Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 000076

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Г.Б, А.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, А.Б нарт холбогдох эрүүгийн 1725003260152 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд брловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20-р хороо Харатын ХХХХ тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 9 сарын 7-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 7 сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Х овогт Г-ийн Б

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эгч дүү нарын хамт Дархан уул аймаг Дархан сумын 6-р баг Ханжаргалантын ХХХХ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт А-ын Б,

 

Шүүгдэгч Г.Б, А.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн 2017 оны 10 сарын 23-ны шөнө 19 цаг 30 минутанд Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт Д.Э хүч хэрэглэн довтолж Самсунг S-2 маркийн гар утас, түрийвчтэй 15.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 73.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Согтуу залуу урдаас ирээд мөргөсөн. Намайг банди энэ тэр гээд элдвээр доромжилсон. Тэгээд би айлгах санаатай буцаж очоод дугтарч унагаасан. Энэ үед гар утас нь газар унахаар нь авсан. Энэ үед Б очоогүй. Энэ залуу шал согтуу байсан. Яагаад ийм мэдүүлэг өгсөн юм бол гайхаад байгаа юм. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө. Хохирогчийн гэдэс рүү өшиглөсөн. Урдаас дайраад толгой руу юмаар цохисон. Тэгэхээр нь дугтарч унагаасан. Гар утаснаас өөр зүйл аваагүй гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Юуны түрүүнд хохирогчоос уучлалт гуйж байна. Тэр үед би архи уусан байсан. Б бид 2 вагоноос хоцорсон. 2017 оны 10 сарын 23-ны орой авто вокзал дээр очиход такси хүнгүй байсан. Тэгээд яваагүй. Тэгээд комплекс рүү явж байтал согтуу өндөр залуу өдөөс ирж яваа харагдсан. Зөрөхдөө Быг мөрлөөд өнгөрсөн. Тэгээд Б эргэж очиход тэр залуу элдвээр доромжлоод байсан. Тэгтэл Б шаачихлаа гэхээр нь хутгалчихлаа гэж ойлгоод очсон. Намайг очиход өөдөөс өшиглөсөн. Тэгээд би Быг аваад цааш явсан. Замдаа утас байна уу гэж Б асуусан. Тэгснээ утас гаргаж ирсэнээ энэ новшийн утас гэж хэлсэн. Хохирлыг төлнө. Гар утаснаас өөр зүйл хараагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Түрийвчийг аваагүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын үед Хүрэнбулаг багт байрлах Ус оргилуун гэх газрын урд явж байхад нэг хүн хөлөөрөө дэгээ тавиад би тээглээд цаашаа явахдаа хөлөө аваач гэж хэлээд зүүн тийшээ яараад алхаад явж байтал нэг хүн хойноос гүйж ирж байгаа чимээ сонсогдоод эргээд хартал бараан хувцастай залуу ирээд шууд толгой руу цохиод авсан. Би тонгойгоод суухад нүүр лүү өшиглөөд би куртикээрээ толгойгоо дараад суусан чинь бие рүү өшиглөөд гар утас, түлхүүр, түрүүвч аваад явсан. ...Намайг энэ хоёр хоёулаа хоёр талаас өшиглөөд миний халааснаас гар тус түрүүвчийг авсан. Түлхүүр халаас ухаж байхад зодуулж байхад унасан байж магадгүй би зодуулсан газар руу түлхүүрээ хайж яваагүй. Гар утас түрүүвч хоёрыг бол яг ухаад авсан. Нэг нь халаас нь ух гэж хэлээд нөгөөдөх нь ухаад байсан. Миний түрүүвчинд бэлнээр 15.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг /хх 17-19 ху/,

 

-Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр Уурхайчин багт байрлах Төгөл, Баян худалдааны төвийн ойр орчимд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Баасанжавтай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баян худалдааны төвийн үүдэн дээр А.Б, Г.Б нарыг согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хүмүүстэй маргалдаж байхад нь шалгасан. Би хэсгийн байцаагч Баасанжавын хамт тухайн этгээдийг саатуулан шалгаж биед нь үзлэг хийхэд бараан куртиктэй Г.Бын халааснаас цагаан гадартай гар утас гарч ирсэн бөгөөд гар утас унтарсан байхаар нь асаагаад пин кодын асуухад Г.Б нь хэлж мэдэхгүй байхаар нь Цагдаагийн газрын жижүүр рүү мэдээлсэн. Хүрэнбулаг багт усан оргилуурын урд талд дээрмийн гэмт хэрэг гарч гар утас алдсан гэсэн зарлан мэдээллийн дагуу жижүүр лүү залгаж хохирогчийн холбогдох утсыг авч хохирогч Эай холбогдож пин кодыг асуугаад тухайн гарч ирсэн гар утсанд хийхэд гар утас шууд нээгдэж ассан тул тухайн А.Б, Г.Б нарыг жижүүрийн бүрэлдэхүүн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Алтанхуягт хүлээлгэж өгч илтгэх хуудас бичиж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 904 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Д.Э-ийн биед цээжинд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг сарниулахгүй. Уг гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт / хх 33 ху/,

 

            -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 12 ху/

            Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 38-40 ху/

-А.Быг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 68-70ху/

-Г.Быг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 72-75 ху

-Хохирлын баримт /хх 12ХХХХ27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85, 106 ху/

              -Хохирол төлсөн баримт /165 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Б, А.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн 2017 оны 10 сарын 23-ны орой 19 цаг 30 минутанд Орхон аймаг Баян Өндөр сум Хүрэнбулаг багийн нутагт Д.Э руу хүч хэрэглэн довтолж Самсунг S-2 маркийн гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 73.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Э-ийн “...намайг хоёулаа зодсон. Нэг нь гар утас, түрүүвч, түлхүүр авсан“ гэсэн мэдүүлгүүд /хх 15-17 ху/, мөн гэрч М.Э-ийн /хх 25 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед цээжинд цус хуралт үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 33 ху/, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Б, А.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Энэ хэргийн улмаас хохирогч Д.Э үнэлгээний дагуу Самсунг S2 гар утасны үнэ 50.000 төгрөг, хар өнгийн арьсан түрийвч 8.000 төгрөг, үнэлгээний төлбөр 15.000 төгрөг, нийт 73.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүхийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд тушаасан 7.000 төгрөг, иргэний бичиг баримтын үнэ 18.300 төгрөг, эд зүйлийн үнэлгээний 15.000 төгрөг, торгууль 30.000 төгрөг, нийт 78.300 төгрөгийг нэхэмжилж Төрийн банк болон ХХБ-нд төлбөр тушаасан баримт, шинжилгээний төлбөрийн баримт зэргийг ирүүлжээ.

 

                     Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад ХХБ-нд тушаасан 7.000 төгрөгний төлбөр нь юуны баримт болох нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 71.300 төгрөгний хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 

                    Шүүгдэгч нар нь 71.300 төгрөгний хохирлыг 2018 оны 01 сарын 30-ны өдөр Орхон аймгийн ШШГГ-ын 5093216051 тоот дансанд тушаасан байх тул дээрхи төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хорих ялыг оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж үзэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Бын нийт 40 хоног, Г.Бын нийт 46 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б, М овогт А-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, А.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, А.Б нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын цагдан хоригдсон 40 хоног, Г.Б-ын цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б А.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Э-ийн нэхэмжлэлээс 7.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА