Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0588

 

2017 оны 8 сарын 16 өдөр                   Дугаар 221/МА2017/0588                          Улаанбаатар хот

“М Д С” ХХК,

“МХОАИ” компаниудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “М Д С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “М Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор, “М Д С” ХХК, “МХОАИ” компаниудын нэхэмжлэлтэй, МБ-ны Ерөнхийлөгч болон МБ-ны хянан шалгагч, улсын байцаагч Б.О, Б.Б, Ө.Т, А.Ш нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан “МБ-ны улсын байцаагч нараас Х Бинд хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51/13/007 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, Төв банк (МБ)-ны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Д С” ХХК, “МХОАИ” компанийн МБ-ны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан “МБ-ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" А/153 дугаар тушаал, МБ-ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Албадан татан буулгах тухай” 157 дугаар тушаал, МБ-ны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай” А-144 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчид давж заалдах гомдолдоо: “...Нэг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нараас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, “МБ-ны улсын байцаагч нарын Х Бинд хяналт шалгалт явуулж, тогтоосон 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51/13/007 дугаар актыг /цаашид "акт" гэх/ илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, захиргааны шүүх байгуулсан зорилгод нийцэхгүй байна.

Үндсэн хуулийн “эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол шүүхэд гомдол гаргах эрхтэй” байх үзэл санаа нь субъектив эрхийн зөрчлийн ойлголтоос гадна эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн үеэс гомдол гаргах эрх үүсэх тухай өргөн ойлголтыг агуулсан. Нэхэмжлэгч нар анх шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ “МБ-ны Ерөнхийлөгч хууль бусаар хяналт шалгалт явуулж, акт тогтоосон, уг актыг үндэслэн тус банкинд онцгой байдал тогтоосон, хууль зөрчин улмаар дампууруулсан” гэж үндэслэлээ гаргаж, маргасаар ирсэн билээ. Нэхэмжлэлээс харвал энэ нь анхнаасаа маргаж байсан хууль зүйн факт байсаар ирсэн бөгөөд уг акт нь нэхэмжлэлийн шаардлага болгож гаргаагүй боловч нэхэмжлэлийн үндэслэлийн гол маргаан байсаар ирсэн юм.

Нэхэмжлэгч нар “уг актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй бол нэхэмжлэгчийн эрх шүүхэд бүрэн сэргээгдэхгүй үр дагавартай” буюу актын улмаас  эрх зөрчигдсөн  гэдгийг 2017 оны 03 дугаар сард шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ойлгосон тул ийнхүү актын улмаас эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс нэхэмжлэлээ гаргасан болно.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг дагаж мөрдөх хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй гэсэн эрх зүйн зарчимд нийцэхгүй дүгнэлт өгөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Анхан шатны шүүх нь Төв банк (МБ-ны)-ны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, МБ-ны Ерөнхийлөгч уг хуулиар тогтоон, журамласан ажиллагааг зөрчин хяналт шалгалт явуулсан, албадлагын арга хэмжээ авсан, Х Б-ны хөрөнгийг бусдад шилжүүлсэн байхад уг байдалд дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар нь Х Б-ны хөрөнгө оруулагч буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын хөрөнгөөр байгуулсан банкийг дампууруулсан, үйл ажиллагааг нь зогсоох хууль бус ажиллагаа явуулсан байхад “маргаан бүхий акт нэхэмжлэгч нарыг эрхийг хөндөөгүй, тэдэн рүү чиглээгүй” гэсэн дүгнэлтийг өгсөн нь хууль бус болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “М Д С” ХХК, “МХОАИ” компаниуд нь “...эрх хэмжээгүй этгээдийн баталсан удирдамжаар гэнэтийн хяналт шалгалт явуулсан, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаа өгөөгүй, Дунд хугацааны хөтөлбөр дуусаагүй, хянан шалгагч нь ажлаа тайлагнаагүй байхад албадлагын арга хэмжээ авсан, банк төлбөрийн чадваргүй болоогүй байхад татан буулгах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй...” гэж маргаж, МБ-ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ““Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А-153 дугаар тушаал, мөн өдрийн “Албадан татан буулгах тухай” А-157 дугаар тушаал, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай” А-114 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “МБ-ны хянан шалгагч, улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаж үзвэл:

1. Анхан шатны шүүх МБ-ны хянан шалгагч, улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь нэхэмжлэгч нар урьд нь дээрх 57/13/007 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг “нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар захиргааны актыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгох боловч маргааны нөхцөл байдал, үйл баримт нь адил нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр байхад “илт хууль бусад тооцуулах” гэсэн нэр томъёо хэрэглэснээр өөр нэхэмжлэл гэж үзэх боломжгүй юм.

2. Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.2, 56.2.2-т тус тус зааснаас үзэхэд өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй буюу төлбөрийн чадваргүй болсон банкинд МБнаас эрх хүлээн авагч томилох арга хэмжээг авах хуулийн зохицуулалттай байна.

МБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу МБ-ны хянан шалгагч, улсын байцаагч нар Х Бинд хэсэгчилсэн шалгалт хийж, улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актаар активыг зохих журмын дагуу ангилаагүй, холбогдох эрсдэлийн санг дутуу байгуулсныг тэмдэглэн, 23 төлбөр хариуцагчийн зээл, үнэт цаас, бусад активыг хавсралтад заасны дагуу ангилалд шилжүүлэн, эрсдэлийн санг 146 000 588 000 төгрөгөөр нэмж байгуулахаар тогтоожээ. Үүний дараа банкны өөрийн хөрөнгө -69,4 тэрбум төгрөгт хүрснээр нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа -19,24 хувь хүртэл буурч, банкны өөрийн хөрөнгө алдагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, “Х Б” ХХК-ийн өөрийн хөрөнгө алдагдсаны улмаас тус банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл бүрдэж, улмаар хариуцагч маргаан бүхий 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсан нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

Түүнчлэн банкны эрх хүлээн авагч нь Х Б-ийг албадан татан буулгах саналаа МБ-ны Ерөнхийлөгчид 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байх ба хариуцагчаас тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзэж, энэхүү саналыг үндэслэн “Х Б” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн, улмаар банкны актив хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг дуусаагүй гэж үзэж, тус банкинд авсан Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгасан нь Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 /Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ/, 57.1.2 /банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах/, 57.3 /Банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-т заасны дагуу МБ-ны шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд МБ нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана/, 63 дугаар зүйлийн 63.1 /Банкны эрх хүлээн авагч нь удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсны дараа дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ/, 63.1.5 /банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө буюу албадан татан буулгах санал, дүгнэлтийг гурван сарын дотор боловсруулж, МБинд танилцуулах/, 65 дугаар зүйлийн 65.1 /Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон дараахь үйл ажиллагааг томилогдсон өдрөөсөө хойш зохион байгуулна/, 65.1.2 /банкны актив хөрөнгийг хоёр жилд багтаан худалдан борлуулах/-т заасанд нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

3. Төв банк (МБ)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-д “МБ-ны Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч, МБ-ны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч тус тус орлон ажиллана” гэж заасан төдийгүй МБ-ны Ерөнхийлөгчийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А-68 дугаар тушаалд МБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хяналт шалгалтын газрыг хариуцахаар заасан байх тул МБ-ны Ерөнхийлөгчийн эзгүйд Х Б-д хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамжийг Тэргүүн дэд ерөнхийлөгч баталсныг буруутгах үндэслэлгүй.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “МБ-ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153, мөн өдрийн А-157, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалт болон маргаан бүхий актын дугаарыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “28 дугаар зүйлийн 2 дахь” гэснийг “28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т” гэж,  “А/153” гэснийг “А-153” гэж, “157 дугаар” гэснийг “А-157 дугаар” гэж, “А-144” гэснийг “А-114” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН