг баримт бичиг батлах тухай захирамжаар баталсан жишиг баримтын 2.3-т материал дүгнэх хэсэгт 2.3.1-т “ажлын хэсэг хуралдах бүрдээ тэмдэглэлийг дэлгэрэнгүй хөтөлж зохих ёсоор баталгаажуулна” гэж зааснаар Тухайн ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулах, гишүүдийн онооны хуудсыг нэгтгэх үүрэгтэй оролцдог. Гэтэл тэмдэглэл нь олдохгүй 1 гишүүн яасан нь мэдэгдэхгүй байгаа. Хэрэгт авагдсан материалуудаас харахад Ц.С “Д Б У” ХХК-д 99 оноо, “Г П” ХХК-д 90 оноо өгсөн. Б.Э нь “Д Б У” ХХК-д 96 оноо, “Г П” ХХК-д 94 оноо өгсөн. Р.С нь “Д Б У” ХХК-д 95 оноо, “Г П” ХХК-д 90 оноо өгсөн. Б.Б “Д Б” ХХК-д 94 оноо, “Г П” ХХК-д 95 оноо өгсөн. Л.Д “Д Б У” ХХК-д 99 оноо, “Г П” ХХК-д 98 оноо өгсөн. П.Э “Д Б У” ХХК-д 85 оноо, “Г П” ХХК-д 100 оноо өгсөн. Дээрх баримтуудаас үзэхэд 6 гишүүний 4 гишүүн буюу олонх нь “Д Б У” ХХК-ийг дэмжсэн. 7 дахь гишүүн нь санал өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд энэ талаар асуухад тухайн оноонуудаа нэгтгэж, нийлбэрээр нь “Г П” ХХК-ийг сонгосон гэсэн. Шалгаруулалтын үнэлгээнд 7 дахь гишүүн буюу Н.У-ын үнэлгээ шийдвэрлэх нөлөөтэй байж болохуйц байгаа. Учир нь “Д Б У” ХХК-ийн дундаж нь 94.6 хувь байхад “Г П” ХХК-ийн дундаж нь 95 хувь байгаа. 00.4 хувийн бага зөрүүгээр “Г П” ХХК-г дэмжсэн. Монгол Улсын хэмжээнд үнэлгээг олонхоороо асуудлыг шийднэ, цөөнхөө хүндэтгэнэ. Гэтэл 4 гишүүн нь дэмжээд байхад 4 хүний саналыг дэмжээгүй 2 гишүүндээ ялагдсан. Тухайн үнэлгээг дүгнэхдээ хуульд нийцсэнгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт “ үр нөлөөтэй байх” 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай. Гэтэл зорилго нь Увс аймгийн 4 жилийн мөрийн хөтөлбөрт цагаан ултай гутал буюу газар зүйн заалт бүхий, өөрийн онцлог бүхий брэндийг дэмжих, үйлдвэрлэлийг жигдрүүлэх байсан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрүүд, Засаг даргын олгосон захирамж, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/230 дугаартай захирамжаар “Ц У Г К Т” байгуулахад зориулж 2000 метр квадрат газар олгоё гэж зөвхөн цагаан ултай гутлыг үйлдвэрлэхэд зориулж байсан. Хэрэгт авагдсан “Б Г” ХХК, “Г П” ХХК түншлэлээс оруулж байгаа 4 ширхэг гутлын загварын зураг байгаа. Тухайн гутал нь цагаан ултай биш, хятад наамал ултай гутлын загвар ирүүлсэн. “Д Б У” ХХК нь Увс аймагт үйлдвэрлэдэг, цагаан ултай энэ гутлынхаа бүх загваруудыг ирүүлсэн. Увс аймгийн төр засгийн байгууллагуудын зорилт болоод байгаа зорилго нь өөрчлөгдсөн буюу “Г П” ХХК-ийг шалгаруулж байгаа нь үндсэн зорилгод нийцэхгүй байгаа. Ажлын хэсгийн гишүүдийн 4 буюу олонх нь “Д Б У” ХХК-ийг дэмжээд байхад эцсийн үр дүн нь өөр байсан. Үүнийг тодруулаад хуралдааныхаа тэмдэглэлд хүн тус бүрийн саналыг бичээд нэгтгэсэн тэмдэглэл нь олдохгүй байгаа учраас хуульд нийцээгүй байна. Иймд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлахыг даалгаж, “Г П” ХХК, “Б Г” ХХК-ийн түншлэлтэй, орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээг хүчингүйд тооцуулах, энэ нь захиргааны гэрээ учраас хүчингүйд тооцуулахгүйгээр цаашаа үргэлжлэх боломжгүй гэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тухайн комиссын гишүүн бүр нэг саналын эрхтэй. Гэтэл тухайн шийдвэрээс харахад П.Э нөлөөлсөн. Учир нь “Д Б У” ХХК-д 85 оноо өгөөд, “Г П” ХХК-д 100 оноо буюу эцсийн оноо өгсөн. П.Э худалдан авах ажиллагааны А лицензтэй этгээд эсэх нь тодорхойгүй. “Д Б У” ХХК-д 94 онооноос доош үнэлсэн гишүүн байхгүй байхад ганц П.Э хэт доогуур үнэлсэн нь анхаарал татсан. Ганц гишүүний үнэлгээнээс болж дундаж оноо доошилсон. Үүнээс болж 4 хүний санал үнэгүйдсэн” гэж тайлбарласан.
3.3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргын зүгээс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан түрээсийн гэрээ дүгнэх захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн дотоод хэргийн яам руу саналаа явуулсан. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/2933 албан бичгээр захиргааны хэм хэмжээний актаас түрээсийн сонгон шалгаруулалтын журмыг хассан. Цаашдаа дотооддоо мөрдөөд яваарай, заавал legalinfo-д байршуулах шаардлагагүй гэсэн. “Б Г” ХХК нь загвар хоршооллын төвд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлалаа ямар нууцлалтай мэдээллийг мэдсэн эсэх нь тогтоогдоогүй. Сонгон шалгаруулалтын зар дээр бүх мэдээллийг дэлгэрэнгүй оруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэрээнд цаашид загвар хоршоодын төвтэй холбоотой түрээсийн сонгон шалгаруулалтад оролцож болохгүй гэх агуулгатай заалт байхгүй учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Сонгон шалгаруулалтын өмнө сонгон шалгаруулалтад орж байгаа болон үнэлж байгаа хүн бүр ашиг сонирхлын мэдүүлэг өгдөг. Манай сонгон шалгаруулалтын комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг өгсөн. Сонгон шалгаруулалтыг 7 гишүүн дүгнэх ёстой байснаас 6 хүн нь дүгнэсэн. 1 гишүүн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай амралтаа авсан. Энэ шалтгаанаар сонгон шалгаруулалтыг зогсоох боломжгүй байсан учраас 1 гишүүн дүгнээгүй. Тиймээс комиссын 7 гишүүнээс 6 гишүүний нийлбэр оноогоор үнэлгээ учраас хүчинтэй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалттай холбоотой нээлтийн тэмдэглэл, үнэлэх үеийн тэмдэглэл гэх 2 тэмдэглэл хэрэгт авагдсан. Өөр орхигдуулсан тэмдэглэл байхгүй. Үйлдсэн 2 тэмдэглэлээ нотлох баримтаар хавсаргасан. Кластер, загвар хоршоод гэж нэрлэснээс үл хамааран “UBC брэнд” гэх Увс аймгийн брэндтэй болъё гэж “орон нутагтаа үйлдвэрлэж байгаа өрсөлдөх чадвартай буюу Олон улсын болон Монгол улс орон даяар хэрэглэгчийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд, орон нутагтаа хөгжье, орон нутгийнхаа зах зээлийг томруулъя” гэх зорилготой уг үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалтын үнэлгээний тухайд өгсөн үүрэг даалгавар, бид нарын баримталж байсан журмын хүрээнд онооны хүснэгт дээр тухайн компанийг хэн байхаас үл хамаарч битүүмжилж ирсэн материалын хүрээнд үнэлгээ өгсөн. Төслийн төлөвлөгөөнд UBC брэндтэй холбоотойгоор тоног төхөөрөмжийг түрээслүүлснээр үйл ажиллагаатай яаж уялдаж ажиллах агуулгыг харсан. “Д Б У” ХХК-ийн тухайд UBC брэнд биш дахиад Увсын брэнд гаргаж ажиллана мөн бусад орон нутгийн хүмүүст гутал улладаг 2 төхөөрөмжийг ямар боломж олгох юм бэ гэхэд бусад орон нутгийн хүмүүст сургалт хийнэ гэж хэлсэн. Түншлэгч 2 компанийн тухайд “...бид нар 7 хоногийн тодорхой өдрүүдэд тухайн тоног төхөөрөмжөө хуваалцаж, гэрээрээ гутал хийж байгаа иргэдэд тоног төхөөрөмжөө ашиглуулна” гэж илэрхийлсэн. Үнэлгээний тухайд баримт бичгийн бүрдэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, үнийн санал, том зорилготой уялдуулж байгаа байдлыг харгалзаж үзсэн. Тухайн ажил нь Увс аймагт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ стандартад нийцүүлээд өнөөдөр байгаа хүрээгээ улам томруулах тухай ойлголт болохоос биш тоног төхөөрөмж түрээслэх төдий жижигхэн агуулгаар харж болохгүй” гэж маргасан.
3.4. Хариуцагч Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах комиссын дарга Р.С шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өмнө баталсан түрээсийн журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянасан, бүртгэлтэй байсан. Сонгон шалгаруулалтын баримт бичиг, сонгон шалгаруулалтын зар дээр түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа аль нэг орон нутгийн компанийг дэмжих, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани оролцохыг хориглосон заалт байхгүй. Тиймээс сонгон шалгаруулалтыг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Комиссын 7 гишүүний тэмдэглэлийг Орон нутгийн өмчийн газраас албан тоотоор хүргүүлсэн. Сонгон шалгаруулах комисс 7 гишүүнтэй байсан ч 1 гишүүн нь жирэмсний амралт авсан учраас сонгон шалгаруулалтын үнэлгээ хийхэд байгаагүй. “Түрээсийн жишиг баримт бичиг батлах тухай” Увс аймгийн Засаг даргын захирамжийн 2.3.3-т “...материалыг бүрэн ирүүлсэн тавигдах шаардлагыг хангасан ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчээр сонгон шалгаруулна” гэх заалт байгаа. Үнэлгээнд оролцсон 6 гишүүний өгсөн үнэлгээний нийлбэрийг тооцоод хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг шалгаруулна гэсэн жишиг баримт бичигт заасан. Хэдийгээр 4 гишүүн нь “Д Б У” ХХК-д илүү оноо тавьсан ч нийт онооны нийлбэрээр “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл шалгарсан. Дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдээд онооныхоо нийлбэрийг оролцсон компани тус бүрээр нь гаргаж, нэгтгээд гарын үсэг зурсан тэмдэглэлийг хэргийн материалд байгаа. Зорилгын тухайд улсын төсөвт “Загвар хоршоодын хөгжлийг дэмжих төв”-ийн тоног төхөөрөмж нэртэйгээр 3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдаж, тухайн ажил хэрэгжсэн. Сонгон шалгаруулалт зарлахдаа загвар хоршоодын хөгжлийг дэмжих төвийн барилга гэх нэртэйгээр тендерээ зарласан. Үнэлгээний хороог ч мөн “Загвар хоршоодын хөгжлийг дэмжих төвийн барилга” гэх нэрээр үнэлгээний комисс байгуулагдаж, гэрээ мөн адил нэрээр байгуулсан. Загвар хоршоодын хөгжлийг дэмжих буюу бизнес хөгжлийг дэмжих төвийн барилга дотор цагаан ултай гутлын үйлдвэрлэл, хатуу оёдлын үйлдвэрлэл, зөөлөн оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ хийдэг үйлдвэрлэгч нарыг оролцуулсан. Тухайн үйл ажиллагаа бүхэлдээ бизнес эрхлэгчдийг дэмжих, загвар хоршоодыг дэмжих үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд гол зорилго нь оршиж байгаа. Ганц цагаан ултай гутал үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүйгээр тухайн үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна” гэж тайлбарлав.
3.5. Хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас орон нутгийн өмчийг түрээслэх журмын дагуу тус барилгын өрөө тасалгаа, холбогдох тоног төхөөрөмжийг гутлын үйлдвэрлэл, оёдол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, зөөлөн оёдлын чиглэлээр иргэн аж ахуйн нэгжид түрээсээр ашиглуулахаар шийдвэрлэж, түрээсийн сонгон шалгаруулалтыг зарлахыг үүрэг болгосны дагуу Орон нутгийн өмчийн газраас түрээсийн сонгон шалгаруулалт зарласан. Увс аймгийн Засаг даргын А/591 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2024 оны 11 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж сонгон шалгаруулах комиссын гишүүдийн өгсөн онооны нийлбэрээр “Б Г” ХХК-тай түншлэн оролцсон “Г П” ХХК өндөр оноо авч шалгарсан. Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар “Г П” ХХК-тай “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан. Түрээсийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д “Орон нутгийн өмчийн газраас түрээсийн гэрээг дараах тохиолдолд нэг талын санаачилгаар, түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж болно”, Мөн 10.3-д “Түрээслэгчийн санаачилгаар түрээсийн гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалж болно. Энэ тохиолдолд түрээсийн барьцаа, түрээсийн төлбөрийг түрээслэгчид олгохгүй болно”, 10.4-д “Түрээслэгч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай саналаа түрээслүүлэгчид 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ”, 10.5-д “Гэрээг цуцлах саналаа нөгөө талдаа заавал бичгээр мэдэгдэнэ. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр оруулна”, 10.6-д “Энэхүү гэрээний нэмэлт, өөрчлөлт нь тус гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг Орон нутгийн өмчийн газраар батлуулснаар хүчин төгөлдөр болно”, 10.7-д “Гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санаачилсан тал нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. Нөгөө тал нь саналыг зөвшөөрсөн эсэх тухай хариуг ажлын 10 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна. Иймд “Д Б У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу түрээсийн гэрээг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох боломжгүй байна” гэж тайлбарлаж байна.
3.6. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай түншлэлийн хувьд гутал үйлдвэрлэлийг UBC брэнд гэдэг ухагдахуунаар Монгол Улсын хэмжээнд гадагшаа экспортлох зорилго тавьж сонгон шалгаруулалтад оролцсон. Бид олон судалгаа хийсний үндсэнд дээр “Д Б У” ХХК-ийн захирал Б.Г болон гутал үйлдвэрлэгч 200 орчим хүнтэй уулзаж ярилцсан. Тендерийн шалгаруулалтын зарыг үндэслэж үйл ажиллагаа эхэлсэн. Үндэсний хэмжээний гутал үйлдвэрлэгчтэй түншлэлтэй бол давуу тал тооцно гэсний бид дахин судалгаа хийсэн. Судалгаа хийхдээ “Б Г” ХХК нь тоног төхөөрөмжүүдийн зөвлөх үйлчилгээ хийсэн нь давуу тал болно гэж үзсэн. Учир нь “Б Г” ХХК нь шугаман үйлдвэрлэлийн засвар үйлчилгээ болон хэрэглээг монгол нутагшуулж хэрэглэж чадсан. Тухайн тоног төхөөрөмжөөрөө үйлдвэрлэсэн гутлаа Америкийн Нэгдсэн Улсад экспортолж чадсан учраас бид санал тавьж зөвшөөрүүлсэн. Эцсийн зорилго нь бид Увсын гутал үйлдвэрлэлийн брэндийг Монгол улсын хэмжээнд гаргахыг зорьсон. Бидний зүгээс тендерийн шалгаруулалтын нэр ухагдахуун, заасан бичиг баримтын бүрдүүлэлтийн хэсгийг бүгдийг нь бүрдүүлж оролцсон. Манай талаас гутал үйлдвэрлэгч нарыг хамтрах, нэгдсэн загвар гаргах, шинэчлэх, инноваци хийлгэх талаас анхаарч ажилласан. Манай компани технологич, засварчин, улалгаачин бэлдэж байна. Тухайн гаргасан гутлын загваруудынхаа хэв, хутга, ул зэргийг бүгдийг нь захиалсан. Захиргааны гаргасан шийдвэрийн дагуу бидэнтэй гэрээ хийсэн гэж үзэж байгаа тэрнээс биш сонгоогүй байхад би гэрээ хийнэ гэсэн асуудал байхгүй. Цагаан ултай гутлыг ганц Увс аймагт “Д Б У” ХХК үйлдвэрлэдэггүй. 256 гаруй үйлдвэрлэгч байдаг. Түншлэлийн тухайд эдийн засгийн болон хүн сургах зэрэг ажлуудыг “Г П” ХХК хариуцна. “Б Г” ХХК зөвхөн инноваци болон тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээнд хамтарч ажиллана гэж тохирсон. Нэхэмжлэл шүүхэд ирэхэд бид сургалтаас бусад үйл ажиллагаагаа шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгээд зогсоосон. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж, их хэмжээний алдагдал хүлээж байна. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй хамтран ажиллая гэж хүсэлт тавихад хамтран ажиллахад нээлттэй байхад үгүй гэсэн” гэж тайлбарлалаа.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...түрээслэгчийг сонгон шалгаруулах гол үзүүлэлт нь үнийн санал гэж үзэж байгаа. Захиргааны байгууллага ямар нэгэн шалгуургүйгээр компани, хуулийн этгээдэд төрийн өмчийн хөрөнгийг түрээслүүлэх боломжгүй учраас заавал сонгон шалгаруулалт явуулдаг. Нийтэд ашигтай санал болох хамгийн өндөр үнийн санал гаргасан хуулийн этгээд нь “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл байгаа. Тендерийн баримт бичгийн бүрдлийн хувьд “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл илүү баримт бичгээ бүрдүүлж өгсөн байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 11 дугаар тогтоолоор батлагдсан төр өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах баримт бичигт заасны дагуу тухайн сонгон шалгаруулалт явагдсан. Засгийн газрын 2021 оны 134 дүгээр тогтоолын 3-т “төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ” гэж заасан. Үүнээс харахад хамгийн өндөр үнийн саналтай компани шалгарах ёстой бөгөөд тухайн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн компани шалгарсан. Цагаан ултай гутал, европ гутал ямар гутал тухайн сонгон шалгаруулалт орж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Цагаан ултай гутлын тендер бүр нэхэмжлэгч Б.Г-ын “Д Б У” ХХК орох ёстой биш. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, захиргааны акт мөн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна. Шинэ журам бүртгэгдээгүй бол хуучин журам хүчин төгөлдөр үйлчилдэг. Түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичгийн тавигдах шаардлагад үндэсний хэмжээний гутал үйлдвэрлэгчтэй түншлэлийн гэрээтэй бол давуу тал болно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт “Б Г” ХХК нь БНХАУ-руу жилд хэдий хэмжээний гутлыг экспортолж гаргасан талаарх нотлох баримт мэдээлэл авагдсан. “Г П” ХХК нь хувьд түншлэлээр оролцсон. Түншлэлийн гэрээний дагуу тухайн 2 компани ямар эрх эдэлж, ямар үүргээ хүлээхээ хуваарилаад авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “Д Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Н, М.М нарын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Сонгон шалгаруулалтыг явуулахад баримталсан гол бичиг баримт болох Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/08 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам өнөөдрийг хүртэл хууль зүйн яаманд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, ...“Б Г” компани урьд нь загвар хоршоодын хөгжлийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээ буюу Ц У Г К Т, бизнес инкубатор төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэж гэрээ байгуулж 55,000,000 төгрөгөөр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ба тухайн үйл ажиллагааны нууцлал, нарийн мэдээллүүдийг мэдэж байсан. Дээрх мэдээллээ ашиглаж, түншлэл байгуулж орж байгаа нь ашиг сонирхлын үүсгэсэн. ...шалгаруулалтын үнэлгээнд “Д Б У” ХХК-ийн 4 гишүүн нь дэмжсэн 2 гишүүний үнэлгээнд ялагдсан нь үнэлгээ дүгнэхдээ хуульд нийцсэнгүй..., ...Увс аймгийн 4 жилийн мөрийн хөтөлбөрт цагаан ултай гутал буюу газар зүйн заалт бүхий, өөрийн онцлог бүхий брэндийг дэмжих, үйлдвэрлэлийг жигдрүүлэх зорилгоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрүүд, Засаг даргын захирамжаар цагаан ултай гутлыг үйлдвэрлэхэд зориулж энэхүү барилгыг барьсан. “Б Г” ХХК, “Г П” ХХК түншлэлээс оруулж байгаа 4 ширхэг гутлын загвар цагаан ултай биш, хятад наамал ултай гутлын загвар ирүүлсэн бөгөөд “Г П” ХХК-ийг шалгаруулж байгаа нь үндсэн зорилгодоо нийцэхгүй. ...“Г П” нь манай аймагт байдаг барилгын материалын худалдаа эрхэлдэг компани юм. Гэтэл “Г П” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгаруулсанд гомдолтой байна” гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...Сонгон шалгаруулалтын баримт бичиг, сонгон шалгаруулалтын зар дээр түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа аль нэг орон нутгийн компанийг дэмжих, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани оролцохыг хориглосон зохицуулалт байхгүй тул ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Сонгон шалгаруулах комиссыг 7 гишүүнтэйгээр томилсон ч 1 гишүүн нь жирэмсний амралт авсан учраас сонгон шалгаруулалтын үнэлгээ хийхэд оролцоогүй. ...“Түрээсийн жишиг баримт бичиг”-ийн 2.3.3-т зааснаар үнэлгээнд оролцсон 6 гишүүний өгсөн үнэлгээний нийлбэрийг тооцоод хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг шалгаруулсан. ...Улсын төсөвт “Загвар хоршоодын хөгжлийг дэмжих төв”-ийн тоног төхөөрөмж санхүүжилт тусгагдаж, тухайн ажил хэрэгжсэн ба сонгон шалгаруулалт зарлахдаа загвар хоршоодын хөгжлийг дэмжих төвийн барилга гэх нэртэйгээр тендерээ зарласан. ...Сонгон шалгаруулалтын үнэлгээний тухайд өгсөн үүрэг даалгавар, бид нарын баримталж байсан журмын хүрээнд онооны хүснэгт дээр тухайн компанийг хэн байхаас үл хамаарч битүүмжилж ирсэн материалын хүрээнд үнэлгээ өгсөн. ...Үнэлгээний тухайд баримт бичгийн бүрдэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, үнийн санал, том зорилготой уялдуулж байгаа байдлыг харгалзаж үзсэн.” гэж тайлбарлан маргаж байна.
4. Маргааны үйл баримт нь түрээсийн гэрээ байгуулах эрх олгохтой холбоотойгоор орон нутаг өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах, тэр дундаа “сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн эсэх” холбоотой харилцаа байна.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж эшлэн заасан ба мөн хуулийн “тавдугаар” бүлэгт төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших журмыг зохицуулжээ.
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 8-д “...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна”, 10-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэжээ.
5.2. Ийнхүү Засгийн газраас төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх харилцаанд баримтлах журам батлах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсний дагуу тус газраас 2020 оны 51 дүгээр тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг баталсан байна.
5.3. Энэхүү баримт бичиг нь хэлбэрийн хувьд зөвлөмжилсөн байхаас үл хамааран түүний биелэлтийг хангуулах, заавал биелэгдэх шинжийг агуулсан, зохион байгуулалтын баримт бичиг юм.
6. Хариуцагчаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тухай хуульд зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явуулахаар байна.
7. Гэвч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/08 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг баталж, тус журамд зааснаар Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/506 дугаар захирамжаар орон нутгийн өөрийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох жишиг баримтыг баталж, ажлын хэсэг уг журмын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэхүү журам улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул эрх зүйн үйлчлэлгүй” гэж тодорхойлон маргаж байгааг хүлээн авч, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
7.1. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж тус тус заасны дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/08 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмыг баталж” уг тогтоолын дагуу Увс аймгийн Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/506 дугаар захирамжаар орон нутгийн өөрийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох жишиг баримтыг баталж, сонгон шалгаруулалт явуулсныг хариуцагч сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгох үйл баримт байх бөгөөд маргаан бүхий сонгон шалгаруулалтыг Увс аймгийн Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/506 дугаар захирамжаар батлагдсан орон нутгийн өөрийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох жишиг баримтын дагуу сонгон шалгаруулалт явуулсан ба энэхүү баримт бичиг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-тэй адил байхаас гадна нэгэнт тухайн журмыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсны дараа ийнхүү маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.
9. Түүнчлэн, орон нутгийн өмчийн эд хөрөнгө болох Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дээрх журмыг үндэслэн “тендерийн урилга”-д тусгагдсан бүрдүүлэх материалын бүрдэл хангасан 2 компанийн баримтыг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалтад оруулан материалыг үнэлэхдээ журмын холбогдох заалтуудыг зөрчиж, зааврын дагуу сонгон шалгаруулалтыг дүгнээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9.1. Тодруулбал, олон нийтэд зарласан сонгон шалгаруулалтын урилгад 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар/; 2. Үйл ажиллагааны танилцуулга; 3. Бизнес төлөвлөгөө дөрвөн жилээр; 4. Ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь ижил төстэй хийж гүйцэтгэж байсан ажлын гэрээний хуулбар/; 5. Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн жилийн аудитын тайлан татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/; 6. Ажиллах хүчний нөөцийн мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, /нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар/; 7. Талбайн болон тоног төхөөрөмжийн сар, жилийн түрээслэх үнийн санал; 8. Барьцаа байршуулах мэдэгдэл; 9. Тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар, туршлагатай байх; 10. Дөрвөөс доошгүй шинэ нэр төрлийн гутлын загвар гаргасан байх, гутлын технологийн карт хавсаргах; 11. Мэргэжлийн багтай байх; 12. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн графикт засвар үйлчилгээг хийлгэх чадамжтайг илэрхийлсэн бол давуу тал болно; 13. Үйлдвэрийн жигдрүүлэлтийн эхний нэг жилийн хугацаанд гутлын инновацийг дэмжих магистраас дээш зэрэгтэй зөвлөх инженертэй гэрээ хийсэн байвал давуу тал болно; 14. Үндэсний хэмжээний гутал үйлдвэрлэгч компанитай түншлэлийн гэрээтэй бол давуу тал болно; 15. Гутал үйлдвэрлэлийн хөгжүүлэлт хийхдээ UBC брэнд уялдуулах хөгжүүлэхээ илэрхийлсэн байх; 16. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан орон нутгийн бусад үйлдвэрлэгч, иргэн, аж ахуйн нэгжид үйлчлэх үйлчилгээний нэр төрөл, сард үйлчлэх тоо хэмжээг тооцон ирүүлсэн байх зэрэг материал бүрдүүлж ирүүлэхээр заасан ба хэрэг авагдсан 2 компанийн ирүүлсэн материалууд түрээслэгч сонгон шалгаруулах зард заагдсан бүрдлийн шаардлагыг хангасан байна.
10. Нэхэмжлэгч “...сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн 4 гишүүн манай компанийг илүү гэж дүгнэсэн атал 2 гишүүний өгсөн зөрүү онооны нийлбэрээр ялагдал хүлээсэн нь захиргааны байгууллага зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхгүй...” гэж маргаж байх боловч “Сонгон шалгаруулах жишиг баримт бичиг” буюу журмын 2.3.2-т “ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр энэхүү зааврын дагуу дүгнэнэ”, 2.3.3-т “Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулна” гэж тус тус заасантай нийцсэн ба журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
10.1. Тухайлбал, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дийлэнх олонх буюу 7 гишүүний 6 гишүүн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар дээрх нэр бүхий компаниудын ирүүлсэн материалыг “...шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд нэг бүрчлэн дүгнэлт хийж, үнэлгээний хуудсын дагуу үнэлгээ өгч”, сонгон шалгаруулалтад оролцогч гуравдагч этгээд “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн материал нь урьдчилан тараасан шалгуур үзүүлэлтийн илүү сайн хангаж байна гэж үзэж журмын 2.3.3-т заасны дагуу “...ажлын хэсгийн гишүүдийн нийлбэрээр” буюу нэхэмжлэгч “Д Б У” ХХК 568 буюу 94.6 оноо, гуравдагч этгээд “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл 570 буюу 95 оноо өгснөөр орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй байна.
11. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Б Г” ХХК нь ашиг сонирхлын зөрчилтэй...” тул сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй гэж маргаж байх боловч түншлэгч этгээд болох “Загвар хоршоодын хөгжлийг дэмжих төв”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Б Г” ХХК-ийг тус түрээслэгч сонгон шалгаруулалт явуулах зар болон захиалагч Увс аймгийн Засаг даргатай байгуулсан “Загвар хоршоодын хөгжлийг дэмжих төв”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд тус тус энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг хориглох талаар түрээслүүлэх эд хөрөнгийн өмчлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй байна.
12. Түүнчлэн, “...“Г П” ХХК нь барилгын худалдаа эрхэлдэг...” маргаж байх боловч “...“Г П” ХХК нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б Г” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан оролцож байгаа бөгөөд түншлэлийн гэрээнд хэн ямар эрх, үүрэгтэйгээр оролцох талаар тусгагдсан байхаас гадна орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн сонгон шалгаруулалтын жишиг баримт бичигт зааснаар “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэлийн эрхлэх үйл ажиллагаа нь түрээслүүлэх эд хөрөнгийн зориулалтад нийцсэн байх шаардлагыг хангаж байх тул энэхүү үндэслэлээр “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэлийн сонгон шалгаруулалтыг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Хэрэгт авагдсан баримтаар, Бизнес хөгжлийн төвийн барилгыг “Загвар хоршоод, орон нутгийн хөгжлийг дэмжих” ажлын хүрээнд “Цагаан ултай төвийн кластер төв” нэртэйгээр улсын төвийн төсвийн хөрөнгө оруулалтаар жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор бий болсон ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/06 дугаар тогтоолоор “Ц У Г К Т”, “Б И Т”-ийг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилгоор Бизнес хөгжлийн төв болгон нэршлийг өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.
14. Хэдийгээр, нэхэмжлэгчээс “...“Ц У Г К Т” нэртэй Увсын цагаан ултай гутал үйлдвэрлэгчийг дэмжих зорилгоор баригдсан ба Итали улсаас зөвхөн цагаан ултай гуталд зориулан хийлгэсэн 2 ширхэг тоног төхөөрөмж байгаа” гэж маргаж байх боловч Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зард зөвхөн цагаан ултай гутал үйлдвэрлэгч оролцох эсхүл энэхүү үйл явуулдаг бол давуу тал болох талаар тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч “Д Б У” ХХК орон нутгийн өөрийн хөрөнгө түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчийг сонгон шалгаруулах урьдчилан тараасан ажлын даалгавар, шалгуур үзүүлэлтийг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон атлаа гуравдагч этгээд тус сонгон шалгаруулах баримт бичигт заасан шаардлага ханган сонгон шалгаруулалтад оролцож шалгарсныг дээрх үндэслэлээр сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж буруутгах боломжгүй юм.
15. Нөгөө талаас, Захиргааны байгууллагаас орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад түрээслүүлэх шийдвэр гаргахдаа ямар нэгэн шалгуургүйгээр, дурын этгээдэд түрээслэх эрхгүй, нийтэд ашигтай санал болох хамгийн өндөр үнийн санал гаргасан, эрхлэх үйл ажиллагаа нь түрээслүүлэх эд хөрөнгийн зориулалтад нийцсэн этгээдийг түрээслэгчээр сонгох үүрэгтэй.
16. Нэхэмжлэгчээс “...хуралдааныхаа тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй. Сонгон шалгаруулалт ямар байдлаар үргэлжилж, тухайн оролцогчдын материалыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй байсан...” гэж маргаж байх боловч хэрэгт ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “түрээслэгчийн сонгон шалгаруулах нээлтийн 03 дугаартай тэмдэглэл” гэх гараар хөтлөгдөж, ажлын хэсгийн гишүүд болон оролцогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, мөн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай “сонгон шалгаруулалт явуулсан талаар тэмдэглэл, дүгнэлт” гэх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл тус тус авагдсан байхаас гадна тэмдэглэлийг зохих ёсоор үйлдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах, энэ үндэслэлээр маргааны бүхий сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
17. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Д Б У” ХХК-ийн “Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
18. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
19. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан Увс аймгийн Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн тул дээрх сонгон шалгаруулалтын эрх зүйн үр дагавар болох 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай гуравдагч этгээд “Г П” ХХК болон “Б Г” ХХК-ийн түншлэл Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан “Орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй болно.
20. Харин хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Н, М.М нарын гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
21. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасан ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэгт “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх зүйн субьектив эрх нь зөрчигдөөгүй этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах боломжтой эрх зүйн маргааны хувьд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээд, эсхүл захиргааны байгууллагаас гаргах боломжтой нэхэмжлэлийн хувьд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй захиргааны байгууллага, түүнчлэн огт захиргааны байгууллага биш иргэн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан бол тэдгээрийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж ойлгоно.
21.1. Тодруулбал, дээрх ойлголт нь Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад” нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэсэн хуулийн хэм хэмжээнээс үүдэлтэй бөгөөд энэхүү заалтад ямар эрх зүйн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжтой болохыг заасан байна.
22. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 5-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэснийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ гээд, а/ Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий, тодорхой бол уг этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх зүйн байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөргүй байвал түүнд чиглэсэн үйлчлэлгүй гэж үзнэ” гэж тайлбарласан.
23. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Ж.Н, М.М нар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Гомбыг томилсон боловч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нэхэмжлэгч нарыг төлөөлж гарын үсэг зурж, нэхэмжлэгч нарын хүсэл зоригийг илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй.
24. Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Н, М.М нар маргаан бүхий Увс аймгийн Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцоогүй ба хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Д Б У” ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай “Ц У Г К Тийн сонгон шалгаруулалтад оролцох мэргэжлийн багийн гишүүдийг томилох тухай” тушаалаас өөрөөр нэхэмжлэгч “Д Б У” ХХК-тай хамтран ажиллах гэрээ эсхүл хамтран оролцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.
25. Иймд энэхүү үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Н, М.М нарын “Увс аймгийн Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.14 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д Б У” ХХК-ийн Увс аймгийн Засаг дарга, Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах комисс болон Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан “Увс аймгийн Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н, М.М нарын “Увс аймгийн Бизнес хөгжлийн төвийн барилгын 1 давхрын 6 өрөө бүхий 278 м.кв талбай, хатуу оёдол, гутлын эсгүүрийн зориулалттай 79 ширхэг тоног төхөөрөмжийг хатуу оёдол, гутлын эсгүүрийн үйлчилгээний зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 702,00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ